Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, .............. байрлах, У ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт байрлах MBC ХХК /РД: 0000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан, ................... тоот хаягт оршин суух, О овогт Б.О /00000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Д.Н /РД: ПЮ61090571/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов. Хариуцагч Б.О, Д.Н нарын хүсэлтээр тэдний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У ХХК нь М ХХК, Б.О, Д.Н нарт холбогдуулан эзэмшил газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 У ХХК нь өөрийн эзэмшлийн 549 м.кв талбай бүхий газар дээр байрлаж байгаа М ХХК-ийн 17 чингэлгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 6 тоот чингэлгийг хариуцагч Б.О, 16 тоот чингэлгийг хариуцагч Д.Н нар нь эзэмшдэг болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Б.О-ийн 6 тоот чингэлэг, Д.Н-н 16 тоот чингэлэг, М ХХК-ийг үлдэх 15 тоот чингэлгийг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хогийн цэгийн зориулалттай 17 дахь чингэлэг буюу зүүн талын чингэлгийг чөлөөлүүлэх шаардлагагүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар манай газар лүү нэвтэрсэн хэсгээр чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч М ХХК хариу тайлбартаа Нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан 17 чингэлгийг манай компани эзэмшдэггүй. Уг чингэлэгүүд нь манай компанид хамааралгүй. Э төв нь ч манай компанид хамааралгүй бөгөөд манайх зөвхөн тус төвийн 403 тоотыг түрээслэдэг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч Б.О хариу тайлбар гаргаагүй.

4. Хариуцагч Д.Н хариу тайлбартаа: Уг контейнер нь Э төвд түрээслэж байгаа барилгын материалын лангуутай нягт холбоотой ба манай гэр бүл мөн садан төрөл болох 5 өрх айлын амьдралаа залгуулдаг тул уг контейнерийг хууль ёсны дагуу гаргасан шийдвэр, захирамж гартал авах боломжгүй болно. Газрын эзэмшигч болох У ХХК нь батлагдсан хууль тогтоомжийн дагуу тус газрыг авсан эсэхэд эргэлзээтэй байгаа тул уг газрын асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө гэж хүлээн зөвшөөрөхгүйбайна.

5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020.0.14-ний 02-06/1740 тоот хариу, У ХХК-ийн 2020.01.28-ны өдрийн 02/006 тоот мэдэгдэл, М ХХК-ийн 2020.02.04-ний 2909/II тоот хариу, У ХХК-ийн 2020.02.10-ны 02/008 тоот мэдэгдэл, А ХХК-ийн 2020.07.21-нд үйлдсэн байр зүйн зураглал, гүүглийн зургийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагч М ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Д.Н, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004-2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан зэргийг нотлох баримтааргаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас У ХХК-ийн газар эзэмших хувийн хэрэг, Нийслэлийн Хот байгуулалт, Хөгжлийн газраас дулааны шугам сүлжээний кадастрын зураг, нэхэмжлэгчийн хүсэлтээр сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас У санаа ХХК-ийн газрын хувийн хэрэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.А-ийг гэрчээр асуусан мэдүүлэг,Б.О-ийн гэрчээр асуусан мэдүүлэг, Д.Н-г гэрчээр асуусан мэдүүлэг, шүүхийн санаачлагаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх захирамж, хувийн хэргийн хуулбарыгшүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Б.О-ийн 6 тоот чингэлэг, хариуцагч Д.Н-г 16 тоот чингэлгийг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, М ХХК-д холбогдох 14 чингэлгээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

1.1 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХХК-ийн 14 чингэлэг, хариуцагч Б.Оийн 6 тоот, чингэлэг, хариуцагч Д.Нн 16 тоот чингэлгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар манай эзэмшлийн газар лүү нэвтэрсэн хэсгээр чөлөөлж өгнө үү гэв.

2.    Хариуцагч М ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

2.1 Нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлд дурьдсан 17 чингэлгийг манай компани эзэмшдэггүй.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.    Хариуцагч Б.О тайлбар гаргаагүй.

5. Хариуцагч Д.Н Газрын эзэмшигч болох У ХХК нь батлагдсан хууль тогтоомжийн дагуу тус газрыг авсан эсэхэд эргэлзээтэй. Уг контейнер нь Э төвд түрээслэж байгаа барилгын материалын лангуутай нягт холбоотой ба манай гэр бүл мөн садан төрөл болох 5 өрх айлын амьдралаа залгуулдаг тул уг контейнерийг чөлөөлөх боломжгүй гэж тайлбарласан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020.0.14-ний 02-06/1740 тоот хариу, У ХХК-ийн 2020.01.28-ны өдрийн 02/006 тоот мэдэгдэл, М ХХК-ийн 2020.02.04-ний 2909/II тоот хариу, У ХХК-ийн 2020.02.10-ны 02/008 тоот мэдэгдэл, А ХХК-ийн 2020.07.21-нд үйлдсэн байр зүйн зураглал, Д.Н, Б.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004-2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан,У ХХК-ийн газар эзэмших хувийн хэрэг, Нийслэлийн Хот байгуулалт, Хөгжлийн газраас дулааны шугам сүлжээний кадастрын зураг, сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, У санаа ХХК-ийн газрын хувийн хэрэг, Б.Аийн гэрчийн мэдүүлэг,Б.Оийн гэрчийн мэдүүлэг, Д.Нн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. У ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1338 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн ............. нутаг дэвсгэрт 0000000000 нэгж талбарын дугаар бүхий 549 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01107-2020/00014 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

8. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшил газар луу орж байрласан 14 чингэлэг нь хэний эзэмшил болох, тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбай гэсэн маргаан байна.

Хариуцагч Б.О, Д.Н нар нь 6 тоот болон 16 тоот чингэлгийн эзэмшигч мөн талаар маргаагүй байна.

9. Нэхэмжлэгчийн эзэмшил газар лүү 16 чингэлэг нэвтэрч байрласан болох нь А ХХК-ийн 2020.07.21-нд үйлдсэн байр зүйн зураглалаар тогтоогдож байна. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр 16 чингэлэг нь баруунаас зүүн тийш 1-16 дугаартай болох нь, 6 дугаартай улбар шар өнгийн чингэлгийн эзэмшигч нь Б.О болох нь гэрч Б.А-ийн болон Б.О-ийн гэрчээр өгсөн мэдүүлгээр, 16 дугаартай шар өнгийн чингэлэг нь Д.Нн эзэмшлийнх болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

10. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар У ХХК-ийгБаянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000000000 нэгж талбарын дугаар бүхий 549 м.кв газрын шударга эзэмшигч гэж үзнэ.

11. Ийнхүү У ХХК нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас өөрийн эзэмшил газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгчийн эзэмшил газарт нэвтэрч байрласан 1-5, 7-15 дугаартай 14 чингэлэг нь гэрчийн мэдүүлэг, хариуцагч М ХХК-ийн санхүүгийн тайлан, тайлбар зэрэг баримтаар М ХХК-ийн эзэмшлийнх биш болох нь тогтоогдож байна.

12. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгчийн эзэмшил газар луу нэвтэрч байрласан хариуцагч Б.О-ийн эзэмшлийн 6 тоот улбар шар өнгийн чингэлэг, хариуцагч Д.Н-н эзэмшлийн 16 тоот шар өнгийн чингэлгийг нэхэмжлэгчийн эзэмшил газраас чөлөөлөх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн эзэмшил газарт нэвтэрч байрласан 14 чингэлэг нь хариуцагч М ХХК-ийн эзэмшлийнх биш тул нэхэмжлэгч нь түүнд холбогдуулан саадыг арилгуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас М ХХК-ийн эзэмшлийн 14 чингэлгийг чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг удмын орлогод үлдээж, хариуцагч нараас нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг баримтлан У ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0000000000 нэгж талбарын дугаар бүхий газраас хариуцагч Б.О-ийн 6 тоот улбар шар өнгийн чингэлэг, хариуцагч Д.Н-н 16 тоот шар өнгийн чингэлгийг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч М ХХК-ийн 1-5,7-15 тоот 14 чингэлгийг чөлөөлүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О, Д.Н нараас тус тус 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэдгомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ