Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах, Ч ХХК /РД: 000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. хаягт байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, У /РД: 000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг даалгаж, хохиролд 1,300,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, У холбогдуулан түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг даалгаж, хохиролд 1,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2010 оноос хойш хариуцагч байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн .................нд байрлах шинэ хөргөх зоорийг түрээслэн ирсэн бөгөөд Утай 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр түрээсийн гэрээг бичгээр сунгасан. Гэтэл 2021 оны 7 сард манай компанийн түрээсэлж байгаа шинэ хөргөх зоорийг Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөхгүй байна гэж огт үндэслэлгүй шалтгаан хэлэн манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, бараа татуулахгүй, оруулахгүй болсны улмаас компани хэвийн ажиллаж чадахгүй одоогоор 1,300,000 төгрөгийн хохирол учирсан. Учирсан 1,300,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.

1.2. Баянгол дүүргийн ..................нд байрлах 128 м.кв талбайтай хөргөх зоорины үйл ажиллагаанд саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

2.1. 1,300,000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардсан боловч хохирол учирснаа, хохирлын хэмжээг нотолсон баримт гаргаж шаардаагүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.2. Нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн 1 шаардлага болох үйл ажиллагаанд саад болохгүй байхыг даалгах шаардлага нь биелэгдсэн. Цаашид гэрээг сунгахгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч ХХК-ийн дүрэм, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ТГ/19/504 тоот түрээсийн гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ТГ/20/721 түрээсийн гэрээний сунгалт, 2021.07.28-ны өдрийн мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн У хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.07.16-ны 54/009/21 тоот Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын улсын байцаагчийн албан шаардлага, У-ын хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны 2021.02.05-ны 20/35 тоот албан бичиг, ТГ/20/721 тоот түрээсийн гэрээ, 2021.08.26-ны АҮГ/21/214 тоот Ү ХХК-тай байгуулсан Ажил үйлчилгээний гэрээ, Ү ХХК-ийн 2021.09.17ны 21/17 тоот албан бичиг, 2022.02.07-ны өдрийн мэдэгдэл, 2021.12.28-ны төлбөрийн баримт, АҮГ/21/214 тоот гэрээний ажлын гүйцэтгэлийн тайлан, У-ын Хаан банкны дансны хуулга, 2021.08.26-ны АҮГ/21/214 дугаартай ажил үйлчилгээний нэмэлт гэрээ, ажил үйлчилгээний гэрээ дүгнэсэн акт, 2021.09.02-ны төлбөрийн баримт, ажлын гүйцэтгэлийн тайлан, Ч.О-ийн 2015.11.16-ны өдрийн болон 2016.02.25-ны хүсэлт, Замын 2022 оны их засварын төлөвлөгөө зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээчээр томилогдсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021.12.03-ны 02-01/3999 тоот, 2022.01.26-ны 02-02/258 тоот хариу шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2010 оноос хойш хариуцагч байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн ...............нд байрлах шинэ хөргөх зоорийг түрээслэн ирсэн бөгөөд Утай 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр түрээсийн гэрээг бичгээр сунгасан. Гэтэл 2021 оны 7 сард манай компанийн түрээсэлж байгаа шинэ хөргөх зоорийг Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөхгүй байна гэж огт үндэслэлгүй шалтгаан хэлэн манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, бараа татуулахгүй, оруулахгүй болсны улмаас компани хэвийн ажиллаж чадахгүй одоогоор 1,300,000 төгрөгийн хохирол учирсан. Учирсан 1,300,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.

2.2. Баянгол дүүргийн ...............нд байрлах 128 м.кв талбайтай хөргөх зоорины үйл ажиллагаанд саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

3.1. 1,300,000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардсан боловч хохирол учирснаа, хохирлын хэмжээг нотолсон баримт гаргаж шаардаагүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.2. Нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн 1 шаардлага болох үйл ажиллагаанд саад болохгүй байхыг аалгах шаардлага нь биелэгдсэн. Цаашид гэрээг сунгахгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрээсийн гэрээ, улсны байцаагчийн албан шаардлага, хариуцагчийн өгсөн мэдэгдэл, түрээсийн төлбөр төлсөн баримт, ажил үйлчилгээний гэрээ, тус гэрээний гүйцэтгэлийн тайлан зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2016.2.25-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулах тухай гаргасан хүсэлтийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У нь хүлээн авч, Ч ХХК-тай .............нд байрлах шинэ хөргөх зоорийг түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулжээ. Түрээсийн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдаж, жил бүр түрээсийн гэрээг сунгаж ирсэн байна.

 

6. Талууд түрээсийн гэрээг хугацаатай байгуулсан, хугацаанаас өмнө түрээсийг талбайг чөлөөлөх мэдэгдэл өгсөн талаар маргаагүй бөгөөд харин гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй, хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй гэж маргаж байна.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

8. Талуудын байгуулсан ТГ/21/417 тоот гэрээний сунгалтаар 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ТГ/20/721 дугаартай түрээсийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар сунгажээ.

Дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-т Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж зааснаар хугацаа заасан түрээсийн гэрээ байна.

 

9. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална гэж зааснаар түрээслүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдлийг түрээслэгчид 1 сарын өмнө мэдэгдэж маргаан эхэлсэн бөгөөд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан 2021 оны түрээсийн гэрээний хугацаа дуус, улмаар хариуцагчаас 2022.02.07-ны өдөр түрээсийн гэрээг 2022.02.28-ны өдрөөр дуусгавар болгох талаар мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн байна.

 

10. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У-ын Улсын байцаагчийн 2020.07.16-ны өдрийн 54/009/21 тоот албан шаардлагад ................-ийн шинэ хөргөх зоорины моторын өрөөнд аммиакийн алдагдал үүссэн, материалын агуулахад хадгалагдаж байгаа 6 баллон аммиакийг шилжүүлэх шаардлага бий болсон, химийн бодисыг хадгалж, хамгаалж байгаа байдал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйл ийн 12.1, 12.2 дахь заалтыг зөрсөн байна гэж УБ Худалдааны төвийн хөргөх цехийн моторын өрөөний дамжуулах шугамд байгаа аммиакийг мэргэжлийн байгууллагад хандан суллах, аюулгүй болгох арга хэмжээ авах, материалын агуулахад хадгалагдаж байгаа 6 баллон аммиакийг холбогдох байгууллагад шилжүүлэхийг Худалдааны албанд даалгасан байна.

Хариуцагч нь энэхүү улсын байцаагчийн албан шаардлагын дагуу аммиак султгах, шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Ү ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр АҮГ/21/214 тоот ажил үйлчилгээний гэрээ байгуулж, хийж гүйцэтгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг ажлыг хийсэн талаар маргаагүй.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгчийг түрээсийн талбайг ашиглахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл түрээсийн зүйл болох шинэ хөргөх зоорийг ашигласан байна. Түрээсийн гэрээний хугацаа 2022.02.28-ны өдөр дуусгавар болсон байх тул түүний нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох түрээсийн гэрээний хугацаанд үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг даалгуулах шаардлага биелэгдсэн байх бөгөөд түрээсийн гэрээ дуусгавар болсон байхад үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг түрээслүүлэгчид даалгахаар шаардах эрхгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Түрээсийн гэрээний үүргээ зөрчснөөс нэхэмжлэгчид 1,300,000 төгрөгийг хохирол учирсан гэж арилгуулахаар шаардсан боловч хохирол учирснаа болон учирсан хохирлын хэмжээгээ нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж оролцоогүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Иймд хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд холбогдох түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг даалгаж, хохиролд 1,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 320 дугаар зүйлийн 320.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд түрээсийн гэрээний хугацаанд үйл ажиллагаа явуулахад саад болохгүй байхыг даалгаж, хохиролд 1,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.МӨНХЦЭЦЭГ