Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01471

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Бямбажаргал, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Н холбогдох

8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Ж.Халиун шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдаан үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, түүний эзгүйд хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Н нь 2013 оны зун надтай уулзаад “...би гадаад улс руу тэмцээнд явах гэж байна 4.500.000 төгрөг өгч туслаач..." гэсэн. Иймд би түүний хэрэгцээнд зориулж 4.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Анх зээлэхдээ бол зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч С.Н нь тохиролцон нөхцөлийн дагуу сарын 450.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлсөн. Харин үндсэн зээл 4,500,000 төгрөгийг одоог болтол төлөөгүй.

Дараа нь 2014 оны зун ахин надтай уулзаж “...манай нөхөр эко хороолол дээр ажил авсан. Мөнгөний хэрэг гараад байна..." гэж гуйсан. Энэ үед урдах зээлийн хүүгээ төлөөд миний итгэлийг олсон байсан учир би түүнд итгэж өөрийн эцэг *******ээр тэтгэврийн зээл авахуулж, 4.000.000 төгрөгийг 2014 оны 09-р сарын 08-нд С.Н-д бэлнээр өгсөн.

Ингээд зээлээ төлөхгүй болохоор нь түүнтэй уулзаж өмнөх хоёр зээлийн харилцаагаа бичгийн хэлбэрт оруулж 2015 оны 07-р сарын 16-ны өдөр 07, 08 тоот зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Тэр үед С.Н нь надад 2013 оны 10-р сарын 08-нд 5.000.000 сая төгрөг авсан нь үнэн. Энэ хугацаанд 2014 оны 12-р сар хүртэл цаг хугацаандаа хүүг нь төлөөд явж байсан. Одоо миний боломж 2016 оны 4-р сард авсан мөнгөө төлж барагдуулна гэж өөрийн гараар мөн бичиж өгсөн.

Гэтэл С.Н- өөр бусад этгээдээс мөнгө төгрөг авсан, цагдаад шалгагдаж байгааг сонсоод миний бие өөрийн эрхээ хамгаалуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагаас шалгаад С.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоогоод 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор С.Н-д холбогдох үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүнээс хойш С.Н-ын утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир би өөрийн оршин суугаа газрын шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Улмаар миний нэхэмжлэлийг хангаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 08-ны өдрийн 00488 дугаартай шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан. Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж Орхон аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн 38/05-6554 дугаар албан бичгээр дээрх нэхэмжлэлд дурьдсан хаягийг олж тогтоосон. Иймд С.Н-аас миний түүнд өгсөн 8.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М-ийн зүгээс С.Н-д холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй байна. С.Н- нь 2013 онд Б.М-ээс мөнгө зээлж, улмаар 2014 он хүртэл зээлийг буцаан төлж барагдуулсан. Тухайн үед хүмүүс тэр болгон харилцах данс ашиглаад байдаггүй байсан тул тэд ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохирч, мөнгө төгрөгөө бэлнээр өгч, авалцдаг байсан бөгөөд энэ хугацаанд С.Н- нь хүү төлөх нэрээр анх авсан мөнгөө барагдуулж дууссан байдаг. Гэтэл Б.М- нь 2015 онд байгуулагдсан зээлийн гэрээ гэх урьд өмнө нь огт харж байгаагүй баримтыг өгч, нөхөж хийсэн гэж байгаа боловч С.Н-ын гарын үсгийг хуурамчаар зурсан гэрээг шүүхэд гаргаж өгсөн байгаа нь шүүхийг үл хүндэлсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан нийт 8.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “....С.Н- нь 2013 оны зун надтай уулзаад би гадаад улс руу тэмцээнд явах гэж байна 4.500.000 төгрөг өгч туслаач...” гэсэн. Иймд би түүний хэрэгцээнд зориулж 4.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Анх зээлэхдээ бол зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч С.Н- нь тохиролцон нөхцөлийн дагуу сарын 450.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлсөн. Харин үндсэн зээл 4.500.000 төгрөгийг одоог болтол төлөөгүй...” гэсэн шаардлагыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа ба дээрх үндэслэлээр хариуцагчаас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Дараа нь 2014 оны зун ахин надтай уулзаж “...манай нөхөр эко хороолол дээр ажил авсан. Мөнгөний хэрэг гараад байна...” гэж гуйсан. Энэ үед урдах зээлийн хүүгээ төлөөд миний итгэлийг олсон байсан учир би түүнд итгэж өөрийн эцэг *******ээр тэтгэврийн зээл авахуулж, 4.000.000 төгрөгийг 2014 оны 09-р сарын 08-нд С.Н-д бэлнээр өгсөн....” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Иймд дээрх үндэслэл, шаардлагыг дагуу хариуцагчаас 8.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №07 дугаар зээлийн гэрээ(хх-ийн 7), 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8 дугаар зээлийн гэрээ(хх-ийн 8), С.Н-ын гар бичмэл(хх-ийн 9), Орхон аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/47 тоот Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол(хх-ийн 10-13), Орхон аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол (хх-ийн 14-17), Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00488 дугаар шүүхийн шийдвэр(хх-ийн18-19), Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт(хх-ийн 20), капитал банкны дансны хуулга(хх-ийн22-26) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Зохигчдын хүсэлтээр шүүх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно. (хх-ийн 49-69) 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх 4,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.М- зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг, гэм хор учруулсны улмаас учирсан хохирол 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч С.Н- зээлийн гэрээний үүрэгт шаардсан 4,500,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэж дууссан, 4,000,000 төгрөгийн шаардлагад  хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэргийн харьяалал зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Нэг.4,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Б.М- нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөгийг С.Н-д зээлдүүлсэн, хариуцагч 2014 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 450,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”; 

282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”;

282 дугаар зүйлийн 282.3-т ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ."  гэж заасан.

Нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэхдээ талуудын хооронд хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч  нь зээлийн хүүг зээлдэгчээс шаардах эрхгүй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сар бүр 450,000  төгрөгөөр нэг жилийн хугацаанд буцаан төлсөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул хариуцагчаас 4,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч гэм хор учруулсны хохирол 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчид 4,000,000 төгрөгийг зээлдүүлсэн талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэргийн харьяалал зөрчсөн гэж маргасан.

Хэрэгт: Орхон аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын       29-ний өдрийн 5/47  тоот Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Орхон аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00488 дугаар шүүхийн шийдвэр зэрэг баримт авагдсан байна.  

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч  нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Н-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00488 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, Орхон аймаг дахь Цагдаагийн газар түүнийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 133 дугаар байрны 57 тоот хаягт оршин сууж байгааг олж тогтоожээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж зааснаар нэхэмжлэгч 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн харилцааны шаардлагад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад 4,000,000 төгрөг залилуулсан гэх гомдол гаргасныг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00488 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчийн эрэн сурвалжлуулсан гэх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Үүгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хэргийн харьяалал зөрчсөн гэх тайлбар няцаагдсан гэж үзэв.

Иймд хариуцагч С.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан овогт С.Наас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                     Г.БЯМБАЖАРГАЛ

                                                                                            Б.ЦОЛМОНГЭРЭЛ