Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/01363

 

 

 

 

 

 

        

      2022 оны 05 сарын 04 өдөр

              Дугаар 183/ШШ2022/01363

                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Г овогтой, Ч.А-д  холбогдох,

           

           Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 533.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

(Шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.) 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ч.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 533.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Э” ХХК, Ч.А нар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 15-0001023 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр Ч.А нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 123 байр, 2 давхарт 300-1 тоотод байршилтай, 520 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.500.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Хариуцагч Ч.А нь одоогийн байдлаар нийт 510.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь 350.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд төлөх төлбөрийн үлдэгдэл 350.000.000 төгрөг, гэрээний 2.1, 3.1-д зааснаар алдангид 183.000.000 төгрөг, нийт 533.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ч.А миний бие цэцэрлэг байгуулах байр хайж яваад “Э” ХХК-ийн борлуулагчтай уулзсан. Ингээд байгууллагын хувь лизингээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 123 байр, 2 давхарт 300-1 тоотод байршилтай, 520 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.500.000.000 төгрөгөөр худалдан авах санал тавьсныг би зөвшөөрсөн. Ингээд урьдчилгаа 300.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр 20.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон. “Э” ХХК нь уг үйлчилгээний зориулалттай талбайн хана, шал, салхивч, агааржуулагч зэргийг нэг сарын дотор хийж өгнө гэсэн боловч шалны плита нааж өгснөөс өөр ажил хийж өгөөгүй. Ингээд би арга буюу зээл авч, бүх тохижилтыг өөрөө хийсэн. Гэвч 2020 оны 01 дүгээр сараас Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоосны улмаас орлогогүй болж, гэрээнд зааснаар төлбөрийг төлөх боломжгүй болсон. Энэ талаар тухай бүр “Э” ХХК-д хандаж, хүсэлт гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК нь ковид-19 тахлын улмаас төлж чадаагүй төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй боломжгүй байна. 2021 оны 11 дүгээр сараас цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн тул би сар бүр 10 сая төгрөгийн төлбөрийг төлж байгаа. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.   

 

3. Нэхэмжлэгчээс Ч.А-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15-0001023 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “Э” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн баримтуудыг, хариуцагчаас Ч.А-ийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хүсэлт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүсэлт, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хүсэлт, фото зураг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 533.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

           

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Э” ХХК, Ч.А нар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 15-0001023 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр Ч.А нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 123 байр, 2 давхарт 300-1 тоотод байршилтай, 520 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.500.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Хариуцагч Ч.А нь одоогийн байдлаар нийт 510.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь 350.000.000 төгрөгийг төлөөгүй тул 350.000.000 төгрөг, алдангид 183.000.000 төгрөг, нийт 533.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Үүнд: Ч.А би “Э” ХХК-иас лизингээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 123 байр, 2 давхарт 300-1 тоотод байршилтай, 520 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.500.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд урьдчилгаа 300.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр 20.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирч, төлбөрийг цаг тухайд нь төлж байсан боловч 2020 оны 01 дүгээр сараас Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоож, орлогогүй болж, гэрээнд зааснаар төлбөрийг төлөх боломжгүй болсон. Энэ талаар тухай бүр “Э” ХХК-д хандаж, хүсэлт гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгч “Э” ХХК нь ковид-19 тахлын улмаас төлж чадаагүй төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ч.А-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15-0001023 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “Э” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай, Ч.А-ийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хүсэлт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүсэлт, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хүсэлт, фото зураг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. “Э” ХХК, Ч.А нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 15-0001023 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 123 дугаар байр, 2-300-1 тоотод байршилтай, 520 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг (баригдаж дуусаж байсан барилга) 2019 оны 3 улиралд захиалагч Ч.А-д хүлээлгэн өгөх, захиалагч Ч.А нь 1 м.кв талбайг 2.884.615,3 төгрөгөөр тооцон нийт 1.500.000.000 төгрөгийн 300.000.000 төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэх 1.200.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 20.000.000 төгрөг төлж барагдуулна гэж тохиролцсон талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу “Э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр 123 дугаар байр, 2-300-1 тоотод байршилтай, 520 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.А-д шилжүүлсэн, Ч.А нь урьдчилгаа 300.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 1.200.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулах хуваарийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд (28 сарын төлбөрт нэг сарыг 20.000.000 төгрөгөөр тооцон) 560.000.000 төгрөг төлөхөөс 210.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 350.000.000 төгрөгийг хариуцагч Ч.А-ээс гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д “захиалагч төлбөр төлөх хуваарийн дагуу дурдсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь алдангид 183.000.000 төгрөгийг хариуцагч Ч.А-ээс шаардах эрхтэй хэдий боловч Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоож, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан иргэд, аж ахуй нэгж байгууллага санхүүгийн хүндрэлд орсон нь нийтэд илэрхий үйл баримт тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “...алдангид 183.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.А-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд (2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны төлбөрт 28 сарыг 20.000.000 төгрөгөөр тооцон) 350.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 183.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 2.823.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.907.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.А-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 350.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 183.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 2.823.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.907.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.СЭМЖИД