Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 262

 

Н.Б, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Бүдханд, шүүдэгч Н.Б-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, хохирогч Б.Эрдэмгэрэлийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар магадлалтай, 201626021685 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Бүдханд, шүүдэгч Н.Б-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2003 онд Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Булжуухай овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Бүүвэй овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Д.Б нарыг бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Н.Б-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б-ын торгох ял биелүүлэх хугацааг 2 жилээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-гаас 43.350.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эрдэмгэрэлд олгох, хохирогч Б.Эрдэмгэрэлийн нэхэмжлэлээс 33.433.662 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаан хэлсэн саналдаа: “...Миний үйлчлүүлэгч эрх зүйн бүрэн мэдлэггүй учраас өөрийгөө буруутай хэмээн шүүх хуралд мэдүүлэг өгсөн. Гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан, гэрээний эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон шалтгаан нь нийгэм эдийн засгийн өөрчлөлт буюу ЭТТ ХК нь нүүрс тээвэрлэлтийг зогсоосноос болсон. Н.Б нь өөрт оногдох хохирлоо төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүхээс бага насны хүүхдүүдтэй эхнэр, нөхөр хоёрыг гэмт хэрэг бүлэглэн үйлдэхээс гадна оногдуулсан ял шийтгэлийг шударга ёсны зарчимд нийцээгүй, хохирол төлөгдөөгүй хэмээн дүгнэсэн нь эсрэгээрээ ял оногдуулах зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй байгаа нь тэд гэм буруугаа хүлээсэн хамгийн том нотлох баримт юм. Иймд шийтгэх тогтоолын Н.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Бүдханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Д.Б нь Н.Б-тай бүлэглэж Д.Эрдэмгэрэлийг залилж 168.000.000 төгрөгийг авахаар харилцан ярилцсан зүйл байхгүй бөгөөд Д.Эрдэмгэрэлээс шилжүүлсэн 8.000.000 төгрөгнөөс Н.Б нэг ч төгрөг аваагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаас харагдана. Д.Гэрэлтуяа нь Н.Бгийн гар утас холбогдохгүй болохоор эхнэр Д.Б-ын гар утас руу залгахад Н.Б гар утсыг авдаг байсан гэсэн мэдүүлгээр бүлэглэж залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Д.Б-ын нэр дээр бүртгэлтэй гар утсыг Н.Б хэрэглэж байсан нь Д.Б залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Хохирогч Д.Эрдэмгэрэлд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл хохирлоос 43.350.000 төгрөгийг төлсөн. Иймд Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Б нь хохирогчтой урьд харьцаж байсан харилцааг далимдуулан, бусдад өр төлбөртэй байсан гэдгээ нуун дарагдуулж, итгэл эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. ...Харин мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Б-ыг энэ хэрэгт оролцсон талаар хангалттай нотолж чадаагүй байна.  Б-д оногдуулсан ял шийтгэл тохирсон. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын Д.Б-т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлөгдсөн. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан заалт үндэслэл бүхий байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Бүдханд, шүүдэгч Н.Бгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2015 оны 2 дугаар сарын 6-наас 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эрдэмгэрэлтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад өр төлбөртэй бодит байдлаа нууж, нүүрс тээвэрлэлтийн хөлсөнд 10 машины 1 тонн тутмаас 2 юанийн ашиг өгнө гэж хуурч төөрөгдөлд оруулж, 168.000.000 төгрөг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хохирогч Б.Эрдэмгэрэлд учирсан 168.000.000 төгрөгийн хохирлоос 81.300.0000 төгрөг нь шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлөгдсөн, шүүгдэгч Д.Б нь 43.350.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн болохыг дурдаж, үлдэх 43.350.000 төгрөгийг Н.Б-гаас гаргуулж шийдвэрлэснээс гадна хохирогч Б.Эрдэмгэрэлийн нэмж гаргасан нэхэмжлэлээс түүний өмнөх бизнесийн үлдэгдэл тооцоо болох 12.000.000 төгрөг, Япон-Монголын хооронд 5 удаа ирж очсон онгоцны зардал 14.718.574 төгрөг, ирж очих бүртээ зочид буудалд төлсөн 1.020.307 төгрөг, мөн “Эм Эй Эф” болон “Грийт капитал” ББСБ-аас авсан зээлийн хүүнд төлсөн 5.694.780 төгрөг, нийт 33.433.662 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн бодит хохиролд хамаарахгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх Н.Б-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 2.2-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Б.Эрдэмгэрэл, гэрч С.Сайнбилэг, Ж.Одхүү, Б.Хишигсүрэн, Ч.Алтанхүү, Х.Батжаргал, Ш.Ганзориг, Д.Гэрэлтуяа, Н.Нанзандорж, Ж.Дуламсүрэн, шүүгдэгч Н.Б, Д.Б нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б-ыг Н.Б-тай бүлэглэж хохирогч Б.Эрдэмгэрэлийг залилан мэхэлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүх Д.Б-ыг энэ хэрэгт хэрхэн хамтран оролцсон талаарх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүгдэгч Д.Б нь “Мэнд ирмүүн тулга” ХХК-ийг өөрийн нэрээр үүсгэн байгуулж, 2014 оны 4 дүгээр сарын 17-нд хуулийн этгээдийн гэрчилгээ авсан /1хх-27/, улмаар Монгол улс, БНХАУ-ын хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан /хх-29/, түүнчлэн хохирогч Б.Эрдэмгэрэлийн дүү Д.Гэрэлтуяа Н.Б-гийн гар утас руу залгахад утсаа авдаггүй, харин түүний эхнэр Д.Б-ынгар утас руу залгаж Н.Б-тай ярьсан зэрэг үйл баримтууд нь Н.Б-гийн хохирогч Б.Эрдэмгэрэлийг хуурч мэхлэн, түүнээс авсан мөнгөөр өөрийн бусад өр төлбөрийг барагдуулсан гэмт үйлдэлд хамааралгүй бөгөөд Д.Б-ыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэл болохгүй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Н.Б, Д.Б нарын үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжийг хэрхэн хангасан, тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээний талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг дүгнээгүй атлаа шүүгдэгч нарт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирохгүй байна гэсэн дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5-д зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Б.Эрдэмгэрэлийн гаргасан иргэний нэхэмжлэлийг зөв шийдвэрлэсэн эсэхийг дүгнэж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрхтэй атлаа хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлэхийн оронд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Бт холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг, мөн хэсгийн шүүгдэгч Д.Б-т холбогдох бүх заалтыг болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө анхан шатны шүүхийн гаргуулахаар тогтоосон 43.350.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нөхөн төлж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн /5хх-244/ болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Д.Б-т холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг, болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Н.Б нь анхан шатны шүүхээс гаргуулахаар тогтоосон 43.350.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН