Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/00617

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ................... тоот хаягт оршин суух, С овогт Э.Э /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, Ж овогт М.Б /РД: 00000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 55,137,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, хариуцагчийн өмгөөлөгч К.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Э нь М.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55,137,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу М.Б-т 37,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 22 сараар сунгасан. Үндсэн зээл 26,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 10,758,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 18,379,000 төгрөг, нийт 55,137,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 37,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр М.Б-тэй барьцааны гэрээ байгуулж, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн .................... тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ............... тоот, 72 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч мөнгөн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Зээлийн гэрээг 38,000,000 төгрөгөөр байгуулж, 37,000,000 төгрөгийг хүлээж авсан. Сарын 4,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Өндөр хүүтэй зээлийн гэрээг 22 сараар сунгаагүй, сүүлд нөхөж хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй. Хугацааг сунгаагүй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан мөнгө төлсөн гэх тооцооллоор тооцож үзэхэд зээлийн гэрээний үүрэгт 7,850,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг хэт өндөр тогтоосон гэж үзэж байна. Төлөх төлбөрийн хэмжээ бага тул өндөр үнэтэй барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс М.Б, Д.Г нарын өмчлөлийн Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн .................... тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 6/, М.Бийн өмчлөлийн Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ............... тоот, 72 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 7/, Д.Г-аас М.Б-т олгосон итгэмжлэл /хх 8/, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ /хх 9/, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ /хх 10/, М.Бийн хаягийн тодорхойлолт /хх 11/, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн мөнгө шилжүүлсэн орлогын ордер /хх 29/, 2016 оны 12 угаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт /хх 30/, Э.Э-ын Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот харилцах дансны 2016-07.22-2018.03.30 хүртэлх хуулга /хх 52-58/, Э.Э-ын Хаан банкны 000000000 тоот харилцах дансны 2019.02.03-ны хуулга /хх 59/, 2019 оны 03.29-ний хуулга /хх 60/, 2019.03.29-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ /хх 62-64/, 2019.03.29-ний өдрийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 65-68/, зуучлалын хөлс 450,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хх 59/, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн М.Бийн олгосон итгэмжлэл /хх 70/ гаргаж өгсөн.

Хариуцагчаас Худалдаа хөгжлийн банкны зээлийн төлбөр шилжүүлсэн орлогын 14 ширхэг ордер /хх 142-148/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчиын өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот харилцах дансны хуулга /хх 110-117, 131-134/, шүүхийн санаачлагаар Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс барьцааны гэрээний бүртгэлийн материал /хх 82-92, 99-103/-ыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу М.Бт 37,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 22 сараар сунгасан. Үндсэн зээл 26,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 10,758,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 18,379,000 төгрөг, нийт 55,137,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.2 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 37,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Б-тэй барьцааны гэрээ байгуулж, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн .................... тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ............... тоот, 72 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Зээлийн гэрээний сунгалтыг нөхөж хийсэн бөгөөд зээлдэгчийн хүсэл зориг байгаагүй. Сунгасан гэж үзэхгүй тул 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,850,000 төгрөгийг төлнө. Алдангийг хэт өндөр тооцсон. Багахөн үнийн дүнд барьцаа хөрөнгөөр хангах шаардлагагүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалт, мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн дансны хуулга, барьцааны гэрээг бүртгүүлсэн баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Э.Э, М.Б нар нь 38,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ бичгээр байгуулж, мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч М.Б-т 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 37,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

6. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн төлөлт дутуу байгаа талаар маргаагүй бөгөөд маргааны зүйл нь зээлийн гэрээг сунгаагүй гэж маргаж байна.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн Худалдаа Хөгжлийн банк дахь 453136258 дансанд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 37,000,000 төгрөгийг Эоос гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, зээлсэн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, сарын хүүг 4,8 хувь байх, зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар тохиролцсон байна.

Зээлийн гэрээний сунгалт баримтыг нөхөж үйлдсэн гэх боловч үүнийг хариуцагч тал нотлоогүй тул зээлийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22 сарын хугацаагаар сунгасан байна гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Б нь үндсэн зээл 37,000,000 төгрөг, 6 сарын хүүнд 10,656,000 төгрөг төлөхөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 11,000,000 төгрөгийг төлж, үлдэх 26,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн нөхцөлөөр 22 сарын хугацаатай сунгажээ.

Энэ зээлийн гэрээний сунгалтын дагуу үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүүнд 27,456,000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд 8,548,000 төгрөгийн хүү төлсөн байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 онд 5,000,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний хөлс 3,600,000 төгрөгийг хүлээн авснаас нэхэмжлэгч нь зуучлалын хөлс 450,000 төгрөгийг хасч, 8,150,000 төгрөгөөр тооцож, энэ дүнгээ хүүнээс хасчээ.

Орон сууц хөлслөх гэрээг хариуцагчийн өмнөөс байгуулж, орон сууцны хөлсийг хүлээн авч, зээлийн төлбөрт тооцохоор талууд тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг хөлслөхдөө зуучлалын компаниар дамжуулж хөлслүүлсэн гэж зуучлалын хөлсийг төлөгдсөн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь хариуцагчтай энэ талаар тохиролцоогүй тул өөрөө сайн дураар зуучлалын компанид хандсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах зардалд хамаарч байна.

Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг баримтлан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 8,600,000 төгрөгийг үндсэн зээл 26,000,000 төгргөөөс хасч тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч талаас сарын 4,8 хувийн хүү тогтоосныг хүүгийн хэмжээ өндөр гэж маргасан боловч 4,8 хувийн хүүг өндөр болохыг баримтаар нотолж маргаагүй болно.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 17,400,000 төгрөг, зээлийн хүүнд 18,782,000 төгрөг, нийт 36,188,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

10. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзлээ.

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 1021 хоногийн хугацаа хэтэрсэн байх боловч нэхэмжлэгч нь 100 хоногийн алданги шаардаж байна. Зээлийн гэрээний үүрэгт төлөх 36,188,200 төгрөгийн 1 хоногийн алданги нь 180,941 төгрөг болж, 100 хоногоор тооцвол 18,094,100 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэхдээ шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг талуудын зээлийн маргаанд хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь зээлийн гэрээний хугацаа урт, хүүгийн хэмжээ өндөр байх боломжтой, зээлийн гэрээний үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж байсан байдал зэргийг харгалзан нэгэнт алданги төлөхөөр тохирсон тул анзын хэмжээг 2,000,000 төгрөгөөр тогтоох нь нэхэмжлэгчийг хохироохгүй гэж дүгнэж, багасгаж шийдвэрлэлээ.

11. Дээрхийг нэгтгэн дүгнэж, хариуцагч М.Б-ээс үндсэн зээлд 17,400,000 төгрөг, зээлийн хүүнд 18,782,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 2,000,000 төгрөг, нийт 38,188,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-од олгох нь зүйтэй байна.

12. Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний үүргийг хангахаар эрхийнулсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, М.Б, Д.Г нарын өмчлөлийн Баянгол дүүргийн .................... тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, М.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ............... тоот, 72 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийгбарьцаалсан барьцааны гэрээ байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

13. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч М.Б нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 419,091 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтланхариуцагч М.Б-ээс 38,188,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,948,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, М.Б, Д.Г нарын өмчлөлийн Баянгол дүүргийн .................... тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, М.Б-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ............... тоот, 72 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 419,091 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-од олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ч.МӨНХЦЭЦЭГ