Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0340/З |
Дугаар | 128/ШШ2022/0657 |
Огноо | 2022-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.С******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ж.Э******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*********,, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.С******ас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай А/209 дүгээр захирамжаар газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлтээ ирүүлсэн 848 иргэдэд 518834 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон ба уг захирамжийн хавсралтын 311-д Ж.Э*******т Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 3-85б тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 587 м.кв газар эзэмших эрх олгожээ.
3. Нэхэмжлэгч Ц.С****** нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан ...миний 21 жил гаруйн хугацаанд амьдарсан өдгөө ч амьдарч байгаа газрыг Э.Энхбаатарт эзэмшүүлж шийдвэрлэсэн нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихийн сацуу уг газраас өөр хөрөнгөгүй би гудамжид гарах нөхцөл бүрдлээ. Миний бие Ж.Э*******ыг Б.Т****өөс 2019 оны 4 дүгээр сард ...85 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай... газрыг худалдаж авахаас өмнө газрын албанд ...85-б тоот хаягт байрлах 587 м.кв талбайтай газар...-ын асуудлаар удаа дараа өргөдөл, хүсэлтээ өгч хандаж байсан байхад Ж.Э*******т маш шуурхай маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Э*******т холбогдох хэсгийг дахин нягталж, хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсье гэсэн өргөдөл гаргасан,
Үүний хариуд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Ц.С******д хандан ...Тус дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн-3 гудамж, 85 тоот байршилд дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар иргэн Ж.Э*******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 587 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгосон байна. Иймд иргэн таны зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэж хариу өгсний дагуу Ц.С****** нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч Ц.С****** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...
1/ Иргэн би гэр бүлийн гишүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг-3 гудамж, *** тоот хаягт байрлах 587 м талбайтай газарт 2001 оноос хойш өдийг хүртэл буюу 21 жил гаруйн хугацаанд амьдарч байгаа болно.
Миний бие өөрийн амьдарч байгаа газрын эзэмших, цаашлаад өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор оршин суугаа хороо, дүүргийн Газрын албанд удаа дараа орц, гарц гаргах шаардлагатай хандаж байсан боловч тухай бүрд ...орц, гэрч гаргах шаардлагатай гэх шалтгаанаар надад татгалзсан хариу өгч байсан.
Улмаар 2020 онд хороо, газрын албаны холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, тэдний зөвшөөрөл, зөвлөгөөний дагуу орц, гарц ..." гаргах ажлыг хөрш айлуудтайгаа зөвшилцөж, зохих зөвшөөрлийг нь авч, хийж дууссаны дараа дахин дүүргийн Газрын албанд хандаж, холбогдох баримт бичиг, материалуудыг бүрдүүлэн өгөхөд Газрын албаны газар зохион байгуулагч н.Х******** хүлээн авч бүрдэл хангагдсан байна, 6 сарын дараа шийдвэр гарна. Тэр үед ирж аваарай гэсэн хариу өгсөн атлаа манай гэр бүлийн амьдарч буй газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, Иргэн миний өдгөө амьдарч байгаа газрын зэргэлдээ (залгаа) орших Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг-3 гудамж, ** тоот хаягт байрлах 700 м талбайтай газрыг миний эмэг эх (эмээ) Монгол Улсын иргэн Б.Т****өмчилдөг байсан ба Б.Т****нь өөрийн өмчлөлийн газар болон газар дээрээ барьсан хувийн сууц (байшин)-аа Монгол Улсын иргэн Ж.Э*******, түүний эхнэр Монгол Улсын иргэн Ц.С********* нарт 2019 оны 4 дүгээр сард худалдаж, тэдгээрт газар болон хувийн сууцын өмчлөх эрхээ шилжүүлсэн .
Гэтэл Б.Т****өөс 700 м талбайтай газрыг худалдаж авсан Ж.Э*******т дурдаж буй 85-Б тоот хаягт байрлах 587 м талбайтай газрыг эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга гаргаж, улмаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00***** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ" олгож, мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 00*****/*****дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ.
Дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар миний 21 жилийн гаруйн хугацаанд амьдарсан өдгөө ч амьдарч байгаа газрыг Ж.Э*******т эзэмшүүлж шийдвэрлэсэн нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихийн сацуу уг газраас өөр хөрөнгөгүй би гудамжинд гарах нөхцөл бүрдлээ.
Миний бие Ж.Э*******ыг Б.Т****өөс 2019 оны 4 дүгээр сард "...85 тоот хаягт байрлах 700 м талбайтай..." газрыг худалдаж авахаас өмнө газрын албанд ...85-Б тоот хаягт байрлах 587 м талбайтай газар..."-ын асуудлаар удаа дараа өргөдөл, хүсэлтээ өгч хандаж байсан байхад өөрийн худалдаж авсан "...85 тоот хаягт байрлах 700 м талбайтай..." газартаа ч оршин сууж, амьдардаггүй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байр, 76 тоотод байнга оршин суудаг Ж.Э*******т эзэмшүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар захирамжийн Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож иргэн миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...маргаан бүхий газрыг хэн түрүүлж эзэмшилдээ авсан бэ гэдэг асуудал яригдана. Хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт байгаа баримтуудыг харахаар нэхэмжлэгч бол 2001 оноос хойш маргаан бүхий газар дээр амьдарч байгаа гэдгийг гэрч нар бол хэлсэн байгаа. 2001 оноос хойш маргаад байгаа газрыг эзэмшилдээ аваад энэ дээрээ амьдарч байсан байна.
Мөн хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр байгаа. Тэр бүртгэлийн дэвтрээр ч гэсэн 2003 оноос тухайн хаяг дээр амьдарч байсныг Засаг дарга тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар болон Статистикийн тухай хуульд зааснаар хүн амын өрхийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий субъект байгаа юм. Тэгэхээр Засаг даргын удаа дараагийн тодорхойлолтууд хүн амын өрхийн бүртгэлийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг харахад 2001 оноос хойш энэ газрыг эзэмшиж байгаа гэдэг нь нотлогдож байна гэж харж байгаа. Эсрэгээрээ гуравдагч этгээд н.Э*******ын хувьд бол тэр маргаан бүхий газар дээр 2019 оны 4 дүгээр сард худалдаж авсан гэж ярьдаг боловч шүүхээс харьяа 17 дугаар хорооноос нь нотлох баримт шаардсан.
Тэгэхэд хорооноос ямар нэгэн баримт гаргаж өгөх боломжгүй байна гэсэн. Ганц хаяг нь гарсан зүйл байгаа юм болов уу гэж мэдрэгдсэн. Тухайн газар дээр үнэхээр бодитоор амьдардаг оршин суудаг ийм байсан бол хүн ашигт малтмалын өрхийн бүртгэл ч гэдэг юм уу нотлох баримтыг хорооны Засаг даргаас гаргаж өгөх боломж байсан. Гэвч ийм баримтууд байхгүй байна. Гаргаж өгөх боломжгүй байна гэдгийг бол хэлсэн.
Дараагийн үндэслэл бол хэн энэ газар дээр бодитоор амьдарч байна вэ гэдэг агуулга харагдаад байгаа. Нэхэмжлэгч 2001 оноос хойш амьдарч байгаа нь гарцаагүй үнэн байна. н.Э******* бол тухайн газар дээр амьдраад ашиглаад эзэмшээд ингээд байгаа зүйл бол байхгүй. Маргаад буй газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшинэ гэж авсан байгаа гэх боловч эзэмшиж ашиглаж байгаа нөхцөл байдал бол байхгүй байна.
Гуравдагч этгээд ярихдаа н.Т**** гуай газраа зарахдаа энэ газрыг хамт зарчихсан мэт яриад байгаа. Гэтэл хэрэгт баримтууд нь байгаа. Газар худалдсан гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгаа. Тэр дээр зөвхөн н.Т**** гэдэг хүн түүний эзэмшлийн 700 м.кв газрыг дээрх хувийн сууцынх нь хамт гуравдагч этгээдэд 10 сая төгрөгөөр худалдсан ийм зүйл байгаа. Нөгөө талаар энэ асуудал дээр бол н.Т**** гуай уг маргаад байгаа газрыг гуравдагч этгээд болон түүний эхнэрт худалдсан зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр н.Т**** гэдэг хүнд энэ газрыг худалдах эрх ч байхгүй. Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд зааснаар монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна. Төрийн өмчийн газрыг хэн нэгэн этгээд дур мэдээд бусдад худалддаг, зардаг ийм зүйл байхгүй. Тэгэхээр гуравдагч этгээдээс яриад байгаа энэ зүйл нь үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Хэргийн газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл байгаа. 2 ч удаа би уг газар дээр очиж үзсэн. Н. Т**** гуай бол 700 м.кв дээр өмчлөлийн гэрчилгээ гаргуулаад авчихсан. Н.С******гуай өөрөө тэр 587 м.кв-ыг эзэмшлийн гэрчилгээ гаргуулж авсан процедур нь юу вэ гэхээр 2016,2017,2019 онуудад энэ хүн газрын албанд хандаж байсан байдаг. Та яг хандахад чинь бичгийн баримт өгсөн үү гэхээр өөрөө хуулийн мэдлэггүй ч гэдэг юм уу тийм байдлаасаа болоод газрын албаны газар зохион байгуулагч нартай уулзаад яваад байсан. Бичиг баримтаа аваад очихоор газар зохион байгуулагч наадах чинь орц гарцын асуудлаа шийдээгүй тохиолдолд та энэ газрыг эзэмших талаар хүсэлт гаргаад нэмэр байхгүй. Хүсэлтийг чинь шийдэх боломжгүй гэдэг ийм хариуг амаар өгөөд байсан байна. Ингээд 2019 оны 4 дүгээр сард хүссэн хүсээгүй энэ газраа н.Сайханжаргалд зарчихаж байгаа учраас Н.С****** хувьд маргаад байгаа газраа хөөцөлдөх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Ингээд тэр орц гарцны асуудлаа шийдээд 2020 онд хандсан ийм зүйл байгаа юм. Миний ярьж байгаа нь бодитой гэдгийг гэрчээр мэдүүлэг өгсөн н.Х******** гэдэг зохион байгуулагч өөрөө хэлсэн. Иргэд газар эзэмшихээр хүсэлтээ бариад ирэхэд материал нь дутуу, орц гарцны асуудалтай зэрэг ийм байвал бид өргөдлийн өгөөд ийм асуудлаа шийдээд дахиад өргөдлөө авчраарай гээд буцаадаг гэсэн. Энэ зөвлөгөө бол өдөр тутамдаа өгдөг зөвлөгөөний нэг юм гэснийг н.Х******** бол хэлсэн. Ерөөсөө л бичиг баримтаа аваад очихоор орц гарцаа шийдчих гээд л буцаагдаад байсан нөхцөл байдал байгаад байгаа. Хэрэгт цугларсан баримтаар бол тэр 2020 оны 5 дугаар сард захирамж гарчихаад байхад 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газрын алба бол одоо асуудал байхгүй. Таны энэ бичиг баримтыг хүлээж авлаа. Удахгүй гэрчилгээ тань гарчихна. Гэхдээ 6 дугаар сард гарахдаа хугацаа орно шүү гэдэг нөхцөл байдлыг хэлж тайлбарласан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлдэг. Дараагийн үндэслэл бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар энэ бодит нөхцөл байдлыг тогтоох гэдэг үүргийг ер энэ захиргааны байгууллага шийдвэр гаргаад одоо энэ эзэмших эрх олгох гэж байгаа юм чинь тогтоох ажиллагааг бүрэн дүүрэн хийх ёстой. Өөрөөр хэлбэл газар зохион байгуулагч н.Х******** ч гэсэн мэдүүлэг өгөхдөө эзэмших хүсэлт гаргаж байгаа тохиолдолд бодитоор хашаалаад хил заагаа тодорхой болгоод холбогдох баримтуудаа бүрдүүлээд ингээд хандах ёстой гэж хэлсэн. Гэтэл сая гуравдагч этгээд асуултад хариулж байгаагаар ямар нэгэн байдлаар тэр 587 м.кв-ыг очоод тэмдэглэжүүлээд хашаа татаад газрын координатын цэг нь энэ энэ гээд хашаалсан. Бодитойгоор эзэмшилдээ авчихсан ийм нөхцөл байдал бол байхгүй. Бид нар газар дээр нь очоогүй, гүүглийн зургийн давхцал харж байгаад авчихсан гэдэг агуулгатай тайлбарыг н.Х******** хэлсэн. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр заасанчлан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох буюу ер нь энэ эзэмших эрхийг н.Э*******т олгох уу, н.Э******* яг энэ газрыг бодитойгоор эзэмшиж байна уу? Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар хүсээд байсан бол яг зориулалтаар нь амьдарч байгаа юу. Хашаа татсан уу гэх мэтчилэн шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр захиргааны байгууллага шийдвэрээ гаргачихсан. Энэ хоёр хүнийг хооронд нь муудуулчихсан ийм нөхцөл байдал бол байгаа. Нөгөөтэйгүүр 5 дугаар сарын 01-ний өдөр захирамж нь гарчихаад байхад захирамж нь албажиж газрын албанд ирээгүй юм уу л гэж би ойлгоод байна л даа. Гэтэл 5 дугаар сарын 01-ний өдөр захирамж огноолж гарчихаад байхад 5 дугаар сарын 18-ны өдөр Ц.С****** гэдэг хүнээс материалуудыг нь хүлээж аваад байгаа байхгүй юу. Одоо болчихсон байна гээд аваад байна. Энэ сая дурдсан нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж********* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай А/209 дүгээр захирамжаар газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлтээ ирүүлсэн 848 иргэдэд 518834 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон ба уг захирамжийн хавсралтын 311-д Ж.Э*******т Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 3-85б тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 587 м.кв газар эзэмших эрх олгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 3-85б тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 587 м.кв газрыг эзэмших талаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газрын албанд өргөдөл хүсэлт гаргаж байсан гэсэн байна. Ингээд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсний дагуу уг хүсэлтийг нь шийдэх боломжгүй талаар түүнд мэдэгдэж байсан байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэсэн байна. Тэгэхээр нэхэмжлэгч бол хуульд заасан журмын дагуу газар эзэмшсэн зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Мөн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн зүйл байхгүй. Тэгэхээр эрх сэргээх гэдэг асуудал яригдахгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Энэ хүн газрыг эзэмшилдээ авах, энэ хүн газар дээрээ амьдраагүй, энэ хүн байхгүй гэсэн шалтгаан юу вэ гэхээр авсан цагаас эхлээд эдгээр хүмүүс ингээд асуудал үүсгээд яваад байсан учраас бид нар ерөөсөө эд нартай хэрүүл хийгээд яах вэ. Настай хүмүүс байна. Маргаан үүсгээд яах вэ зохих журмынх нь дагуу явцгаая гээд ингээд л орхисон байхгүй юу. Юм хийх ямар ч боломж нөхцөл байхгүй. Яагаад гэхээр өөрсдөө ингээд маргалдаад шүүх гэх зэрэг асуудал үүсгээд яваад байсан учраас ямар ч боломж байгаагүй. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр энэ наймааг хийгээд энэ хүн намайг анх энэ газрыг хүлээж авахад Ц.С****** гуай өөрөө байгаад захиргааны акт миний хүү энэ миний газар шүү, энд би амьдардаг шүү, энэ миний гэр шүү гэсэн бол тэрэнд би үнэхээр оролцохгүй. Гэтэл тэгэхэд энэ хүн байгаагүй. Гэрийн буурь байгаагүй. Гэр байгаагүй. Энэ хүн 85 тоот дээр насаараа амьдарч байна. 85б тоотыг авна гэсэн бодолтойгоор л явсан. Тэрнээс бол тэнд амьдраагүй. Одоо тэр гаргасан байгаа орц гарц хашааны хаалга зэрэг бол үнэхээр байгаагүй. Намайг тэр газраа хашаалаад авах боломж нөхцөлөөр өөрсдөө хангаагүй. Би настай хүнтэй хэрүүл хийгээд газар дээр нь очоод та зайлаад өг гэх тийм сэтгэл надад байхгүй. Анхнаасаа тэр хүн би энд байгаа шүү. Амьдарч байгаа гэсэн бол би маргаан ч үүсгэхгүй, уг газрыг бүр худалдаж авах ч үгүй байсан юм. Сүүлд гарч ирээд газар булаацалдаж байна гэсэн үг юм. гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүхээс талуудыг эвлэрэх боломжоор хангасныг хүртэл дурдах нь зүйтэй байх. Захиргааны хэрэг маргаан гэдэг бусад хэрэг маргаануудаас онцлогтой байдаг бөгөөд хариуцагч нь бол төрийн байгууллага, захиргааны байгууллага оролцдог. Мэдээж захиргааны байгууллагын гаргаж байгаа шийдвэр хууль ёсны байх ёстой. Хэрвээ энэхүү захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус гэж үзэж байвал тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргах, холбогдох байгууллагад өргөдөл гомдлоо гаргах эрх нь хуулиар олгогдсон байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3 зүйл хэлж байна. Нэгдүгээрт энэ эзэмшил бол 2001 оноос байсан гэдэг үндэслэл хэлж байна. Газрын тухай хууль холбогдох хууль тогтоомжид буюу Газрын тухай хуулийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Үүнээс үзвэл 85б гэдэг тоотыг эзэмшиж байна гэж өөрсдөө тайлбарлаж байгаа боловч энэ нь хууль бус үйлдэл байжээ гэдгийг хуульчийн хувьд дүгнэмээр байна. Мэдээж эзэмшиж байгаа ашиглаж байгаа газрыг Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагаар бол эзэмших ашиглах хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Тэгэхээр энэ эрх нь хаана хэзээ хэрэгждэг вэ гэхээр Газрын тухай хуульд заасны дагуу хэн өргөдлөө гаргасан бэ, хэн Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байна вэ гэдгийг тодруулж харж шийдвэрээ гаргадаг. 2001 оноос хойш эзэмшилдээ авсан. Тэрийг н.Т**** гуай нотолно гэж хэллээ. Энэ бол иргэний хэрэг маргаан биш шүү дээ. Шууд, шууд бус эзэмшигч, хууль ёсны, хууль бус эзэмшигч гэсэн ийм зүйл ярихаас илүүтэй тухайн газрын эзэмшил дээр ярьвал энэ бол хууль бус эзэмшигч байсан гэдгийг хэлмээр байна. н.Т**** гуай бол энэ газрыг худалдсан зэрэг нь бол энэ маргаанд ямар ч ач холбогдолтой зүйл биш юм. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч хэллээ. Хуулийн мэдлэггүй гэсэн гэж байна. Хуулийг мэдэхгүйгээс болоод тухайн хуулийг хэрэгжүүлээгүй, эрх ашгаа хамгаалаагүй бол тэр бол тухайн хүний өөрийнх нь асуудал буюу өөрөө үүнийгээ хариуцна. Газрын албанд газар эзэмших ашиглах хүсэлтээ өгтөл өөдөөс нь аман ямар нэгэн шийдвэр гаргаж байвал үүнийх нь дагуу гомдлоо гаргах ёстой. Магадгүй шүүхэд хандах эрх нь хүртэл нээлттэй. Энэ талаар баримт бол хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Тодруулбал гэрч н.Х******** болон хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ц.С****** нь 2020 оны 5 дугаар сард буюу захирамж гарснаас хойш энэ газрын асуудлаа хөөцөлдсөн байдаг. Хэрэгт цугларсан баримтад байж байгаа. 2015 оны 9 дүгээр сард манайхаас хүсэлтээ өгсөн байдаг. Энэ хүсэлтийн дагуу кадастрын зураг хийлгэж 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 85б гэсэн тоот хаягийг үүсгэж Засаг даргад хандсанаар би газар авах эзэмших баримтыг бүрдүүлж Засаг даргад өгснөөр энэхүү шийдвэр гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч захирамж гарсан хойно би мэдсэн гэдэг тайлбарыг хэлж байгаа нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хожимдсон байна. Хууль зүйн хувьд Газрын тухай хуулийн 27-д газар эзэмшүүлэх асуудлыг бол хуульчилсан. 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байна. 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан. Тийм учраас 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргаад байгаа Засаг даргын захирамж нь Газрын тухай хуульд заасан энэ эрх үүргийн дагуу хэрэгжүүлсэн байна. Тэгэхээр энэ захирамж өөрөө хууль ёсны байна. Гагцхүү нэхэмжлэгч энд олон жил амьдарсан гэж маргадаг. Тэгэхээр энэ газрыг авах ёстой. Би хууль мэдэхгүй байсан. Гэсэн хэдий ч би энэ газрыг авах ёстой гэсэн тайлбарыг тавьдаг. Хэрвээ аливаа нэгэн этгээд газрыг эзэмшье гэх юм бол тухайн сум дүүргийн Засан даргад энэ хуулийн дагуу холбогдох хүсэлтээ өгч байж шийдүүлнэ. Хэрэгт цугларсан баримтаас харвал Ц.С****** гуай газар эзэмших хүсэлтийг захирамж гарснаас хойш өгсөн гэдэг нь тодорхой харагддаг. Гэрчийн мэдүүлэг байдаг. н.Х******** хэлэхдээ Ц.С****** гуайн гомдлыг хүлээж аваад оронд нь өөр газар олгох талаар санал хүртэл тавьж байсан тухай, мөн захирамж гарснаас хойш ирж уулзсан тухай гэрч мэдүүлдэг. Ц.С****** гуай бол н.Э*******ыг өгснөөс хойш өргөдөл өгсөн гэдэг нь тодорхой байна. Иймд энэ захирамж бол хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.С****** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.С****** нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...энэ маргаж буй газарт 21 жил гаруй амьдарч байгаа, газраа эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан боловч тухай бүрт орц гарц гаргах шаардлагатай гэж татгалзаж байсан тул 2020 онд орц гарцын асуудлаа шийдвэрлэсний дараа дүүргийн газрын албанд хүсэлт, баримт бичгээ өгөхөд Газар зохион байгуулагч н.Х******** хүлээж аваад бүрдэл хангагдсан байна, 8 сарын дараа шийдвэр гарна, тэр үед ирж аваарай гэсэн атлаа 2020 оны 5 сарын 01-нд иргэн Ж.Э*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагчаас ....Ж.Э*******аас газар эзэмшихээр гаргасан хүсэлт, холбогдох нотлох баримтууд нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан тул түүнд газар эзэмших эрх олгосон захирамж хууль зүйн үндэслэлтэй... гэж, гуравдагч этгээд Ж.Э*******аас ...хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаснаар газар эзэмших эрх надад олгогдсон гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Баянзүрх дүүргийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 31.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, мөн хуулийн 27 болон 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т Иргэн...хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэж тус тус заажээ.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Нэхэмжлэгч Ц.С******ас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар уламжлан тус дүүргийн Газрын харилцаанд гэх /он сар өдөргүй/ өргөдлийг гаргаж түүндээ ...Эмнэлгийн **** тоотод 2001 оноос хойш амьдарч байна, газрын гэрчилгээ олгож өгнө үү гэж хандсан, уг өргөдөлд хорооны Засаг дарга 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ц.С****** нь Эмнэлгийн 13-204 тоотод оршин суугч гэж тодорхойлсон, өргөдөл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон Н.С****** гаргасан мэдүүлэг, газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /он сар өдөргүй/, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эко терра мэп ХХК-ийн үйлдсэн, Эмнэлгийн 3-85Б хаягт орших газрын кадастрын зураг, мөн 17 дугаар хорооны засаг даргын, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Н.С****** оршин сууц буй 576 м2 газарт Эмнэлэг-3 гудамжны 85-б тоот олгож өгнө үү гэх хүсэлт, газрын фото зургийг тус тус хавсаргасныг Дүүргийн газар зохион байгуулалтын албаны Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт-д 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр бүртгэж, О.Х*********т шилжүүлсэн,
Иргэн Ц.С*********аас 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар уламжлан тус дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж түүндээ ...Эмнэлгийн 3-85 тоотод орших хашааныхаа хойд хэсгийн газрыг өөрийн нөхөр Ж.Э*******ын нэр дээр сунгаж авах хүсэлтэй байна, шийдэж өгнө үү гэж хандсан, уг өргөдөлд хорооны Засаг дарга нь Ж.Э******* нь Эмнэлгийн 3-85Б тоотод давхцалгүй тул энэ тоотыг олгох гэж тодорхойлсон, түүнчлэн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолсон, газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, мөн өдөр Тав ди ворлд ХХК-ийн үйлдсэн, Эмнэлгийн 3-85Б хаягт орших газрын кадастрын зураг зэргийг хавсаргаж ирүүлснийг Дүүргийн газрын албанаас мөн оны 10 дугаар сарын 14-нд хүлээн авсан үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Газрын тухай хуулийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад...гаргана, 32.2-т ...хүсэлтэд дараах зүйлийг тусгах-ыг, хуулийн 32.2.1-32.2.3-д тусгайлан жагсаасан ба мөн хуулийн 32.4-т Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэж, 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж тус тус заасан.
Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл Иргэнээс хуульд заасан журмын дагуу холбогдох баримтаа бүрдүүлэн гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд газар эзэмших эрх олгох асуудлыг шийдвэрлэх бөгөөд газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.3-т заасан шаардлагыг хангах учиртай, энэ маргааны тухайд нэхэмжлэгч Ц.Сүхтулгыг газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө иргэн Ж.Э******* зохих журмын дагуу өргөдлөө гаргасан, уг газар нь бусдын эзэмших эрх бүхий газартай давхцалгүй байсан нь тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан уг шийдвэр нь түүнд хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэний дээр иргэн Ж.Э*******ын газар эзэмших талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул түүний хүсэлтийг шийдвэрлэж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар Ж.Э*******т тус дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3-85Б тоотын 576 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.
Нэхэмжлэгч Ц.С****** нь 2001 оноос хойш тухайн хаягт оршин сууж байгаа гэж тайлбарлан маргасан боловч түүний иргэний үнэмлэхийн лавлагаанд иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг-Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж, 85 тоот гэж, уг хаяг нь 2020 оны 7 дугаар сарын 28-нд Эмнэлгийн 13-204 тоот, 2021 оны 3 дугаар сарын 29-нөөс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-266 тоот гэж тус тус өөрчлөгдсөн болохыг тодорхойлсон, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Хүн ам, өрхийн бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Ц.С****** нь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж, 85 тоот хаягт бүртгэлтэй байж байгаад 2019 оноос Эмнэлгийн 3 дугаар гудамж, 85-Б тоот хаягт бүртгэгдсэн болох нь тогтоогдов.
Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн иргэн Б.Т****/нэхэмжлэгч Н.С****** хадам ээж/, иргэн Ц.С********* нарын хооронд хийгдсэн Газар худалдах-худалдан авах гэрээ-нээс үзвэл Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж, 85 тоот хаягт орших 700 м2 газрыг Б.Т****нь 5 000 000 төгрөгөөр, уг хаягт орших 35 м2 талбай бүхий хувийн сууцыг мөн 5 000 000 төгрөгөөр тус тус худалдсан, үүний дагуу Ц.С********* нь /Ж.Э*******ын эхнэр/ 1331961067 нэгж талбарын дугаар бүхий 622 м2 талбайн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж 2019 оны 10 сарын 11-ний өдөр 000546360 дугаар гэрчилгээ, харин Ж.Э******* нь 1331961068 нэгж талбарын дугаар бүхий 77 м2 газрын хууль ёсны өмчлөгч тул түүнд мөн өдөр 000546361 дугаар гэрчилгээ тус тус олгогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй.
Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.С****** нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж, 85 тоот хаягт хадам ээж Б.Т****ийн хаягт амьдарч байсан нь тогтоогдож байх хэдий ч энэ нь Ж.Э*******т 3 дугаар гудамжны 85Б тоот хаягт орших газрыг олгосон захирамжтай маргаж буй үйл баримтад төдийлөн ач холбогдолтой гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаж буй газар болох Эмнэлгийн 3 дугаар гудамж, 85Б тоот хаягт 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь тогтоогдоогүй, нөгөө талаар аливаа иргэний газар эзэмших эрх нь тухайн хаягт оршин суусан хугацаагаар биш, харин хууль ёсоор олгогдсон эрхийн гэрчилгээний дагуу үүсч хууль ёсны эзэмшигч гэж тооцогдох журамтай.
Нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшихээр Дүүргийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргасан боловч тухай бүрд орц гарц гаргах шаардлагатай гэж татгалзаж байсан гэж тайлбарлан маргасан, шүүхээс энэ талаар холбогдох баримтуудыг шаардсан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр Н.С****** 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт бүртгэгдсэн, харин 2019 оны 4 дүгээр сар болон түүнээс өмнөх хугацаанд хүсэлт гаргасан талаар бүртгэл байхгүй-г тодорхойлсноос үзвэл Ц.С****** нь Ж.Э******* /Сайханжаргал/-ыг хүсэлт гаргахаас өмнө тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан гэх үйл баримт нь үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн ...2020 онд орц гарцын асуудлаа шийдвэрлэсний дараа дүүргийн газрын албанд хүсэлт, баримт бичгээ өгөхөд Газар зохион байгуулагч н.Х******** хүлээж аваад бүрдэл хангагдсан байна, 8 сарын дараа шийдвэр гарна, тэр үед ирж аваарай гэсэн атлаа 2020 оны 5 сарын 01-нд иргэн Ж.Э*******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргасан боловч шүүхэд гэрчээр дуудагдсан О.Х*********аас ...Ж.Э*******ын захирамж гарснаас хойш Ц.С****** гуай надтай ирж уулзсан, өмнө нь ирж уулзсаныг санахгүй байна, нэгэнт Ж.Э*******т олгохоор захирамж гарсан тул өөр газар олгох боломжтойг хэлсэн боловч шүүхээр маргахаар боллоо гэсэн, би тухайн хороог 2 сар хариуцаад өөр хороог хариуцах болсон... гэж тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.С****** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.С******ас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН