Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/00869

 

 

 

 

        2022 оны 03 сарын 30 өдөр

              Дугаар 183/ШШ2022/00869

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.С.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Э” ХХК нь 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХХК-иас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбай объектыг худалдан авч, 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаарт бүртгэлтэй, 000012180 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Тухайн үед объектын доорх газрыг чөлөөлж өгөхөөр “Э” XXК-иас амласан хэдий боловч одоог хүртэл газрыг шилжүүлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ний 1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбайтай объектын доорх газрыг “Э” ХХК нь эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг газар эзэмших эрх шилжүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгаж өгнө үү гэв.       

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцоогүй бөгөөд уг гэрээгээр бэлэглэгч “Э” ХХК нь өөрийн өмчлөлийн “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 000174654 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаар дугаартай, үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүйгээр “Э” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Харин уг гэрээнд эзэмших эрх бүхий газрыг шилжүүлнэ гэж заагаагүй бөгөөд тохиролцоогүй юм. Эзэмших эрх бүхий газар, өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогддог ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Иймээс “Э” ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн уг газар эзэмших эрх нь “Х” ХХК, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бөгөөд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйгээс барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэр гарсан байгаа гэв.      

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК хариу тайлбартаа: Манай компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э” ХХК-ийг дэмжиж оролцож байгаа. Уг объект, газрыг анх “Э” ХХК-иас худалдан авахад Н.Б би төлбөр мөнгийг нь төлсөн. Тухайн үед “Э” ХХК-ийн захирал н.Эрдэнэбат нь газрыг шилжүүлж өгнө гэж ярьж, амлаж байсан хэдий боловч шилжүүлж өгөөгүй бөгөөд бэлэглэлийн гэрээ байгуулагдсаны дараа би гадаад улс яваад энэ асуудалд анхаарал тавьж чадаагүй.  2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ний 1-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбай бүхий объект гэдэгт объектын доорх газар нь мөн хамаарах тул уг газрыг “Э” ХХК нь эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийг “Э” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК хариу тайлбартаа: “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х” ХХК нь “Э” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1410000735 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, 5000893598 дугаар “Зээлийн шугамын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 141000735-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 дугаар “Барьцааны гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах улсын бүртгэлийн Г-2206006967 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 199739 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул “Х” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор уг газар эзэмшихээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-196 байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай нефть баазын цогцолбор барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Э” ХХК гэсэн Ү-2206007235 дугаарт бүртгэлтэй, 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000012180 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Э” ХХК, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 тоот шийдвэрийг үндэслэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дүгээр бүхий 15200 м.кв газыг 15 жилийн хугацаатай “Э” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 000321317 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, “Э” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, “Э” ХХК-ийн 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 31 дүгээр Газрын гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт, 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Нефть бааз худалдах тухай Мөнгө хүлээлцсэн акт”, Бэлэн мөнгөний зарлагын баримт, “Э” ХХК-ийн 5029255917 тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02-06/2122 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/06/5542 дугаар албан бичиг, фото зураг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-иас Х” ХХК, “Э” ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 1410000735 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт,  2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 141000735-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5000893598 дугаар “Зээлийн шугамын гэрээ”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 909 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01519 дүгээр тогтоол гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасан, мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ний 1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбайтай объектын доорх газрыг “Э” ХХК нь эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг газар эзэмших эрх шилжүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгах гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр “Э” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 000174654 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаар дугаартай, үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг “Э” ХХК-д шилжүүлсэн. Харин уг гэрээгээр “Э” ХХК-ийн эзэмших эрхтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дүгээр бүхий 15200 м.кв газыг бэлэглэх, шилжүүлэхээр тохиролцоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан зохицуулалт нь газрын бүрдэл хэсэг буюу газрын өмчлөгч, эзэмшигчид хамаарсан зохицуулалт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК нь хариуцагч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгааг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-196 байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай нефть баазын цогцолбор барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Э” ХХК гэсэн Ү-2206007235 дугаарт бүртгэлтэй, 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000012180 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Э” ХХК, “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 тоот шийдвэрийг үндэслэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дүгээр бүхий 15200 м.кв газыг 15 жилийн хугацаатай “Э” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 000321317 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, “Э” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, “Э” ХХК-ийн 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 31 дүгээр Газрын гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт, 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Нефть бааз худалдах тухай Мөнгө хүлээлцсэн акт”, Бэлэн мөнгөний зарлагын баримт, “Э” ХХК-ийн 5029255917 тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 02-06/2122 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/06/5542 дугаар албан бичиг, фото зураг, Х” ХХК, “Э” ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 1410000735 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт,  2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 141000735-02 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5000893598 дугаар “Зээлийн шугамын гэрээ”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 909 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2021/01519 дүгээр тогтоол гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Э” ХХК, “Э” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-ний 1-д “...бэлэглэгч Э ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай, 000174654 дугаар гэрчилгээтэй, 135.006.000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүй бэлэг хүлээн авагч Э ХХК-д бэлэглэж байна” гэж заасны дагуу “Э” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-196 байршилтай, нефть хадгалах, түгээх зориулалттай, нефть баазын цогцолбор барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлжээ.

 

Нэхэмжлэгч тал “...уг объектыг худалдаж авсан” гэж тайлбарладаг боловч 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргадаггүй бөгөөд харин уг гэрээний 1-д заасны дагуу “...14560 м.кв талбай бүхий объектын доорх газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд “...улсын бүртгэлийн дугаартай Ү-2206007235, үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүй бэлэглэж байна” гэж заасныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар үгийн шууд утгаар нь тайлбарлахад “...газар эзэмших эрхийг бэлэглэсэн” гэж үзэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж зааснаар, 38 дугаар зүйл, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-276.4-т зааснаар хариуцагч “Э” ХХК нь өөрийн эзэмших эрхтэй “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дүгээр бүхий 15200 м.кв газар” буюу “...улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектын доорх газрын эзэмших эрх”-ийг нэхэмжлэгч “Э” ХХК-д бэлэглэсэн, эсхүл бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт нотлогдохгүй байна.    

 

6. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбай бүхий объектын доорх газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах” тухай шаардах эрхгүй тул “Э” ХХК-д холбогдох, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

Энэ нь тухайн газрын өмчлөгч, эзэмшигч нь тухайн газрын үндсэн бүрдэл хэсэг болж холбогдсон эд хөрөнгийн мөн өмчлөгч, эзэмшигч байхыг тодорхойлсон хуулийн зохицуулалт тул нэхэмжлэгч “Э” ХХК-ийн энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 276 дугаар зүйлийн 276.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД