Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/1440

 

187/2020/0543/Э

 

 

 

  2020           12            02                                           2020/ДШМ/1440    

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-д холбогдох эрүүгийн 2010009030644 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Г.Э- нь Б.О-т өөрийгөө “Хошууч цолтой, мөрдөн байцаагч” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр түүний эзэмшлийн “Toyota crown” загварын 0000улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөрийн нэр дээр /****** улсын дугаартай болгон/ шилжүүлэн авч, төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уг тээврийн хэрэгслийг “Автопрайм” ХХК-д 4.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Б.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.О-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Би урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Б.О-ын 0000буюу ****** улсын дугаартай болж өөрчлөгдсөн “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээлгэн өгч эвдрэл гэмтэл гарсан болон элэгдэл хорогдол, тухайн хэргээс учирсан бусад зардлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн эхнэр маань эрхэлсэн ажил, орлогогүй, ам бүл 6, 1-12 хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй, одоо оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 713 дугаар байрны 43 тоот байрыг 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслэдэг. Би өөрөө ажил хийж амжиргаагаа залгуулдаг тул дээрх байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

Учир нь, Г.Э- нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Б.О-ын 0000буюу ****** улсын дугаартай болж өөрчлөгдсөн “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээлгэн өгөхдөө тус машинд хэрэв эвдрэл гэмтэл гарч ирсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, мөн ажил орлогогүй эхнэр, бага насны дөрвөн хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил хорих ял оноож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүгдэгчийн гэм бурууд илтэд тохироогүй хүнд ял оноосон нь үндэслэлгүй, илтэд ял хүндэдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.

1. Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлттэй маргахгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг орхигдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Э- нь анхнаасаа автомашиныг авсан талаар маргаагүй, төлбөр төлөлгүй удаашруулсан шалтгаан нөхцлөө тайлбарлаж ирсэн байх бөгөөд тохиолдлын шинж чанартайгаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж машины төлбөрийг төлөлгүй удаашруулсан зэрэг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад шүүх ял шийтгэл оногдуулахдаа “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба ... хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.” , “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь... “хөнгөн” ангилалд хамаарна” гэж дүгнэсэн атлаа ял оногдуулахдаа энэ дүгнэлтээ огт харгалзан үзэлгүйгээр орхигдуулан хүндрүүлж хорих ял оногдуулсан гэж үзнэ.

2. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулж, өөрийн хувийн болон эрх зүйн байдлаа дээрдүүлэх, хуульд зааснаар хөнгөн ял шийтгэл хүлээх талаар хүсэлт гаргах эрхтэй, боломжтой ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн талаар анхан шатны шүүх “...бусдад төлөх төлбөргүй, хохирлоо бүрэн төлсөн” гэж дүгнэсэн атлаа яагаад хорих ял оногдуулах болсон үндэслэлээ дүгнэлт хэсэгтээ огт тайлбарлаж заагаагүй. Г.Э-д хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага байсан бол хууль ёсоор үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэх хуулийн ерөнхий зарчмаас илтэд зөрж, үндэслэлгүйгээр хүндрүүлэн хорих ял оногдуулсан гэж үзэхэд хүргэж байна. Дээрх байдлуудыг дүгнэж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Э-д хорих ял оногдуулах зайлшгүй нөхцөл байдал, хуульзүйн үндэслэлийг эргэлзээгүй дүгнэлгүйгээр, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дүгнэсэн атлаа хохирогчийн гомдолтой байгаа байдлыг дурдаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дутуу орхигдуулж дүгнэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4/, үүнээс шалтгаалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас өөр сонгох ял шийтгэлийг зөв хэрэглээгүй /шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох, боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

 

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан хүртэл хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байсан. Харин шүүх хуралдааны явцад хохирол төлөхөөр завсарлага авч, хохирогчид тээврийн хэрэгслийг буцаан олгосон хэдий ч тухайн тээврийн хэрэгсэлд учирсан элэгдэл хорогдлыг хохирогчид барагдуулаагүй байсан. Тийм учраас анхан шатны шүүхээс хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд зааж өгсөн. Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох, тэнсэх эсэх талаар давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял нь биелэгдэх боломжтой байх ёстой. Шүүгдэгч Г.Э-ын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй учраас торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан тохиолдолд хэрэглэх зохицуулалт. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан хүртэл гэм буруугийн талаар “залилах гэмт хэрэг биш” гэж маргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.О-т өөрийгөө “Хошууч цолтой, мөрдөн байцаагч” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн “Toyota crown” загварын 0000улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөрийн нэр дээр /****** улсын дугаартай болгон/ шилжүүлэн авч, төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр уг тээврийн хэрэгслийг “Автопрайм” ХХК-д 4.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.О-ын “...анх Г.Э- нь өөрийгөө “хошууч цолтой, мөрдөн байцаагч хийдэг, ээлжийн амралтаа аваад хажуугаар нь хулгайчийн араас явж байна” гэж хэлж байсан. ...Тэрээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр миний “Toyota crown” загварын машиныг надаас 17.500.000 төгрөгөөр авахаар тохиролцож гэрээ байгуулсан ба “мөнгийг нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны дотор өгнө” гэж хэлсэн. ...Мөнгөө авах хугацаа болсон боловч Э- нь мөнгөө өгөхгүй, өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр байгаад 1 сар болсон. ...Миний автомашин одоо “Автопрайм” ББСБ-нд барьцаанд байгаа гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс шүүлгэж мэдсэн. ...” /хх 13-14/,

гэрч Б.Ариунбаатарын “...0000дугаар нь авто тээвэрт хураагдаж хүчингүй болоод оронд нь ****** улсын дугаартай болж манай салбар дээр 4.500.000 төгрөгийн барьцаанд тавигдсан. Уг автомашиныг барьцаалж зээл авсан үеэс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. ...Г.Э- нь өнөөдрийн байдлаар 5.032.650 төгрөгийн өртэй. ...” /хх 44-45/,

Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...би 0000улсын дугаартай “Toyota crown” загварын машиныг авахаар болж тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны дотор “гүүрний ажлын мөнгө орж ирэхээр төлнө” гэж тохиролцоод хэлцэл байгуулсан юм. ...О-ын мөнгийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй. ...Энэ машиныг би “Сайн” ломбардад 4.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /хх 52-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.О-, Г.Э- нарын хооронд байгуулсан “0000улсын дугаартай “Toyota crown” загварын автомашиныг 17.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон” тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 8-11/,

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Г.Э-, “Авто прайм” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх 33-35, 36-37/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Г.Э-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, Ш.Мягмарцэрэн нар нь “...хохирлоо төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Шүүгдэгч Г.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эхнэр, 1-12 хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй, түрээсийн байранд амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, ...оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, Ш.Мягмарцэрэн нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилж,

          шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

          тогтоох хэсэгт “...шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэсэн,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Г.Э-д мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, Ш.Мягмарцэрэн нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

         

          2. Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 103 /нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН