Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Б овогт А.М /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Баянгол дүүрэг, ................ тоот хаягт оршин суух, С овогт М.Б /РД: 00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 8,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.М нь М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу алдангид 5,000,000 төгрөг гаргуулах, автомашины гараашийн төлбөрт 3,900,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 5-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн алдангид 5,000,000 төгрөг гаргуулна гэв.

1.2. 00-00 ААА улсын дугаартай Тоёота румон маркийн автомашиныг нь дулаан гараашид хадгалуулсны төлбөрт 2019 оны 11 сараас 2021 оны 10 сар дуустал 3,900,000 төгрөг төлөхөөр болсон тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: нэхэмжлэлд дурдаад байгаа 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шүүхийн шийдвэрт зээлийн гэрээ биш байна. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт хэн ч гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. А.М-ийн нэхэмжлэлд дурдаж байгаа асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан. Гараашид хадгалуулах зөвшөөрөл олгоогүй бөгөөд төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн аримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, Нэткапитал лизинг ХХК-ийн өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Г.Б-ийн гэх гар бичмэл, Г.Б-ийн гомдлын шаардлага гэх баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03320 дугаар шийдвэрийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 00071 тоот дээрх шийдвэрийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2020/00979 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан А.М-ийн шийдвэр гүйцэтгэлийн материалыг хаалгах тухай хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00149 дугаар шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 5-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн алдангид 50 хувиас хэтрүүлэхгүй тооцсон 5,000,000 төгрөг гаргуулна гэв.

2.2. 00-00 ААА улсын дугаартай Тоёота румон маркийн автомашиныг нь дулаан гараашид хадгалуулсны төлбөрт 2019 оны 11 сараас 2021 оны 10 сар дуустал 3,900,000 төгрөг төлөхөөр болсон тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: нэхэмжлэлд дурдаад байгаа 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шүүхийн шийдвэрт зээлийн гэрээ биш байна. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт хэн ч гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. А.М-ийн нэхэмжлэлд дурдаж байгаа асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан. Гараашид хадгалуулах зөвшөөрөл олгоогүй бөгөөд төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй тул зөвшөөрөхгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч А.М, хариуцагч М.Б нар нь 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ бичгээр байгуулжээ. Уг зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ20219/03320 дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээ гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.

6. Талууд зээлийн гэрээ байгуулагдаагүй, автомашиныг барьцаанд тавихаар хүлээлгэн өгөөгүй, тухайн автомашиныг гараашид хадгалуулах талаар зөвшөөрөл олгоогүй гэж маргаж байна.

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээнд анзын талаар тохиролцсон байгааг үндэслэн нэхэмжлэгч нь алданги шаардаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг зээлийн гэрээ биш гэж дүгнэсэн, талуудын хооронд мөнгө шилжүүлсэн асуудал нь үндэслэлгүй хөрөнгөжих буюу гэрээний харилцаа үүсээгүй гэх байдлаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Тухайн гэрээг байгуулах хүсэл зориг хэн алинд нь байгаагүй байна.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм.

Үүрэг нь хуулийн дагуу болон гэрээний дагуу үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн алданги шаардаж байгаа шаардлага нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардлага байна. Гэвч шүүхээс зээлийн гэрээг нь байгуулагдаагүй буюу үндсэн үүргийг нь бий болоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь тухайн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги тооцож шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

9. Нэхэмжлэгч нь 00-00 ААА улсын дугаартай Тоёота румон маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Ийнхүү эзэмшилдээ байлгасан үйлдлээ нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлбөрийг төлж барагдуулах зорилгоор өөртөө тусалсан гэж тайлбарлаж байх боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2022/00149 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг тухайн автомашиныг хууль бусаар эзэмшиж байсан гэж дүгнэж, түүний эзэмшлээс автомашиныг гаргуулж шийдвэрлэсэн байна.

10. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй, 12.3-т Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй, 12.4-т Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг эндүүрч хийсэн буюу хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

11. Нэхэмжлэгч нь өөртөө туслах үйлдлийг тухайн нөхцөл байдалдаа тохируулан хэрэгжүүлээгүй, түүнчлэн автомашиныг гараашид байрлуулж байсан гэдгээ нотлох баримтаар хангалттай нотлоогүй, гараашийн төлбөрт 3,900,000 төгрөгийг төлөөгүй болох нь, тухайн автомашин нь хариуцагчийн өмчлөлийнх биш болох нь тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь өөртөө туслах үйлдлийг тухайн нөхцөл байдалдаа тохируулан хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүхээс дүгнэсэн, өөрөөс нь бодитоор зардал гараагүй тул нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас 3,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний алдангид 5,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчснөөс үүдэн өөрт учирсан хохирол буюу зардал 3,900,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтланхариуцагч М.Б-гээс 8,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.МӨНХЦЭЦЭГ