Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00798

 

  

 

 

        2022 оны 03 сарын 28 өдөр

              Дугаар 183/ШШ2022/00798

                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ө овогтой, Н.Н-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б овогтой, Ж.Ж-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулах тухай. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С.

Хариуцагч Ж.Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Н нь Ж.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.Ж нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Н.Н-тай утсаар холбогдож, 3.000.000 төгрөг зээлдүүлэх хүсэлт гаргасан. Ингээд  2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, Ж.Ж-д 3.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Тэрээр хэлэхдээ уг зээлийн хүүгийн төлбөрт 8х8 харьцаатай, 2 байшингийн торхны дүнз 56 ширхэг модыг аваарай гэж хэлсэн. Гэтэл уг мод нь гажсан, ашиглах боломжгүй байсан тул би аваагүй. Иймд зээлийн гэрээний дагуу 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ж.Ж миний бие Н.Н-аас 3.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлийн төлбөрт 2 торх мод өгсөн боловч авахгүй гэсэн байна. Хэрэв уг 2 торх модыг буцаагаад өгвөл би бусдад худалдаад 3.000.000 төгрөгийг нь өгье гэжээ. 

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Зээлийн гэрээ”, Хаан банкин дахь Депозит дансны хуулга, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 138/ШШ2020/01016 дугаар шийдвэр гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Н-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.Ж-ын хүсэлтийн дагуу түүнд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу 3.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Гэтэл одоог хүртэл буцаан төлөөгүй тул 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Н.Н-аас 3.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлийн төлбөрт 2 торх мод өгсөн боловч авахгүй гэсэн байна. Хэрэв уг 2 торх модыг буцаагаад өгвөл би бусдад худалдаад 3.000.000 төгрөгийг нь өгнө гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Зээлийн гэрээ”, Хаан банкин дахь Депозит дансны хуулга, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 138/ШШ2020/01016 дугаар шийдвэр гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Ж.Ж нь 3.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, зээлийн хүүгүйгээр зээлдүүлэгч Н.Н-аас зээлэхээр тохиролцож, уг гэрээний дагуу Н.Н нь 3.000.000 төгрөгийг Ж.Ж-ын дансанд шилжүүлсэн, харин Ж.Ж нь 3.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болно.

 

5. Иймд хариуцагч Ж.Ж-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-т олгох нь зүйтэй юм.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ж-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД