Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 179

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мэндсайхан,

шүүгдэгч: Д.Даваа-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Хишигжаргал, /0574/

шүүгдэгч: Б.Алтанцоож,

шүүгдэгч: Д.Азжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Батболд, /1958/

хохирогч: Д.Даваа-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Хишигжаргал, /0574/

хохирогч: Б.Алтанцоож,

хохирогч: Д.Азжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Батболд, /1958/

нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Алтанцоож,

Боржигини овогт Дэмбэрэлдоржийн Азжаргал,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваажавын Даваа-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2017 2602 0121 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

              Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 100 тоотод оршин суух, Үндэсний аудиторын газар аудитор ажилтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НИ 86020712, Боржигон овогт Даваажавын Даваа-Эрдэнэ,

 

              Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Сөүл Вейн” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 96 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧН 87070670, Боржигон овогт Баярсайханы Алтанцоож,

 

Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютерийн техникээр мэргэшсэн бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Цэц капитал” ХХК-д зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 96 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШД 84061467, Боржигини овогт Дэмбэрэлдоржийн Азжаргал.

 

             Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, шатан дээр зөрөхдөө мөрлөсөн гэснээс шалтаглан иргэн Д.Азжаргалтай маргалдан, улмаар Б.Алтанцоож, Д.Азжаргал нарын биед хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

             шүүгдэгч Д.Азжаргал нь Б.Алтанцоожтой бүлэглэж, хувийн сэдэлтээр, Д.Даваа-Эрдэнэтэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

             шүүгдэгч Б.Алтанцоож нь Д.Азжаргалтай бүлэглэж, хувийн сэдэлтээр, Д.Даваа-Эрдэнэтэй маргалдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Даваа-Эрдэнэ мэдүүлэхдээ:

 Би 2016 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 01 цагийн орчим гэртээ орохоор орцны шатаар дээш өгсөж явтал эмэгтэй хүн шатны доор зогсоод, эрэгтэй хүн шатан дээр сууж байсан. Би хажуугаар нь гарахдаа эмэгтэйг шүргэсэн. Тэгээд түүнд хандан “уучлаарай” гэхэд эрэгтэй хүн нь “чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гээд хөлөөрөө миний толгой руу өшиглөхөд би шатан дээр унасан. Намайг унасны дараа тэр миний нүүр рүү дахин өшиглөсөн. Би доошоо гүйгээд орцны жижүүрт болсон явдлыг хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр миний араас бууж ирээд намайг “орцонд хонох гэж байна, хүн дагаж орж ирсэн хүн байна” гээд орцны жижүүртэй нийлж, зодсон. Энэ үед Б.Алтанцоож миний хамрыг өшиглөж хугалсан. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалах үүднээс эдгээр хүмүүсийн гарыг нь барьсан. Тэд намайг газар унагаагаад орцноос чирч гаргахад миний куртикны халаас урагдсан. Миний халааснаас 10 000 гаруй төгрөг, гар утас маань унасан. Тэгээд намайг “хэдэн давхарт байдаг вэ” гэхээр нь 7 гэж хэлэхэд энэ эмэгтэй яагаад ч юм 5 давхар гэж сонсоод 5 давхрын айл руу очиж тэр айлын хүмүүстэй маргалдсан. Би энэ эмэгтэйн араас гар утсаа авахаар очсон. Тэгэхэд миний гар утсыг өгөхгүй байсан. Сүүлд хоёр цагдаа ирэхэд би цагдаа нарын дэргэд утсаа авъя гэж хэлж байж утсаа авсан. Цагдаагийн газар очоод миний согтуурлын зэргийг шалгаад зүгээр байна гээд явуулсан. Харин Б.Алтанцоожийг “согтуу байна” гээд эрүүлжүүлэхэд оруулсан. Би тэр үед нэг найзтайгаа 0.33 литрийн архи хувааж уусан байсан. Би Д.Азжаргалыг хэл амаар доромжлоогүй. Би Д.Азжаргал, Б.Алтанцоож нараас уучлал гуйсан. Би урьд нь ийм алдаа гаргаж байгаагүй, хойшид ийм байдал гаргахгүй. Тэр үед би бага зэргийн согтолттой байсан болохоор хөл маань тогтвор муутай байснаас Д.Азжаргалыг санаандгүй мөргөсөн байх гэж бодож байна. Бид нэг байранд амьдардаг тул бие биенээ ойлгож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Азжаргал мэдүүлэхдээ:

 2016 оны 12 дугаар сарын 16-нд манай ажлын шинэ жил болоод шөнө 01 цагийн үед нөхөртэйгээ гэртээ харихаар гарсан. Тэгээд орцныхоо шатаар дээш өгсөж байтал 3-4 давхарын шатан дээр Д.Даваа-Эрдэнэ гэдэг энэ залуу доош буухдаа намайг мөрлөсөн. Би түүнд “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд тэр “чамд ямар хамаатай юм бэ, гичий, янхан минь, зайлаач” гэж доромжилсон. Манай нөхөр намайг өмөөрч, Д.Даваа-Эрдэнэтэй зодолдсон. Би доошоо бууж орцны жижүүрт энэ талаар хэлсэн. Бид хоёр орцны жижүүртэйгээ нийлж, Д.Даваа-Эрдэнийг орцноос гаргах гэхэд бас хэл амаар доромжлон, миний толгой руу цохисон. Тэгэхэд манай нөхөр “чи яахаараа манай эхнэрийг зоддог юм бэ” гээд гадаа гарч түүнтэй зодолдсон. Тэд зодолдож байхад Д.Даваа-Эрдэнийн гар утас нь унасан. Тэгэхээр нь би Д.Даваа-Эрдэнийг “чи энэ гар утсаараа цагдаа дуудаж өг, гар утасныхаа кодыг хэл” гэхэд надад хэлэхгүй байсан. Тэгээд би “чи энд ямар учраас явж байгаа юм бэ, биднийг гэр рүүгээ орох гэж байхад яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд “би 5 давхарын 3 дахь хаалганы айлд ирсэн” гэхээр нь хэлсэн айлд нь очиж асуухад “манайд хүн ирээгүй” гэж хэлсэн. Би Д.Даваа-Эрдэнэд “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ, тэр айлын хүмүүс чамайг мэдэхгүй гэж байна” гэхэд “үгүй наад хүмүүс чинь намайг асуувал таньж, мэдэхгүй гэж хэлнэ” гээд байсан. Тэгээд тэр айлын нөхөр нь гарч ирж Д.Даваа-Эрдэнийг харсан. Цагдаа нарыг ирэхэд Д.Даваа-Эрдэнэ “би гомдолгүй гээд явчихъя” гэхээр нь бид ч гэсэн “гомдолгүй гээд явчихъя” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа нар наад асуудлаа Баянгол дүүргийн эрүүлжүүлэх дээр очоод шийдчих гээд дагуулаад явсан. Эрүүлжүүлэхэд очоод Д.Даваа-Эрдэнийг явахыг зөвшөөрөөд, манай нөхрийг эрүүлжүүлэхэд хийсэн. Д.Даваа-Эрдэнэ надад “чи надад 40 000 төгрөг өг, би чамд гомдолгүй гэсэн бичиг хийж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгэхэд Д.Даваа-Эрдэнэ “чи намайг харж байгаарай, би чамайг чадна шүү” гэж хэлээд явсан. Би шөнийн 04 цагийн үед дүү рүүгээ утсаар яриад манай дүү намайг ирээд авсан. Маргааш нь нөхрөө авахаар очтол цагдаа нар “нөгөө залуу нь гомдолтой гэсэн танай нөхрийг 72-т аваачина” гэж хэлсэн. Би цагдаагаас яах талаар асуухад “нөгөө хүн рүүгээ яриад гомдолгүй гэсэн бичиг авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Даваа-Эрдэнэ рүү залгахад намайг хэл амаар доромжлоод “манай аав, ээж прокурорын газар дарга, би өөрөө тэнд нягтлангаар ажиллаж байсан. Чи амжихгүй, хэрэг прокурорт очвол чи чадахгүй шүү” гэж хэлсэн. Би цагдаад энэ талаар хэлээд яах вэ гэхэд намайг Баянгол дүүргийн цагдаагийн газар очоод өргөдөл өгчих гэж хэлсэн. Би нөхрөө 72-оос гаргаж авахдаа цагдаад өргөдөл өгсөн. Би Д.Даваа-Эрдэнэд гар хүрээгүй. Намайг барьж авч зодох гээд л хэл амаар доромжлоод байсан. Тэр 2 зодолдоод байхаар би тэднийг салгах гэсэн юм. Би Д.Даваа-Эрдэнийн нүүрийг самардаагүй, түүнийг орцноос чирч гаргаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Алтанцоож мэдүүлэхдээ:

   2016 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө эхнэр бид хоёр гэртээ орох гээд би эхнэрийнхээ урд шатаар дээш өгсөж байтал Д.Даваа-Эрдэнэ дээрээс нэлээн согтуу, хувцас нь шороо болсон байдалтай бууж ирсэн. Би хажуугаар нь зөрөхдөө эргээд хартал манай эхнэр унах гээд шатны бариулаас барьсан байсан. Тэгээд “чи аятайхан яваач” гэхэд “гичий минь, янхан минь, чамд миний яаж явах ямар хамаатай юм бэ” гэж эхнэрт маань хэлсэн. Би шатнаас буугаад Д.Даваа-Эрдэнэтэй барилцаж авахад намайг боосон. Миний куртикны зах урагдсан. Цагдаагийн газарт драгер үлээлгэхэд бид хоёулаа 2 бүхэл гаран хэмжээний согтолттой гарсан. Би цагдаа нартай маргалдсан болохоор намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тэрнээс биш Д.Даваа-Эрдэнийг эхнэртэйгээ нийлж зодсон зүйл байхгүй. Тэр өдөр архи ууснаас болж ийм хэрэг болсон. Д.Даваа-Эрдэнийн “Манай аав, ээж прокурорын байгууллагад ажилладаг, би 5-6 жил прокурорын байгууллагад нягтлангаар ажилласан, та нар надад 1 000 000 төгрөг өг” гэж ярьж байсан бичлэг нь байсан. Тэр бичлэгийг Адъяабаяр байцаагчид үзүүлж байсан. Тэгэхэд байцаагч бичлэгээ CD-нд буулгаад аваад ир гэж байсан. Гэтэл манай эхнэр гар утсаа алга болгосон. Миний эмчилгээнд гарсан 25 000 төгрөгийг Д.Даваа-Эрдэнэ төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Даваа-Эрдэнэ мэдүүлэхдээ:

  Б.Алтанцоож миний хамар руу цохисон. Д.Азжаргал нүүрийг маань маажсан. Би цагдаагийн газар учраа олмоор байна гэж хэлж байсан. Тэгэхэд тэд надтай уулзаагүй. Миний эмчилгээний зардалд 192 000 төгрөг гарсныг Б.Алтанцоож төлсөн тул надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй. Одоо болтол миний хамар хугаралтай хэвээр байгаа. Би тухайн үед нь хамартаа эмчилгээ хийлгэж чадаагүй тул дараа хамраа тэгшлүүлэх эмчилгээ хийлгэнэ. Иймд хамрын эмчилгээ, өмгөөлөгчийн зардалд нийт 900 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Азжаргал мэдүүлэхдээ:

  Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Алтанцоож мэдүүлэхдээ:

  Д.Даваа-Эрдэнийн үйлдлээс миний хамар гэмтсэн боловч цаг хугацаа алдаж шүүх эмнэлэгт үзүүлсэн болохоор надад гэмтэл тогтоогдоогүй. Би 25 000 төгрөгөөр хамрын зураг авахуулсан. Энэ мөнгөө Д.Даваа-Эрдэнээс нэхэмжилж байна. Би эхнэртэйгээ хамт өмгөөлөгч авахад 800 000 төгрөгийн зардал гарсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Төмөрбаатар мэдүүлэхдээ:

...шатаар бууж ирж байгаа хүмүүс байсан ба нэг залуу нэг эмэгтэйг “пизда, янхан” гэх мэтээр хэлснээ дух орчим нь гараараа цохисон гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Сарангэрэл мэдүүлэхдээ:

...манай хаалгыг хүн нүдээд манай охин хаалгаа онгойлгож өгчихөөд хаасан, юу болсон гэхэд 6 давхарын эгч байна гэсэн. Тэр залуу яагаад манайд ирсэн гэж хэлснийг ойлгоогүй. 6 давхарын охин айхтар согтуу байсан гэж хэлэхээр байгаагүй, нөхөр нь бол нэлээн халамцуу байсан, бас бүүр ч ухаангүй байгаагүй. Харин нөгөө залуу нь нэлээн согтуу байсан. Би 102 руу ярьж дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 35-37 дугаар хуудас)

           

            Мөрдөн байцаалтад гэрч-Б.Хэнчбиш мэдүүлэхдээ:

            ...зодуулсан гэх залуу хувцас хунар нь шороо, нүүр ам нь цус болсон байдалтай байсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-И.Ганхуяг мэдүүлэхдээ:

            ... биднийг очиход ганцаараа явсан залуу зодуулсан шинжтэй, нүүр ам нь улайсан харагдсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Одончимэг мэдүүлэхдээ:

            ... би маргааш өглөө нь гэртээ 09-10 цаг орчим ирэхэд манай нөхрийн нүүр ам нь улаан эрээн болсон, хавдартай, нүд нь хөхөрсөн хэвтэж байсан гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

           

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 547 тоот дүгнэлтэд:

1. Д.Азжаргалын биед дух, баруун бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 546 тоот дүгнэлтэд:

1. Б.Алтанцоожийн биед зулайн хуйх, баруун сарвуунд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 467 тоот дүгнэлтэд:

1. Д.Даваа-Эрдэнийн биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, духны зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Даваа-Эрдэнэ ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Алтанцоож ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Азжаргал ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 71 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Алтанцоож, Д.Азжаргал нарыг бүлэглэж, хувийн сэдэлтээр, Д.Даваа-Эрдэнэтэй маргалдаж, улмаар түүнийг зодож  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

             Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Азжаргал хохирогч Д.Даваа-Эрдэнийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваа-Эрдэнэ “миний хамрыг Б.Алтанцоож өшиглөж, хөнгөн гэмтэл учруулсан гэж мэдүүлж байх тул Д.Азжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 01 цагийн үед архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны орцонд шатан дээр хохирогч Д.Азжаргалтай зөрөхдөө түүнийг мөрлөснөөс хоорондоо маргалдан, улмаар Б.Алтанцоож, Д.Азжаргал нарын биед хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

 

шүүгдэгч Б.Алтанцоож нь “эхнэр Д.Азжаргалыг мөрлөж, түүнийг “гичий, янхан” гэж үг хэлээр доромжиллоо” гэж хувийн сэдэлтээр хохирогч Д.Даваа-Эрдэнэтэй маргалдаж, улмаар түүнийг өшиглөж, бие махбодид нь хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт, духны зулгаралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Даваа-Эрдэнэ, Б.Алтанцоож нарын мэдүүлэг, гэрч С.Төмөрбаатар, Л.Сарангэрэл, Б.Хэнчбиш, И.Ганхуяг, Э.Одончимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 547, 546, тус хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 467 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Шүүгдэгч Д.Даваа-Эрдэнийн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний,

Б.Алтанцоожийн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Д.Даваа-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан,

Б.Алтанцоожийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйлд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Д.Даваа-Эрдэнэ нь Б.Алтанцоожоос Улаанбаатар Сонгдо эмнэлэгт үзлэг хийлгэсэн 30 000 төгрөг, 28 000 төгрөг, “ДУБ” ХХК-д толгойн КТГ хийлгэсэн 120 000 төгрөг, “Эверест” хуурай хими цэвэрлэгээнд хувцас цэвэрлүүлсэн 12 000 төгрөг,  нийт 192 000 төгрөг нэхэмжилснийг,

 

            Б.Алтанцоож нь “ДУБ” ХХК-д дижитал рентген шинжилгээ хийлгэсний  төлбөр 25 000 төгрөгийг Д.Даваа-Эрдэнээс тус тус нэхэмжилснийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, харилцан бие биедээ төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

            Хохирогч Д.Даваа-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хэн аль нь бие биенээсээ нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн зардлыг гаргуулах боломжгүйг  тус тус дурдах нь зүйтэй.