Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саруул овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000275 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг хасаж, 2 жил 10 хоногийн хорих ялаар,

мөн Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Саруул овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод согтуугаар хохирогч “охин авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би хүүхэдтэйгээ уулзсан нь үнэн. Харин охиныг маань алгадахаар нь би “миний нүдэн дээр охиныг маань цохиж болохгүй” гээд түүнийг өшиглөж, нэг удаа алгадсан. Харин д гар хүрээгүй. “шоронгийн хулгайч чамайг цагдаа дуудаж өгнө” гэж хэлээд цагдаа дуудаад утсаа тавьж амжаагүй байхад 2 цагдаа гаднаас орж ирсэн. Цагдаа нар орж ирээд ******* гэх хүн та юу гэж асуухаар нь би байна гэж хэлсэн. Гэтэл цагдаа намайг та гарч бай” гээд би гарсан. Цагдаа нар намайг эргэж ийн гэрт оруулж ирээд хүүхдээс маань “чи ******* аавтайгаа хамт явах уу, эсвэл аав, ээжтэйгээ гэртээ үлдэх үү” гэж асуусан. Гэтэл охин маань ******* аавтайгаа хамт явна гээд бид 2 цагдаа нараар буяны ажил гарч байсан айл руу хүргүүлсэн. Өглөө нь хүүхэд алга болсон гэж цагдаа нартай хамт очиж охиныг маань авсан. Цагдаа нар надаас “та яагаад хүүхдийг хулгайлж явсан юм бэ” гэж асуухад нь би “би найр наадамд ирээгүй, буяны ажилд ирсэн. Хэрвээ би хүүхдээ хулгайлж явсан бол юу гэж цагдаагаар хүргүүлэх вэ дээ” гэж хэлсэн. Гэтэл цагдаа юу яриад байгаа юм бэ гэж машиныхаа хаалгыг онгойлгоход миний салсан эхнэр бууж ирээд хүүхдээ өргөхөөр нь цагдаа нар д хандан “та хүүхэд хулгайлсан гэж юу яриад байгаа юм бэ. Танай хамтран амьдрагч гэх хүн хүүхдийг нь алгадсан учраас хүүхдээ өмөөрч нэг өшиглөж алгадсан гэж байна” гэсэн. Тухайн үед согтуу байсан тул цагдаа нар надад та архийг нь гарсны дараа хүүхдээ хүргэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би хөдөө хүний мал малладаг тул та нарын нүдэн дээр хүүхдээ хүлээлгээд өгье” гэж хэлэхэд хүүхдийг маань аваад явсан” гэв.

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр/ “...20 цагийн үед тоотод гэртээ байхад хуучин нөхөр ******* архи уучихсан халамцуу ирсэн. Ирснээ охиныг авч явна гээд байхаар нь согтуу хүнд хүүхдээ өгч явуулахгүй гэсэн чинь би эцэг нь хүүхдээ мэдэж байна гээд өмсөж байсан түрийтэй бакал гутлаараа миний хавирга руу 2 удаа өшиглөөд охиныг маань аваад явчихсан. Тэгээд би цагдаа дуудаад маргааш нь охиноо цагдаатай хамт очоод авч ирсэн. Би хэд хоног босож чадахгүй хавирга өвдөөд 06 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт үзүүлээд гэмтэлд шууд хэвтсэн...” гэх /хх-ийн 09-11/,

/2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр/ “...тухайн үед би архи дарс уугаагүй эрүүл байсан. ...21 цагийн үед байх ******* охиноо аваад явна гэсэн. Би “согтуу хүнд охиноо өгч явуулахгүй эрүүл байсан бол охиныг чинь өгөөд явуулна” гэхэд ******* уурлаад миний цээжний баруун хэсэгт өшиглөж намайг газарт унагаасан. Газарт унахад дээрээс дахиад цээж рүү 2 удаа дэвссэн. ******* түрийтэй бакал ч юм уу, хром ч юм уу тийм гуталтай байсан. Тэгээд охиноо аваад манайхаас гараад явсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаад “манай салсан нөхөр ******* намайг зодоод, хүүхдийг маань аваад явчихлаа” гэж дуудлага өгсөн. ...*******ай хамт явсан хүн нь ч яваад өгсөн ба нөхөр бид хоёр гэртээ амарсан. ...болсон явдлыг бол би сайн санаж байна. Манай нөхөр ер нь сүүлд өөрийнхөө авчирсан архийг уугаад тасраад унтсан...” гэжээ. /хх-ийн 14-20/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* аав намайг аваад явна гээд байсан. Би ******* аавтай явах дургүй байсан. Тэгээд ээж маань ******* аавд намайг өгч явуулахгүй гээд муудсан. ******* аав урт түрийтэй бажинкан гуталтай /бакал/ хөлөөрөө ээжийн маань цээж рүү 1 удаа өшиглөсөн. Ээж цагдаа дуудсан. Цагдаа ирээд ******* аав намайг аваад явсан. ... аав намайг шууд өргөөд гэрээс аваад явсан. Цагдаа аав бид хоёрыг айлд хүргэж өгсөн. Би тэр айлын хүмүүсийг танихгүй. ******* аав намайг уйлуулаад аваад явсан. Би ээжтэйгээ баймаар байсан...” гэжээ. /хх-ийн 24-25, 29-31/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...архи уугаад би тасраад унтчихсан байсан. Хэрүүл шуугиан болоод байхаар нь би сэртэл газарт хэвтчихсэн “ёооё” гээд харин ******* ийн дээрээс гараараа цохих гэж байхад нь би сэрээд *******ыг ийн дээрээс холдуулаад түлхсэн...” гэжээ. /хх-ийн 33-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 00 цаг 37 минутад “******* сумын 7-р баг тоотод манай салсан нөхөр согтуу ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага ирсний дагуу тус багийн тоотод очиход тухайн айлд дуудлага өгсөн гэх согтуу эмэгтэй, тухайн эмэгтэйн салсан нөхөр болон шинэ нөхөр нь мөн өөр ахимаг насны нэг эрэгтэй, бага насны 1 охин нийлээд 5 хүн байсан. Дуудлага өгсөн эмэгтэй нь хуучин нөхрөө гэрээсээ хөөгөөд байсан ба охин нь харин аавтайгаа явна гээд аавыгаа тэврээд байхаар нь тухайн дуудлага өгсөн эмэгтэйн салсан нөхөр гэх хүнийг охиных нь хамт тухайн айлаас авч явж жижүүрийн машиндаа суулгаад ...охинтой нь хамт буяны ажил болж байгаа айл руу өөрөөр нь заалгаад 01 цаг өнгөрч байхад хүргэж өгсөн. Эрэгтэй болон охиныг тухайн хүний төрсөн эгч гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. Мөн үүрээр 06 цаг дөхөж байхад тухайн тоотоос дуудлага өгсөн  эмэгтэй нь дахин залгаад “хүүхэд маань алга болсон, би хүүхдээ хайгаад гудамжинд явж байна, би хаана яваагаа мэдэхгүй байна” гэх дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу ******* сумын 10 дугаар баг Ялалт хорооллын зүүн захын айлд очиход тоотын дуудлага өгсөн эмэгтэй хүүхэд алга болсон гээд байж байхаар нь “хүүхдийг чинь аавтай нь хамт хүргэж өгч эгчид нь хүлээлгэж өгсөн, өглөө манайхаас хаягийг нь асуугаад очоод аваарай” гэж тайлбарлахад ярьсан зүйлийг ойлгох ямар ч чадваргүй согтуу байсан...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг өнгөрөөгөөд манай 102-с “бага насны хүүхэд алга болсон байна” гэх дуудлага ирүүлсэн. Тухайн алга болсон хүүхдийн ээж нь гэх халимаг үстэй эмэгтэй ирээд “өчидөр аав нь ирээд аваад явсан. Намайг гэртээ байхад ирээд агсам тавиад намайг цохиод би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд яваад өгсөн. Би уусан байсан болохоор унтаад өгсөн. Өглөө сэрэхэд охин байхгүй байсан” гэх зүйлийг ярьсан. ...зааж өгсөн хаягийн дагуу очиход охин аавтайгаа хөтлөлцөөд хашаанаас гарч ирсэн. Ингээд охиныг төрсөн ээжид нь хүлээлгэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 124-125/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 371 тоот дүгнэлтэд:

1. Д.ийн биед зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал, цээжний баруун хажуугийн цус хуралт, баруун бугалга, баруун өгзөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 44-46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...надад ийг цохиж зодож биед нь халдсан зүйл байхгүй. ...охин манайх руу оръё гээд бид 2 гэр лүү нь дагаад орсон. Ороход гэртээ нөхөр гэх залуутай хамт архи уугаад сууж байсан ба , , бид 4 тэр архийг нь хувааж ууж суусан. Би охиндоо 10,000 төгрөг өгөхөд охин маань мөнгөө аваад гэрээсээ гараад явсан. Эргэж орж ирэхдээ ундаа чихэр аваад ирсэн чинь охиныг минь ...гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би “чи муу миний хүүхдийг нүдэн дээр минь ингэж байгаа юм чинь нүднээс далд их дарамталдаг юм байна писда” гэж хэлээд г хацар дээр нь 1 удаа алгадахад мөн миний охиныг “чи хоёр аавынхаа голд яс хаялаа” гээд бас алгадаад авсан. Охин маань тэр үед уйлаад над дээр ирээд намайг тэврээд авсан. Би д хандаж “би чамд бол юу ч хэлэхгүй” гэхэд “муу шоронгийн хулгайч  минь би чамайг цагдаад өгнө” гэж хэлээд утсаараа цагдаа дуудсан. Удалгүй 2 цагдаа гаднаас орж ирээд ...та хүүхдээ аваад гараа гэж хэлсэн. Охин маань намайг гарах гэхэд уйлаад тэврээд байсан болохоор цагдаа намайг хүүхдээ аваад гар гэсэн. ...нөгөө айлаа би зааж өгөхөд намайг тэр айлд хүргэж өгөөд эгч охин бид 2-ыг орхиод явсан. ...миний охин бол тэр хүмүүсийн дарамтан дунд амьдарч байгаа. Би охиноо буруутгахгүй. ...миний охинд үг зааж өгч мэдүүлэг өгүүлсэн байж магадгүй шүү...” гэжээ. /хх-ийн 56-60/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 93-94/

Мөрдөгчийн даалгавар /хх-ийн 131/

Гэрч Р.сүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 133-136/

Шинжээч мэдүүлэг /хх-ийн 138-139/

*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/

Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.ийн авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 66/

Д.д холбогдох гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 95-100/

Д.ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 108/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Саруул овогт ******* *******ыг 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод согтуугаар хохирогч ...... “охин авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь яллах үндэслэл болсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдохгүй, аль нотлох баримт нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна гэж шүүх үзлээ. Учир нь:

Эрүүгийн 2421000000275 дугаартай хэргийн оролцогч нарын тухайд шүүгдэгч ******* нь хохирогч Д.тэй урьд нь гэр бүлийн харилцаатай байсан буюу хохирогчийн мэдүүлсээр хуучин нөхөр нь бол гэрч С. нь хохирогч Д.тэй одоо гэр бүлийн харилцаатай буюу шинэ нөхөр нь, харин насанд хүрээгүй гэрч нь шүүгдэгч *******ын төрсөн охин бөгөөд эх Д., хойд эцэг С. нарын асрамжинд нэг гэрт хамт амьдардаг өөрөөр хэлбэл хоорондоо хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. Эдгээр оролцогчдын мэдүүлгийг бусад гэрч нар буюу тухайн өдрүүдэд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч , нарын өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч ******* нь хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэх боломжгүй, хэргийн бодит байдал хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

Тухайлбал: Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...охиныг авч явна гээд байхаар нь согтуу хүнд хүүхдээ өгч явуулахгүй гэсэн чинь би эцэг нь хүүхдээ мэдэж байна гээд өмсөж байсан түрийтэй бакал гутлаараа миний хавирга руу 2 удаа өшиглөөд охиныг маань аваад явчихсан....” гэх мэдүүлгийг прокурор яллах нотлох баримт болгон яллах дүгнэлтэд дурджээ. Гэтэл хохирогч Д.ийн өгсөн дээрх мэдүүлгийг гэрч , нарын мэдүүлэгтэй харьцуулж үзвэл хохирогч Д. “Энхбаатар намайг зодоод охиныг аваад манайхаас гараад явчихсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгасан”, гэрч ”дуудлага ирсний дагуу очиход эмэгтэй, хуучин нөхөр, шинэ нөхөр, өөр нэг хүн, охин гээд 5 хүн байсан”, хохирогч Д. “цагдаад манай салсан нөхөр ******* намайг зодоод, хүүхдийг маань аваад явчихлаа гэж дуудлага өгсөн ...би болсон явдлыг санаж байна”, гэрч “манай салсан нөхөр согтуу ирээд хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага ирсний дагуу ороход хуучин нөхрөө гэрээсээ хөөгөөд байсан, ...эмэгтэй салсан нөхрөө намайг түлхсэн, гомдолтой гэх зүйл ярьж байсан ба бие нь гэмтсэн гэх зүйл яриагүй”, гэрч “2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг өнгөрөөгөөд манай 102-с “бага насны хүүхэд алга болсон байна” гэх дуудлага ирүүлсэн”, хохирогч Д. “нөхөр бид хоёр гэртээ амарсан, өглөө босоод 9 цаг өнгөрөөгөөд цагдаа руу залгаад охиноо асуусан”, гэрч “үүрээр 06 цаг дөхөж байхад тухайн тоотоос дуудлага өгсөн эмэгтэй нь дахин залгаад “хүүхэд маань алга болсон, би хүүхдээ хайгаад гудамжинд явж байна, би хаана яваагаа мэдэхгүй байна” гэх дуудлага өгсөн байсан. Дуудлагын дагуу ******* сумын 10 дугаар баг Ялалт хорооллын зүүн захын айлд очиход тоотын дуудлага өгсөн эмэгтэй хүүхэд алга болсон гээд байж байхаар нь “хүүхдийг чинь аавтай нь хамт хүргэж өгч эгчид нь хүлээлгэж өгсөн, өглөө манайхаас хаягийг нь асуугаад очоод аваарай” гэж тайлбарлахад ярьсан зүйлийг ойлгох ямар ч чадваргүй согтуу байсан”, гэрч “хүүхдийн ээж нь гэх халимаг үстэй эмэгтэй ирээд “өчигдөр аав нь ирээд аваад явсан. Намайг гэртээ байхад ирээд агсам тавиад намайг цохиод би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд яваад өгсөн. Би уусан байсан болохоор унтаад өгсөн. Өглөө сэрэхэд охин байхгүй байсан” гэх зүйлийг ярьсан” гэх мэдүүлгүүдийн агуулгаас үйл баримтын талаар харилцан зөрүүтэй байдал тогтоогдож байна. Эндээс харьцуулан дүгнэж үзвэл хохирогч Д.ийн мэдүүлгийн агуулга нь гэрч , нарын дээрх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон Дорнод аймгийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас, шүүгдэгч *******ын “...надад ийг цохиж зодож биед нь халдсан зүйл байхгүй. Цагдаа ирээд намайг охины минь хамт аваад явсан” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байхаас гадна тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хохирогч Д. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйл явдлыг тодорхой санахгүй байж болзошгүй байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.    

Мөн улсын яллагч нь 6 настай гэрч ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримт болгосон байна. Насанд хүрээгүй гэрч ийн хувьд шүүгдэгч *******ын төрсөн охин бөгөөд эх Д., хойд эцэг С. нартай нэг гэрт тэдний асрамжид хамт амьдардаг, тэдгээр хүмүүстэй хамаарал бүхий бага насны хүүхэд юм. Түүнчлэн түүний наснаас шалтгаалан болсон хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэхийн чухлыг тайлбарлахаас бус санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулах боломжгүй субъект байх бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үзвэл зөрүүтэй, үнэн зөв гэдэгт эргэлзээ үүсч байна. Тухайлбал: насанд хүрээгүй гэрч мэдүүлэгтээ “...******* аав намайг аваад явна гээд байсан. Би ******* аавтай явах дургүй байсан. Тэгээд ээж маань ******* аавд намайг өгч явуулахгүй гээд муудсан. ******* аав урт түрийтэй бажинкан гуталтай /бакал/ хөлөөрөө ээжийн маань цээж рүү 1 удаа өшиглөсөн. Ээж цагдаа дуудсан. Цагдаа ирээд ******* аав намайг аваад явсан. ... аав намайг шууд өргөөд гэрээс аваад явсан. Цагдаа аав бид хоёрыг айлд хүргэж өгсөн. Би тэр айлын хүмүүсийг танихгүй. ******* аав намайг уйлуулаад аваад явсан. Би ээжтэйгээ баймаар байсан...” гэж мэдүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...охин нь харин аавтайгаа явна гээд аавыгаа тэврээд байхаар нь тухайн дуудлага өгсөн эмэгтэйн салсан нөхөр гэх хүнийг охиных нь хамт тухайн айлаас авч явж жижүүрийн машиндаа суулгаад ...охинтой нь хамт буяны ажил болж байгаа айл руу өөрөөр нь заалгаад 01 цаг өнгөрч байхад хүргэж өгсөн. Эрэгтэй болон охиныг тухайн хүний төрсөн эгч гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн...” гэх, шүүгдэгч *******ын “...Охин маань намайг гарах гэхэд уйлаад тэврээд байсан болохоор цагдаа намайг хүүхдээ аваад гар гэсэн. ...нөгөө айлаа би зааж өгөхөд намайг тэр айлд хүргэж өгөөд эгч охин бид 2-ыг орхиод явсан...” гэх,  гэрч “зааж өгсөн хаягийн дагуу очиход охин аавтайгаа хөтлөлцөөд хашаанаас гарч ирсэн” гэх мэдүүлгүүдэд агуулагдсан үйл баримтын талаарх мэдээллийг харьцуулан шинжлэн судалж үзвэл насанд хүрээгүй гэрч бусдын нөлөөнд орж үйл баримтын талаар мэдүүлсэн байх боломжтой байна. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Туяамандах нар нь насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлгийн талаар “Яллах дүгнэлт гардуулна гэж дуудахаар нь очиход прокурорын газар охин маань сууж байсан. Охин маань гүйж ирж надад үнсүүлээд “ааваа та ээжийг цохиогүй биз дээ, аав ээж хоёр намайг ингэж хэл гэж чихэр, тоглоом авч өгсөн. Тэгэхээр нь охин нь хэлчихсэн” гэж хэлсэн” гэж мэтгэлцсэн зэргээс үзвэл насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлэгт эргэлзээ төрж байна.

Түүнчлэн гэрч С.ы тухайд хохирогч Д.ийг шүүгдэгч ******* цохих, өшиглөхийг нүдээр хараагүй бөгөөд согтож унтаад сэрэх үедээ болсон асуудлыг мэдүүлдэг ба тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан.

Гэрч Р.сүрэнгийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь: Р.сүрэнгээс гэрчийн мэдүүлэг авхуулах ажиллагааг ******* сумын хэсгийн төлөөлөгч Н.*******хүүгээр хийлгэхээр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Болорцэцэг даалгавар /мөрдөгчийн даалгавар дээр тасгийн дарга гарын үсэг зураагүй/ үйлдсэн байх боловч тухайн гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл нь эх хувиар бус, үнэн зөвийг баталгаажуулсан зүйлгүй, гарын үсэггүй, хуулбар баримт байна. Гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлийн эх хувь хэрэгт байхгүй шалтгааныг улсын яллагч тайлбарлаж чадахгүй байхаас гадна шүүгдэгчийн өмгөөлөгч нь “гэрч сүрэн би мэдүүлэг өгөөгүй, надтай зөвхөн утсаар ярьсан гэж хэлдэг” гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 371 тоот дүгнэлтийг прокурор мөн яллах үндэслэл болгосон. Шинжээчийн 371 тоот дүгнэлт болон дүгнэлттэй холбогдуулж өгсөн мэдүүлгээр хохирогч Д.ийн биед зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтойг тогтоож байгаа болохоос бус энэхүү гэмтэл нь шүүгдэгч *******ын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг тогтоогоогүй. Түүнчлэн улсын яллагч нь хохирогч Д.ийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч *******ын санаатай үйлдлийн улмаас үүссэн болохыг хохирогч Д., гэрч С., насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг нотолж байна гэх боловч тухайн оролцогчдын мэдүүлгийн агуулгыг үгүйсгэж байгаа, өөрөөр хэлбэл харилцан зөрүүтэй байгаа гэрч , нарын  мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.  

Шүүх хуралдаанд оролцсон талуудын мэтгэлцээний үндсэн дээр эрүүгийн 2421000000275 дугаартай хавтаст хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлт зэрэг нотлох баримтуудын эх сурвалжийг магадлаж, харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод согтуугаар хохирогч ....... “охин авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь бүрэн дүүрэн, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй, дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэл болгон мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ хохирол төлбөртэй холбоотойгоор “...эмчилгээний зардал 500,000 төгрөг, ажлаа хийгээгүй сарын цалин 350,000 төгрөг, 3 сар уух кальцины үнэ 195,000 төгрөг...” тус тус нэхэмжилснийг, мөн хохирогч Д.ийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авсан эмийн үйлчилгээнд 25,998 төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Саруул овогт ******* *******ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч Д.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА