Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/00554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ....................... тоот хаягт байрлах, Э ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. байрлах, В ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 3,294,453,674 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч В ХХК-д холбогдуулан, санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд гарсан зардалд 2,543,912,688 төгрөг, олох байсан орлогод 750,540,986 төгрөг, нийт 3,294,453,674 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Э ХХК, Э ХК-тай 2011 оны 11 сарын 29-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хамтран ажиллах гэрээгээр Э ХК-ийн 8000 га газар газар тариалангийн үйл ажиллагаа явуулах, Э ХХК нь тариалалттай холбоотой шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр оролцсон байдаг. Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлэхээр өнөөдрийн В ХХК буюу тухайн үеийн В ХХК-тай 2012 оны 5 сарын 23-ны өдөр СТГ12/181 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр В ХХК-ийн зүгээс биет байдлын буюу эрхийн доголдолгүй, эвдрэл гэмтэлгүй тоног төхөөрөмжийг Э ХХК-д нийлүүлэх, Э ХХК тухайн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, үр шимийг нь хүртсэний үндсэн дээр тоног төхөөрөмжүүдийн үнийг төлөхөөр харилцан тохиролцож, тус гэрээгээр трактор, хор шүршигч, үрлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг хүлээж авсан. Ингээд Э ХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу ажил эхэлсэн боловч тухайн гэрээгээр хүлээж авсан тоног төхөөрөмжүүд нь эвдрэлтэй, ажиллахгүй, доголдолтой байсан учраас газар тариалангийн үйл ажиллагаа доголдож, Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч эхэлдэг. Энэ талаар Э ХХК-иас В ХХК-д удаа дараа албан бичиг, хүсэлт, нөхцөлүүд тавьж байсан боловч хүлээж авахгүй байсны үндсэн дээр арга буюу 2018 онд арбитрт хандсан байдаг. 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр тухайн Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийлүүлсэн 3 тоног төхөөрөмж бүхэлдээ үйлдвэрийн гэмтэл, доголдолтой, засах боломжгүй, гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоосон байдаг. Нөхцөл байдал ийм болсон хэдий ч В ХХК-ийн зүгээс тухайн тоног төхөөрөмж эвдрэл гэмтлийг буцаан авч засаж өгөхгүйгээр үл барам Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн гэрээтэй холбоотой тоног төхөөрөмжийн төлбөрөө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байдаг. Э ХХК-ийн зүгээс 184 тоот гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь биет байдлын доголдолтой, үйлдвэрийн гэмтэлтэй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнээс татгалзаж тухайн тоног төхөөрөмжийг буцаах сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн. Сүүлд 2021 оны 5 сарын 13-ны өдөр шийдсэн байдаг. Уг шийдвэрт 184 тоот гэрээгээр тоног төхөөрөмжийг эвдрэл гэмтэлтэй байсан, үүний дагуу шүүх буцаан өгч, хүлээж авсан байдаг. Ийнхүү В ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Э ХХК нь Э ХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, 2012 оноос 2016 онд ихэнх тариалалтыг тариалж чадаагүй. Үүнээс шалтгаалан Э ХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2012 оноос 2016 оны шууд зардал болох нийт 2,543,912,688 төгрөгийг шаардаж Э ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж хэлэлцээд, Э ХК-иас Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандсаны дагуу хоёр тал тооцоо нийлж, хоорондоо тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх Эвлэрлийн гэрээг баталсан. Хэрэв Э ХК шаардлагатай тоног төхөөрөмжийг эвдрэлгүй нийлүүлж ажилласан бол 2012 оноос 2016 онуудад шууд зардал 1,524,918,840 төгрөг, олох ёстой байсан орлого 1,018, 993,844 төгрөг гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 сарын 30-ны өдөр Э ХХК-иас тухайн мөнгийг гаргуулахаар шийдсэн. Ийнхүү В ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Э ХХК, Э ХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж нийт хохирол 2,543,912,688 төгрөгийг төлсөн байдаг. Үүнийг төлсөн баримтууд нь хэрэгт авагдсан Төлбөр барагдуулах гэрээ, Зээлийн шугаман гэрээ, 2019 оны Э ХХК-ийн санхүүгийн байдлын тайлан дээрээс харагдаж байгаа. Ийнхүү Э ХХК нь Хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн Э ХК-д шууд хохирол болох тухайн 2,543,912,688 төгрөгийг төлсөн байдаг. Хэрэв В ХХК тухайн үед эвдрэл гэмтэлгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн бол Э ХХК хохирол үүрэхгүйгээс гадна 2013 оноос 2016 онуудад ашигтай ажилласан гэж үзвэл нийт 750,540,986 төгрөгийн ашиг олох байсан. Тухайн олох ёстой байсан ашгаа нийлүүлээд В ХХК буюу өнөөдрийн В ХХК-иас 3,294,453,674 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч В ХХК хариу тайлбартаа Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч В ХХК, хуучнаар В ХХК-иудын хооронд 2012 оны 02 сарын 29-ний өдөр Эфси 120202 дугаартай Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 6 ширхэг тоног төхөөрөмжийг Э ХХК-д өгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Вагнер ази лизинг ХХК-иас Санхүүгийн түрээсийн гэрээгээр тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдаж авахаар харилцан тохиролцсон. Ерөнхий худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5-д талууд яаж худалдаж авахаа тохиролцоогүй байсан. Өөрөөр хэлбэл худалдаж авч байгаа Э ХХК 80 хувийн түрээсээр 55 сарын хугацаанд, жилийн 9 хувийн хүүтэй худалдаж авахаар харилцан тохиролцоо байсан. Ингээд талууд 2012 оны 5 сарын 23-ны өдрийн СТГ12184 тоот гэрээний дагуу санхүүгийн 1,146,777,400 төгрөгийн үнэ бүхий үрлэгч, трактор, хор шүршигч зэрэг 3 төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваад, үнийг төлсний дараа өмчлөлд авна. 2013 оны 7 сарын 31-ний өдөр СТГ12389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаад уг гэрээний дагуу 1,000,071,420 төгрөгөөр хадагч, камбай, шаагт зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авсан. Э ХХК түрээсийн төлбөрөө төлсний дараа өмчлөгч болохоор тохиролцсон. Э ХХК гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж чадахгүй, удаа дараа хүсэлт өгдөг. Э ХХК-иас худалдаж авсан Айфрал загварын үрлэгчийг доголдолтой гэх санал хүсэлт гаргаад, бид нар хүлээж аваад, санамж бичиг үйлдээд Айфрал загварын үрлэгчид төлсөн 85,000,000 төгрөгийг үлдэх төлбөрт шингээж өгөөд нийт 5 төрлийн тоног төхөөрөмж өгсөн байсан. Гэрээний хавсралт 1-т заасан төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан учир 2012-2015 онуудад удаа дараа төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасныг манай байгууллагаас хүлээж аваад нэмэлт гэрээ үйлдээд, төлбөрийн нөхцөлийг хойшлуулах, хугацаа сунгах байдлаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан. Түрээслэгч гэрээний төлбөрөө хугацаандаа төлөхгүй хойшлуулаад, сүүлдээ зохиомол гэрээ үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар шүүхэд 3, 4 удаа нэхэмжлэл гаргаснаас нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээс дурдахад В ХХК 20016 оны 12 сарын 20-ны өдөр Э ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу худалдаж авсан эд хөрөнгийн төлбөрөө төлөхгүй байсан учраас гэрээний үүрэгт 1,146,777 төгрөг гаргуулахаар 2012 оны 5 сарын 23-ны өдрийн 184 тоот гэрээний дагуу шаардсан. 2014 оны 7 сарын 31-ний өдөр 389 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг 1,071,000,000 төгрөг, нийт 2,286,000,760 төгрөгийг Э ХХК-иас шаардсан байдаг. Үүнийг хариуцагч энэ шаардлагыг татгалзаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тус хоёр Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах, мөн Э ХХК, М ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 16-ны өдрийн 2013/010 Зээлийн гэрээний дагуу төлсөн 2,191,935,134 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Шүүх энэ маргааныг 2017 оны 7 сарын 3-ны өдөр шийдвэрлэсэн. Үндсэн нэхэмжлэлээс 184 тоот гэрээний үүрэгт 1,000,050,091 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2013 оны 389 тоот гэрээний үүрэгт шаардсан шаардлагыг зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.2-т Санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн үндсэн төлбөр 686,313,886 төгрөгийг, хүү 246,379,772 төгрөг, 334,776,308 төгрөг, нийт 1,267,469,967 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд СТГ12184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзсаныг баталж, энэ гэрээний дагуу төлсөн 367,294,951 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлээд, гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ эргүүлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасны дагуу буцаагдсанаар шийдсэн. М ХХК, Э ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны Зээлийн гэрээний дагуу төлсөн 2,191,935,134 төгрөгийг В ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь Монгоын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр Э ХХК, В ХХК-ийн Зээлийн гэрээний ханшийн зөрүү нь 1,498,000,917 төгрөгийг нэхэмжилснийг зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд хамаарахгүй гэсэн үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл М ХХК-д төлсөн 2,191,000,000 төгрөгийг нэхэмжлэгч В ХХК хариуцах шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзээд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод 2021 оны 5 сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гараад дууссан. Э ХХК В ХХК-д холбогдуулан 2016 оны 11 сарын 6-ны өдөр Монголын Олон улсын болон Үндэсний арбитрт нэхэмжлэл гаргасан. Үүнд Санхүүгийн түрээсийн 12 оны 184, Санхүүгийн түрээсийн 12 оны 389 дугаар гэрээнүүдээс тус тус татгалзах шаардлагатай. Үүнийг арбитрт өмнө нь гаргаж байсан. Мөн Э ХХК, М ХХК-иас Зээлийн гэрээний дагуу төлсөн гэх 1,498,917,408 төгрөгийг В ХХК-иас гаргуулах, 2012 онд олох байсан орлого 1,481,047, 225 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус гаргасан бөгөөд арбитрын 2018 оны 5 сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Мөн хуулийн 65 дугаар зүйлйн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэлийн шаардлагуудыг өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон арбитраар шийдвэрлэсэн байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2011 оны 11 сарын 29-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан 184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр В ХХК доголдолтой эд хөрөнгө нийлүүлсний улмаас Э ХК ургац алдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Энэ нөхцөл байдал нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байгаа. В ХХК-иас нийлүүлсэн, үрлэгч хор шүршигч, трактор зэрэг тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрийн гэмтэлтэй, доголдолтой, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан 2012-2016 онуудад ургац алдсан гэх тайлбараар хохирол нэхэмжилж байгаа хэдий ч ургац алдсан шалтгаан нь В ХХК буюу В ХХК-иас шалтгаалаагүй болох нь Э ХХК, В ХХК-д хандаж байсан албан бичгүүдээр тогтоогдоно. Бидний зүгээс баримтаар гаргаж өгсөн. Нэгдүгээрт: Э ХХК-иас В ХХК-д 2013 оны 11 сарын 21-ний өдөр ирүүлсэн А54 тоот албан бичгээр харамсалтай нь бид энэ жил технологийн алдаа хийж, үр буруу сонгосноос ургац алдалт бүтэлгүйтлээ. Нийт 3000 га тариалалтаас 35 га хурааж, үлдсэн талбайг хураалгүй үдсэн. Гэсэн ч рапс, эмийн ургамал тариалалтууд амжилттай сайн ургасан бөгөөд бид ирэх жил 3000-4000 га талбайд үрийг сайн сонгож, технологийн горим алдалгүйгээр амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэх албан бичиг, мөн 2016 оны 4 сарын 11-ний өдрийн А86 тоот Э ХХК-иас В ХХК-д ирүүлсэн албан бичгээр манай компани өөрийн үржил шимтэй газраа 2015 оны 4 сард шүүхийн шийдвэрээр авсан бөгөөд 2015 онд уринш хийж, энэ жил зүй ёсоор тариалалт хий боломжтой болсон. Өнгөрсөн жилүүдэд муу газар тариалж, ургац хурааж чадаагүйгээс төлбөрийн чадваргүй, төлбөр төлөх боломжгүй болсон тул бидний нөхцөл байдлыг харгалзан үзээд 2015 оны хаврын тариалалтыг цаашид өр төлбөрөө төлөх боломжоор хангаад хамтран ажиллахыг хүсэж байна гэх албан бичиг, үлдсэн албан бичгүүдийг дурдахад 2014 оны А64, 2015 оны А68, 2016 оны А78, 2016 оны А91 гэх мэтчилэн албан бичгүүдээр төлбөрөө хойшлуулаач, технологийн алдаа гаргасан гэж хандаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа захирамж болон шүүхийн шийдвэрийн тухайд бид нараас уг мөнгөн дүнг гаргуулна гэж яриад байгаа. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Э ХК-тай 2011 оны 11 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чулуун овоотод Э ХК-ийн 8000 га газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулан тус гэрээгээр Э ХК өөрийн тариалангийн газар дээр газар тариалан эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн боловсон хүчин, ажилчдыг хариуцах, Э ХХК-ийн шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллахаар тус тус харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагчаас шалтгаалан Э ХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон буюу Хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас Э ХК тариалалтын шууд зардал 1,524,918,844 төгрөгийг Хамтран ажиллах гэрээний дагуу 50 хувь болох 1,018,993,844 төгрөг, 2013-2016 онд олох ёстой байсан орлого 750,000,000 төгрөг, нийт 3,294,453,670 төгрөгийг В ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2021 оны 12 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хэлсэн тайлбараар Э ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигч нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд захирал Г.О болох нь тогтоогддог. В ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э ХХК 2,000,000,000 төгрөг төлсөн гэх боловч тус хоёр хуулийн этгээдийн захирал нь нэг хүн болох нь тогтоогддог. Г.О нь өөрийн өмчлөлийн хоёр хуулийн этгээдийн нэрийг ашиглан Э ХК-иар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргаад, Э ХХК нь хүлээн зөвшөөрөөд захирамж гаргуулж байгаа нь В ХХК-иас шаардах эрхийн үндэслэл болохгүй гэж харж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т заасны дагуу Эвлэрлийн гэрээг гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж хуульчилсан ч уг хоёр хуулийн этгээдийн эвлэрсэн захирамжаар манайхаас шаардаж байгаа нь манай байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж өгөхгүй шууд эвлэрснээрээ манай байгууллагаас хохирол гаргуулах үндэслэл болохгүй гэж харж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Аливаа иргэний эрх зүйн маргаан хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 6/, Э ХХК-ийн дүрэм /1хх 7-8/, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээ /1хх 10-14/, Э ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан /1хх 15-33/, Э ХХК-ийн 2019 оны 2 дугаар улирлын ерөнхий журнал /1хх 34/, 2019 оны 4 дүгээр улирлын ерөнхий журнал /хх 35/, Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэр /1хх 36-66/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамж /1хх 67-69/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02955 дугаар шийдвэр /1хх 70-78/, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/02 тоот төлбөр төлөх тухай гэрээ /хх 79-80/, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээ /1хх 81/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх 82-84/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэр /1хх 85-96/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1820 дугаар магадлал /1хх 97-111/, Улсын Дээд шүүхийн хяналтны шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00425 дугаар тогтоол /1хх 112-120/, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн шугамын гэрээ /1хх 186-187/, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 417 тоот албан бичиг /1хх 188-191/, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/108 тоот албан бичиг, хавсралт /1хх 192-196/, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/469 тоот албан бичиг, хавсралт /1хх 197-199/, Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/54 тоот дүгнэлт /1хх 200-204/, Үндэсний статистикийн хорооны 2018 оны 10 дугара сарын 12-ны өдрийн 02/768 тоот албан бичиг, хавсралт /1хх 205-206/, Э ХК, Э ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээний тооцоо нийлсэн акт /1хх 222/, Монголын Олон улсын арбитрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 95 тоот шийдвэр /1хх 224-238/, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2011/01 тоот Хамтран ажиллах гэрээ /1хх 239-240/-г гаргаж өгсөн.

Хариуцагчаас В ХХК-ийн дүрэм /1хх 140-147/, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээ /1хх 177-182/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 210-211/, Э ХХК-ийн албан бичгүүд /2хх /, 02/2016 тоот протокол /2хх/, СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд /2хх/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаар тогтоол /2хх/, Э ХХК-ийн албан бичгүүдийг гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 3-4/, Э ХХК-ийн хувийн хэрэг /2хх 5-154/-ийг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:. 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс 2012-2016 онд ургац алдсан. Иймд Э ХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамжаар 1,524,918,844 төгрөг төлөх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02955 дугаар шийдвэрээр 1,018,993,844 төгрөгийг Э ХК-д төлөхөөр шийдвэр гарч, төлсөн тул шууд зардалд 2,543,912,688 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу 2013-2016 онд олох байсан орлогод 750,540,986 төгрөг, нийт 3,294,453,674 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2011 оны 11 сарын 29-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан 184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр В ХХК доголдолтой эд хөрөнгө нийлүүлсний улмаас Э ХК ургац алдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Энэ нөхцөл байдал нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байгаа. В ХХК-иас нийлүүлсэн, үрлэгч хор шүршигч, трактор зэрэг тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрийн гэмтэлтэй, доголдолтой, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан 2012-2016 онуудад ургац алдсан гэх тайлбараар хохирол нэхэмжилж байгаа хэдий ч ургац алдсан шалтгаан нь В ХХК буюу В ХХК-иас шалтгаалаагүй болох нь Э ХХК, В ХХК-д хандаж байсан албан бичгүүдээр тогтоогдоно. Гэрээнээс татгалзана гэдэг чинь харилцан өгснөө буцаах. Шүүхээр тэр буцаах асуудлыг хэлэлцээд дууссан. 2012 онд үрлэгч гэмтэлтэй байсан гээд үрлэгчээ буцаасан.. Дараа жилээс нь өөр үрлэгчтэй болоод явсан. 2012 оны олох байсан орлогыг арбитраар нэхээд арбитраас үндэслэлгүй байна, шууд шалтгаант холбоо байхгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. 2013 оноос хойш явсан харилцаанд ямар тоног төхөөрөмж, хэзээ, яаж эвдрээд, түүнээс шалтгаалан хэдий хэмжээний ургац, яаж алдсан зэргийг тогтоосон баримт байхгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлт гэж 2, 3 зүйл яриад байгаа. Эхний 2 нь өмнөх маргааны тоног төхөөрөмж эвдрэлтэй байсан гэдэгтэй холбоотой асуудал байгаа юм. Сүүлийн ургац бүрэн авах боломжтой байсан гэж гаргаж өгөөд байгаа баримтууд нь ямар ч шинжээч биш этгээд арбитрын маргаан дууссаны дараа өөрсдөө сайн дураараа хандаад хууль сануулаагүй, эрх бүхий байгууллагаас томилоогүй, хүрээлэнгийн ажилтан нэг хүнээр гарын үсэг зуруулаад бичүүлсэн харилцаа байгаа юм. Нөгөө хүн нь түүнийг хэрхэн гаргасан бичгийг нь харахад цаг агаарын мэдээ, арбитрын шийдвэрийг үндэслэл болгов гэсэн байгаа юм. Буруу үр хэрэглэсэн үү, очиж газар дээр нь үзсэн үү, газрыг нь хураасан захирамж байсан уу, хүний нөөц хангалттай байсан уу, бусад нөхцөл байдлыг хараагүй, цаг агаарын мэдээ, арбитрын шийдвэрийг үндэслэсэн, эвдрээгүй байсан бол 100 хувь авах боломжтой байсан юм байна гэх хүний таамаг гэж хэлмээр байна. Хэрвээ В ХХК-ийн зарсан тоног төхөөрөмжөөс болж ургац алдсан гэж байгаа юм бол маш нарийн ярих хэрэгтэй Ямар тоног төхөөрөмж, хэзээ эвдэрсэн, хэзээнээс хэзээг хүртэл эвдрэлтэй байсан, тэр эвдрэлээс шалтгаалан хэдий хэмжээний ургац алдсан, аль талбайд тариалж чадаагүй гэх мэт нарийн ярих хэрэгтэй. Хэмжээтэйгээр нь м.кв, га, центнерээр ярих ёстой. Тийм ямар ч баримт байхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээ, Э ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан, Э ХХК-ийн 2019 оны 2 дугаар улирлын ерөнхий журнал, 2019 оны 4 дүгээр улирлын ерөнхий журнал /хх 35/, Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02955 дугаар шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/02 тоот төлбөр төлөх тухай гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөх тухай гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1820 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтны шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00425 дугаар тогтоол, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 417 тоот албан бичиг, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/108 тоот албан бичиг, хавсралт, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/469 тоот албан бичиг, хавсралт, Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/54 тоот дүгнэлт, Үндэсний статистикийн хорооны 2018 оны 10 дугара сарын 12-ны өдрийн 02/768 тоот албан бичиг, Э ХК, Э ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээний тооцоо нийлсэн акт, Монголын Олон улсын арбитрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 95 тоот шийдвэр, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2011/01 тоот Хамтран ажиллах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э ХХК-ийн албан бичгүүд, 02/2016 тоот протокол, СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 323 дугаар тогтоол зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

6. Талуудын маргааны зүйл нь ургац алдсан шалтгаан доголдолтой тоног төхөөрөмжөөс үүссэн эсэх асуудал байна. 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, тухайн гэрээний дагу нийлүүлсэн үрлэгч машин /Amity Air till-18m/, трактор /MT965C/, хор шүршигч /Spra coupe SC4660/ зэрэг машинууд нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу байсан болох талаар маргаагүй байна.

7. В ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ В ХХК олгон өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

8. Хариуцагчийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн болохыг Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар шийдвэрийн 29 дүгээр талд ... талуудын хоооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах ерөнхий гэрээ-ний 3.1.1-д Худалдагч тал гэрэний зүйлийг эвдрэл, эмтэл болон бусад согоггүйгээр худалдан авагч талд нийлүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг хариуцагч В ХХК бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Э ХХК-д биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна гэж арбитрын бүрэлдэхүүн үзсэн болно..., шийдвэр хэсгийн 2 дахь заалтад ... В ХХК-иас нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд буюу үрлэгч машин /Amity Air till-18m/, трактор /MT965C/, хор шүршигч /Spra coupe SC4660/ зэрэг машинууд нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, В ХХК нь гэрээний хугацааг хэтрүүлсэн, нийлүүлсэн тоног төхөөрөмж, нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу байсныг тогтоосугай... гэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01953 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай шийдвэр гарч, тус шийдвэрээр В ХХК нь Э ХХК-д худалдсан Air till drill 18m загварын үрлэгч, MT965C-530HP8 загварын трактор, SC4660 загварын хор шүршигч нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой, иж бүрдэл дутуу болохыг тогтоосон байна. Арбитрын тухай хуулийн 46 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар арбитрын дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна... гэж дүгнэж, шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар 2012 оны СТГ/12-184 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмж болох үрлэгч машин, хор шүршигч, трактор нь үйлдвэрийн алдаа, биет байдлын доголдолтой байсан үйл баримт тогтоогдсон байх тул энэхүү үйл баримтыг дахин нотлох, тогтоох шаардлагагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар буруутай этгээдээс хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

9. Э ХК, Э ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2011/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэхүү гэрээний дагуу Э ХК-иас гарсан зардлыг гэрээний нөгөө талаас гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамжаар төлбөр төлөгч Э ХХК нь 1,524,918,844 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталсан байна.

Түүнчлэн Э ХК нь Э ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул олох байсан орлогод 1,018,993,844 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу алдангид 573,388,702 төгрөг, нийт 1,592,382,546 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02955 дугаар шийдвэрээр хариуцагч Э ХХК-иас олох байсан орлого 1,018,993,844 төгрөгийг гаргуулж, Э ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Э ХК нь 2012-2016 онуудад ургац хураагаагүй улмаас нэхэмжлэгч олох ёстой байсан орлого 1,018,993,844 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсантай хариуцагч тал маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул шүүх тус шаардлагад холбогдох баримтад тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв... гэж, алдангийг гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй, санхүүгийн түрээсийн гэрээний үнээс тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Э ХХК-иас 1,018,993,844 төгрөгийг гаргуулж, Э ХК-д олгохоор тогтоосон байна.

10. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан.

Э ХХК, Э ХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр Э ХК нь гэрээнд заасан хугацаанд газар болон хөрөнгийг ашиглахад бэлэн болгох, боловсон хүчин, мэргэжлийн ажилчдаар хангах, бүх үйл ажиллагааг өөрийн компанийн нэр дээр явуулах, татвараа төлөх, ашгийг гэрээний дагуу хуваах үүргийг, Э ХХК нь бүх шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, бараа материалыг хугацаанд нь оруулах үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний 4.1-д хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна гэж, 3.1-т ...талууд хуримтлалыг тэнцүү хэмжээгээр хуваан авна гэж тус тус тохиролцсон байна.

Э ХХК, Э ХК тооцоо нийлэхдээ хамтран ажиллах гэрээний дагуу Э ХК-иас гарсан зардлыг зөвхөн тооцоолсон байх бөгөөд гэрээний дагуу Э ХХК-иас гарсан зардлыг ашиг алдагдлын тооцоондоо оруулж тооцоогүй, Э ХК-ийн гаргасан зардал, хамтын ажиллагааны үр дүнд олсон орлого нь санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, олох байсан орлогоо статистик тоон мэдээлэлд үндэслэн гаргасан. Өөрсдийн олсон орлого, Э ХК-иас гарсан зардлыг санхүүгийн баримтгүйгээр тооцож, олох байсан орлогыг тодорхойлсон байна. Гэтэл хамтран ажиллах гэрээний дагуу Э ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээгээр тоног төхөөрөмжийг худалдан авч, хүүгийн хамт төлсөн, худалдан авсан тоног төхөөрөмж нь 2012-2016 оны хооронд ашиглагдсан буюу элэгдсэн байхад тухайн зардлыг нягтлан бодох бүртгэлийн дагуу тайлан балансдаа тусгаж баталгаажуулаагүй, гарсан зардлыг хасч тооцоолоогүй, зөвхөн Э ХК-иас гарсан зардал гэж санхүүгийн баримтаар тогтоогдоогүй хэмжээгээр ашиг алдагдлын тооцоо гарсан нь алдаатай болжээ.

Энэхүү тооцоо нийлсэн баримтыг үндэслэн Э ХК нь гаргасан зардал санхүүжилтээ Эрхэт трйед ХХК-иас шаардаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамжаар 1,524,918,844 төгрөгийг Э ХК-д төлөхөөр эвлэрч, мөн олох байсан орлого гэж шаардаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02955 дугаар шийдвэрээр Э ХК-д олох байсан орлогод маргаагүй гэж 1,018,993,844 төгрөгийг төлөхөөр болсон байна.

Шүүгчийн захирамжийн дагуу төлөх 1,524,918,844 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 1,524,918,844 төгрөгийг тус тус Шугаман зээлийн гэрээний төлбөрөөс хасч тооцохоор төлбөр төлөх гэрээ байгуулсан байна.

11. Ийнхүү нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/09162 дугаар захирамжаар Э ХК-д төлөхөөр эвлэрсэн 1,524,918,844 төгрөгийг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02955 дугаар шийдвэрээр Э ХК-д төлөхөөр шийдвэрлэсэн 1,018,993,844 төгрөгийг тус тус шууд гарсан зардал гэж тооцон хариуцагчаас шаарджээ.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч нь 3 тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд 1 тоног төхөөрөмжийн доголдлыг хүлээн зөвшөөрч, 2013 онд уг тоног төхөөрөмжийг буцаан өгч, үнэ төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Үлдэх 2 тоног төхөөрөмжийг 201-2016 оны тариалан эрхлэлтэд ашиглаж, ажиллуулсан байна.

12. Нэхэмжлэгч нь ургац алдсан шалтгааныг Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/108 тоот албан бичгээр ирүүлсэн Э ХК-д гэх нэмэлт тодруулга, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/469 тоот албан бичгээр ирүүлсэн Э ХК-д гэх нэмэлт тодруулгаар Spra Coupe-4660 хор шүршигч, MT965C-530HP8 трактор, Amity air till-18m үрлэгчийн талаар асуултанд хариулсан тодруулга өгчээ.

Дээрх тодруулгаар Spra Coupe-4660 хор шүршигчийг ашиглахад химийн хамгааллын арга хэмжээг хугацаанд нь авч чадахгүйгээс хор цацалт чанаргүй хийгдэх, зохих хугацаанд нь хийгээгүйгээс хог ургамал нь томорч, хортон нь улам ихэссэнээс үр дүнгүй болж ургац алдахад хүрнэ гэж, MT965C-530HP8 тракторыг техникийн талаас нь хийсэн шинжээчийн дүгнэлтээс үзвэл 530 морины хүчтэй дээрх трактор нь доголдолтой байсан учраас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байсан нь харагдаж байна. Ингэснээр хүнд диск болон өргөн авцтай сийрүүлэгч чирж, гүн боловсруулалт болон дараа дараагийн технологийн ажлууд нь чанаргүй хийгдэнэ. Мөн хийгээр ажилладаг өндөр хүчин чадал бүхий үрлүүр, хор шүршигч зэргийг агрегатлаж ажиллуулдаг зэргээс шалтгаалан тохируулга нь алдагдах, ямар нэгэн саатал гаргах, хугаwаа алдах, хойшлогдох, улмаар ургац алдах явдал их гарна, Amity air till-18m үрлэгч биет байдлын маш их доголдол, эвдрэл ихтэй, зарим эд анги, сэлбэг хэрэгсэл нь дутуу ирснээс зориулалтын биш зүйлээр орлуулсан, цахилгаан холболтыг буруу хийснээс хяналтын автомат систем нь ажиллахгүйн улмаас үрлэгээний явц мэдэгдэхгүй зэргээс шалтгаалан үрийн норм алдагдах, мөн гүний тохируулга алдагдсанаас үр хөрсөн дээр ил гарах эсвэл хэт гүнд суух, хөрсийг зүсэх дискний тоо дутуугаас үрлэгээний цан хөрсөн дээгүүр ил үр хаян, хоолой бүрийн ард тариалсан үрийг булдах диск нь дутуу ирснээс жигд булдаж тэгшлэх нь алдагдсан зэрэг доголдлууд гарснаас үрлэгээний чанар муу хийгдэх нь ургацын хэмжээ, чанар муугаар нөлөөлнө гэж дүгнэлт хийжээ.

Энэхүү нэмэлт тодруулга гэх баримтыг үндэслэн ургац алдсан шалтгааныг СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доголдлоос бүрэн хамаарсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Нэгд, дээрх тодруулга гэх баримт нь шинжээчийн дүгнэлт биш, хоёрт тодруулгад ургац алдахад нөлөөлнө гэж дүгнэхдээ тоног төхөөрөмжийн доголдол нь ургац алдалтанд 100 хувь нөлөөлөх талаар тодорхойлоогүй, гол тоног төхөөрөмж болох Amity air till-18m үрлэгчийг 2013 онд доголдолтой гэж буцаасан, 2013-2016 оны ургац алдалтанд доголдолтой гэх үрлэгчийг ашиглаагүй байхад ургац алдалтыг 100 хувь тоног төхөөрөмжөөс болсон гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна.

Учир нь Э ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А54 тоот албан бичигт .. бид энэ жил технологийн алдаа хийж үр буруу сонгосноос ургац алдаж бүтэлгүйтлээ..., 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А63 тоот албан бичигт ... Манай хамтран ажиллагч Э ХК-ийн газар эзэмших эрхийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 01-ний А/34, А/35 тоот захирамжуудаар хүчингүй болгон тус сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 01-ний 1/23 тоот албан бичгээр манай компанид мэдэглэл хүргүүлээд байна. Дээрх Засаг даргын хууль бус захирамжийг бид эсэргүүцэн Дорнод аймгийн шүүхэд зарга мэдүүлээд байгаа бөгөөд одоогоор хэрэг хянан хэлэлцэх шатандаа явж байна. Бид шүүхийн шийдвэрийг харахаас өөр аргагүй болоод байна..., 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А68 тоот албан бичигт ... Өнгөрсөн жилүүдийн хүндрэлтэй байдлуудаас шалтгаалан бид төлбөрийн үүргээ биелүүлээгүйдээ маш их харамсаж байна..., 2016 оны 1 дүгээр сарын 06-ны А78 тоот албан бичигт ... Энэ ажил маань 2016 оны 2 дугаар сард багтаж дуусч, энэ хаврын тариалалтандаа 3 дугаар сараас эхлэхээр харилцан тохиролцоод явж байна ..., 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А86 тоот албан бичигт ... Манай компани өөрийн үржил шимтэй газраа 2015 оны 4 дүгээр сард л шүүхийн шийдвэрээр авсан бөгөөд 2015 онд уринш хийж, энэ жил л зүй ёсоор нь тариалалт хийх боломжтой болсон. Өнгөрсөн жилүүдэд муу газар тариалж, ургац хурааж чадаагүйгээс төлбөрийн чадваргүй, төлбөр төлөх боломжгүй болоод байна..., 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А91 тоот албан бичигт ... Манай компани 2015 оны 4 сард шүүхийн шийдвэрээр өөрийн үржил шимтэй газраа авсан. 2015 онд уринш боловсруулалтаа сайн хийж, энэ жил л зүй ёсоор нь тариалалт хийсэн учир хичнээн гантай боловч бид ургацаа алдаагүй, га-аас дунджаар 10 центнер ургац авах боломжтой байна... гэсэн албан бичгүүдийн 2012 оны СТГ/12-184 тоо санхүүгийн түрээсийн гэрээний оролцогч Вагнер ази лизинг ХХК-д ирүүлж байжээ.

Дээрх албан тоотуудаас нэхэмжлэгч нь 2013 онд үр буруу сонгож, технологийн алдаа гарснаас ургац сайн хураагаагүй, 2014 оны 5 сард газар эзэмших эрх цуцлагдсантай холбоотой тариалалт хийгээгүй, 2015 онд газраа буцааж авсан учир зөвхөн уринш боловсруулалт хийж, үр шимгүй өөр газар тариалсан зэргээс 2013-2015 оны ургац хураалт алдсан шалтгаан нь хариуцагчийн доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоогүй болох нь харагдаж байна.

13. Иймд хариуцагчийн 2012 оны СТГ/12-184 тоот санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доголдлоос 2013-2016 онд ургац алдсан болох нь хангалттай тогтоогдоогүй тул олох байсан орлого 750,540,986 төгрөг, шууд гарсан зардал 2,543,912,688 төгрөг, нийт 3,294,453,674 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

14. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч В ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал, олох байсан орлого 3,294,453,674 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,630,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ