Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/44

 

Г.Эт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Өмгөөлөгч                                                       Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                          Г.Э нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлоор Г.Эт холбогдох эрүүгийн 1721000350329 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Хатгин овогт Ганбаатарын Э. Урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах өндөр настны асрамжийн газрын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Г.Г, А.Ч нарын Нокиа 3310 маркийн 2 ширхэг гар утсыг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 24 000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн хохирогч С.У-н Скай маркийн 40 000 төгрөгийн үнэтэй гар утсыг илээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Г.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

- бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан дээрэмдсэн гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Х овогт Г.Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

-  Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 05 сарын хугацаагаар баривчлах ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 04 сарын хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Эын ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Г.Э би утас хулгайлж бусдад 64 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн үйлдэлдээ үнэн сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна. Хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралд орох үед эмнэлэгт үзүүлж явж байгаад хатгаа хүндэрсэн яаралтай эмнэлэгт хэвт гэж 8 сарын 31-нд эмнэлэгт хэвтэх болсон байсан боловч анхан шатны шүүх хурал болж хоригдсон. Одоогоор миний биеийн байдал хүнд, амьсгалахад хэцүү байдалтай байна. Намайг хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдлыг минь харгалзаад хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 3 жил болгож өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Эын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт орших өндөр настны асрамжийн газрын цонхоор нэвтэрч хохирогч Н.Г, А.Ч нарын Нокиа 3310 маркийн хоёр гар утсыг хулгайлж 24,000 төгрөгийн хохирол учруулсан; мөн хохирогч С.У-г  түлхэх, цээж рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэх замаар 40,000 төгрөгийн үнэтэй Скай маркийн гар утсыг авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Уранчимэг, А.Ч, Н.Г нарын мэдүүлэг, хохирогч С.У-н биед учирсан гэмтлийн шинж байдлын талаарх шинжээчийн дүгнэлт, хохирогч С.У-р гэмт этгээдийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч Г.Э нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг  баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хохирогч Н.Г, А.Ч нарын гар утсыг авсан үйлдлийг хулгайлах хэрэг гэж, харин С.У-н утсыг авсан үйлдлийг дээрэмдэх хэрэг гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

   Шүүгдэгч Г.Эын давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг судлан үзээд давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1/Хэдийгээр шүүгдэгч Г.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл хэсгээр давхар зүйлчлэгдэх боловч, нэг цаг хугацаанд, нэг газар, нэг санаа зорилгын хүрээнд үйлдэгдсэн, хохирлын хэмжээ харьцангуй багатай хэрэг байна.

2/Энэ хэрэг нь шүүгдэгч Г.Эыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн байх  тул, хэрвээ тухайн үед энэ хэрэг илэрсэн бол хулгайн үйлдлийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн хулгайн үйлдлүүдтэй нэг мөр зүйлчлэгдэн шийдвэрлэгдэх боломжтой байсан. 

3/Анхан шатны шүүх ялыг нэмж нэгтгэхдээ 05 сарын баривчлах ялаас хэдэн сарыг эсхүл хэдэн сар хэд хоногийг нэмж байгаагаа тодорхой бичээгүйн улмаас “шүүх 3 жил 1 хоногийн хорих ял дээр 04 сарыг нэмж нэгтгэхдээ 1 хоногийг орхигдуулж алдаа гаргасан уу эсхүл хуанлийн 1 сарыг 30 хоногоор тооцсоны үндсэн дээр, 3 жил 01 хоногийн хорих ял дээр 3 сар 29 хоногийн баривчлах ялыг нэмсэн үү” гэдгийг ойлгох боломжгүй болсон байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Ингэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод харшлахгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх хуулийн шаардлагыг илүү сайн хангана гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бий болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн, шинээр гарсан хууль нь хуучин үйлчилж байсан хуультай харьцуулахад, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд, шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үед гарсан хэрэгт буцаан хэрэглэх явдал юм. Энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал байхгүй бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн нийтлэг хэм хэмжээний дагуу шийдвэрлэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний болон ял хөнгөрүүлэхтэй холбоотой өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудад:

“1. Шүүгдэгч Х овогт Г.Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 05 сарын хугацаагаар баривчлах ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 04 сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг 

“1. Шүүгдэгч Х овогт Г.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Эыг 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар таван сарын хугацаагаар баривчлах ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, Г.Эт мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван сарын хугацаатай баривчлах ялыг мөн хуулийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил нэг хоногийн хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг нийт гурван жил нэг хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Эт оногдуулсан гурван жил нэг хоногийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж  өөрчлөн; тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Г.Эын 2020 оны 08 дугаар сарын 25-наас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон дөчин нэг хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                   З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                      Л.НАРАНБАЯР