| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0930/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/985 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/985
2024 11 07 2024/ШЦТ/985
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
улсын яллагч С.Энхзул,
хохирогч Н.Г.,
шүүгдэгч Э.П., түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд нар оролцсон эрүүгийн 2309025390353 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А. овогт Э.ийн П.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “А.” ХХК-ийн Ерөнхий захирал, “М.” НҮТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ... дугаар сарын 19-ний өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П. нь ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод Н.Г.тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар Н.Г.гийн эзэмшлийн Айфон 13 маркийн гар утсыг ширээний буланд цохиж, ашиглах боломжгүй болгож устган бага хэмжээнээс дээш буюу 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.П. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...оны 08 дугаар сарын ...-ний өглөө 09:00 цагийн үед байсан, манай дүү Ар гүнтээс усанд оръё гээд очсон. Тэгтэл дүү “хаалгаа онгойлгохгүй байна” гээд байсан. Дүү нялх хүүхэдтэй байсан болохоор памперс, угаах хувцас хунар барьчихсан “та намайг оруулаад өгөөч” гэж надад хэлсэн. Би эрэгтэй дүүтэйгээ маргаантай байсан учраас Н.Г., Т.Д. эгч нартай утасны цаанаас маргалдчихсан байсан. Тэрнээс болоод онгойлгохгүй байсан юм уу бүү мэд, ямар ч байсан онгойлгохгүй байсан. Баахан юм барьчихсан явж байсан учраас бухимдаад, тэгээд тэрнээс хойш баахан хэрүүл маргаан үүссэн. Тэгээд хаалга онгойлгоод, яагаад онгойлгохгүй байгаа юм гэдэг байдлаар хэрүүл маргаан үүссэн. Би яаран оръё гэж бодоогүй. ... дугаар байр нь хамгийн сайн камержилттай байр юм. Би тэнд тусдаа гарахаасаа өмнө амьдарч байсан болохоор мэднэ. Тэгээд би “хэдүүлээ одоо нэгэнт ингэж маргаж байгаа юм чинь камерын доор ярья” гэсэн. Тэгээд нэлээн маргалдаж байгаад би гартаа барьсан юмаа тавих гээд гэр лүү орсон. Ороод тавьчихаад, эргээд харах гэсэн чинь янз бүрийн маргаанаас болоод бие биенээ муухайгаар хэлсэн болохоор Д. эгч намайг барьцалдаад авсан. Тэгээд би чарлаад зугтаасан. Нэг минут ч хүрэхийн завдалгүй гарсан. Тэр хооронд утас эвдэлсэн асуудал байхгүй. Сүүлд ойлгоход би эрэгтэй дүүтэйгээ нэлээн эвгүй маргалдсан учраас эрэгтэй дүүгийн явуулга байна гэж бодсон. Дараа нь утас нь эвдэрсэн гэж над руу хэлсэн. Би бол тэрийг нь мэдээгүй байсан учраас яг эрэгтэй дүү л үг зааж өгч байна даа л гэж бодсон. Миний хувьд утас эвдсэн зүйл байгаагүй, надад тийм цаг хугацаа ч байгаагүй. Намайг лифт рүү явж байхад “хүүе ээ, Т.Д. эгч ухаан алдчихлаа шүү дээ” гээд тэд нар орилолдож байгаа нь сонсогдож байсан. Тэднийд тек байхгүй, ширээ ч байхгүй, гал тогооны шүүгээ бол байгаа. Би ч бас тухайн үед хаалга онгойлгохгүй байна гээд нэлээн бухимдсан байх. Би Т.Д. эгч, Н.Г. эд нарт муу санасан, гомдсон юм байхгүй. Намайг барьж авч ноцолдсон нь Т.Д. эгч байхгүй юу. Н.Г. ч гэсэн барих шиг болсон уу яасан, би ямар ч байсан зугтаасан. ...Миний бодлоор мөрдөгч хүний яриаг аягүй алдаатай бичсэн юм шиг санагдсан. Утгын хувьд аягүй авцалдаагүй, хүний хэлээгүй юмыг өөрөө биччихсэн байсан. Жишээ нь Э.Д. “арын шил нь хагарсан байсан” гэж мэдүүлээд байхад мөрдөгч “өөр зүйл нь гэмтээгүй байсан” гэх мэтчилэн өөрийнхөө санаагаар нэмж үг бичсэн харагдсан. Мөрдөгч мэдүүлэг авч дуусаад л “гарын үсэг зураарай” гээд л тэгдэг. Миний хэлснийг бичсэн л гэж бодсон. Миний хуулийн мэдлэггүйгээс л болчихлоо. Би хохирогчид 450.000 төгрөгийг яаж өгсөн талаар ярьмааргүй байна. ...Би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ би очиж, хэрүүл маргаан үүсгээгүй бол энэ хүний утас бүрэн бүтэн, би ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдохгүй байсан байх. ...Би гэм буруу дээрээ маргахаа болилоо. Миний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн утас эвдэрсэн гэж ойлгож болно. Яг авч шидээд, нүдээд дараад байсан юм байхгүй.” гэв.
Хохирогч Н.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 11:00 цагийн үед болсон. Өмнө нь Э.П. эгч дүүтэйгээ маргаантай байхын хувьд байсан. Надад жаахан уурлаж байсан. Тухайн үед манай ээж хот руу нүүх гээд гэрээ нүүлгэж чадахгүй ухаан алдаж унасан. Тэгээд Түргэн дуудаад, хот руу орох зайнд 6 цагийн тариа хийгээд, тэгээд хотод ирээд, Э.П.гийн дүү болох Э.Д. бид хоёр тосож аваад, гэртээ ээжийг авчраад амрааж байсан юм. Ээж жаахан бухимдахаараа ухаан алдаад уначихдаг байхгүй юу. Тэгээд гаднаас хаалга хүчтэй нүдээд, уурлаад, бухимдаад байхаар нь би ээжийг ухаан алдаад уначихна, 6 цагийн тариатай юм чинь гэж бодоод хаалга онгойлгож өгөөгүй. Хаалга онгойлгож өгөхөөсөө өмнө ер нь бол цагдаа дуудчихсан байсан. Тэгээд Түргэн бас дуудчихсан байсан. Э.Д. надад өглөө хэлэхдээ “П. очиж усанд орох гэж байна” гэсэн. Тэгээд хоёулаа ирсэн. Тэгээд элдэв янзаар хэлээд байсан болохоор ээж бухимдаад Э.П. эгч, ээж хоёр барьцалдаж авсан. Тэгээд манай ээж ухаан алдаад уначихсан. Тэр үед миний утас Түргэн дуудахад л газар уначихсан байх гэж бодож байна. Тэр угаасаа аймар хурдан болоод өнгөрсөн процесс байхгүй юу. П. цаанаас ирээд ээж, эгч хоёрыг салгаж авах гэж байсан байхгүй юу. Манай ээж зуураад ухаан алдаад уначихсан байхгүй юу. Тэгээд би Түргэн дуудахдаа утас унаад, гишгэгдсэн байх л гэж бодож байна. Миний утас аваад удаагүй утас байсан. Тэгээд би Э.П.-д “маргаанаас болоод миний утас эвдэрчихлээ” гэж хэлсэн. Тэгээд Э.П. эгч рүүгээ хэлсэн. Одоо би санамсаргүй үйлдлийн улмаас хохирчихоод байгаа. Ер нь бол Э.П. эгч уурлаж, бухимдаж орж ирээгүй байсан бол утас эвдрэхгүй байх байсан. Одоо гомдол санал байхгүй. Ер нь бол Э.П. эгч өсгийтэй гутал өмссөн байсан болохоор гишгэсэн байх гэж бодсон. Утасны дэлгэц нь цөмрөөд орчихсон байсан байхгүй юу. Тэгэхээр нь би яг гишгэсэн байна гэж бодсон байхгүй юу. ...Гар утсаа барьчихсан байсан, тэгээд халаасандаа хийх гэж байгаад уначихсан. ...Миний сүүлийн мэдүүлэг үнэн. Гэхдээ өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Ер нь бол хамгийн эхэлж өгсөн мэдүүлэг нь үнэн зөв. Ер нь бол утасны мөнгийг төлчихсөн учраас санал гомдол байхгүй. Ер нь бол хохирлыг барагдуулчихаад байхад Э.П. эгчийг энэ хүртэл явчихсан болохоор жаахан хүндэвтэр юм болчих вий гэж бодсон. Э.П. миний гар утсыг авч эвдэлсэн гэсэн миний мэдүүлэг үнэн. Гар утсыг булааж аваад, шүүгээн дээр цохисон. Утас эвдэрсний дараа утсаа ашиглах боломжгүй болсон байсан. Тал нь унтраад алга болсон. Э.Д. 1.500.000 төгрөг өгөөд, Э.П. нь 450.000 төгрөг өгсөн. 450.000 төгрөгийг ... хоногийн өмнө бэлнээр өгсөн. Бид хоёр “Нисдэг машин”-ы тэнд нэг дэлгүүрт таарсан юм. Э.П. нь АТМ-ээс гаргаж өгсөн. Одоо тухайн гар утас байхгүй. Тухайн үед утасгүй болчихоод засварчин дээр аваачиж үзүүлсэн чинь засвар авахгүй гэхээр нь тэр үедээ сэлбэгийн хүнд өгчихсөн. Тэр угаасаа дэлгэц нь үйрчихсэн, тал нь асахгүй, засвар авахгүй гэж байсан. Ер нь бол утсыг нүдэхийг нь л харсан, гэхдээ газар унагааж дэвссэн эсэхийг анзаараагүй.” гэв.
Эрүүгийн 2309025390353 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Г.гийн мэдүүлэг /хх-ийн 27-28, 30-31/,
Гэрч Т.Д.гийн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч Э.П.ын мэдүүлэг /хх-ийн 42-44/,
Гэрч Н.Д.-ийн мэдүүлэг /хх-ийн 48/,
Гэрч Б.Н.-ийн мэдүүлэг /хх-ийн 51/,
Гэрч Э.Д.ын мэдүүлэг /хх-ийн 54/,
Э.П.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 9/,
Шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн /55-56/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-71/,
Өмгөөлөгчөөс дээд шатны прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 195/,
Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 198/,
Хохирогч Н.Г. болон E. гэх фэйсбүүк хэрэглэгч нарын харилцсан зурвасын хуулбар /хх-ийн 86-87/,
Э.П.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Э.П. нь ...оны 08 дугаар сарын ...-ний өдрийн 11:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцны хаалганы гадна “хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар урьд таарамжгүй харилцаа үүсгэсэн байсан Н.Г., Т.Д. нартай маргалдаж байх явцдаа Н.Г.г “цагдаа дуудлаа” гэж дургүйцэн тухайн орон сууцны гал тогоо хэсэгт очиж, Н.Г.гийн өмчлөлийн Айфон 13 загварын гар утсыг шүүгээний булан хэсэгт хэд хэдэн удаа нүдэж устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Н.Г.гийн өгсөн “...Би өнөөдөр ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдөр өглөө гэртээ байж байхад 11:00 цагийн үед манай хадам эгч, дүү нь болох Э.П. нар манай гэрт ирээд, манай гэрийн хаалгыг хүчтэй цохиод үг хэлээр хараагаад байхаар нь би цагдаа дуудаад, дараа нь гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь шууд дайрч орж ирээд манай ээж рүү үг хэлээр доромжлоод, дайраад байсан. Тэгээд миний гар утас руу цагдаа залгасан чинь миний гар утсыг булааж аваад гал тогооны ширээний буланд цохисон. Тэгээд миний гар утас дуугараад байсан чинь унтартал нь цохисон. Айфон 13 маркийн гар утас, ...23 оны 07 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгаас 2.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Анх эвдэхдээ “чи болсон хойно цагдаа дуудаа биз” гээд эвдээд байсан. ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдөр ... дугаар луу Э.П. өөрөө залгаад “битгий хэлээрэй, төлж өгнө” гэсэн. Мөн дүү нь болох Э.П. нь өөрийнхөө дугаараас миний ... дугаар луу ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдрийн 16:47 минутад “за юу ч гэсэн найз нь болгоно оо, утсыг нь төлнө өө” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30-31/,
Гэрч Т.Д.гийн өгсөн “...Гэрт унтаж байтал гаднаас хаалга маш хүчтэй тогшоод, хоёр эмэгтэй хүн орилоод, балбаад байхаар нь манай хүүхэд айгаад “битгий онгойлго” гэхээр нь би яагаад манай хүүхэд айгаад байдаг юм гээд хаалга онгойлготол Э.Д.ын эгч Э.П., дүү Э.П. нар орж ирээд юу юугүй хэл амаар доромжлоод, манай охиныг надтай цуг чирч гулдчаад, камертай газар нотолгоотой ярина гээд орц руу аваад гарсан. Тэгээд “манайхаас зайл” гээд орилоод байсан. Тэгээд би юу болоод байгааг асуухад тухайн хоёр эмэгтэй согтуу байх шиг байсан. Тэгээд намайг “золбин хар авгай” гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд би ядаж гэрт ороод ярья гэсэн чинь дүү Э.П. нь эгчийгээ “тайван тайван” гээд согтуу хэлээд байсан. Тэгээд Э.П. миний охины гараас шүүрч аваад шууд газар унагааж дэвсээд, текний буланд нүдээд байсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ, би наад утсыг чинь охиндоо төрсөн өдрөөр нь авч өгсөн шүү дээ” гэсэн чинь юу ч хэлээгүй шидчихээд, миний нүүрийг самардчихаад гараад явсан. Дараа нь Э.П. нь над руу зурвас бичээд байхаар нь залгасан чинь “утсаа авах нь яадаг юм авгай минь, тэр утсыг чинь төлөөд өгнө, ээжид хэллээ” гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрч Э.П.ын өгсөн “...Н.Г. гар утастайгаа байсан. Гар утсаараа цагдаа болон Түргэн дуудаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Гэрч Н.Д.-ийн өгсөн “...Дуудлага өгсөн эмэгтэй Айфон загварын гар утасны дэлгэц нь хагарсан байдалтай “ингээд эвдэрчихсэн, та нарыг залгахаар авч болохгүй байна” гээд байсан. Тэгээд манай нөхрийн эгч нь эвдэлчихлээ гэж хэлж байсан. Нөгөө гар утсыг нь эвдэлсэн гэх хүн байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Гэрч Б.Н.-ийн өгсөн “...Дуудлага өгсөн хүнтэй уулзсан чинь найз залуугийн эгч нь утас эвдэлчихлээ гээд Айфон брэндийн утас харуулаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
Гэрч Э.Д.ын өгсөн “...Н.Г. над руу яриад эгч Э.П.тэй маргалдсан гээд байсан. Юунаас болсон талаар надад хэлээгүй. Хаалга нүдээд орж ирсэн, тэгээд дараа нь миний утас эвдэрсэн гээд байхаар нь би утасны мөнгийг нь төлсөн. Би утасны мөнгө гээд 1.580.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь бас бэлнээр мөнгө өгсөн. Утас эвдэрсэн гэснээс өөрөөр зодоон хийсэн талаар яриагүй. Эгч Э.П. нь над руу залгаад “танайхаас гараад явж байна, санаа зоволтгүй, зүгээр” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/ ,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Шинжилгээний объектын ...24 оны 08 дугаар сарын ...-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.975.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 67-71/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “Эд хөрөнгө устгах” гэмт хэрэг гэж тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгосон санаатай үйлдлийг хамааруулан авч үздэг ба үүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгээс “...Э.П. нь гар утсыг хаана, хэзээ, ямар аргаар, хэрхэн цохисон, түүний ул мөр, үлдэцийг хаанаас, ямар байдлаар илрүүлэн тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэргийн газарт үзлэг хийж хавтаст хэрэгт бэхжүүлээгүй, тухайн утсыг засварлах боломжтой байсан эсэх талаар мөрдөгч шинжээчээс асууж, энэ талаар дүгнэлт гараагүй, гэрч Э.Д.ын мэдүүлгээр утас өмнө нь хагарсан байсан гэх мэдүүлэг авагдсан бөгөөд гэрэл зургийн үзүүлэлтээс харвал дэлгэц рүүгээ орсон зүйл харагддаггүй, камерын бичлэгт үзлэг хийж бэхжүүлээгүй, хохирогчоос ширээ рүү цохисон гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт ширээ байгаагүй гэсэн, гэрч Т.Д. нь “газар унагааж дэвсээд, текний буланд нүдээд байсан” гэсэн зэрэг нь харилцан зөрүүтэй, Э.П.ын мэдүүлгээр гар утсыг эвдэлж, устгасан талаар мэдүүлээгүй, мөрдөгчийн зүгээс үнэлгээ хохирогчийн нэрлэсэн үнээс давсан тул эргэлзээтэй гэж үзэн нэмэлт шинжилгээ хийлгэсэн гэж үзэж байгаа” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболдоос “...хэргийн газрын үзлэг хийгдээгүй, камерын бичлэг авагдаагүй, шүүгдэгчийн хувцас урагдсанд үнэлгээ хийлгээгүй, гэрчээр мэдүүлэг өгсөн цагдаа нарын мэдүүлэг нь дамжмал мэдүүлэг” гэж тус тус тайлбарлан маргасан.
Н.Г. хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Өнөөдөр буюу ...оны 08 дугаар сарын ...-ний өдөр 11:00 цагийн үед Э.П., Э.П. нар нь ирээд хаалга хүчтэй цохисон. ...Миний гар утас руу цагдаа залгасан чинь гар утсыг булааж аваад гал тогооны ширээний буланд цохисон. Гар утас Д.д байхад унтартал нь цохисон. ...Айфон 13 маркийн гар утас байсан.” гэж, дахин өгсөн мэдүүлэгтээ “...Э.П., Э.П., манай ээж Т.Д. нарын хамт бид дөрөв Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэрт байсан. ...”Чи болсон хойно цагдаа дуудаа биз” гээд Э.П. нь утсыг миний гарнаас булааж аваад гал тогооны текний чулуун тавцангийн буланд дэлгэц хэсгээр нь олон удаа нүдээд байсан. Тэгээд гар утсыг шкаф руу шидчихээд яваад өгсөн. ...Цагаан өнгийн Айфон 13 маркийн гар утас байсан.” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гар утсыг шүүгээн дээр цохисон.” гэж, Т.Д. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдөр өглөөний 07:00 цагийн үед хотод ирсэн ба Э.Д. “Монос”-оос тоссон, тэгээд тэдний орон сууцанд очсон. Э.Д. ажил руугаа явсан ба би унтаж амраад 2 цаг гаран л болж байсан байх. ...Э.П. утсыг миний охины гараас шүүрч аваад, шууд газар унагааж дэвсээд, текний буланд нүдээд байсан. Тэгээд юу ч хэлээгүй шидчихээд яваад өгсөн. Тухайн утсыг охиндоо төрсөн өдрөөр нь авч өгч байсан.” гэж, Н.Д. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Дуудлага өгсөн эмэгтэйн Айфон загварын гар утасны дэлгэц нь хагарсан байдалтай байсан. “Ингээд эвдэрчихсэн. Та нарыг залгахаар авч болохгүй байна.” гээд байсан.” гэж, Б.Н. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Найз залуугийн эгч нь утас эвдэлчихлээ гээд Айфон брэндийн утас харуулаад байсан.” гэж, шүүгдэгч Э.П. шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэдний гал тогоонд тек, ширээ байдаггүй, шүүгээ л байдаг.” гэж тус тус мэдүүлжээ.
Дээрхээс үзвэл Э.П. нь ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдрийн 11:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцны хаалганы гадна “хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар урьд таарамжгүй харилцаа үүсгэсэн байсан Н.Г., Т.Д. нартай маргалдаж байх явцдаа Н.Г.г “цагдаа дуудлаа” гэж дургүйцэн тухайн орон сууцны гал тогоо хэсэгт очиж, Н.Г.гийн өмчлөлийн Айфон 13 загварын гар утсыг шүүгээний булан хэсэгт хэд хэдэн удаа нүдэж устгасан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч (зөвхөн шүүгээний тухайд) нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдсон гэж шүүх үзэв.
Хэдийгээр хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад “Э.П. нь утсыг гал тогооны ширээний буланд цохисон, гал тогооны текний чулуун тавцангийн буланд нүдсэн” гэж, гэрч Т.Д. нь “Э.П. нь утсыг текний буланд нүдээд байсан” гэж ширээ, эсхүл тек зэргээр ялимгүй зөрүүтэй мэдүүлсэн боловч ерөнхий үйл баримт зөрүүгүй, харин шүүгдэгчийн гаргасан “...тэднийд “ширээ, тек байдаггүй, шүүгээ л байдаг” гэх тайлбар, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...шүүгээн дээр цохисон.” гэсэн зэрэг нь халдлагын эд зүйлийг хавсарч цохисон, нүдсэн объектын тухайд зөрүүгүй байх тул гар утсыг шүүгээний буланд нүдсэн гэж үзэх үндэслэл тодорхойлогдож байна (хохирогч, гэрч Т.Д. нар “нүдсэн” гэж зөрүүгүй тайлбарладаг).
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хэргийн газрын үзлэг хийх замаар тухайн орчны ерөнхий байдал, гар утсыг хавсарч цохисон гэх орон зай, тавилга хэрэгслийг тодорхойлж, гэрэл зургаар бэхжүүлэх боломжтой байхад тухайн ажиллагааг хийгээгүй хэдий ч шүүх хэргийн үйл баримт, түүнд хамаарах баримтууд буюу хэргийн оролцогч, гэрч нарын мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөх замаар шүүгдэгчийн үйлдлийн аргыг тодорхойлох боломжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Харин хэрэг учрал нь тухайн орон сууцны дотор талд буюу гал тогоо хэсэгт болсон байх тул орцны хяналтын камерын бичлэгийг хэрэгт бэхжүүлж аваагүй нь хэргийн үйл баримт, гэм бурууд нөлөөлөхгүй, бэхжүүлсэн тохиолдолд гэм бурууг шууд тогтоох нотолгооны эх сурвалж байсан гэж үзэх үндэслэлгүй (хэдийгээр гадаах хаалга онгорхой байсан гэх боловч).
Хохирогч ...оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...”Теди” төвийн засварчин дээр үзүүлэхэд батерей цөмөрсөн, плат нь цаашаа цөмөрсөн, засвар авахгүй гэж хэлсэн.”, ...24 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...”Монтел”-ийн 1 давхрын хамгийн наад талд нь байдаг эрэгтэй засварчин дээр авч очоод үзүүлсэн чинь ер нь бол хэрэглэх боломжгүй байна, дэлгэц нь хагарсан, хойшоогоо цөмрөөд орсон байна гэж хэлсэн. ...Тухайн үед утасныхаа зургийг авч байсан. Гэхдээ тэр зураг авсан утас нь бас эвдрээд, хаячихсан юм. Тухайн үедээ өөрийнхөө утас руу явуулаад хадгалж байсан.” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн гар утас байхгүй. Тухайн үед утасгүй болчихоод засварчин дээр аваачиж үзүүлсэн чинь засвар авахгүй гэхээр нь тэр үедээ сэлбэгийн хүнд өгчихсөн. Тэр угаасаа дэлгэц нь үйрчихсэн, тал нь асахгүй, засвар авахгүй гэж байсан.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тухайн гар утсыг устгасан, эсхүл гэмтээсний аль нь болохыг шинжээчээр тогтоолгоогүй ба гэмтээсэн бол засварын зардал 300.000 төгрөгөөс дээш гарахааргүй байсан” гэж тайлбарласан.
Хохирогчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлгээр хэрэг учрал болсны дараа тухайн гар утсыг засварчинд үзүүлэхэд сэргээн засварлах боломжгүй гэсэн тул сэлбэгэнд өгчихсөн гэсэн нь нэг талаас шинжилгээ хийлгэх боломжгүй, нөгөө талаас тухайн гар утсыг гэмтээсэн, үүнээс улбаалан засварлах боломжтой байсан гэж үзэх үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал болж буй.
Түүнчлэн, гэрч Э.Д.ын мэдүүлэгт “...Арын шил хагарсан байсан, өөр гэмтэлгүй байсан.” гэсэн нь хохирогчийн гар утасны ар талын хэсэг хагарсан байсан ба үүнээс өөр ямар нэг гэмтэл байгаагүй талаар мэдүүлснээс бус ард, урд талын хэсэг хагарч цөмөрсөн, ашиглах боломжгүй байсан талаар мэдүүлээгүй.
Гэмт хэрэг гарах цаг хугацаанд Э.П., Э.П., Т.Д., Н.Г. нарын хэн аль нь байсан бөгөөд Н.Г. хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...Э.П. миний утсыг эвдэж байхад Э.П. болон миний ээж бүгд харж байсан.”, Т.Д. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Э.П. гар утсыг эвдэж байхад Э.П., миний охин, мөн миний бие байсан.” гэж, Н.Д. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Ороход ээж нь гэх нэг хүн бие нь өвдсөн хэвтэж байсан. Дуудлага өгсөн эмэгтэй “утас эвдэлчихлээ” гээд байж байсан. Нөгөө гар утсыг нь эвдэлсэн гэх хүн байхгүй байсан. Харин өөр нэг эмэгтэй байсан санагдаж байна. Тэр нь хэн гэдгийг сайн санахгүй байна.” гэж, Б.Н. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Дуудлагаар очиход дуудлага өгсөн эмэгтэй, бас нэг өөр эмэгтэй, бас ээж нь гэх хүн хэвтэж байсан.” гэж, Э.П. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Э.П. нь гар утсыг нь эвдэлсэн талаар “сайн” мэдэхгүй байна. Утас эвдэрсэн талаар огт юм яриагүй. Э.П. тухайн айл руу орсон, үүд хэсгээр нь байсан, гал тогооны ширээ нь үүд хэсгээсээ нэлээн зайтай. ...Би гэхдээ тухайн утасны талаар бол мэдэхгүй байна.” гэж, Э.П. яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн үед Э.П. намайг хараад зогсч байсан.” гэж тус тус мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тус тус заасан.
Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нэгтгэн үзвэл хохирогч Н.Г., гэрч Т.Д., Н.Д., Б.Н., Э.П., шүүгдэгч нараас “маргаан үүсч, улмаар гэмт хэрэг үйлдэгдсэн, цаашлаад Э.П. нь явж, дараагаар нь Түргэн тусламж, цагдаагийн алба хаагч нар ирээд явах хүртэл” Э.П. нь байсныг тус тус мэдүүлсэн, Н.Г., Т.Д. нараас Э.П. нь гар утсыг эвдэж байхад Э.П. харж байсан талаар тус тус мэдүүлсэн, харин Э.П. нь Э.П.г гар утас эвдэлсэн талаар “сайн” мэдэхгүй, гар утас эвдэлсэн талаар яригдаагүй” гэж зөрүүтэй мэдүүлэх боловч түүний мэдүүлэг тухайн цаг хугацаанд байсан хохирогч Н.Г., гэрч Т.Д. нарын зөрүүгүй мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Нөгөөтээгүүр, Э.П. нь өөрийн төрсөн эгч буюу шүүгдэгч Э.П.тэй тухайн тоот бүхий орон сууцанд очиж, маргаан эхэлснээс хойш цагдаагийн алба хаагч нар ирэх хүртэл байсан, тухайн цаг хугацаанд юу болж өнгөрснийг харж байсан, хэн, хаана, ямар үйлдэл гаргаж байгааг мэдсэн, мэдэх боломжтой, өөрөө ч бусад тодорхой үйл баримтуудыг тодорхой мэдүүлсэн атлаа маргаан болох цаг хугацаанд байсан Н.Г., Т.Д., маргаан болсны дараа ирсэн Н.Д., Б.Н. нарын дунд Э.П. гар утас эвдэж устгасан асуудал илэрхий яригдсан, болж өнгөрсөн байхад “сайн мэдэхгүй, сонсоогүй” гэх утга агуулга бүхий гэрч Э.П.ын мэдүүлэг ойлгомжгүйн дээр бусад нотолгооны эх сурвалжаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, дуудлага мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч нар нь өөрсдийн харсан зүйлээ тодорхой мэдүүлсэн байх тул тэдгээрийн мэдүүлгийг дамжмал, бусдаас сонсож мэдсэн зүйлээ мэдүүлсэн, хохирогчийн тайлбар, мэдүүлэгт үндэслэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Хохирогчоос удаа дараагийн мэдүүлэгтээ iPhone 13 загварын утсыг нь эвдэлсэн гэж мэдүүлсэн боловч мөрдөгчөөс үүнд холбогдуулан ...23 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоол гаргахдаа “iPhone 13 pro max” загварын гар утас гэж эд зүйлийн төрөл зүйлийг зөрүүтэй тусгаснаас үүдэн “Дамно” ХХК-ийн ...23 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “iPhone 13 pro max загварын гар утас нь ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдрийн байдлаар 2.850.000 төгрөгөөр үнэлэгдэж байв.” гэж тусгагдсан. Харин үүний дараа буюу ...24 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг дахин үйлдэж, эд зүйлийн төрөл зүйлийг “iPhone 13” загварын гар утас гэж зөвтгөснөөр “Дамно” ХХК-ийн ...24 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “iPhone 13 загварын гар утас нь ...23 оны 08 дугаар сарын ...-ний өдрийн байдлаар 1.975.000 төгрөгөөр үнэлэгдэж байв.” гэж тусгагджээ.
Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн удаа дараагийн тогтоолоор 2 өөр хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан нь халдлагын эд зүйлийн төрөл зүйлийг зөвтгөсөн үйл баримт болох нь илэрхий байх тул энэ нь хохирогчийн өөрийн нь нэрлэсэн 2.400.000 төгрөг гэх үнийн дүнтэй хамааралгүй, эхний хөрөнгийн үнэлгээний тайлан эргэлзээтэй байсан тул дахин үнэлгээ хийлгэсэн гэх утга агуулгад хамааралгүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.П.гийн урагдсан цамцанд үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг шат шатны прокурорт гаргасан гомдолдоо дурдаж, Э.П.д хөнгөн хохирол учирсан үйл баримтад холбогдох хэргийг уг хэрэгт нэгтгэх, тусгаарлах асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын талаар байр сууриа шүүхийн хэлэлцүүлэгт мөн илэрхийлсэн боловч эдгээр нь Э.П. нь бусдын эд зүйлийг санаатай устгасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдож, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул Э.П.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд маргаж оролцож, хэлэлцүүлгийн төгсгөлд маргахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын баримталсан цагаатгах, мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтуудын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл байдалд холбогдох хууль зүйн байр суурь нь шүүгдэгчийн өөрийн нь хүсэл зоригийн илэрхийлэл буюу “маргахгүй” гэх байр суурийг нь хүндрүүлэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.975.000 төгрөгийн хохирол учирсан.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Э.Д.аас 1.500.000 төгрөг, Э.П.гээс 450.000 төгрөг төлсөн тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбарласан.
Хавтаст хэргийн 88-90-р талд гэрч Э.Д.аас утасны мөнгө төлсөн гэх 2 хуудас баримт гаргаж өгснийг мөрдөгч тогтоол үйлдэн хэрэгт хавсаргажээ.
Үүгээр ...23 оны ... дугаар сарын 19-ний өдөр Н.Г.гийн 59...251883 тоот дансанд 1.500.000 төгрөг, ...23 оны ... дугаар сард (өдөр нь тодорхойгүй) 80.000 төгрөг буюу нийт 1.580.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ нь Э.Д.ын өөрийн нь мэдүүлгээр нотлогддог.
Тийнхүү хохирогчоос утасны мөнгийг бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарлаж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Э.П.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Улсын яллагчаас “хохирлыг шүүгдэгч өөрөө төлөөгүй тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа зэрэгт үндэслэн 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгээс “торгуулийн ял оногдуулах”, өмгөөлөгч Ж.Ганболдоос “450.000 төгрөгөөр торгох” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Э.П.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирол төлбөрийн тухайд нэгэнт хохирогч өөрөө хохирлыг бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарлаж, үүнийгээ бичгээр илэрхийлсэн, тухайн хохиролд холбогдох мөнгөн дүнгийн зарим хэсгийг шүүгдэгчийн өмнөөс тодорхой хувийн шалтгаанаар өөр бусад этгээд сайн дураар төлсөн, энэ талаар ямар нэг эрхийн маргаангүй зэрэг нь “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хууль зүйн хэм хэмжээг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зардал нь зайлшгүй шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө байх талаар хуульд заагаагүй, энэ нь эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэсэн гэх утга агуулгад хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.П. нь дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан.
Хэдийгээр шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж, тухайн ялыг эдэлж дууссан байх боловч тэр нь энэ гэмт хэрэгт нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Нөгөө талаас эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хор уршигт тохирсон байхын зэрэгцээ оногдуулах ял нь бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байхаас гадна шүүгдэгчийн хувийн байдал буюу ар гэр, амьдралын хэв маягийг нь харгалзан үзсэн байвал зохино. Тийнхүү шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь нэг талаас цээрлэл мөн боловч үйлдсэн гэмт хэргээс нь үзвэл түүнийг нийгэмшүүлж байна гэж үзэхээргүй, хувийн байдлыг нь харгалзвал ар гэр, ахуй амьдралд нь сөргөөр нөлөөлж болзошгүй зэрэг нөхцөл байдал байх тул торгох ялын төрлийн сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзсэнийг тэмдэглэж байна.
Иймд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй оюун санааны байдал, 4-8 насны буюу бага насны 3 хүүхэдтэй, “А.” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолтоор шүүгдэгч нь байгаль орчны талаар судалгаа шинжилгээ хийдэг, ...-ын эрх ашгийг хамгаалах төрийн тус байгууллагыг тэргүүлж, эдгээр ажлын шугамаар орон нутагт түлхүү зорчдог (өөрөө мөн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан) болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.П.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний (1 нэгж=...00 төгрөг) буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хавсаргагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36...., 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А. овогт Э.ийн П.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.П.г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П.д оногдуулсан 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН