Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 180

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Н.Дамбадаржаа,

хохирогч: О.Гантуяа, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн /2171/

шүүгдэгч: Д.Бямбагэрэл,

шүүгдэгч: Э.Үнэнбат, тэдний өмгөөлөгч М.Түмэннаст /2403/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашнямын Бямбагэрэл, Сартуул овогт Энхбатын Үнэнбат нарт холбогдох эрүүгийн 2016 2602 2473 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр бааз, 4 дүгээр байр, 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ 92070471, Боржигон овогт Дашнямын Бямбагэрэл,

 

Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа нүүрс зардаг, ам бүл 6, аав, ээж, хоёр дүү, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 цэргийн анги, 1 гудамж 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК 91050150, Сартуул овогт Энхбатын Үнэнбат.

 

Шүүгдэгч Д.Бямбагэрэл нь шунахай сэдэлттэйгээр өөрийн өрийг барагдуулах зорилгоор Э.Үнэнбаттай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кеш энд мани” ХХК-ийн авто ломбардад хохирогч О.Гантуяагийн эзэмшлийн 14-87 УБО улсын дугаартай, “Тоёота приус-30” маркийн автомашиныг буцаан авч өгнө гэж 1 сарын хугацаатай барьцаанд тавиулж, “БНХАУлс руу чонын арьс гаргаж худалдана” гэж хууран мэхэлж, итгүүлэн 4 200 000 төгрөгийг залилан мэхэлж авч хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Үнэнбат нь шунахай сэдэлттэйгээр Д.Бямбагэрэлтэй бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кеш энд мани” ХХК-ийн авто ломбарданд хохирогч О.Гантуяагийн эзэмшлийн 14-87 УБО улсын дугаартай, “Тоёота приус-30” маркийн автомашиныг 1 сарын хугацаатай барьцаанд тавиулахыг ятгаж, Д.Бямбагэрэлийг БНХАУлс руу чонын арьс гаргаж худалдана гэж хууран мэхэлж, итгүүлэн 4 200 000 төгрөгийг залилан мэхэлж авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Бямбагэрэл мэдүүлэхдээ:

Би эхлээд О.Гантуяагаас “мөнгө байна уу” гэж асуухад байхгүй гэсэн. Би хэд хэдэн удаа гуйгаад мөнгө зээлүүлбэл хүүнд 3 000 000 төгрөг өгнө гэж хэлсэн юм. Би О.Гантуяагаас автомашин нь өөрийнх нэр дээр байдаг эсэхийг асууж, машинаа ломбардад барьцаанд тавьж, зээл авч өгөөч гэж гуйсан. Би Э.Үнэнбаттай сайн найз болохоор түүнд мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлсэн. Тэгээд тэр бид хоёр О.Гантуяа дээр очиж, би ганцаараа түүнтэй уулзаж, мөнгө зээлээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед О.Гантуяад юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан тул “чонын арьс БНХАУ руу гаргаж зарна” гэж худал хэлсэн. Гэхдээ би чонын арьс БНХАУ руу гаргаж зараагүй юм. “Надад мөнгө зээлдүүл” гэж би түүнийг Э.Үнэнбатаар ятгуулаагүй, зүгээр мөнгө зээлье гэдгээ л хэлсэн. Зээл авах үед хамтран зээлдэгчээр Э.Үнэнбат байсан. Дараа нь О.Гантуяа намайг хамтран зээлдэгчээр ор гээд байхаар нь би бас хамтран зээлдэгч болсон. О.Гантуяагийн ломбардаас зээлсэн 4 200 000 төгрөгийг би авсан. Би өдөр нь ажил хийгээд, шөнө нь такси үйлчилгээнд явж, гайгүй мөнгө олдог байсан бөгөөд 6 сарын хугацаатай зээл авсан тул зээлээ төлж, О.Гантуяагийн машиныг ломбардаас авч чадна гэж бодож байсан. Би сард 650 000 төгрөг төлдөг жижиг машиныг хувь хүнээс зээлээр авч, мөнгөө төлж байтал нөгөө хүн маань намайг төлбөрөө 4 хоногоор хоцрооход машинаа надаас авч, намайг хохироосон. Одоогоор ямар ч орлогогүй тул хохирол төлж чадаагүй юм. Э.Үнэнбат надтай үгсэн тохиролцоогүй, тэр мөнгөнөөс аваагүй. Тухайн үед хүмүүс надаас өрөө нэхээд байхаар нь дарамтанд орсон байсан болохоор О.Гантуяад худал хэлж мөнгө авсан нь үнэн. Ломбардаас авсан мөнгөөр өрөө дарсан. Би “Хондо сивик” машиныг төлбөотөө О.Гантуяад өгч, нэр дээр шилжүүлсэн. Тэр уг машиныг 1 500 000 төгрөгөөр зарсан гэсэн. Ахынхаа газрыг төлбөртөө өгөх гэтэл өөр хүн хууль бусаар газрын гэрчилгээ авсан асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болсноос  төлбөр төлөх явдал удааширч байна.  Би 1 удаа авто ломбардад 500 000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу. Би О.Гантуяад хохирол төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Үнэнбат мэдүүлэхдээ:

Би О.Гантуяаг машинаа авто ломбардад тавиач гэж ятгаагүй. Манай найз Д.Бямбагэрэл надад “БНХАУ руу чонын арьс гаргаж зарна, мөнгө зээлдүүлбэл хүүнд нь 3 000 000 төгрөг өгнө” гэсэн тул түүнд нь итгэж, энэ талаар О.Гантуяад хэлсэн. Тэр үед О.Гантуяа бид хоёр зочид буудал түрээслэн ажиллуулахаар түүний эцэг, эхээс 4 500 000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд Д.Бямбагэрэлд мөнгө зээлүүлбэл хүүнд нь өгөх 3 000 000 төгрөгөөр өрөө төлнө гэж бодсон. Анх авто ломбардад зээлийн гэрээ байгуулахад О.Гантуяатай хамт би хамтран зээлдэгч болсон. Би Бямбагэрэлийг мөнгө аваад алга болно гэж бодоогүй учраас хамтран зээлдэгч болсон. Би Д.Бямбагэрэлийн ломбардаас авсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, энэ хэрэгт оролцоогүй. О.Гантуяа, Д.Бямбагэрэл нарыг 1 удаа л уулзуулсан. Би О.Гантуяагийн аав, ээжээс авсан мөнгөө төлсөн. Д.Бямбагэрэл зээлсэн мөнгөө өрөндөө өгснийг О.Гантуяа бид 2 мэдэж байсан. Гэхдээ би Д.Бямбагэрэлийг үлдсэн мөнгөөрөө юм хийх байх гэж бодсон юм. О.Гантуяа намайг “ломбардын хүү төл” гэж утсаар ярихаар нь гар утсаа ломбардад тавьж, мөнгө зээлж, 1 удаа 380 000 төгрөг төлсөн. Би ажил хийж хохирлоос тодорхой хэмжээгээр төлөлцөх боломжтой болсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Гантуяа мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Э.Үнэнбаттай хамт зочид буудал ажиллуулахаар ааваас нууж, ээжээс мөнгө зээлсэн. Тэр орой Э.Үнэнбат, Д.Бямбагэрэл нар надаас мөнгө асууж, ирэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Би ээжээсээ 4 500 000 төгрөг зээлсэн байж дахиад машинаа барьцаанд тавьж найзад нь мөнгө зээлүүлнэ гэхээр сэжиглэж эхэлсэн. Маргааш нь Д.Бямбагэрэл надаас “машинаа тавих уу” гэхэд нь үгүй гэж татгалзсан. Гэтэл Э.Үнэнбат надад “3 000 000 төгрөгийн ашигтай юм байна, Д.Бямбагэрэл 1 сарын дараа машиныг чинь ломбардаас аваад өгөх юм байназээл аваад өгөөч” гэж хэлсэн. Д.Бямбагэрэл надад би чонын арьс зарна, 1 сарын дотор машиныг чинь авч өгнө гэж хэлээд мөнгө авсан. 3 дугаар сарын 07-ны өдөр Э.Үнэнбат бид 2 зочид буудал ажиллуулсан. Мөн тэр өдрөө машинаа авто ломбардад барьцаанд тавьж, 4 200 000 төгрөг зээлсэн. Эхлээд Э.Үнэнбат хамтран зээлдэгчээр орсон. Энэ хүмүүс зээл төлөөгүй. Надад зээлээ бүгдийг төлөөд машинаа авах мөнгө байгаагүй. Сүүлдээ зээлийн гэрээг сунгуулан Д.Бямбагэрэлийг хамтран зээлдэгчээр оруулсан. Би Э.Үнэнбаттай үерхэж дотно байсан тул түүнд итгэж байсан ба “танай найз алга болчихвол яах вэ” гэхэд “манай найз тэгэх хүүхэд биш” гэж хэлж байсан. Бямбагэрэл надтай өөрөө уулзаагүй. Манай ээжээс зээлсэн 4 500 000 төгрөгөөс Э.Үнэнбат 1 000 000 төгрөгийг дутуу төлсөн. Би түүнд “ломбардын хугацаа дууслаа, мөнгөө төлөөч” гэхэд “Д.Бямбагэрэлээр төлүүл” гэж хэлж байсан. 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлээ төлөхгүй бол машиныг чинь  журамлана гэсэн мэдэгдэх хуудас надад ирсэн тул Э.Үнэнбатаас машиныг маань хураах гээд байна гээд тусламж гуйхад тэр “I Phone 6” маркийн гар утсаа ломбардад тавьж, алданги, хүү төлсөн. 5 дугаар сарын 02-ны өдөр дахин авто ломбардаас залгахад би 750 000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 480 000 төгрөг төлсөн. 5 дугаар сарын 17-ны өдөр Д.Бямбагэрэлтэй уулзаад 6 сар хүртэл зээлээ төлөөрэй гэхэд “за одооноос эхлээд төлж эхэлнэ” гэж хэлж байсан. Гэтэл 8 дугаар 02-ны өдөр дахин мэдэгдэх хуудас гэрийн хаягаар ирсэн. Тухайн үед Бямбагэрэлтэй холбогдож гуйж, уурлаж үзсэн. Тухайн үед надад мөнгөгүй байна гэж хэлдэг байсан. Ингээд 9 дүгээр сарын 08-ны өдөр 3 530 440 төгрөг төлж, машинаа зээлээс чөлөөлсөн. Би нийтдээ 5 688 140 төгрөг төлж, машинаа барьцаанаас гарган авсан. Ломбардад Д.Бямбагэрэл 500 000 төгрөг төлсөн гэх боловч би мэдээгүй. Д.Бямбагэрэл надад “Хонда сивик” маркийн машин хохиролд өгснийг 1 500 000 төгрөгөөр зарснаас 300 000 төгрөгийг торгууль болон нэр шилжүүлэлтэд зарцуулж, 1 200 000 төгрөг авсан. Энэ мөнгийг хохирол төлбөрөөс хасагдана. Би одоо 4 688 140 төгрөгийг Д.Бямбагэрэлээс авна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Алтансүх мэдүүлэхдээ:

“...Гантуяа, Үнэнбат нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай БГД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах авто ломбардад О.Гантуяагийн эзэмшлийн 14-87 УБО улсын дугаартай, цагаан өнгийн “Приус 30” маркийн автомашиныг 8 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй 4 200 000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Уг хүмүүс 4 200 000 төгрөгийг 8 тэнцүү хуваагаад хүүтэйгээ төлж байхаар эргэн төлөлтийн хуваарь хийлгэн ба сар болгоны 07-ны өдөр төлж байхаар заасан боловч сар болгон хугацаа хэтрүүлэн мөнгө төлдөг байж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлээ бүрэн хааж, автомашинаа чөлөөлж авсан юм. Уг автомашиныг авахын тулд хүмүүс нь хүү алданги нийлээд 6 034 569 төгрөгийг төлсөн ба О.Гантуяа төлөлт хийсэн юм. Үнэнбат, Гантуяа хоёр анх манайхаас хамтран зээлдэгч болж зээл авчихаад сүүлд нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулан хамтран зээлдэгчээр Бямбагэрэл гэх хүнийг оруулсан юм гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Н.Цэрэнсодном мэдүүлэхдээ:

            ...Бямбагэрэл бид хоёр хамтран амьдраад 2 жил болж байна, бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Бямбагэрэл 2015 оны 12 дугаар сард байх хувь хүнээс өдрийн төлөлттэй “Приус-20” маркийн автомашиныг лизингээр авсан байсан юм. Тэгээд тэрнийхээ мөнгийг өгөх гээд сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 2016 оны 2 дугаар сард 2 000 000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд Бямбагэрэл хүнээс зээлсэн мөнгөө төлж чадахгүй болоод Үнэнбатын найз охин Гантуяагийн “Приус-30” маркийн машиныг ломбарданд тавиулаад өрөө төлсөн юм. Гантуяагийн машиныг Бямбагэрэл яг юу гэж хэлж ломбарданд тавиулсан талаар нь би мэдэхгүй байна. Бямбагэрэл БНХАУ руу чонын арьс гаргаж зарж байгаагүй. Гантуяагаас авсан бүх мөнгөө өрөндөө өгөөд дуусгасан юм гэжээ. (хэргийн 19, 20, 76 дугаар хуудас)

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Д.Бямбацогт мэдүүлэхдээ:

            Бямбагэрэл нь миний төрсөн дүү байгаа юм. Би энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Нэмж хэлэхэд Бямбагэрэлийн бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлөх тал дээр туслах болно гэжээ. (хэргийн 21, 22 дугаар хуудас)

           

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Бямбагэрэл ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

Э.Үнэнбат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бямбагэрэлийг шунахай сэдэлтээр, өөрийн өрийг барагдуулах зорилгоор Э.Үнэнбаттай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кеш энд мани” ХХК-ийн авто ломбардад хохирогч О.Гантуяагийн эзэмшлийн 14-87 УБО улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашиныг буцаан авч өгнө гэж 1 сарын хугацаатай барьцаанд тавиулж, БНХАУлс руу чонын арьс гаргаж худалдана гэж хууран мэхэлж итгүүлэн 4 200 000 төгрөгийг залилан мэхэлж авч, хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Үнэнбатыг  нь шунахай сэдэлтээр Д.Бямбагэрэлтэй бүлэглэн 2016 оны 3 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кеш энд мани” ХХК-ийн авто ломбардад хохирогч О.Гантуяагийн эзэмшлийн 14-87 УБО улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашиныг 1 сарын хугацаатай барьцаанд тавиулахыг ятгаж, Д.Бямбагэрэлийг БНХАУлс руу чонын арьс гаргаж худалдана гэж хууран мэхэлж итгүүлэн 4 200 000 төгрөгийг залилан мэхэлж авч хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

 

О.Гантуяа, Э.Үнэнбат нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Кэш энд мани” ХХК-иас 4 200 000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр ЗГ-У-16/578 тоот гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 14-87 УБО улсын дугаартай, “Тоёото приус 30” маркийн машиныг тус компанийн өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан нь зээлийн болон фидуцийн гэрээгээр тус тус нотлогдож байна.  

 

Дээрх гэрээний үүргийг хамтран зээлдэгч Э.Үнэнбат биелүүлэх үүрэгтэй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас”,

148.2-т “Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус заажээ.

Э.Үнэнбат нь хохирогч О.Гантуяаг өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаанд тавиулан, ломбардаас мөнгө зээлүүлэн, зээлсэн мөнгөө Д.Бямбагэрэлд өг гэж хохирогчийг ятгасан, уг зээлсэн мөнгөнөөс өөртөө ашиг олж авах зэргээр дээрх зүйлд заасан гэмт хэрэгт бүлэглэж оролцсон нь нотлох баримтаар нотлогдоогүй, О.Гантуяагийн авто ломбардаас зээлсэн мөнгийг өөртөө авах шунахай сэдэлт, субьектив санаа зорилго байхгүй тул түүнийг Д.Бямбагэрэлтэй бүлэглэн бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Э.Үнэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин шүүгдэгч Д.Бямбагэрэл нь бусдад төлөх өөрийн өрийг төлөхийн тулд О.Гантуяад “БНХАУлс руу чонын арьс гаргаж худалдаад мөнгийг чинь буцаан өгнө, дээрээс нь 3 000 000 төгрөг өгнө гэж хуурч мэхлэн, түүний эзэмшлийн 14-87 УБО улсын дугаартай, “Тоёота приус 30” маркийн автомашиныг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Кеш энд мани” ХХК-ийн авто ломбардад барьцаанд тавиулж, 4 200 000 төгрөг зээлүүлэн авахуулж, уг мөнгийг залилан мэхэлж авч, бага бус хэмжэний хохирол учруулсан нь хохирогч О.Гантуяагийн мэдүүлэг, гэрч Б.Алтансүх, Н.Цэрэнсодном, Д.Бямбацогт нарын мэдүүлэг, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, хугацаа сунгалт, барьцаат зээлийн гэрээ, баталгаа, зээл төлсөн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бямбагэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэн, уг зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан тул Д.Бямбагэрэлийн үйлдсэн  хөнгөн гэмт хэргийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өнгөрсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

О.Гантуяа нь Д.Бямбагэрэлээс 4 688 140 төгрөгийг нэхэмжилж байгааг  бүрэн гаргуулах боломжгүй байна. Учир нь Д.Бямбагэрлийн үйлдлийн улмаас  хохирогчид 4 200 000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд Д.Бямбагэрэл “Хондо сивик” маркийн автомашиныг хохирогчид өгсөн, тэр уг машиныг 1500 000 төгрөгөөр бусдад зарж, хохирлын төлбөрт тооцон авсан байх тул үлдэгдэл 2 700 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй,

 

О.Гантуяа нь өөрт хохирол учирсан гэж үзвэл ЗГ-У-16/578 тоот зээлийн гэрээний дагуу буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.