Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.М-д холбогдох 2423000000110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын .... багийн ..... хэсгийн 603 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..... овогт О-ийн М, регистрийн дугаар ......

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.М нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг “.......” гэх уулнаас хууль бусаар 4.2 метр куб мод бэлтгэн ойн санд 460992 /дөрвөн зуун жаран мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт хамаарч байна.

                          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүгдэгч О.М нь Завхан аймгийн сумын багийн нутаг “ ” гэх газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 4.2 метр куб мод хэрэглээний мод бэлтгэн өөрийн эзэмшлийн 00-00 ЗАА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 460992 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-ын “...Намайг сумын засar даргын тамгын газраас энэ хэрэгт оролцож мэдүүлэг өг гэж хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тул би ирсэн. Иргэн О.М нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэх асуудалд миний хувийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Д-ын “...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өглөө Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэдэг газраас өвлийнхөө галын түлээний модыг бэлтгэх зорилгоор яваад ойд очих үед О.М-тэй таарсан. Тэр нэг ахтайгаа бас галынхаа модыг бэлтгэх гээд явж байсан. Тэгээд бид 2 нэг газраас бэлдчихье гээд тэр “ ” гэдэг газарт очоод нэг ойгоос нэг газраас модоо бэлтгэж тээвэрлэж явсан юм. Гэхдээ бид 2 тус тусдаа өөр өөрсдийн модыг бэлдэцгээсэн. Бид 2 хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цахилгаан хөрөөгөөр унанги голдуу модыг 1.2 метрийн хэмжээтэй тайрч бэлтгээд 00-00 ЗАН улсын дугаартай портер маркийн машинд ачиж явсан. Би ганцаараа явсан. Ойгоос мод бэлтгэхдээ ганцаараа бэлтгэсэн О.М нэг ахтайгаа хамт явсан би тэр хүнийг нь сайн танихгүй хүн байсан. Бид хоёр хоёулаа ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. О.М галын түлээний нарийхан, хуурай унанги голдуу шинэс төрлийн мод бэлтгэсэн. Одоо би яг хэр хэмжээтэйг нь сайн мэдэхгүй байна. Нэг портерын тэвш дүүрэн мод бэлтгэж авч явсан. Бид хоёр уг нь модоо бэлдчихээд сумын төв ороод эрхийн бичгээ авна гэж бодоод модоо бэлтгээд сум орж ирэх үед орой болчихоор нь байгаль хамгаалагч нь олдохгүй байх гэж ярилцаад гоожин авалгүй шууд явчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- Гэрч И.О-ын “...Би 2024 оны 08 дугаар сарын 30-ны орой оройн эргүүлд дэд ахлагч А.Д-ийн хамт үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байсан тул батлагдсан хуваарь томилгооны дагуу ******* сумын нутаг дэвсгэрт авто машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад багийн нутаг дэвсгэр ГАЗ-ын шатахуун түгээх станцын орчимд ажиллаж байтал мод ачсан 2 портер машин Загастайн ны чиглэлээс аймгийн төв орж ирэхээр нь зогсоон ...00-00 ЗАА улсын дугаартай портер маркийн машиныг нь шалгахад иргэн О.М жолоодож явсан бөгөөд бас галын түлээний мод ачсан байсан бөгөөд гоожин байгаагүй тул тухайн 2 тээврийн хэрэгслийг дагуулан цагдаагийн газрын гадаа авч ирээд жижүүрт мэдэгдэж илтгэх хуудас бичиж өгсөн юм. Би тухайн тээврийн хэрэгслүүдийг зогсоож шалгахдаа жолооч нараас нь хаанаас ямар учиртай мод ачиж явж байгаа талаар асуухад жолооч нар нь сумын гэдэг газраас өнөөдөр өөрсдөө бэлтгээд ачаад явж байна өөрсдийнхөө өвлийн бэлтгэл ажлыг хангаж галын түлээгээ бэлтгэсэн юм гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Б.Н-ийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт: “...1. Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн сумын багийн нутаг ын амны гэдэг нэртэй газарт арчилгаа, цэвэрлэгээ, үндсэн ашиглалт, үйлдвэрлэлийн огтлолтын зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрлийг сум орон нутгийн зүгээс олгодоггүй буюу мод бэлтгэлийн ажил явагддаггүй газар байна. 2. Тухайн мод бэлтгэсэн газар нутаг нь ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалаар хоёрдугаар мужийн ойд хамаарч байна. 3. Завхан аймгийн сумын багийн нутаг ын амны гэдэг нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. 4. Мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн сумын багийн нутаг ын амны “ ” нэртэй газар хуурай болон нойтон модны нөөц бүхий шинэсэн ой байна. сумын нийт ойн сангийн 88 хувь нь болц гүйцсэн ойд байна. 5. Тээвэрлэж явсан мод шинэсний төрлийн 4.2 м3 хэмжээтэй хатсан хуурай түлээний мод байна. 6. Тухайн модыг хэзээ бэлтгэснийг тогтоох боломжгүй. 7. Мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг авалгүй мод бэлтгэж, тээвэрлэж явсан нь хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл байна. 8. Бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 460,992 төгрөг байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг Монгол улсын стандарт-MNS 54 13:2011, Монгол улсын стандарт-MNS 2379:2010, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалыг үндэслэн тогтоолоо. /4.2 x 109760 төгрөг x 1 түлээний хуурай модны итгэлцүүр = 460992 төгрөг/ 9. Хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/

- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Н-ын 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-06 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Н-ын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.М нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч О.М-ийн Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д заасныг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 460,992 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.М нь гэмт хэргийн улмаас учруулсан уг хохирлоо нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан. Иймд шүүгдэгч О.М-ээс ойн санд учирсан хохирлын хор уршиг 921,984 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

                                Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн жижиг цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн 00-00 ЗАА улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 1,4 метр урттай 108 ширхэг 4,2 метр куб модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт О-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч О.М-ээс ойн санд учруулсан хохирлын хор уршиг 921,984 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн жижиг цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн 00-00 ЗАА улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 1,4 метр урттай 108 ширхэг 4,2 метр куб модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ