| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/1227/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1257 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2408 02790 0786 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Гадаад харилцааны яамны, Дипломат байгууллага үйлчилгээ эрхлэх газарт тогооч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо **** дүгээр байрны ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********,*****,***********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2408 02790 0786 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7, 14 дэх тал), эрх хасуулсан тухай жолоодох эрхийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 8-12 дахь тал), зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материал (хавтаст хэргийн 20-34 дэх тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо 5 шарын призерийн замд “Сhevrolete Cruze” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.93%-ийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, согтолт 7.93% (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
эрх хасуулсан тухай жолоодох эрхийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 8-12 дахь тал), эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал), зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал (хавтаст хэргийн 20-34 дэх тал),
шүүгдэгч ********** яллагдагчаар өгсөн “...би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 шарын автобусны буудлын хойно байдаг найз ******* гэрт Булган аймгаас ирсэн айраг уусан. Тухайн өдөр манай эгч ****** ирж миний машиныг авна гэж хэлсэн болохоор би айраг уусан, манай эгч ********* нь гэнэт ирж авахаа болиод чи машинаа Моносын хойд талд байрлах машин засварын газар авч очоод өгчих чи айраг уусан юм чинь гайгүй байлгүй гэж хэлэхээр найзын гэрээс 17 цагийн орчим гараад өөрийн эзэмшлийн Chevrolete Cruze маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шар Прейзэр өнгөрөөд явж байхад замын цагдаа зогсоож намайг драгер багаж үлээлгэж шалгахад 7,93 хувийн согтолттой тэгээд машиныг журмын хашаанд байршуулсан. ...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст 1 жилээр эрхээ хасуулж 450 нэгжээр торгуулийн арга хэмжээ авахуулсан. Би гаргасан үйлдэлдээ хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй... Би гэм буруугаа маш ойлгож байна дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй. 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэ байдлыг минь харгалзан үзэж хамгийн хөнгөн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан болох нь эрх хасуулсан тухай жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 08 дахь тал), зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаар (хавтаст хэргийн 22-34 дэх тал) нотлогдсон ба 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 7,930 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлээр (хавтаст хэргийн 3-6 дахь тал) тус тус тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ****** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******* “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчээс “...хамгийн бага торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгч ****** анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********** анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал (2 хүүхэдтэй өрх толгойлсон эх) зэргийг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Харин түүний удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, согтолтын зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******,*********,******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ