Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/01182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01182

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогтой, Ч.Ч-ын нэхэмжлэлтэй, 

Нэхэмжлэгч: Ш овогтой, А.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х овогтой, Э.Ө-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9.601.213 төгрөг гаргуулах тухай. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Ч.

Нэхэмжлэгч А.Д.

Хариуцагч Э.Ө.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ц.

Иргэдийн төлөөлөгч О.Х.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Ч, А.Д нар, хариуцагч Э.Ө-д холбогдуулан гэм хорын хохиролд 9.601.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.Ч би эхнэр А.Д-ийн хамт өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 02-85 УНТ улсын дугаартай автомашиныг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр жолоодон ажилдаа явж байтал Э.Ө нь Тоёота Харрер маркийн  77-62 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад мөргөж, зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас миний зүүн чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун талын бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн голомтлог няцрал, аалзан хальсан доорх голомтлог цусан хураа, зүүн чих зулаа дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтлүүд үүсэж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар тогтоолоор Э.Ө-ыг гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба тогтоолын тогтоох хэсгийн 7-д цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Иймд “Э” чих хамар хоолойн эмнэлэгт чихний хагалгаанд орсон зардал 1.150.000 төгрөг, Б.Ч-ын 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны цалингийн зөрүү 2.664.506 төгрөг, А.Д-ийн 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацааны цалингийн зөрүү 3.109.707 төгрөг, машины оношилгооны төлбөр 75.000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, Б.Ч-ын үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, А.Д-ийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, үнэлгээний хөлс 226.000 төгрөг, төлбөрийн баримт 100.000 төгрөг, нийт 9.601.213 төгрөгийг Э.Ө-аас гаргуулж өгнө үү гэв. 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ө нь тухайн зам тээврийн осол болсон гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд уг авто осол гарсан нь үнэн. Э.Ө нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд Ч.Ч-д 1.923.060 төгрөг, А.Д-д 551.560 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл, үнэлгээ, бусад хохиролд 4.785.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.600.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн. Мөн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд өмгөөллийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтаа дахин хавсарган нэхэмжлэлийг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч О.Х “Э.Ө нь Ч.Ч, А.Д нарын биед гэмтэл учруулсан байна. Иймд цалингийн зөрүү, эмчилгээний зардлыг Э.Ө-аас гаргуулж олгох нь зүйтэй. Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, хагалгаанд орсон гэх 1.150.000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргажээ. 

 

4. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоол, Баянгол ХҮТ-ийн Тоолуурын хэсгийн монтёр Ч.Ч-ын ХЧТА тэтгэмж олгосон 2020 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны Ня-Бо Ж.Э-ийн Тооцоолол, Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Дотрын нэгдүгээр тасгийн сувилагч ажилтай А.Д-ийн цалингийн тооцоолол, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Э” чих хамар хоолойн эмнэлгийн нэхэмжлэх, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эмийн жор, Бэлэн мөнгөний орлогын баримт, Кассын орлогын ордер, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 630 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан, Оношилгооны төлбөр 75.000 төгрөгийн Кассын орлогын ордер, Өмгөөллийн хөлс Бэлэн мөнгөний орлогын баримт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн баримт гэсэн баримтуудыг, хариуцагчаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банкны Орлогын мэдүүлэг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас эмнэлгийн хуудас, тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Ч, А.Д нарын гэм хорын хохиролд 9.601.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Ө нь авто осол гаргаж, Ч.Ч, А.Д нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан тул “Э” чих хамар хоолойн эмнэлэгт чихний хагалгаанд орох зардал 1.150.000 төгрөг, Б.Ч-ын 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны цалингийн зөрүү 2.664.506 төгрөг, А.Д-ийн 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацааны цалингийн зөрүү 3.109.707 төгрөг, машины оношилгооны төлбөр 75.000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, Ч.Ч-ын үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, А.Д-ийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, үнэлгээний хөлс 226.000 төгрөг, төлбөрийн баримт 100.000 төгрөг, нийт 9.601.213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин Э.Ө нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд Ч.Ч-д 1.923.060 төгрөг, А.Д-д 551.560 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл, үнэлгээ, бусад хохиролд 4.785.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.600.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн. Мөн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд өмгөөллийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн баримтаа дахин нэхэмжлэлд хавсарган өгч, нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоол, Баянгол ХҮТ-ийн Тоолуурын хэсгийн монтёр Ч.Ч-ын ХЧТА тэтгэмж олгосон 2020 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны Ня-Бо Ж.Э-ийн Тооцоолол, Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Дотрын нэгдүгээр тасгийн сувилагч ажилтай А.Д-ийн цалингийн тооцоолол, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Э” чих хамар хоолойн эмнэлгийн нэхэмжлэх, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн эмийн жор, Бэлэн мөнгөний орлогын баримт, Кассын орлогын ордер, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 630 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан, Оношилгооны төлбөр 75.000 төгрөгийн Кассын орлогын ордер, Өмгөөллийн хөлс Бэлэн мөнгөний орлогын баримт 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн баримт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банкны Орлогын мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 39/118 дугаар Тодорхойлолт, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/186 дугаар албан бичиг, Эмнэлгийн хуудас, Хаан банкны дансны хуулга гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Э.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр сургуулийн урд замд 7762 УБЯ улсын дугаартай, Тоёота Харрер маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 14-т заасныг зөрчиж, Ч.Ч-ын жолоодож явсан 0285 УЧТ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, автомашиныг жолоодож явсан Ч.Ч, энэ тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Д нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулжээ.

 

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ч.Ч нь 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Монтёрын ажилдаа явах боломжгүйн улмаас дутуу авсан цалин хөлс 2.664.506 төгрөгийг, нэхэмжлэгч А.Д нь Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн сувилагчийн ажилдаа явах боломжгүйн улмаас дутуу авсан цалин хөлс 3.109.707 төгрөгийг хариуцагч Э.Ө-аас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй юм.  

 

5. Харин нэхэмжлэгч нарын “...Ч.Ч-ын чихний хагалгаанд орсон зардал 1.150.000 төгрөг, машины оношилгооны төлбөр 75.000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөг, Ч.Ч-ын үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, А.Д-ийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, үнэлгээний хөлс 226.000 төгрөг, төлбөрийн баримт 100.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь нэхэмжлэгч Ч.Ч нь уг осол, гэмтлийн улмаас “Э”-ийн чих хамар хоолойн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, чихний хагалгаанд орсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн “машины оношилгооны төлбөр 75.000 төгрөг, Ч.Ч-ын үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, А.Д-ийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, үнэлгээний хөлс 226.000 төгрөг, төлбөрийн баримт 100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн Кассын орлогын ордер, Бэлэн мөнгөний орлогын баримтад “хэн, хэдэн төгрөгийг, юуны төлбөрт төлсөн” нь тодорхойгүй байна.

 

6. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар “Ч.Ч, А.Д нарын өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар нэхэмжлэгч нар өмгөөллийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй болно.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Ө-аас гэм хорын хохиролд 2.664.506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Чинбатад, 3.109.707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.827.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Иргэдийн төлөөлөгчийн “...Э.Ө нь Ч.Ч, А.Д нарын биед гэмтэл учруулсан байна. Иймд цалингийн зөрүү, эмчилгээний зардлыг Э.Ө-аас гаргуулж олгох нь зүйтэй. Өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, хагалгаанд орсон гэх 1.150.000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч, А.Д нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 107.337 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ө-аас гэм хорын хохиролд 2.664.506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Чинбатад, 3.109.707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Д-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.827.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч, А.Д нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 107.337 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.СЭМЖИД

 

         ШҮҮГЧИД                         Н.ГЭРЭЛТУЯА

 

                 Д.МӨНГӨНТУУЛ