Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0238/З |
Дугаар | 128/ШШ2022/0596 |
Огноо | 2022-08-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т********** ******” ХХК /РД:5*******/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Гуравдагч этгээд: “И*******” ХХК нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалыг хүчингүй болгуулах “И*******” ХХК-д олгогдсон 3,3 га газрын тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгийн Горхийн баруун салаа нэртэй газарт 3.0 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 20**/***дугаар гэрчилгээг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Т********** ******” ХХК-д олгожээ.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэг, 40.1.5 дахь хэсэг, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Т********** ******” ХХК-д олгосон 3.0 га газрыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны 21/437 тоот саналын дагуу газар ашиглах эрхийг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг анх Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22/32 дугаар албан бичгээр мэдсэнээр анх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
4. Нэхэмжлэгч “Т********** ******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Компанийн зүгээс 3.0 га газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Хэдийгээр 2012 онд тус яамны сайдын тушаал гарсан боловч газар ашиглах гэрчилгээг олголгүй 3 жил болж байж 2015 онд бидэнд 5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээг олгосон.
2/ Газар ашиглах гэрчилгээ олгогдсон үеэс бид газрын төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн. Гэтэл 2014 онд “И* *******" ХХК-нд тухайн газрыг хэсэгчлэн давхардуулан олгосон байсан учраас маргаан үүссэн.
Үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 03 тоот хүсэлтийг гаргасан. Ингээд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж “И*******" ХХК болон "Т********** ****** " ХХК-н газрын давхацсан хэсгээр хэсэгчлэн цуцлах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх саналыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20/700 тоот албан тоотоор тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Т*********т сонсох ажиллагааны 47 хуудас баримтын хамт хүргүүлсэн байтал 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 тоот тушаал гарсныг бид 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 22/32 тоотоор албан ёсоор мэдэж нэхэмжлэл гаргаж байна.
3/ Газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байхад 2012-2014 онд газрын төлбөр төлөх боломжгүй ба 2015 онд газар ашиглах гэрчилгээ гарсан цагаас газрын төлбөрөө бид төлж ирсэн.
4/ Мөн газар ашиглах 3 талт гэрээг байгуулахыг удаа дараа шаардлага тавихад газар чинь давхцал үүссэн маргаантай байгаа болохоор гэрээ байгуулах боломжгүй байна гэж хэлсээр одоог хүртэл гэрээг байгуулаагүйг онцлон хэлье.
2021 оны газрын төлбөрийг төлөх гэсэн боловч цахимд шилжсэн, мөн танай газар маргаантай байгаа учраас төлбөрийн нэхэмжлэл танай компанид гаргах боломжгүй гэж татварын газраас нэхэмжлэл үүсгэх баримт гаргаж өгөөгүй тул төлөөгүй байгаа болно.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ 2012 онд сайдын тушаал гараад 2015 онд гэрчилгээ олгогдох явцад 2014 онд “И* *******” ХХК-д манайхаас өөр нэрээр буюу Ар горхи гэх газарт 2 га газрыг мөн ашиглах сайдын тушаал гарч олгогдсон. Ингээд давхцал үүссэн байгааг шийдвэрлүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 03 тоот хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан.
2/ 2 өөр нэртэй олгогдсон газрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр, бидэнд мэдэгдэхгүйгээр 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 21/437 гэсэн тоотыг үндэслээд цуцалсан нь хууль бус.
3/ 2012 онд Сайдын тушаал гарч гэрчилгээ олгогдсон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газрын зүгээс гэрээ байгуулахаас удаа дараа цааргалсны учир нь бусдад “И* *******” ХХК-д өөр нэрээр олгосон байгаа энэ үйлдэл юм.
Нэгэнт тушаал гарсан бол гэрээг төрийн захиргааны байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэрээг байгуулах ёстой. Нөгөө талаас газрыг ашиглах гэж байгаа компанийн хувьд энэ гэрээ байгуулах саналаа удаа дараа хүргүүлсэн. Тэгэхээр гэрээ байгуулаагүй гэх үндэслэл бол газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш юм.
5/ 2015 онд гэрчилгээ олгогдсон цагаас хойш 2020 он хүртэл газрын төлбөр төлөгдсөн. 2020 онд сонсох ажиллагаа явуулсан боловч 2021 онд шийдвэр нь гараагүй, энэ хооронд газрын программ нь цахим системд шилжсэн учраас төлбөрийн нэхэмжлэл үүсэх боломжгүй байсан. Маргаантай гээд гэрээ байгуулаагүй, зөрчилтэй гэдэг үндэслэлээр газрын төлбөр төлөх нөхцөл үүсээгүй. Бид бол газрын төлбөрийг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй.
6/ 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 377 тоот Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийг удирдлагын газарт явуулсан н.Доржготов гэдэг хүний бичгээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ямар ч давхцалгүй байсан.
7/ Сонсох ажиллагааны тухайн ярилцлагаар бол өөр шийдвэр гарсан, гэтэл н.Дуламсүрэн гэдэг хүний явуулсан хоёр бичгийн агуулга нь зөрчихсөн, өөрөөр хэлбэл 8 дугаар сард явуулсан бичгээр цуцалъя гэсэн санал гаргаад өмнө нь явуулсан бичиг нь болохоор хэсэгчилсэн байдлаар цуцалъя гээд байгаа.
8/ И* ******* компанид олгогдсон 3,3 га газрын тушаалыг хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Давхцуулсан байдлаар яамны сайдын тушаал гаргасан нь хууль зөрчсөн байна.” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2021 оны А/380 тоот тушаал бол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Тушаалын гол хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.3 буюу гэрээ байгуулаагүй, мөн 40.1.5-ын эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-аар ашиглаагүй гэдэг хууль зүйн үндэслэлээр цуцалсан юм.
2/ Нэхэмжлэгч компани нь Горхийн баруун салаа гэдэг газар 3 га газрыг ашиглаж байсан. Мөн 2012 оноос хойш ингэж ашигласан. 2014 онд “И* *******” ХХК-д Горхи тэрэлжийн Ар горхи гэдэг газарт 3,3 га газар олгосон. Энэ компанид олгосон газар давхацсан болох нь кадастрын зураг дээрээс харагдаж байгаа. Иймд энэ компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6. Гуравдагч этгээд “И*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Манай компани нь Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутаг ар горхид 3,3 га талбайг зохих зөвшөөрөл, журмын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.
Бид газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусахтай холбогдуулан 2019 оны 10 дугаар сараас мэргэжлийн байгууллагатай хамтран материалаа бүрдүүлж зохих журмын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, нарийвчилсан үнэлгээний тайлангаа Яамаар батлуулж авсан.
Улмаар гэрчилгээ сунгуулах материалаа Яаманд хүргүүлсэн боловч "Т********** ******" ХХК-ний газартай кадастр давхацсан гэсэн шалтгаанаар сунгалтын материал буцаагдсан байдаг.
"Т********** ******" ХХК нь 2012 оны 08 дугаар сард газар ашиглах зөвшөөрөл авсан бөгөөд 2015 оны 8 дугаар сард газрынхаа байрлалыг өөрчлөн манай "И* *******" ХХК-ний эзэмшил бүхий талбай дээр давхцуулан тавьсан байдаг.
Бид уг асуудлаар Горхи-тэрэлжийн хамгаалалтын захиргаанд хандахад Горхи-тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 02-нд тус тус манай хүсэлтийг дэмжиж "Т********** ******" ХХК-д газрын байршлыг өөрчилж давхцалыг арилгах үүрэг өгсөн байдаг. Холбогдох материал хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас авагдсан болно.
Түүнчлэн Хамгаалалтын захиргаанаас манай байгууллагад бидний хүсэлтийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 12-нд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлэхийг мэдэгдсэн албан тоот ирүүлсэн. Бид зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлж 6*8 харьцаатай 2 давхар дүнзэн байшин бариулж ашиглалтад оруулсан.
Холбогдох зураг нь хавтаст хэргийн 37 дугаар хуудаст авагдсан болно. Цаашид "И* *******" ХХК-ийн зүгээс төлөвлөгөөний дагуу дараагийн ээлжийн бүтээн байгуулалт хийгдэхээр эскиз зургаа батлуулж ажлын зургаа хийлгэж ажил эхлэх байсан ч "Т********** ******" ХХК-тай кадастр давхацсан гэсэн шалтгаанаар төлөвлөгөөт ажил хойшилж цаг хугацаа, мөнгөөр хохирсоор байна
2/ Нэхэмжлэгч компани нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийлгэсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан 49 дүгээр хуудас дээр болохоор яамнаас нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн. Гэвч нарийвчилсан үнэлгээг нэхэмжлэгч компанийн хувьд хийлгээгүй байна.
3/ Давхцал үүссэн асуудал нь 2014 онд нэхэмжлэгч “И* *******” ХХК нь гэрчилгээгээ авсан. 2015 онд нэхэмжлэгч компани гэрчилгээгээ авсан. Тэгэхээр давхцалыг бол нэхэмжлэгч компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу Засаг даргын саналыг авалгүйгээр гэрчилгээ гаргаж авсан. Үүнээс болж ер нь давхцал үүссэн.
Тэгэхээр нэхэмжлэгч компани нь өөрсдөө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг зөрчиж, Засаг дарга, төрийн захиргааны байгууллагын саналыг авалгүйгээр гэрчилгээ авснаас ийм зөрчил үүссэн юм.
4/ Сонсох ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн байсан. Сонсох ажиллагаанаас хойш хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсанаар бол 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч “Т********** ******” ХХК нь 0/1601 дугаар албан тоот явуулсан.
Үүнд ямар нэгэн ажиллагаа хийсэн, нэхэмжлэгч компани бол хариу хүргүүлсэн талаар баримт авагдаагүй байна. Тэгэхээр сонсох ажиллагаа 2020 онд хийгдсэн. 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч компанид мэдэгдэл хүргүүлсэн. Газрыг чинь цуцлах гээд байна шүү гэдэг үндэслэлээр хүргүүлэхэд ямар нэг ажиллагаа хийгдэхгүй, хариу байхгүй байж байгаад 2021 онд үндсэндээ яригдаад байгаа тушаал бол гарсан байгаа.
Хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд албан бичиг дээр болохоор тодруулаад хэлбэл Газрын тухай хуулийн 37.1, 39.1, 40.1.6 заалтуудыг “Т********** ******” ХХК нь зөрчсөн байх тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох тухай захиргааны акт гаргахыг мэдэгдэж байна. Энэ мэдэгдэл нь 2021 оны 4 дүгээр сард гарсан.
5/ 2014 онд “И* *******” ХХК нь нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ, гуравласан гэрээ гээд бүх бичиг баримтын холбогдох ямар нэг асуудалгүйгээр энийг авсан байдаг.
Гэрчилгээг нэхэмжлэгч компани 2015 онд авснаас хойш Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч компанид 399 тоот мэдэгдлийн дагуу зөрчилтэй байна. Энэ зөрчлөө арилга гэж мэдэгдсэн.
2012 онд тус газрыг авсан гээд маргаад байгаа. 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байсан бол Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр 10 жилийн хугацаанд цахилгаан татсан байна. Өөр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотлоход хамгийн ойр хяналт тавьж байгаа нь Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа байгаа. Тэр захиргааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21/437 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу өгсөн саналд дурдсанаар нэхэмжлэгч компани нь нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй. Газар эзэмших гурвалсан гэрээг байгуулаагүй. Мөн 2012 оноос 2014 оны хооронд газрын төлбөр төлөгдөөгүй. Гэтэл нэхэмжлэгч компани хэлэхдээ 2012 онд энэ газрыг авсан гээд байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2015 оноос эхлэн газрын төлбөрөө төлсөн. Мөн энэ саналд дурдсанаар хамгийн ойр хяналт тавьж байгаа нь Горхи тэрэлж байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас 2 жилийн хугацаанд дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж санал гаргасан. Тэгэхээр ер нь бол нэхэмжлэгч компанийн зүгээс нотлох баримт гэж өгөөд байгаа юм нь, шийдвэрлээгүй гээд байгаа гомдлуудаа хавтаст хэрэгт өгөөгүй байна. Мөн нэхэмжлэгч компанийн өөрийнх нь буруу үйл ажиллагааны улмаас 2015 онд гэрчилгээ нь гарснаас хойш 2017, 2018 гэхчлэн онуудад зөрчлүүдээ арилгана уу гэсэн мэдэгдэл өгөөд байхад тэрийгээ яаж шийдвэрлэсэн гэдэг нь харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “Т********** ******” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Г******** шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч “Т********** ******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 онд газар ашиглах гэрчилгээ гарсан цагаас газрын төлбөрөө төлж ирсэн...газар ашиглах 3 талт гэрээ байгуулах шаардлага удаа дараа гаргаж тавихад “газар чинь давхцал үүссэн маргаантай, гэрээ байгуулах боломжгүй” гэж хэлсээр одоог хүртэл гэрээг байгуулаагүй...2021 оны газрын төлбөрийг төлөх гэсэн боловч газрын алба төлбөрийн баримт гаргаагүй тул төлөөгүй...2012 онд сайдын тушаал гараад 2015 онд гэрчилгээ олгох хооронд 2014 онд “И* *******” ХХК-д “Ар горхи” гэх өөр нэрээр 2 га газрыг давхцуулж олгосон байсан... 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг хийж, хэсэгчлэн цуцлах санал гаргасныг манайх дэмжсэн...бүхэлд нь цуцлах талаар “Т********** ******” ХХК-ийн удирдлагад мэдэгдээгүй...” тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгийн “Горхийн баруун салаа” нэртэй газарт 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг нэхэмжлэгч компанид олгосон, ийнхүү тушаал гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Т********** ******” ХХК-д газар ашиглах эрхийн 20**/***дугаар гэрчилгээг олгосон,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар “И* *******” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгийн “Ар горхи” нэртэй газарт 3.3 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2014/115 дугаар гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгож, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурван талт гэрээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан үйл баримтууд тогтоогдов.
Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Т********** ******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б********т хандан “...2014 онд “И*******” ХХК-д тухайн талбайд давхардаж газар олгосноос маргаан үүсээд байгаа тул газар олголтын зөрчлийг шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан,
Үүний хариуд, 2017 оны 11 дүгээр сарны 28-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 399 дүгээр албан бичгээр “...Танай компани нь ...2015 оны 8 дугаар сарын 15-нд 20**/***тоот гэрчилгээ бичүүлэхдээ газрынхаа байрлалыг өөрчилсөн нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2014/115 тоот гэрчилгээтэй “И*******” ХХК-ийн газар дээр давхацсан байх тул зөрчлөө арилгах...”-ыг мэдэгдсэн, мөн тус байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Т********** ******” ХХК-д “...“Т********** ******” ХХК, “М******** **********” ХХК-ийн захирал Т.Л*****д давхацсан талаар мэдэгдэж байршлыг өөрчилж давхцалыг арилгах үүрэг өгсөн”-ийг мэдэгдсэн байна.
Үүний дараа “Т********** ******” ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргад “...үйл ажиллагаагаа саадгүй явуулахад тусална уу” гэж хандсанаар тус Хамгаалалтын захиргаанаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “...И* ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгах тухай хүсэлтийг дэмжиж байна” гэх 19/508 дугаар албан бичгийг, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “И*******” ХХК-иас “...“Т********** ******” ХХК-ийн зөрчлийг арилгаж кадастрын давхцалыг өөрчлөх” хүсэлтийг тус тус Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаярт хүргүүлсэн,
2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “И*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяад хандан “...кадастр давхцуулсан” асуудлыг шалгах хүсэлт гаргаснаар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10/2965 дугаар албан бичгээр “...давхцал бүхий нэгж талбаруудын талаар хуул тогтоомжийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх боломжтой саналыг боловсруулж ирүүлэх”-ийг Хамгаалалтын захиргаанд мэдэгдсэний дагуу Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20/326 дугаар албан бичгээр “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахдаа тухайн газарт давхцуулан газар олголт хийсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсэгт заасны дагуу давхцуулан олгосон шийдвэрээ засах эрх төрийн захиргааны төв байгууллагад байна. Иймд холбогдох шийдвэрийг гарган ажиллана уу” гэх хариуг өгсөн,
Түүнчлэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Т********** ******” ХХК, “И*******” ХХК-иудыг оролцуулан сонсох ажиллагаа хийснээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Т*********т “...И* ******* ХХК, Т********** ****** ХХК-дын газар ашиглах эрхийг газрын давхацсан хэсгээр хэсэгчлэн цуцлуулах” санал хүргүүлсэн байна.
Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “И*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Т*********т хандаж дахин “...Т********** ****** ХХК-ийн зөрчлийг арилгаж, газрын байршлыг өөрчлөн манай компанийн гэрчилгээг сунгуулах” хүсэлт хүргүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэнгээс Э.Т*********т “...Т********** ****** ХХК нь...сунгуулах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд ирүүлсэн, 2 компанийн давхацсан 1,0 га талбайг цуцлахаар ТХБНУГ-т санал хүргүүлсэн, 2,0 га газрын газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг дэмжиж байна” гэх 20/715 дугаар албан бичгийг хүргүүлсэн,
Харин, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1601 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай захиргааны акт гаргах болсон”-ыг “Т********** ******” ХХК-ийн захирал Ж.Г********т мэдэгдэж, улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 21/437 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд илэрч байх тул Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 20**/***тоот гэрчилгээтэй “Т********** ******” ХХК-ийн эрхийг хүчингүй болгох” санал хүргүүлсэн үйл баримтууд мөн тогтоогдов.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны 21/437 тоот саналыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”-ийг заасан байх ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.3-т “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
Дээр дурдсан хууль болон үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, олгохоос татгалзах, гэрээ байгуулах, уг эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх бүхий этгээд мөн болохын хувьд газар давхацсан гэх асуудлаар гаргасан нэхэмжлэгч “Т********** ******” ХХК болон “И* *******” ХХК-ийн гаргасан удаа дараагийн гомдлуудыг хүлээн авч шалгах ажиллагаа явуулсан байх ба энэ тохиолдолд хариуцагч уг ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах учиртай.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна” гэж, 95.1-д уг ажиллагаануудыг нэг бүрчлэн нэрлэн жагсаасан, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь “Т********** ******” ХХК болон “И* *******” ХХК-ийн гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан ажиллагаануудыг бүрэн хийж, нөхцөл байдлыг гүйцэд тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах учиртай.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан сонгох боломжийг хэрэглэхдээ тухайлбал, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо шалгаж тодруулах ажиллагааг дутуу хийсэн, нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх дүгнэв. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;”, 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасан үндэслэлүүд болон Хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21/437 дугаар “санал”-ыг үндэслэсэн байдаг.
Гэвч уг шийдвэрийн үндэслэл болсон дээрх “санал”-д нэхэмжлэгчийн газрыг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Г********” ХХК-иар үйлдүүлсэн кадастрын зураглалыг мэдээллийн санд “ITRF” өргөтгөлөөр шалгахад “И* *******” ХХК-тай давхацсан, “UTM” өргөтгөлөөр шалгахад “С*** ****** ******” ХХК-ийн газартай давхацсан” гэж тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь гуравдагч этгээд “И* *******” ХХК-иас гадна өөр бусад компанийн газартай давхацсан гэж тодорхойлсон байхад “С*** ****** ******” ХХК-ийг нь “Сонсох ажиллагаа”-нд оролцуулаагүй, тус компанийн газартай хэрхэн яаж давхацсан болохыг кадастрын зураг болон холбогдох бусад баримтуудаар тогтоогоогүй, зөвхөн “И* *******” ХХК-ийн газартай давхацсан гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна.
Нөгөө талаар, Хамгаалалтын захиргааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21/437 дугаар “санал” нь тус Хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20/700 дугаар “санал”, мөн Хамгаалалтын захиргааны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/715 дугаар “санал”-аас агуулгын хувьд зөрүүтэй, тухайлбал Хамгаалалтын захиргааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20/700 дугаар саналд “...тус 2 аж ахуйн нэгж байгууллагын газрыг давхацсан хэсгээр хэсэгчлэн цуцлуулах”-аар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20/715 дугаар саналд “...“И* *******” ХХК-ийн газартай давхацсан хэсэг болох 1,0 га-г цуцалж, үлдэх 2,0 га газрын ашиглах эрхийг хэвээр үлдээх” санал гаргаж хүргүүлжээ.
Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримт болох нэхэмжлэгч компани болон гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газрын давхцалыг харуулсан кадастрын зургаас үзвэл нэхэмжлэгч нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2 тусдаа нэгж талбарын дугаар бүхий газар ашигладаг талаар нотлох баримт цугларсан байхад тухайн асуудлаар хийсэн “Сонсох ажиллагаа”-ны явцад энэ талаар тодруулж шалгаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналуудын зөрүүтэй байдалд дүгнэлт хийх, үүний үндэслэл шалтгааныг тодруулж шалгах, улмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, түүнчлэн “С*** ****** ******” ХХК-ийг мөн оролцуулан сонсох ажиллагааг явуулж үүссэн нөхцөл байдлуудыг бүрэн танилцуулсны үндсэн дээр оролцогчдын санал тайлбарыг гаргуулсны дараа тухайн сонсох ажиллагаа явуулсан асуудлаар шийдвэр гаргахаар байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэл болох “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийг няцааж газрын төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрвээ нэхэмжлэгч нь Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2 өөр нэгж талбарын дугаар бүхий 2 өөр газарт ашиглах эрхтэй гэж үзвэл тухайн газрын төлбөр төлсөн баримтууд аль газарт нь хамааралтай болохыг шалгаж тогтоох учиртай
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар тухайн актыг гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шалгаж нөхцөл байдлыг тогтоох үүрэг нь уг захиргааны актыг гаргаж байгаа субъектэд өөрт нь хамааралтай үүрэг.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай, тухайн тодруулж шалгах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаан сар/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/380 дугаар тушаалыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сар /180 хоног/-ын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдсугай..
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН