Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1015

 

 

 

 

 

 

 

 

 

  2024         11          14                                     2024/ШЦТ/1015

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Н.Өнөбат,

шүүгдэгч А.М., түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар оролцсон эрүүгийн 24...000000234 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт А.ийн М.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг гэх, урьд:

1/ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1016 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

3/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1865 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

4/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч А.М. нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байрны гадна хэсэгт Б.А.тай “архи авч өгсөнгүй, хамт архи уусангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гадуур хүрмийн энгэр, малгай хэсгээс нь татаж, газар унагаан хүч хэрэглэж, Айфон 10 про макс загварын гар утсыг нь авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 24...000000234 дугаартай хэргээс:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-31/,

Хохирогч Б.А.ын мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Хохирогч Б.А.ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 41/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1920 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч А.М. нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байрны гадна хэсэгт Б.А.тай “архи авч өгсөнгүй, хамт архи уусангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гадуур хүрмийн энгэр, малгай хэсгээс нь татаж, газар унагаан хүч хэрэглэж, Айфон 10 про макс загварын гар утсыг нь авч 665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Оролцогч А.М.ын зургийг 4 гэж дугаарлан, бусад үл таних хүмүүсийг 1, 2, 3, 5, 6, 7, 8 гэж дугаарласан зурагнуудын хамт байршуулан таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч Б.А. нь 4 гэж дугаарласан оролцогч А.М.ын зургийг зааж “энэ хүн байна, хараад шууд таньж байна” гэв. ...Тухайн гэрэл зургуудын байрыг сольж, оролцогч А.М.ын зургийг 5 гэж дугаарлан үл таних хүмүүсийн зургийг 1, 2, 3, 5, 6, 7, 8 гэж дугаарлан хохирогч Б.А.аар заалгахад 5 гэж дугаарласан оролцогч А.М.ын зургийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч, таньж олуулах ажиллагааг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг тоглуулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй хүнсний дэлгүүрийн хойд хэсэгт хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн маск зүүсэн, хар өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн /А.М./, хар өнгийн ноосон малгай, нүдний шил зүүсэн, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн эрэгтэй /Б.А./ нар зогсож байгаа хэсгийг харуулав. ...А.М.ын араас Б.А. явж байгаа хэсгийг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-31/,

Хохирогч Б.А.ын өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байрны орц руу орох гэж байхад нэг залуу ардаас гарч ирээд, араас хоолой боогоод газар унагаасан. Тухайн үед миний куртканы гадна талын халааснаас гар утас маань газар шидэгдсэн. Намайг боож унагаасан залуу намайг газар унагаагаад миний цээжин дээгүүр гишгээд, газар шидэгдсэн Айфон 10 про макс загварын гар утсыг маань аваад зугтахад би босоод араас нь хөөх шиг болсон. Тухайн үед нэлээн согтолттой байсан учир зарим зүйлсийг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Хохирогч Б.А.ын дахин өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны 20:00 цагийн үед ажил дээрээ байх үедээ Белуга нэртэй архинаас 100 орчим грамм, Касс нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пивоноос 2 ширхэгийг уусан. Би тухайн үед согтсон байсан. Болсон асуудлыг бүрэн санаж байна. Би тэр хүнийг танихгүй. Урьд өмнө ерөөсөө харж байгаагүй. Тэр эрэгтэй хүн тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны шөнийн 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Анар” нэртэй хүнсний дэлгүүрт намайг орж байх үед миний араас орж ирсэн. Тэгээд “Анар” дэлгүүр дотор АТМ-ын хажууд утсаар яриад зогсч байх үед АТМ-ын цаад талд нь зогсож байсан бөгөөд “хоёулаа цуг ганц юм авчихъя” гэж хэлэхээр нь би “би чам шиг юмтай архи уудаггүй юм аа” гэж хэлсэн. Тэгээд надаас хэрүүл өдөж байгаад цаашаа дэлгүүрийн архины хэсэг рүү орсон. Лангуун дээрээс архи аваад, худалдагчийн текэн дээр тавиад “тооцоо хийчих, хоёулаа гараад уучихъя, пизда” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь “цаашаагаа алга бол доо, пизда минь” гэж хэлээд “Анар” дэлгүүрээс гараад, утсаар ярьж дуусгаад, өөрийнхөө Айфон 10 про макс загварын гар утсыг тухайн үед өмссөн байсан хар өнгийн куртканы гадна зүүн талын халаасанд хийгээд, гэр лүүгээ орох гээд орц руугаа алхаад явж байх үед тэр эрэгтэй миний ардаас дуудаад байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод, хоргоогоод байсан. Би орц руугаа орох гээд “чи зүгээр явчих аа” гэж хэлээд ...-р байрны орцны хаалга руу хараад зогсч байх үед тэр эрэгтэй миний тухайн үед өмссөн байсан куртка, цамцны урд энгэрээс нь бариад намайг хойш нь өөр лүүгээ татаж унагаасан. Тэр үед куртканы зүүн талын халаасанд хийсэн байсан Айфон 10 про макс загварын гар утас газар унасан. Тэгээд тэр эрэгтэй шууд миний Айфон 10 про макс загварын гар утсыг аваад “Анар” дэлгүүрийн тийшээ зугтаад явчихсан. Би тэр эрэгтэй хүний ардаас нь хөөсөн бөгөөд тухайн үед зогсоолд байрлуулсан байсан машинуудыг тойроод гүйгээд байсан. Тэгээд тэр эрэгтэй хүн алга болчихсон. Миний гар утсыг газар унахад нь аваад зугтаачихсан. Би араас нь хөөж байхдаа “миний утсыг өгчих өө, тэгээд зүгээр явчих” гэж хэлсэн боловч тэр эрэгтэй зогсохгүй гүйгээд явчихсан. Би тэгээд гэртээ орж ирээд өөрийнхөө банкны дансыг хаалгасан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй, орой болсон байсан, дээрээс нь би өөрөө согтуу байсан болохоор унтаад, маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад хандахаар болсон. Тэр эрэгтэй нь 30 орчим настай, 167-168 см орчим өндөртэй, бор царайтай, хамрынхаа хэсэгт сэтэрсэн, зүсэгдсэн юм шиг сорвитой хүн байсан. Тухайн үед гадна талдаа хар өнгөтэй, дотор хэсэгтээ саарал өнгөтэй юүдэнтэй цамц, хар өнгийн өмд өмссөн байсан. Би дахин харвал танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 10 про макс загварын гар утсыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 665.000 төгрөгөөр үнэлэв.” гэх тайлан /хх-ийн 50/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл А.М. нь үл таних хүнийг архи ууя гэж ятгаж, улмаар уухгүй гэхэд нь маргаан үүсгэж, хохирогчийг татаж унагаах явцад газар унасан iPhone 10 pro max загварын гар утсыг нь авч зугтаасан болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Дээрэмдэх гэмт хэрэгт гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “өмчлөх” эрхийг зөрчиж буюу хүний өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч А.М. нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосон атлаа тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.А.т хохирол учруулсан гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Иймд шүүх шүүгдэгч А.М.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар iPhone 10 pro max загварын гар утсыг 665.000 төгрөгөөр үнэлж, шүүгдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.А.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд 748.000 төгрөгийг шилжүүлж, хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч А.М.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч А.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, А.М.ын өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг тусад нь эдлүүлэх” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.М. нь боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дарь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан журмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

А.М. нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар (цагдан хоригдсон хугацааг хасаж тооцсон) шийтгэгдэж, уг ялыг биелүүлээгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.М.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор А.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн А.М.ын нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар тогтоох нь хуульд нийцнэ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн боловч тухайн ялыг биелүүлэхээс зайлсхийсэн гэх нөхцөл байдал тодорхойлогдож байх тул ялуудыг тусад нь эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 29 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт А.ийн М.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М.ыг  1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан А.М.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор А.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн А.М.ын нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.М.д оногдуулсан 1 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.М.ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН