Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 203

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг,

шүүгдэгч: Д.Нэргүй, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Дуламсүрэнгийн Нэргүйд холбогдох эрүүгийн 2017 2602 0748 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгоп улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 2-162а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НМ 93030417, Боржигин овогт Дуламсүрэнгийн Нэргүй.

 

Шүүгдэгч Д.Нэргүй нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн гадна иргэн Д.Оюунцэцэг нь халааснаасаа хэтэвчтэй бэлэн 250 000 төгрөг, 140 ам.доллар хулгайд алдаж, нийт 794 584 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Нэргүй мэдүүлэхдээ:

Намайг хороололд ганцаараа явж байхад Оргил худалдааны төвийн тэнд нэг эмэгтэйн пальтоны баруун талын халааснаас түрийвч нь цухуйсан, бараг унах гэж байхаар би түүнийг нь авчихсан юм. Би хулгай хийсэн мөнгөөрөө РС тоглоод, зочид буудалд орж, архи уугаад, үрээд дуусгасан. Би хохирогчийн түрийвчнээс нь мөнгийг аваад түрийвчийг гараашийн дээш шидсэн байсан. Дараа нь цагдаагийнхантай хамт явж түрийвчийг гараашны завсраас олж авч, бичиг баримтуудыг нь өгсөн. Хохирогчийн түрийвчинд 100 доллар нэг ширхэг, 2-тын доллар 2 ширхэг байсан. Би хулгай хийх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Багануурын төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа гарсан. Би ажил хийж, хохирлыг төлнө. Миний буруу, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна Манай ээж 2015 онд тал цус харвасан болохоор одоо ажил хийхгүй байгаа юм. Надад төрсөн ах, дүү байхгүй. Манай ээж айлд нялх хүүхдийг нь хардаг. Би эгчийнхээ хаяганд бүртгэлтэй байдаг. Манай нагац эгч 6 хүүхэдтэй, хүргэн ах, хүргэн ахын дүү нар гээд олуулаа байдаг болохоор төвөг болоод яах вэ гэж бодоод очдоггүй юм. Би одоо найзынхаа гэрт амьдардаг. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

           Хэрэг бүртгэлтэд хохирогч-Д.Оюунцэцэг мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Өргөө” салбарт ажил дээрээ байж байхад манай хүү Золоо над руу мессеж бичээд Е Mart нээгдсэн гэхээр нь ганцаараа ажлаасаа гараад хорооллын эцсийн автобусны буудал руу алхсан юм. Би ажлаасаа гарахдаа цүнхээ авалгүй улаан хүрэн өнгийн Burberry брендийн хэтэвчээ пальтоныхоо гадна баруун халаасанд хийгээд гарсан ба хэтэвчинд бэлнээр 250 000 төгрөг, 140 ам.доллар, иргэний үнэмлэх, банкны болон дэлгүүрийн хөнгөлөлтийн картууд цээж зураг гэх мэт зүйлүүд байсан. Тэгээд би ажлаасаа гараад явж байхдаа пальтоныхоо халаасанд гараа хийнгээ хэтэвчээ бариад явж байгаад энгэр сулрах шиг болохоор нь энгэрээ засчихаад эргээд халаасандаа хийхэд миний хэтэвч алга болсон байсан. Бид 2 эргээд хартал нэг залуу урагшаа зам хөндлөн гараад бас нэг залуу цаашаа явж харагдахаар нь араас нь дагаж явж байгаад алдчихсан юм гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

            Эд зүйлийн үнэлгээ (хэргийн 7 дугаар хуудас)

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хэргийн 12 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Нэргүй ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Нэргүй нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” худалдааны төвийн гадна иргэн Д.Оюунцэцэгийн пальтоны халааснаас хэтэвч, хэтэвч дотор байсан 250 000 төгрөг, 140 ам.долларыг хулгайлж 794 584 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн хохирогч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нэргүйн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчээс  594 584.4 төгрөг гаргуулан хохирогчид олгон шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.