Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/236

 

 

 2024        11            12                                    2024/ШЦТ/236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Т.Э*******, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Э*******од холбогдох эрүүгийн 2415000290124 дугаартай, 163/2024/0157/Э индекстэй хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Т******* Э*******, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгонд 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр баг, Х******* тосгонд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: *******, урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 16-ны өдөр 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдаж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Э******* нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт ******* ******* улсын дугаартай “Киа Бонго-З” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн Булган аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэврээр  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл хүлээсэн байх ба тээврийн жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт ******* ******* улсын дугаартай “Киа Бонго-З” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Гэрч Б.Д: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ахмад Б.Н хамтаар Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг “Овоотой хөтөл”-д замын өдрийн эргүүл хийж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байх хугацаанд ******* ******* улсын дугаартай “Бонго-3” маркийн өвс ачиж явсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Мөн тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан тул Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох багажаар шалгахад 1.62 гэж зааж байсан тул тус тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

-Гэрч Б.Н өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дэд ахлагч Б.Д хамтаар Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг “Овоотой хөтөл”-д замын өдрийн эргүүл хийж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байх хугацаанд ******* ******* улсын дугаартай “Бонго-3” маркийн өвс ачиж явсан тээврийн хэрэгслийг дэд ахлагч Дашбалжир зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Мөн тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул Орхон аймгийн Цагдаагийн газар аваачиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох багажаар шалгахад 1.62 гэж зааж байсан тул тус тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1037 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Нэр хаяггүй” /1000716573/ дугаартай хуруу шилний цуснаас 0.5 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.5 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

-Согтуурал шалгаж 1.62 хувийн согтолттой болохыг тогтоосон тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

-Булган аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т.Э*******од Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан № дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хавтаст хэргийн 26 дахь тал/,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/308 дугаартай “Шийтгэлийг хэвээр үлдээх тухай” шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗЗ/552 дугаартай “Шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

-Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 07 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх х*******ттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Т.Э******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Р.Цэрэнхандын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт:

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1037 дугаартай дүгнэлтээр Т.Э*******ын цусанд 0,5 промилли /%/ спиртийн агууламж илэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.

Т.Э*******ын “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд” “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулсан Булган аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.

Шүүгдэгч Т.Э******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа…хэрэглэсэн…ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь нотлох баримтаар х*******ттай тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийг тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл гэм буруугийн санаатай хэлбэр нь гэм буруутай этгээд өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинж чанарыг урьдчилан ухамсарлаж, ойлгож мэдсэн байх, тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн байх, түүний улмаас нийтийн ашиг сонирхолд аюул, хор уршиг учрах бүрэн боломжтойг урдаас мэдэж байсан боловч зориуд хүргэсэн байх шинжээр тодорхойлогдохоор байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” хэмээн хууль тогтоогч эрх шилжүүлэн хуульчилсны дагуу Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталсан байх тул тус дүрэм нь хуульчилсан хэм хэмжээ бүхий хууль тогтоомжийн актад хамаарна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зорилго нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино” гэж тус дүрмийн 1.1-т тодорхой заасан бөгөөд дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа…хэрэглэсэн…ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж хориглосон хэм хэмжээг заажээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж тухайн зүйлд заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлан мөн зүйлийн 2,3 дахь хэсэгт дээрх гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг, 4 хэсэгт тухайн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус  тодорхойлсон.

Дээр дурдсан гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байгаагаа ухамсарлаж, түүний улмаас материаллаг хохирол хор уршиг учруулахгүй байж чадна гэж тооцсон боловч түүнд хүргэсэн байх шинжтэй буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон ... бол” гэмт хэрэгт тооцохоор тогтоосон нь бие даасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.

Тус гэмт хэргийн тухайд гэмт этгээд нь урд нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тус эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэл нь илэрхий хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэнээр төгсдөг, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг шинжтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Т.Э******* нь согтуугаар тээврийн жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуурсан үедээ тээврийн жолоодож байгаа үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хууль бус болох нь илэрхий атал тэрээр ухамсартайгаар, хүсэж үйлдэн “Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоосон замын хөдөлгөөний нэгдсэн журам”-ыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан ...нийтийн ашиг сонирхол...”-д халдаж хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.

Т.Э*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Т.Э******* түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нар хэргийн онол болон гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... нийтийн ...ашиг сонирхол...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Энэ гэмт хэрэг нь улмаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоосон замын хөдөлгөөний нэгдсэн журам” зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан ...нийтийн ашиг сонирхол...”-д халдаж хохирол учруулсан байх бөгөөд хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд материаллаг хохирол учраагүй тул Т.Э*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах саналтай.

Шүүгдэгч Э******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилээр оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 72 хоног цагдан хоригдсон байдаг. Түүний цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оролцуулан тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэсэн байгаа. Сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь нийгэм болон хувь хүнд хохирол учруулах гэмт хэрэг боловч ямар нэгэн нийгэмд болон хувь хүнд хохирол учраагүй. Тэнссэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд энэ гэмт хэргийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь жолоо барьж болохгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ баригдахгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан. Жишээлбэл согтуугаар жолоо барьж яваад хүн алчихсан бол болгоомжгүй гэж зүйлчилнэ. Энэ гэмт хэрэг бол болгоомжгүй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь тэр чигээрээ болгоомжгүй гэмт хэрэг юм. Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь санаатай гэмт хэрэг гэж зүйлчлэх нь өрөөсгөл юм.

Өмнөх шийтгэх тогтоол нь ял оногдуулахгүйгээр тэнссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй өөр төрлийн  ял оногдуулж болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулаад өмнөх тэнссэн шийтгэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлж өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 73 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/, иргэний лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 76 -80 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /81-84 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-91 дэх тал/, ялын тооцооны тодорхойлолт /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Э*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Э*******од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно гэж” заасан тул  шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Э*******ыг согтуугаар тээврийн жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуурсан үедээ тээврийн жолоодож байгаа үйлдэл нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцон, энэ талаарх хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хэргийн онол болон гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэхэд “...гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах...” талаар санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж буй “...шүүгдэгч Т.Э******* нь согтуугаар жолоо барьж болохгүй гэдгийг мэдэж байсан, гэхдээ баригдахгүй байх гэж хөнгөмсгөөр найдсан учир энэ гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн...” гэх саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь гэм буруугийн хэлбэр нь гэм буруутай этгээд өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинж чанарыг урьдчилан ухамсарлаж, ойлгож мэдсэн эсэх, тухайн үйлдлийг хүсэж үйлдсэн эсэх, хохирол хор уршигт хэрхэн хүргэсэн зэргээс хамааран санаатай, эсхүл  болгоомжгүй хэлбэртэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй “...согтуугаар жолоо барьж болохгүй гэдгийг мэдэж байсан, гэхдээ “баригдахгүй” байх гэж хөнгөмсгөөр найдсан боловч “баригдсан” тул болгоомжгүй гэмт хэрэг...” гэх буюу гэмт этгээдийн хууль бус үйлдэл илэрсэн, таслан зогсоогдсон байдлаар гэм буруугийн хэлбэрийг санаатай, болгоомжгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор тус гэмт хэрэг төгсөх бөгөөд дээрх үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна.

Шүүгдэгч Т.Э*******ын дээрх үйлдэл нь эрх бүхий байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар илэрч, таслан зогсоогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Э******* нь урьд нь “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  заасныг баримтлан Т.Э*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2, 3 дахь заалтын Т.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Т.Э*******ын “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, 6 /зургаа/ сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3.Бусад асуудал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.Э*******ын цагдан хоригдсон 72 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, зорчих эрхийг хязгаарлах 6 сарын ялаас хасаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* овогт Т******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  заасныг баримтлан Т.Э*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2, 3 дахь заалтын Т.Э*******од холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х******* овогт Т******* Э*******од 6 /зургаа/ сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4.Шүүгдэгч Т.Эрдэнэбаярт оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, 6 /зургаа/ сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусад эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 72 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Т.Э*******ыг  Булган аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Э*******од анхааруулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ