| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/00199/И |
| Дугаар | 101/ШШ2022/01444 |
| Огноо | 2022-03-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2022/01444
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.Ч ХХК-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,545,500 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сангидоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б- хариуцагч ““ТЧ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, борлуулалтын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 5,545,500 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх шаардлагыг гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,406,100 төгрөгийг гаргуулахаар багасгаж, бусад шаардлагаа дэмжсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ““ТЧ” ХХК-д 2019 оны 03 дугаар сараас эхлэн 2021.07.31-ны өдрийг хүртэл Худалдааны төлөөлөгч ажилд ажиллаж байсан, ажиллах хугацаандаа аливаа алдаа зөрчил гаргалгүй, хичээл зүтгэл гаргаж байсан тул намайг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулалтын маркетингийн менежер албан тушаалд дэвшүүлсэн тушаал гарч хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг 1 сарын 1,500,000 төгрөг байхаар тохиролцсон.Намайг ажил дээрээ байж байхад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16.00 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татаж баривчилсан. Энэ талаар хариуцагч компанийн Борлуулалтын албаны дарга И.*******ыг орлон ажиллаж байсан н.С нар болон байгууллага даяараа мэдсэн. Ингээд миний бие хоригдон шалгагдаж байгаад таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж 2021 оны 11 дүгээр 12-ны өдөр батлан даалтад гарсан. Батлан даалтад гарсны дараа 7 хоног орчим байцаагч дээр өдөр бүр дуудагдаж байсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн миний бие ажлаа хийхээр ““ТЧ” ХХК-д очиход “Түр хүлээж бай, чамайг дуудна” гэсэн. Эхнэр маань төрөөд удаагүй, олон жоохон хүүхэдтэй, амьдрал ахуй хэцүү байсан тул миний бие ажилгүй удаан хүлээж чадаагүй.
Ингээд намайг дуудахгүй байсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр арга буюу компанийн хүний нөөцийн менежер н.Б, Бодлого төлөвлөлт, гадаад харилцаа, Хүний нөөцийн албаны дарга Д.Б нартай уулзахад “Хэргийг хэрэгсэхгүй болгосон бичиг цагдаа, прокуророос авч ир” гэж хууль бус шаардлага надад тавьж, ажлыг минь хийлгээгүй, намайг ажлаас чөлөөлсөн талаар надад амаар мэдэгдсэн ба Ажлаас чөлөөлсөн тушаалаа авъя гэхэд өгөөгүй. Ямар үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгаагаа хэлээгүй.
Иймд Э.Б- намайг ““ТЧ” ХХК-ийн борлуулалтын маркетингийн менежер ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлс болох 1,500,000 төгрөгийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Борлуулалт маркетингийн мэргэжилтэн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлс нөхөн олгуулах, ажиллаагүй хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин болох 5,545,500 төгрөг (1 сарын 1,500,000 төгрөг, ажлын 1 өдрийн цалин 1,500,000 төгрөг/21,5ажлын хоног=69,700 төгрөгөөр тооцож, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар 22-ны өдөр хүртэл 3 сар*1,500,000 төгрөг=4,500,000 төгрөг, 2022 оны 02 дугаар 22 ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 15 хоногийн цалин*69,700 төгрөг=1,045,500 төгрөг болж байна. Нийт 3 сар 15 хоногийн цалин 4,500,000+1,045,500=5,545,500)-ийг хариуцагч компаниас гаргуулах, 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Ажлаас халсан тухай шийдвэрийг нэхэмжлэгч миний бие 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн ба Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх талаар дээд шүүхийн тайлбар байгаа ба гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Ийм ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, борлуулалтын маркетингийн менежер ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлс болох 5,545,500 төгрөгийг нөхөн олгуулах шаардлагаа 139,400 төгрөгөөр багасгаж 5,406,100 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч Э.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрнө, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 5,545,500 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иргэн Э.Б нь Захиргаа нөөцийн албанд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр шалтгаангүйгээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл буюу 2 сар 15 хоног ажил тасалсан. ““ТЧ” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.5.1-т заасны дагуу 2-с илүү хоног ажил таслан явсан ажилтанг ажлаас чөлөөлөх эрхтэй байдаг бөгөөд тухайн ажилтан ажиллаж байх хугацаандаа авлагаа барагдуулж дуусаагүй байсан тул бид ажлаас чөлөөлөх тушаал гаргахгүйгээр хүлээж байсан.
Э.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгагдсан боловч манай компанид энэ талаар хуулийн байгууллагаас албан ёсны мэдэгдэл ирээгүй болно. Э.Б-ийн хийж гүйцэтгээгүй ажлыг түүний өөрөө ирж хүлээлцэж эсхүл хийж гүйцэтгэж дуусгах хүртэл манай компани ямар нэгэн ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргах боломжгүй байсан гэв.
Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагадаа гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1.4 дүгээр заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.4, ““ТЧ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.3 дугаар заалтын дагуу ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 ба түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх эрхтэй байдаг бөгөөд тухайн ажилтан ажиллаж байх хугацаандаа авлагаа барагдуулж дуусаагүй байсан тул бид ажлаас чөлөөлөх тушаал гаргахгүйгээр хүлээж байсан.
Манай компани нь ажлын цалин хөлсийг ажилласан цаг хоногоор харгалзан олгодог тул цалин хөлс бодогдохгүй учраас нийгмийн даатгал төлөгдөхгүй, түүний ажиллаагүй хоёр сарын хугацаанд компанийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ажилтан шаардлагатай болсон тул хариуцсан ажлыг орны хүнээр нөхөн ажиллуулсан болно. Батбилэг ажилласан цаг/хоног байхгүй учир уг 5,406,100 төгрөгийг өгөх шаардалгүй гэж үзнэ.
Тэрнийг энэ хугацаанд ажиллаагүй алга болсон гэдгийг компанийн бүх ажилчид мэдэж байгаа болно. Э.Б-ийн хийж гүйцэтгээгүй ажлыг түүний өөрөө ирж хүлээлцэж эсхүл хийж гүйцэтгэж дуусгах хүртэл манай компани ямар нэгэн ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 5,406,100 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ажилд эгүүлэн авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгч талаас: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(хх-ийн 6, 71), голомт банкны дансны хуулга(хх-ийн 7-10), голомт банканд тодорхойлолт(хх-ийн 6), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт(хх-ийн 72) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.
Хариуцагч талаас: ажилд шилжүүлэн томилох тухай тушаал(хх-ийн35), хөдөлмөрийн дотоод журам(хх-ийн36-41), хөдөлмөрийн гэрээ(хх-ийн42-43), борлуулалт маркетингийн ажилтны ажлын байрны тодорхойлолт(хх-ийн 44-46), ажилд томилох тухай тушаал(хх-ийн 47), худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолт(хх-ийн 48-50), Э.Б-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(хх-ийн95-97) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Шүүх: зохигчийн хүсэлтээр Д.Б, Э.О нараас авсан гэрчийн мэдүүлэг(хх-ийн 59-64), үзлэг хийсэн тэмдэглэл(хх-ийн 82, 85-90) зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б- хариуцагч ““ТЧ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, борлуулалтын маркетингийн менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 5,545,500 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхээр шаардлагаа тодорхойлсон. Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны олговорт 5,545,500 төгрөг гаргуулах шаардлагаа 139,400 төгрөгөөр багасгаж 5,406,100 төгрөг гаргуулахаар, бусад шаардлагаа дэмжсэн.
Хариуцагч нь ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийх шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 5,406,100 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.
Хариуцагч ““ТЧ” ХХК-ийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №201 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Б-ийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн№375 дугаар тушаалаар Борлуулалт маркетингийн мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн томилжээ. (хх-ийн 35, 47)
Хөдөлмөрийн тухай хууль(1999 он)-ийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Ажилтанг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж зааснаар ажил олгогч, ажилтны хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №104 дугаартай Хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулагдаж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэв.(хх-ийн 42-43)
Нэхэмжлэгч Э.Б-ийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татан баривчилж, 2 сарын хугацаанд цагдан хоригдсон нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.
Нэхэмжлэгчийг эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн шалгагдаж байх хугацаанд түүний албан тушаалд хариуцагч тал өөр ажилтан ажиллуулсан, Э.Б-ийг ажлаас чөлөөлсөн, түдгэлзүүлсэн тушаал гараагүй, түүнийг албан тушаалд эгүүлэн томилоогүй талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж хуульчилсан.
Хэрэгт нэхэмжлэгч Э.Б-ийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар “эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.” гэх баримт авагдсан(хх-ийн 72)
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд ажилтан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байх, уг гэмт хэрэгтээ шүүхээр шийтгүүлсэн байх, шүүхээс зөвхөн уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ялаар шийтгүүлсэн байхыг ойлгоно.
Хөдөлмөрийн тухай хууль(1999 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.” гэж заасан.
““ТЧ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2.3-т “ажилтныг шинээр ажилд авахдаа эхний 3 хүртэлх сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн түр гэрээ байгуулан цалин хөлсийг үндсэн цалингийн 80 хувиар тооцон ажиллуулж, ажил гүйцэтгэх чадвар,мэргэшил, хувийн зохион байгуулалт, хэлний мэдлэгийг бодит түвшинд үнэлэх, тухайн ажлын байранд тэнцэх эсэхийг тогтооно. Уг хугацаанд түр гэрээгээр ажиллагч нь компанийн зохион байгуулалт, дотоод журам, хамт олонтой бүрэн танилцаж, удирдлагаас тавих шаардлагыг хэрэгжүүлэн, тухай ажлыг гүйцэтгэх зохих чадвартайгаа нотлох ёстой. Түр гэрээний хугацаа дуусмагц түүнийг дүгнэн сунгах, эсэх асуудлыг гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ.”, 6.2-т “ажилтныг байгууллага дотроо шилжүүлэн томилохдоо тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, идэвхи санаачлагыг харгалзан ажиллуулна. Мөн тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалан 3 сар хүртэлх хугацаагаар дагалдуулан ажиллуулах /шаталсан хэлбэрээр/ ба энэ тохиолдолд энэ журмын 6.1.2.3 дахь заалтад тусгагдсаны дагуу цалинг олгоно. Гүйцэтгэх захирлын тушаал гарган хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна.” гэж журамлажээ.(хх-ийн 36-41)
Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-д “туршилтын хугацаа 1 сар”, гэрээний хугацаа 09 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон, талууд гэрээг цуцлах саналыг хэн аль тавиагүй, ажилтан 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан зэргээс дүгнэхэд хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11, Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар уг гэрээг анх заасан хугацаагаар буюу 1 сараар сунгагдсан гэж үзэхээр байна.(хх-ийн 42-43)
Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.5-д “ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, өөр ажлын байр эсхүл байгууллагад хавсран эсхүл орлон ажиллуулах бол гэрээг цуцлах, дуусгавар болгох асуудлыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, энэхүү гэрээний дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч ““ТЧ” ХХК нь нэхэмжлэгч Э.*******ийг худалдааны төлөөлөгчийн ажилд шилжүүлэн ажиллах санал нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн тухай хууль(1999 он)-ийн 32-34 дүгээр зүйлд зааснаар ажилтанг өөр ажилд шилжүүлэх зохицуулалтыг хуульчилсан.
Ажилтныг өөр ажилд шилжүүлэх нь: ажил олгогчийн санаачлагчаар ажилтныг өөр ажилд шилжүүлж байгаа үед түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохгүй, харин өөр ажилд шилжүүлэх нөхцөл байдал арилсан үед ажилтан өмнөх ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр шилжүүлэхийг ойлгоно.
Гэтэл ““ТЧ” ХХК-иас нэхэмжлэгчийг өр авлага барагдуулаагүй, цагдаагийн байгууллагаар шалгагдсан учир борлуулалтын маркетингийн менежерийн албан тушаалд томилох боломжгүй, худалдааны төлөөлөгчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцээгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг өр авлага барагдуулаагүй гэж маргах боловч энэ талаар ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хууль, санхүүгийн болон хяналтын эрх бүхийн байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй баримтаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд орох хүсэлтийг хүлээн аваагүй, ажилтныг хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж хууль бус шаардлага тавьсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрчүүдийн шүүхэд өгсөн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч ”“ТЧ” ХХК-ийн захирлын “....нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, түдгэлзүүлсэн, өөр ажилд шилжүүлсэн” талаар тушаал гараагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
““ТЧ” ХХК нь нэхэмжлэгч Э.Б-ийг урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн, хөдөлмөрийг гэрээг цуцлах тухай тушаал гараагүй нэхэмжлэгчийг борлуулалтын маркетингийн менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь борлуулалтын маркетингийн менежерийн албан тушаалын нэг сарын үндсэн цалин 1,5000,000 төгрөг гэж нэхэмжилсэн.
”“ТЧ” ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №375 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал”-д ажилтны сарын цалинг дурдаагүй, түүний нийгмийн даатгалын №А0685822 дугаар дэвтэрт нэг сарын цалин 600,000 төгрөгөөр тооцсон байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Э.Б-ийн ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 1,800,000 төгрөг /1,800,000 төгрөг: 3 сар/ нэг сарын дундаж цалин 600,000 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /600,000 төгрөг:21.5 хоног/ нэг өдрийн дундаж цалин нь 27,906 төгрөг байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 85 хоногт тооцон 2,372,093 төгрөгийг хариуцагч ““ТЧ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 3,034,007 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, шимтгэлийг зохих ёсоор нөхөн төлөх, дээрх дэвтрүүдэд нөхөн бичилт хийх үүргийг ““ТЧ” ХХК-д даалгах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх нэхэмжлэгчийн утаст бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн. Уг бичлэгийг нэхэмжлэгч хууль бусаар бүрдүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль(1999 он)-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийг ТЧ ХХК-ийн борлуулалтын маркетингийн менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ТЧ ХХК-(рд:*******)-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 2,372,093 төгрөгийг хариуцагч ТЧ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 3,034,007 төгрөгийн, ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийн ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ““ТЧ” ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нэхэмжлэгчээс 5,545,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 103,678 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,903 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигчид шийдвэрийн нэгдэх заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж, бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ