Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2490

 

“М” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02124 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Э-д холбогдох

 

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 184 153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо М таун хотхоны бүх оршин суугчдын 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр М СӨХ байгуулагдсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/18 тоот гэрчилгээгээр батламжлагдан СӨХ-ны үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж эхлээд хууль дүрмийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд шаардагдах сангийн хөрөнгө бүрдүүлэх, сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдарч ажиллах, боломжоор хангах үүднээс гадна орчноо тохижуулах, ногоон байгууламж хийх, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх, харуул хамгаалалтаа сайжруулах, камержуулах, дээврийн засвар хийх, лифтний сэлбэг хэрэгсэл авах, сар болгон засвар үйлчилгээ хийлгэх, байрнуудын гадны фасадыг янзлах будах зэрэг ажлуудыг хийж, оршин суугчдын 90 хувиас хангалттай үнэлгээ авч 4 дэх жилдээ амжилттай ажиллаж байна. Гэтэл зарим цөөн тооны оршин суугчид төлбөрөө олон сараар төлөхгүй байгаагаас СӨХ-ийн санхүүгийн байдал хүндэрч байна. Тухайлбал Ч.Э- нийт 50 сарын 3 184 153,20 төгрөгийн төлбөрөө төлөхгүй, удаа дараа шаардсан ч хэрэгжүүлэхгүй байна. Бусдын төлсөн мөнгөөр засагдаж, гагнагдаж, цэвэрлэгдэж, хамгаалагдаж байгаа тавлаг орчин дээр төлбөрөө төлөхгүй амьдарч байгаа ганц айл өрхөд хугацаатай шаардлага өгөх, эс биелүүлвэл хуулийн байгууллагад өгөхийг бүх оршин суугчид СӨХ-ийн захиргаанд хатуу шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1, 148.2, 148.3, 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дахь заалтуудыг үндэслэн хариуцагч Ч.Э-аас нийт 3 184 153,20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөхгүй. М таун хотхон нь 101-115 дугаарын нийт 15 байрыг хариуцдаг. Байр бүр 4 орц, орц тус бүрийн давхарт 4-6 айл байдаг. Айл тус бүрээс 60 орчим мянган төгрөг авдаг гэвэл нийт их хэмжээний хуримтлалын сантай болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бол зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн зүйлд ашиглана, өөр зүйлд ашиглахгүй гэж заасан. Гэтэл энэ их хэмжээний хөрөнгийг засвар үйлчилгээ хийсэн гэж тайланд зааж байгаа боловч тухайн засварыг хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир тухайн удирдах зөвлөл бол сар болгон төлүүлэх СӨХ-ны нэг сарын хэмжээг маш их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Хариуцагчийн орон сууцны нэг сарын төлбөр бол  байрных нь нэг сарын төлбөрөөс их хэмжээтэй байгаа бөгөөд энэ их мөнгийг хэрхэн зарцуулж байгаа, хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, удирдах зөвлөлийн өөрийнх нь эрх хэмжээг тогтоосон байдаг боловч өөрт нь олгогдоогүй эрх хэмжээгээр шаардаж байгаа төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа учраас төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байгаа. Нийт төлбөр болох 3 184 153 төгрөг бол  сар бүр хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                                                                                                      

            Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх  хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э-аас 2 192 680 төгрөг гаргуулж “М” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 991 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ нь өөр зээлийг хаах зорилгоор дүр эсгэж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр биш. Өөрөөр хэлбэл зээлийн хүү тооцох эрх зүйн үндэслэл байхгүй атал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрээр 118 445 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 33 445 800 төгрөг нь зээлийн хүү тул тус мөнгөн дүнг зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг. Иймд шүүхийн шийдвэрийн үнийн дүнгээс 33 445 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Нэхэмжлэгч “М” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3 184 153 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...СӨХ-ны төлбөр сар бүр хэдэн төгрөг болох нь тодорхойгүй” гэж тайлбарлан маргасан байна.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл, маргааны зүйл болох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг хэрхэн тогтоосон нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ тохиолдолд шүүхээс талуудын маргааны зүйл болсон үйл баримтыг тодруулах шаардлагатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж хангахгүй орхисон нь учир дутагдалтай болжээ.

Үүний улмаас давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус зудирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Ч.ЦЭНД