Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/00937

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 06 өдөр

                Дугаар 183/ШШ2022/00937

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:     

 

Нэхэмжлэгч: Х овогтой, Н.Б-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.191.730 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь “С” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.191.730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Б миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “С” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Гэтэл “С” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд би шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Гэсэн хэдий боловч “С” ХХК-иас намайг ажилд томилохгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Ажил эгүүлэн томилох тухай” тушаал гаргасан. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан 134 хоногийн цалин 9.191.730 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.   

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “С” ХХК нь Н.Б-ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн буруу зүйл, заалтыг баримтлан тушаал гаргасан байна хэмээн дүгнэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 тоот шийдвэрээр Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Манай компанийн хувьд дээр дурдсан шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, Н.Б-ыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгохоор түүний 88119754 дугаарын утсаар холбогдоход тэрээр “танай компанид эргэж орохгүй, өөр ажилд орж байгаа” талаар мэдэгдсэн байдаг. Удалгүй Н.Б-ыг 2021 оны 4 дүгээр сард өөр байгууллагад ажилд орсон байгааг бид олж мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэрээр Н.Б-т олгохоор шийдвэрлэсэн ажилгүй байх хугацааны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын суутгал, шимтгэлийг тооцож шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр нийгмийн даатгалын байгууллагад тус компанийн зүгээс удаа дараа хандсан боловч “Н.Б гэдэг хүн одоогоор ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа тул давхар бичилт хийх боломжгүй” гэх шалтгааныг бидэнд хэлж тодорхойгүй байдал үүссэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидэнтэй холбоо барьж, шүүхийн шийдвэрийн дагуу Н.Б-т олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг барагдуулах, мөн түүнийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр бичгээр авчрахыг шаардсан тул арга буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохын тулд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид Н.Б-ыг ажилд нь эргүүлэн авах тухай тушаалыг шинээр үйлдэн хүлээлгэн өгсөн. Манай компанийн зүгээс Н.Б-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эргүүлэн томилоогүй асуудал гаргаагүй ба Н.Б нь өөрөө манай компанид эргэж ажилд орохгүй тухайгаа илэрхийлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 тоот шийдвэр гарах үед өөр газар ажиллаж байсан ба өнөөдрийг хүртэл тухайн газартаа ажиллаж байгаа тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 дугаар шийдвэр, Н.Б-ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт гаргах тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудыг хариуцагчаас Н.Б, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Хамран ажиллах гэрээ”, фото зураг, “С” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТУ21/026 дугаар Ажилд эргүүлэн томилох тухай тушаал, Төлбөрийн даалгавар, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21/015 дугаар Сул зогсолтын үеийн цалин олгох тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журам гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.191.730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н.Б-ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацааны 134 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.191.730 төгрөгийг гаргуулах гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н.Б нь ажилд орох хүсэл зоригоо илэрхийлж “С” ХХК-д буцаж ирээгүй. Харин ажил олгогчоос түүнийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоож, түүнтэй холбоо барих гэтэл тэрээр утсаа авахгүй, олдохгүй байсан. Мөн тэрээр ажилдаа буцаж орохгүй гэж хэлсэн бөгөөд өөр байгууллагад ажиллаж байсан. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар тавьсан шаардлагын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин тушаал гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 дугаар шийдвэр, Н.Б-ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт гаргах тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н.Б, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Хамран ажиллах гэрээ”, фото зураг, “С” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТУ21/026 дугаар Ажилд эргүүлэн томилох тухай тушаал, Төлбөрийн даалгавар, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 21/015 дугаар Сул зогсолтын үеийн цалин олгох тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журам гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 дугаар шийдвэрээр “...Н.Б-ыг С ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд эрүүлэн тогтоож, хариуцагч С ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 4.321.485 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож” шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг “С” ХХК нь сайн дураар биелүүлээгүйн улмаас Н.Б-ын хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, “С” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Т21/040 дүгээр “Ажилд эргүүлэн томилох тухай” тушаалаар Н.Б-ыг Худалдааны төлөөлөгчийн ажилд нь эгүүлэн томилсон, ажил олгогч “С” ХХК-иас ажилтан Н.Б-т 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоогүй талаар зохигчид маргаагүй болно. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нь ажилгүй байсан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “С” ХХК-иас шаардах эрхтэй юм.    

 

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00835 дугаар шийдвэр гарсан өдрөөс Н.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажилгүй байсан 134 хоногийг 183/ШШ2021/00835 дугаар шүүхийн шийдвэрт заасан дундаж цалин хөлсийг 68.595 төгрөгөөр тооцож/ 9.191.730 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

6. Хариуцагч тал “...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТУ21/026 дугаар тушаалаар Н.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч тэрээр ажилдаа ороогүй” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч ажил олгогчоос уг тушаалыг Н.Б-т гардуулсан, мэдэгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 182.817 төгрөгөөс 162.017 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 20.799 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 162.017 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.191.730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 182.817 төгрөгөөс 162.017 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 20.799 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 162.017 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД