Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 498

 

С.У-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч С.У, түүний өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0569 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0698 дугаар магадлалтай, С.У-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0569 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг 59.8 оноо буюу “F” дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.У-ийг урьд эрхэлж байсан Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.У-гийн ажилгүй байсан хугацааны цалин 4.370.738 төгрөгөөс ажилгүйдлийн тэтгэмжид авсан 1.218.320 төгрөгийг хасаж, нийт 3.152.418 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0698 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0569 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн дэх заалтаас “...11 дүгээр зүйлийн 11.6, ...35 дугаар зүйлийн 35.1.5” гэснийг хасаж, мөн заалтын “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд...” гэснийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн...” гэсний дараа “46 дугаар зүйлийн 46.2” гэж, “...ажилгүй байсан хугацааны...” гэсний өмнө “2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх” гэж, “...хийхийг...” гэсний дараа “хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: Анхан шатны шүүхээс “...гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх үүргээ хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээ үнэлсэн үнэлгээтэйгээ нэхэмжлэгчийг бүрэн танилцуулж санал нийлээгүй асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 6.1, 6.5-д заасныг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалдаа журмын 7.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний “F” үнэлгээг үндэслэсэн бөгөөд үр дүнгийн гэрээг үнэлсэн “илтгэх хуудас”-нд төсвийн шууд захирагч, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал гарын үсэг зураагүй тул дээрх үнэлгээ нь журмын 6.7-д “гэрээний биелэлтийг дүгнэх “илтгэх хуудас”-д талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасантай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна. Гэтэл захиргааны актын нэг шинж болох гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байх шинжийг агуулаагүй үр дүнгийн гэрээг дүгнэсэн “илтгэх хуудас”-ыг хүчин төгөлдөр бус үнэлгээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Уг илтгэх хуудас буюу үнэлгээ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 11.6-д “Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ юм.

Давж заалдах шатны шүүхээс “илтгэх хуудас” буюу үнэлгээг энэ хэргийн хувьд захиргааны акт мөн, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох хэргийн тухайд захиргааны акт биш гэдэг агуулгаар зөрүүтэй дүгнэлт гаргаж буй тул хяналтын шатны шүүх процессын хуулийг зөв хэрэглэх асуудлаар зайлшгүй дүгнэлт хийж өгнө үү. Мөн уг үнэлгээг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, тайлбарыг авсан бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг захиргааны байгууллагад мэдэгдсэн байтал нэхэмжлэгчээр зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулаагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч үр дүнгийн гэрээний үнэлгээгээр ямар үнэлэгдсэн, уг үнэлгээний дагуу төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хариуцлага тооцсон нь зүйтэй эсэхэд дүгнэлт хийгдээгүй үлдсэн, үр дүнгийн гэрээг дахин үнэлэх үү, эсхүл нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээг огт дүгнэлгүй орхигдох уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн.

Гэтэл шүүх “зүй нь хариуцагч, ...илтгэх хуудсанд тайлбарыг хавсаргаснаар гэрээг дүгнэсэнд тооцох байжээ” гэж дүгнэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчид үнэлгээний талаар мэдэгдэж, тайлбар авахад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбар өгсөн нь хэрэгт авагдсан билээ. Харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээний үнэлгээ болох “59” оноо тавьсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эдгээр үндэслэлгүй дүгнэлтүүдийг залруулаагүй. Түүнчлэн анхан шатны шүүх цахим шууданд үзлэг хийгээгүй атлаа, цахим нотлох баримтыг хэрхэн, яаж үнэлж, дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талд сонсох ажиллагааг цахимаар явуулсан бөгөөд үүнтэй холбоотой цахим нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтыг үнэлсэн гэж үзэж байна.

2. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хуулийн заалтууд нь нэхэмжлэгчийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохтой хамааралгүй заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй юм. Энэхүү гомдлын зарим хэсгийг давж заалдах шатны шүүхээс хангаж, үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулсанч холбогдох баримталсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 7.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх зүйн хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно, “F” буюу “хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болох”-оор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон байна.

Гэтэл шүүх ажлаас чөлөөлөхдөө хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “хангалтгүй” буюу “F” үнэлэгдсэн гэдэг тодорхой үндэслэлээр шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлах боломжгүй бөгөөд хариуцагч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3 заасны дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг баримталж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх хариуцагчийг дээрх журамд заасан шийдвэр гаргах процессын зохицуулалтууд болох 6.5, 6.7 дахь зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах, журмын дагуух хариуцагчийн үйл ажиллагаа дүгнээгүй, үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагч хэм хэмжээний эрэмбийн дагуу Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулж, нэхэмжлэгчээс тайлбарыг нь авсан болно. Харин захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд хуулбар баримтыг нягтлах, цахим шууданд үзлэг хийх, тайлбар, мэдүүлэг авах байдлаар нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр цуглуулаагүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтыг баримтлан “төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, “F”үнэлгээ авсан тул” гэж дурдаж, С.У-г Говь-Сүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч С.У нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, үр дүнгийн гэрээний биелэлтийг “F” үнэлснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...буруу үнэлсэн, гэрээ дүгнэх ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдсан, ажлаас халахыг урьдчилан мэдэгдээгүй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/63 дугаар тушаалаар байгуулагдсан “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн болон Политехник коллежийн захирлуудын 2016 оны үр дүнгийн гэрээ”-г дүгнэх ажлын хэсэг 38 захирлын “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэж, дүнг ажлын хэсгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн “үнэлгээ”-г баталгаажуулсан байх ба үүнд нэхэмжлэгч С.У нь хамаарсан, нэхэмжлэгчийн “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтэд 59.8 оноо өгч “F” буюу “хангалтгүй” гэж дүгнэсэн, уг үнэлгээг болон үүнийг үндэслэн ажлаас чөлөөлөх болсон талаар хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид “цахим”-аар мэдэгдсэн, мөн өдрөө “ажлаас чөлөөлөх ”шийдвэрийг гаргасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх”-ээр, 40.4.2-т “үр дүнгийн гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь урамшуулах, хариуцлага тооцох”-оор, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоол /1 дүгээр хавсралт/-оор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн... дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно; “F” буюу “хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах эсхүл төрийн албанаас халах”-аар зааснаас үзвэл, “үр дүнгийн гэрээ”-ний биелэлт “F” үнэлэгдсэн нь дээр дурдсан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар тусгайлан томилогдсон ажлын хэсэг Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн захирлуудын “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг үнэлж, дүгнэснийг буруутгах боломжгүй боловч дээрх “журам”-д заасны дагуу “үр дүнгийн гэрээ”-г үнэлж, дүгнүүлэх, үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах, гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах талаарх нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй нь тогтоогдсон, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгааг анхааралгүй, “үнэлгээ”-г цахимаар танилцуулсан мөн өдрөө үнэлгээний дүнг үндэслэл болгож С.У-г ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны Б/07 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасантай нийцээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзнэ.

Иймд, “төрийн албанаас халах” тухайг нэхэмжлэгчид цахимаар мэдэгдсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасан “цахим хэлбэрээр санал авах” ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-ийн “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах журмын дагуух хариуцагчийн үйл ажиллагааг дүгнээгүй, ...цахим шууданд үзлэг хийх, тайлбар мэдүүлэг авах байдлаар нотлох баримт цуглуулаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн “...“үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн “F” үнэлгээ хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “...“захиргааны үйл ажиллагаа” гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг”, 3.1.3-т “...“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор тус тус заасан, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “захиргааны үйл ажиллагааны хэлбэрт захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт”-ыг хамааруулсан, 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Төсвийн шууд захирагчийн “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн үйл ажиллагаа гадагш чиглэгдээгүй, дээр дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6-д заасны дагуу “гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах” ажиллагаанд төсвийн шууд захирагч өөрөө оролцдог тул “үнэлгээ” захирамжилсан шийдвэр буюу захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Иймд, анхан шатны шүүх “үр дүнгийн гэрээ” акт болох талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн “хангалтгүй” үнэлгээ нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар учруулсан тул “үнэлгээ” захиргааны акт мөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй.

Дээрх байдалд үндэслэн С.У-гийн “Үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн “F” үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0569 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0698 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2” гэж нэмж, “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж” гэж, “Үр дүнгийн гэрээний биелэлтийг 59.8 оноо буюу “F” дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож” гэснийг “Үр дүнгийн гэрээний биелэлтийг “F” үнэлснийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ