Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ Н****** *********** ************” ХХК

Хариуцагч:   Монгол Улсын Сангийн яам хоорондын, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц**********, Ч.С**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г****, Б.С******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ Н****** *********** ************” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан “Нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан үзэхээс татгалзсан тухай Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах”-аар маргаж байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Нэхэмжлэгч “ Н****** *********** ************” ХХК нь “Э*********** ******” ХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлттэй зарласан ЭТТ/*********дугаартай “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендер шалгаруулалтад оролцсон,

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Г***** банк” төлбөрийн баталгаа гаргасан,

“Э*********** ******” ХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 12/2750 дугаар албан бичгээр  “Н****** *********** ************” ХХК болон “Т***** ********”-ийн түншлэлд хандан “...гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснийг” болон “мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх шаардлагатай бөгөөд ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэж мэдэгдсэн, 

Захиалагч “Э*********** ******” ХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12/187 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Г***** банк”-д хандан “...тендер шалгаруулалтад “Н****** *********** ************” ХХК болон “Т***** ********” компаниудын түншлэл оролцсон бөгөөд уг түншлэл 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9,564,478,661 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлсэн...тендерийн хүчинтэй байх хуулийн хугацаанд багтаан гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй тул тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Иймд ... 9,564,478,661 төгрөгийг улсын орлого болгохыг” мэдэгдсэн, 

“Э*********** ******” ХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12/188 дугаар албан бичгээр “ Н****** *********** ************” ХХК болон “Т***** ******** компаниудын түншлэлд “Тендерээс татгалзах тухай”, “...Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендер шалгаруулалтын баримт бичгийн Тусгай нөхцөлийн 13.3.2-т “Гүйцэтгэлийн баталгааг Монгол Улсын арилжааны банкаар дамжуулж захиалагчид хүргүүлнэ” гэж заасан. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах мэдэгдлийг хүчингүй болгож танай ирүүлсэн тендерээс татгалзсан болохыг” мэдэгдсэн,

Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргасан боловч Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 6-1/808 дугаар албан бичгээр “...Дээрх тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр... дуусч, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай албан бичигт дурдсан асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн,

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.С**********аас “Гомдол эцэслэн шийдвэрлүүлэх тухай” гомдлыг Сангийн яаманд хандахад тус Яамнаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 6-1/1132 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “ Н****** *********** ************” ХХК-д хандан “...Э***** ********” ХК-д хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” хариу өгсөн,

Монгол Улсын Сангийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 6-1/1350 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.С**********т хандан “...“ Н****** *********** ************” ХХК-иас дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан ирүүлсэн албан бичгүүдтэй танилцаж тус яамнаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 тоот албан бичгээр “...тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа дуусч, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай албан бичигт дурдсан асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй”, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/1132 тоот албан бичгээр “..тендерийн баталгааг улсын орлого болгохтой холбоотой асуудлыг “Э***** ********” ХК-д хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн” гэж мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдов.

3. Нэхэмжлэгч “ Н****** *********** ************” ХХК-иас Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “1/ Захиалагч “Э***** ********" ХК (цаашид "Захиалагч" гэх)-с гаргасан "Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ байгуулах ажлын хэсгийн хурлын төлөвлөгөө”-ний дагуу гэрээний нөхцөл, гүйцэтгэлийн баталгааны талаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн талуудын хооронд уулзалт эхэлсэн.

Уулзалтын үед зарим асуудлуудыг талууд харилцан тохиролцоход ойлголтын зөрүү гарч, эцэслэн шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байсан боловч Захиалагч хэлэлцээрийг үргэлжлүүлэхээс татгалзаж, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр хэлэлцээрийг нэг талын санаачилгаар дуусгавар болгосон.

Ингэснээр Захиалагчаас тендерт оролцогчийн баталгаа гаргах банкны хүсэлтийн дагуу “Гүйцэтгэлийн баталгааны маягт”-г хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тул гүйцэтгэлийн баталгааны эх хувийг ирүүлэх тухай цахим шууданг 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 17:05 минутад, “тендерийн баримт бичиг, ажлын даалгаварт нийцүүлсэн гэх Монгол хэл дээрх EPC гэрээ болон түүний хавсралтуудын эцсийн төслийг баталгаажуулан ирүүлэх тухай” цахим шууданг 2022 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 19:38 минутад болон мөн сарын 28-ний өдийн 09:22 минутад тус тус ирүүлсэн.

Тендерийн баримт бичгийн Гэрээний тусгай нөхцөлийн 13.2.2-т “Гүйцэтгэлийн баталгаа нь буцаан үл дуудагдах, нөхцөлт бус “Банкны баталгаа" хэлбэртэй байна. (Хавсралтад заасан загварын дагуу гаргана). Гүйцэтгэлийн баталгаа гаргах банк нь олон улсад нэр хүнд бүхий, харьяалагдах улсдаа банкны уйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Захиалагч урьдчилан зөвшөөрсөн олон улсын банк байна. Гүйцэтгэлийн баталгааг Монгол Улсын арилжааны банкаар дамжуулж захиалагчид хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Иймд гүйцэтгэлийн баталгааг Монгол Улсын арилжааны банкаар дамжуулан гаргахад ажлын 3-5 хоног шаардлагатай болдог атал захиалагчаас гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх тухай мэдэгдлийг хугацаа хоцроож өгсний улмаас бид цахим шууданд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа гаргах боломжгүй болсон тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан.

Гэвч Сангийн яам бидний гомдлыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэхээс үндэслэлгүй татгалзаж тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа дуусч, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай албан бичигт дурдсан асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй байна" гэсэн хариуг өгсөн.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д "Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.", мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байдаг.

Сангийн яам гомдлыг хүлээн авсан тохиолдолд гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж зохих хариуг өгөх ёстой. Гомдлыг зохих ёсоор хянан шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгчийн тендерийн баталгаа болох 9,564,478,661 (есөн тэрбум таван зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун далан найман мянга зургаан зуун жаран нэг)-н төгрөг улсын орлого болж байна.

2/ Гомдлыг төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн тохиолдолд гомдол үндэслэлгүй бол мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-т заасны дагуу тендерийн баталгаанаас 20,000,000 (хорин сая) төгрөгийг улсын орлогод болгох боломжтой. Гэтэл Сангийн яам бидний гаргасан гомдлыг "гомдол" гэж хүлээн авахгүйгээр зүгээр албан бичиг" гэж үзэж хариу өгсөн нь гомдлыг зохих ёсоор хянан шийдвэрлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагч Сангийн яам нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр хараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэхгүй байх тул Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 6-1/808 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж хуульчилсан байна.

Энэ хуулийн зохицуулалт хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн. Эхлээд тендерт оролцогч мөн эсэхийг шалгана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч бол тендерт оролцогч мөн юм.

 “Э***** ********” ХК-аас зарласан тендерт оролцож байгаа хуулийн этгээд юм. Тийм учраас тендерт оролцогч гэдэг нэр томьёонд бид хамаарч байна.

Тендерийн захиалагч нь “Э***** ********” ХК мөн үү гэдгийг мөн хуулийн 4.1-д заасны шалгавал хамаарч байгаа.

Захиалагчийн шийдвэр гэдэгт нь бид нарын дурдаад байгаа “Э***** ********” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12/188 дугаартай шийдвэр хамаарна гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-т тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.

Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно гэж заасан.

Өөрөөр хэлбэл тендерийн баталгааг улсын орлого болгох үндэслэлийг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7-д заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7.2-д захиалагч нь тендерээс татгалзах шийдвэр нь өөрөө тендерийн баталгааг улсын орлого болгох нөхцөл нь болж байгаа юм.

Нэгэнт тендерээс татгалзаж байгаа тэр шийдвэр нь өөрөө энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан захиалагчийн шийдвэр гэдэгт хамаарч байгаа. Тийм учраас бид энэ захиалагчийн шийдвэр буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/188 дугаартай албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан захиалагчийн шийдвэр гэдэгт хамаарна гэж үзэж байна. Шийдвэрийг эс зөвшөөрвөл төрийн захиргааны байгууллагад 5 өдрийн дотор гомдол гаргана гэж заасан байгаа.

2/ Гомдол хянан шийдвэрлэх асуудлыг хуульд заасны дагуу дэлгэрүүлээд Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр дугаартай "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам" гэж баталсан. Энэ журам нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын санд бүртгэлтэй байгаа. Журамд хугацааг нь хэзээнээс яаж тоолохыг нь тодорхой зааж өгсөн байгаа. Журмын 4.1-т ..тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийн эх хувийг хэзээ хүлээн авснаас үл хамааран шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно гэж заасан.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацааг шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно гэж энэ журмаар тодорхойлж өгсөн байна.

Захиалагч буюу “Э***** ********” ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/188 дугаартай шийдвэрээ www.tender.gov.mn сайтад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан байдаг.

Тэгэхээр бид нар гомдол гаргах хугацааг 02 дугаар сарын 08-ны өдрөөс 5 хоногоо тоолж эхэлнэ гэсэн үг юм. Нэхэмжлэгчийн гомдол бол 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс хойш 3 хоногийн дараа гаргасан байгаа гэдэг нь харагдаж байна.

Тэгэхээр хуульд заасан хугацаандаа бид нар гомдлоо гаргажээ. Энэ журмыг цааш нь үзэх юм бол ямар тохиолдолд энэ гомдлыг хүлээж авахгүй байх, хэлэлцэхгүй байх боломжтой вэ гэдгийг энэ журмаар зохицуулсан байдаг.

Тендерийн баталгааны хугацаа дуусгавар болсон гомдлыг буцаадаг. Манай тохиолдолд гэвэл нэхэмжлэгчийн гаргасан тендерийн баталгаа нь өөрөө анхны хугацаагаараа 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор дараа нь нэмэлт өөрчлөлтөөр 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааг нь сунгасан. Аль ч хугацааг нь аваад үзэхэд тендерийн баталгааны хүчинтэй хугацаанд гомдол гаргасан.

Тэгэхээр Сангийн яам энэ гомдлыг хүлээн авахаас татгалзах, буцаах үндэслэл бол энэ журмаар тодорхойлогдохгүй байна. Манайхаас гомдлын шаардлагыг хангаад холбогдох бүх бичиг баримтуудыг бүрдүүлээд өгтөл Сангийн яам тус гомдлыг албан бичиг гэж үзсэн.

Ийм учраас бид Сангийн яамны хариу нь эс үйлдэхүйн илэрхийлэл гэж харж байгаа. Хэрвээ бидний гомдлыг хүлээн аваад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хянан шийдвэрлээд үндэслэлтэй, үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргаад шийдчихсэн байсан бол бид нар өнөөдөр тендерийн баталгаа болох 9 тэрбум төгрөгөөр хохирохгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл, Захиалагч тендерийн баталгаанд 9 тэрбум төгрөгийг улсын орлого болгоно гээд шийдчихсэн, хэрвээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-т тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.

Иймд бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г**** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ “...тухайн тендер шалгаруулалтад "Н****** *********** ************”" ХХК нь шалгарсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Хууль)-ийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг болон дээрх тендер шалгаруулалтын тендерийн баримт бичигт зааснаар захиалагч гэрээ байгуулах эрх авсан " Н****** *********** ************" ХХК-аас гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардсан боловч " Н****** *********** ************" ХХК нь тухайн гүйцэтгэлийн баталгааг гаргаж захиалагчид ирүүлээгүй байна.

Хуулийн дагуу тендерт оролцогч нь тендер шалгаруулалтад оролцохдоо Тендерийн баримт бичгээр тодорхойлсон гэрээний нөхцөл, тендер шалгаруулалт зохион байгуулах дүрэм, журмыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тендер ирүүлэх бөгөөд энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болох тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т заасны дагуу «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй бол тендерийн баталгааг улсын орлого болгоно гэж заасныг үндэслэн захиалагчаас Г***** банканд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/187 тоот албан бичгийн дагуу Төрийн сангийн 100900000753 тоот дансанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 9,564,478,661 төгрөгийг шилжүүлсэн байна.

Тодруулбал, "Э***** ********" ХК нь Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу " Н****** *********** ************" ХХК-д олгосон гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2 дахь хэсгийн тендерийн баталгааг улсын орлого болгох гэж заасны дагуу " Н****** *********** ************" ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Тус компанийн тендерийн баталгааны мөнгөн хөрөнгийг Төрийн сан дахь улсын төсвийн дансанд төвлөрүүлсэн боловч улсын орлого болгох шийдвэрийг хуульд зааснаар захиалагч гаргаж, Г***** банканд хандсан байна.

Түүнчлэн “ Н****** *********** ************" ХХК-аас тус яаманд удаа дараа тухайн асуудлаар албан бичиг ирүүлсэн байдаг ба нэхэмжлэлдээ Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан гомдлыг тус яаманд гаргасан мэтээр дурдсан байна.

Тухайн тендер шалгаруулалттай холбогдуулан ирүүлсэн албан бичгүүдтэй танилцаж тус яамнаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 тоот албан бичгээр "...тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай албан бичигт дурдсан асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй", 2022 оны 03 дугаар сарын 04 ний өдрийн 6-1/1132 тоот албан бичгээр “...тендерийн баталгааг улсын орлого болгохтой холбоотой асуудлыг "Э***** ********" ХК-д хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй" тухай хариуг тус тус хүргүүлсэн.

Мөн өмгөөлөгч Ч.С**********аас албан бичиг ируулж холбогдох хариуг хүргүүлсэн байдаг. Мөн " Н****** *********** ************" ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ирүүлсэн албан бичигт тус яамнаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 тоот албан бичгээр тухайн тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай албан бичигт дурдсан асуудлыг Сангийн яам хянан үзэх эрх зүйн үндэслэл байхгүй тухай хариуг хүргүүлсэн байдаг.

Учир нь тухайн албан бичгийг тус яам хүлээн авах үед дээрх тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дууссан. Тендер хүчинтэй байх хугацаа нэгэнт дууссан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна." гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн тухайн гомдол гаргах үед " Н****** *********** ************" ХХК-ийн тендерийн баталгаа нь хуулийн 20.7.2-т заасны дагуу улсын орлого болгох нөхцөлд хамаарч захиалагч болох “Э***** ********" ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/187 тоот албан бичгээр Г***** банканд тендерийн баталгааг улсын орлого болгох мэдэгдэл явуулсан тул тус яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх боломжгүй болсон.

2/ Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 9 тэрбумыг бол захиалагч улсын орлого болгочхоод байгаа юм. Захиалагч нь гээд тусдаа байгаа. Гомдол шийдвэрлэх эрх бүхий этгээд гээд Сангийн яам гээд хоёр өөр байгаа биз дээ.

Энэ дээр шийдвэр бол захиалагчаас гарсан. Тэр үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7.2-т буюу шалгарчхаад байгаа этгээд нь гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүйгээс болоод улсын орлого болгосон асуудал байгаа.

Мөн захиалагч бол “Э***** ********” ХК юм. Захиалагч нь тендер хэзээ зарласан бэ гэхээр 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээгдээд гэрээ байгуулах мэдэгдэл нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим системд нийтэлчихсэн.

Нийтлээд энэ хугацаанд бол ямар ч гомдол гараагүй. Сангийн яаманд ч гомдол ирээгүй. Захиалагч нь тендерт шалгарсан этгээд буюу “ Н****** *********** ************” ХК-тай хэлэлцээр хийгээд эхэлсэн хугацаа байгаа байхгүй юу.

Тендерийн хүчинтэй болсон хугацаа дууссан өдөр нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тендерийн хүчинтэй хугацаа дуусчихсан.

01 дүгээр сарын 31-ний өдөр захиалагч нь тэр 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдэгдэл гэж байгаа.

Бүх улсын төсвийн байгууллагын төрийн өмчит компаниудын данс бол Сангийн яаманд байршилтай. Тэгэхээр Сангийн яам дахь Төрийн сангийн тэр дансанд байршуулна уу гэсэн. Тэр мөнгийг Сангийн яам аваагүй. Энэ бол захиалагчийн өөрийнх нь дансанд 9 тэрбум төгрөгийн тендерийн баталгааны мөнгө нь орсон байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал дээр Сангийн яамны оролцоо байхгүй гэсэн үг юм.

Нэхэмжлэгч хэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-т заасан гомдолд хамаарна гээд байна. Сангийн яамнаас гомдол гэж хүлээж аваад хянан шийдвэрлэх байсан гэж мөн хэллээ.

Гэвч Сангийн яамнаас бол нэхэмжлэгчийн өгсөн өөрсдийнх нь гомдол гэж нэрлээд байгаа, бид нар бол албан бичиг гэж хүлээж аваад байгаа 02 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж авсан баримт бичиг байгаа.

Тэр албан бичгийг хүлээж аваад энэ нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-т заасан гомдолд хамаарахгүй.

2021 оны 12 дугаар сарын 20-ний тэр мэдэгдлийг хэрэв хүлээн зөвшөөрөөгүй бол тендерт оролцогчдын аль нэгнээс гомдол гаргасан бол Сангийн яам ажлын 5 хоногийн дотор хүлээж аваад тэр гомдлыг хянан шийдвэрлэнэ. Хэрвээ үндэслэлгүй бол тендерийн баталгаанаас 20 сая төгрөг хүртэлхийг нь улсын орлого болгоно. Үндэслэлтэй бол захиалагчид албан бичиг хүргүүлдэг. Энэ тендерийг дахин хяна. Ийм, ийм буруу алдаа байна гэдэг. Гэтэл үүнд хамаарахгүйгээр захиалагчийн тендерийн баталгааг нь улсын орлого болгосон асуудлыг л яриад байгаа. Тэгэхээр энэ бол 55.1-д хамаарахгүй асуудал байгаа юм.

Сангийн сайдын баталсан журмыг сая хэлсэн. 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан журам байгаа. Бүр хамаарах юм байна гэж үзсэн ч гэсэн гомдол гаргахдаа тавигдах шаардлага нь болохоор 4.8-д зааснаар гаргасан тендерийн баталгаа нь байх ёстой. Гэтэл 01 дүгээр сарын 31-ний өдөр аль хэдийн баталгааг нь захиалагч нь улсын орлого болгочихсон. Тэгэхээр тендерийн баталгаа байхгүй. Яагаад бид энэ асуудлыг хүлээж аваагүй вэ гэхээр хэрвээ үндэслэлгүй байвал 20 сая хүртэлх төгрөгийг нь улсын орлого болгоно гэчихсэн байгаа шүү дээ.

Тэгэхээр ийм асуудал байхгүй учраас тендерийн гомдлыг хүлээж авч үздэггүй. Гэтэл нэгдүгээр энэ нь тендерийг гомдолд хамаардаггүй. Хоёрдугаарт тендерийн баталгаа нь аль хэдийн байхгүй болчихсон байгаа байхгүй юу.

3/ Баталгааны 2б дээр заачихсан байгаа. Тендерийн баталгааны асуудал дээр бол Сангийн яам 20 сая хүртэлхийг улсын орлого болгох л асуудал байгаа. Тендерт оролцогч гүйцэтгэлийн баталгааг хугацаандаа ирүүлээгүй бол улсын орлого болох нь тодорхой байгаа. Тэгэхээр энэ асуудал бол мэдэгдэл олгох хүртэл хугацааны гомдолд хамаарч байгаа. Гэрээ хэлэлцээр хийх асуудал бол хугацаандаа багтааж хийх гэдэг асуудал өөр байгаа шүү. Сангийн яамны албан бичгийг хүчингүй боллоо гэхэд танай эрх яаж сэргэх гээд байгаа нь тодорхойгүй. Улсын төсвийн төрийн сангийн дансанд уг тендерийн баталгаа нь орчихсон байгаа. Улсын орлого болсон байгаа шүү дээ.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/Нэмж ярихад өнөөдөр нэхэмжлэгч талаас нотлох баримаар итгэмжлэл болоод холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээтэй хамт авч ирж өгсөн. Тэндээс харахад тухайн Жү Дан Бин ч билүү тэр этгээдийн гарын үсгээр албан бичүгүүд ирээд байгаа.

Тэр этгээдийн хувьд бол тухайн итгэмжлэл олгосон бичиг дээр зөвхөн гэрээтэй холбоотой асуудал, бичиг баримт цуглуулах асуудлыг хариуцна гэсэн болохоос биш тухайн этгээдийг төлөөлж шүүх, захиргааны байгууллагад гомдол гаргах буюу тэрийгээ барагдуулах эрх бол олгогдоогүй байсан. Тэр тухайн этгээд нь ийм эрхийг итгэмжлэлээр аваагүй байж тухайн өөр төрийн байгууллагууд руу ингэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Н****** *********** ************”” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Н****** *********** ************”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц********** тус шүүхэд хандаж “Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...захиалагчаас, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх мэдэгдлийг хугацаа хоцроосны улмаас бид цахим шууданд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгаа гаргах боломжгүй болсон, иймд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан...боловч гомдлыг зохих журмаар хянан шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгчийн тендерийн баталгаа болох 9 564 476 661 төгрөг улсын орлого болж байна, гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянаж гомдол үндэслэлгүй тохиолдолд тендерийн баталгаанаас 20,0 сая төгрөгийг улсын орлого болгох боломжтой байсан...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дууссан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг хэрэгжүүлэх боломжгүй” гэж эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Нэхэмжлэгч компаниас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яаманд гомдол хүргүүлсэн боловч уг албан бичиг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гэж хаяглагдсан байсан тул Сангийн яамнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу уг гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн,

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 04/361 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “ Н****** *********** ************” ХХК-д “...гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх” хариу өгсөн,

Нэхэмжлэгчээс дахин 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд хандан “...тендерт оролцогч нь гадаадын хуулийн этгээд болохын хувьд 1-рт захиалагчаас 26-ны өдөр зөвшөөрч баталгаажуулсны дагуу 28-ны өдрийн дотор Гүйцэтгэлийн баталгааг хэлэлцсэн банкууд /гадаад, дотоод/-аар гаргуулах боломжгүй байсан, 2-рт Захиалагчаас эцсийн байдлаар ирүүлсэн Монгол хэл дээрх EPC гэрээ, бусад баримт бичигтэй бүрэн танилцах боломжгүй байсан, ирүүлсэн гэрээнд талуудын хооронд хэлэлцэн тохирсон нөхцөлүүд тусгагдаагүй, мөн тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагад дурдагдаагүй нөхцөлүүд орсон байсан, 3-рт талуудын хуралдаан нь ковид цар тахлын хүндрэлтэй нөхцөлд явагдаж байсны улмаас шинжилгээний хариу эерэг гарч тендерт оролцогчид гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн,...Гүйцэтгэлийн баталгааны хувьд дотоодын банкаар дамжуулан гаргахад ажлын 3-5 хоног шаардлагатай болдог...Иймд тендерт оролцогчийн зүгээс дээр дурдагдсан үндэслэлээр Захиалагчийн 12/188 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа...тул энэхүү гомдол хүсэлтийг холбогдох хууль журмын хүрээнд хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх  гомдол гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан,

Түүнчлэн Шүүхээс хариуцагч Сангийн яамны бичиг баримтын бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яаманд хандсан боловч уг албан бичгээ Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд гэж хаягласан байсан тул Сангийн яамнаас тус яам руу шилжүүлсэн,үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс дахин Сангийн яаманд хандаж захиалагчийн үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан болох нь тус яамны албан бичгийн цахим бүртгэл болон албан бичгийн бүртгэлд цаасан хэлбэрээр бүртгэгдсэн болох нь тус тус тогтоогдсон болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно”, 20.7-д “Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:” 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй...” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн...тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад...ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж, 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ...” 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:”, 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна, гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж тус тус заасан.

Түүнчлэн “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 1.1-д “Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендерт оролцогчдоос захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотойгоор захиалагчид өөрт нь болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах, тэдгээр нь гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхтэй холбоотой маргааныг зохицуулна” гэж, 4.1-д “Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Сангийн яам” гэх/-д гаргана. Тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийн эх хувийг хэзээ хүлээн авснаас үл хамааран шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно” 4.8-д “Сангийн яам гомдол гаргагчийн тендерийн баталгааг цахим системээр шалгаж тендерийн баталгаа цуцлагдсан эсхүл баталгааны хугацаа дуусгавар болсон гомдлыг буцаана” гэж нарийвчлан зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компаниас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлын хариуд Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 6-1/808 дугаар албан бичгээр “...Дээрх тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусч, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай албан бичигт дурдсан асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй” гэх хариуг өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

Нэхэмжлэгч компанийн Сангийн яаманд хандаж гаргасан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...тендерийн төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх 9,564,478,661 төгрөгийн үнийн дүн бүхий Тендерийн баталгаа нь улсын орлого болох тендерт оролцогчоос үл шалтгаалах нөхцөлд хохирол үүсэх байдал үүсээд байна. Иймд тендерт оролцогчийн зүгээс дээр дурдагдсан үндэслэлээр Захиалагчийн 12/188 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа...тул гомдол хүсэлтийг холбогдох хууль журмын хүрээнд хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх тухай гомдол нь журмын 1.1-д заасан, тендерт оролцогчоос захиалагч “Э***** ********” ХК-ийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь уг гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд багтаж гаргасан эсэхийг шалгаж, мөн хуулийн 55.2-т заасан хугацааны дотор хянаж, улмаар хуулийн 55.3-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй.

Гэвч хариуцагч Сангийн яам нь тендерт оролцогчоос Захиалагчийн үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлыг хууль болон журамд заасны дагуу хянан шийдвэрлэлгүйгээр “тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусч, тендер шалгаруулалт хүчингүй болсон” гэх үндэслэлээр албан бичгээр хариу өгсөн нь хууль бус байх тул Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н****** *********** ************”” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарт “...тендерийн баталгааны хугацаа дууссан байсан тул энэ хугацаанаас хойш гомдлыг Сангийн яам хүлээж авахгүй” гэж дурдаж маргасан, “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” журмын 4.8-д “Сангийн яам гомдол гаргагчийн тендерийн баталгааг цахим системээр шалгаж тендерийн баталгаа цуцлагдсан эсхүл баталгааны хугацаа дуусгавар болсон гомдлыг буцаана” гэж заасан боловч Г***** банкны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “32************* тендерийн баталгаа” гэх болон 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “32*************-1 тендерийн баталгааны өөрчлөлт” гэх баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн тендерийн баталгааны хугацааг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан нь тогтоогдож байх тул тендерийн баталгааны хугацааг дууссан гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тендерийн баталгааны хүчинтэй хугацаанд багтаж Сангийн яаманд хандан 2022 оны 02 дугаар сарын 11-нд захиалагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргасан байхад уг гомдлыг хууль болон журамд заасны дагуу хянан шийдвэрлэх, ийнхүү хянан шийдвэрлэхийн тулд журмын 4.8-д зааснаар “шалгаж тогтоох” үүргээ хариуцагч захиргааны байгууллага биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  хариуцагчийн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н****** *********** ************”” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н****** *********** ************”” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/808 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өдөр гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сангийн яаманд даалгасугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН