| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/00139/И |
| Дугаар | 102/ШШ2022/00642 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/00642
| 2022 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2022/00642 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ................ тоот хаягт оршин суух, Н овогт К.О /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, .............. тоот хаягт оршин суух, М овогт Б.О /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К.О нь Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.О 1,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.О 500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн. Хариуцагч хүүнд 240,000 төгрөг, үндсэн зээл 500,000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 1,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 240,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 620,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ /хх 4/, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ /хх 5/, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2017/00193 дугаар шийдвэр /55 6-7/, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 51/801 тоот албан бичиг /хх 8/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 26/7123 тоот албан бичиг /хх 9/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/02776 дугаар шийдвэр /хх 10, 11/, К.О-гийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга /хх12-13/, 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга /хх 19/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.О 1,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.О 500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн.Хариуцагч үндсэн зээлээс 500,000 төгрөг, хүүнд 240,000 төгрөг л төлсөн. Үндсэн зээл 1,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 240,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 620,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, дансны хуулга шүүхийн шийдвэр, цагдаагийн байгууллагаас хаяг тогтоосон албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 4сарын хугацаатай, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3сарын хугацаатай тус тус зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ.
6. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлөлт дутуу байгаа талаар маргаагүй бөгөөд маргааны зүйл нь шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаж байна.
7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч өөрийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаас хариуцагчийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус зээл гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, зээлсэн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд сарын хүүг 8 хувь, зээлийн гэрээ хугацаатай байхаар тохиролцсон байна.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.О нь үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүүнд 440,000 төгрөг төлөхөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 80,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 580,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 80,000 төгрөг тус тус төлж, үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 160,000 төгрөгийг дутуу төлсөн байна.
9. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлагыг хангасан байна.
10. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 160,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 580,000 төгрөг, нийт 1,740,000 төгрөгийг шаардах эрхтэй байжээ.
11. Гэвч нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хариуцагчийн хаягийг олж тогтоосон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 51/801 тоот албан бичгээс тоолбол 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дууссан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлуулсан байх боловч энэ хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш байх тул нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч буюу зээлийн гэрээний төлбөр төлөгч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээлийн төлбөр төлөхөөс татгалзаж байгааг буруутгах боломжгүй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,860,00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,860,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ