Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 104/2022/00065/И |
Дугаар | 104/ШШ2022/00154 |
Огноо | 2022-03-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 104/ШШ2022/00154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, , тоотод оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, , *******д байрлах, ******* ХХК /РД:/-т холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр 34571200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХХК-аас орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр 31000000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 3571200 төгрөг, нийт 34571200 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч “*******” ХХК нар нь 2020 оны 10 сарын 19 өдөр тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Налайх дүүргийн нд баригдах ******* төслийн орон сууцны зүүн блокийн 5 давхарт 59,91 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 метр квадратын үнэ 1600000 төгрөгөөр тооцон нийт 95856000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Төлбөрийн нөхцөлийн хувьд гэрээ байгуулмагц Hino dutro маркийн 2005 онд үйлдвэрлэсэн, 2020 онд орж ирсэн, улсын дугаараа аваагүй ачааны автомашиныг 31000000 төгрөгөөр тооцож өмчлөлд нь шилжүүлсэн. Ачааны автомашиныг анх 31000000 төгрөгт тооцсон. Үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Тус гэрээний 1.2-д барилга нь 2019 оны 2 дугаар улиралд эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно, мөн 1.3-д энэ гэрээний хугацаа нь байгууллага иргэдийн орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгснөөр дуусгавар болно гэж зааснаар орон сууцыг ашиглалтад оруулах сүүлийн өдөр нь 2020 оны 12 сарын 31 өдөр байсан. Гэтэл тус компани нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй, ашиглалтад оруулахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлөө тайлбарлаж нотлоогүй, мөн гэрээний 2.4-д “энэ гэрээгээр тохирсон 1 метр квадрат талбайн болон нийт үнэ нь гэрээний хугацаанд хөдөлбөргүй үнэ байна, үнийн өсөлт гарвал эрсдэлийг А тал, үнийн бууралт гарвал эрсдэлийг Б тал тус тус хариуцна” гэж заасныг зөрчин 1 метр квадрат талбайн болон нийт үнийг нэмэгдүүлсэн гэсэн үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг дахин нэмэхийг шаардсан, гэрээнд заасан эрхийнхээ дагуу барилгын явцтай танилцах гэхээр оруулдаггүй, урьдчилгаа төлбөрөө нэм эсхүл байраа буцааж болно гэж тулгасан зөрчлүүдийг гаргасан. Иймд нэхэмжлэгч талаас 2021 оны 11 сарын 01 өдөр хариуцагчийн оффист очиж “орон сууц ашиглалтад орох хугацаа нэг жилээр хэтэрлээ, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 1 м.кв-ийн үнээ нэмсэн” иймд би гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан авмаар байна яаралтай шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Хариуцагч нь ажлын 14 хоногийн дотор шийдвэрлээд хариу мэдэгдэнэ гэсэн боловч огт хариу өгөөгүй. Нэхэмжлэгч тал дахин 2022 оны 01 сарын 03 өдөр гэрээнээс татгалзах талаар өмнөх мэдэгдлийг хүлээн авснаас хойш та бүхэн хариу өгөөгүй, гэрээнээс татгалзах, хугацаа тогтоох эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа учир би гэрээнээс татгалзах хугацааг 2022 оны 01 сарын 07 өдөр болгон тогтоож байна. Энэ хугацаанд урьдчилгаа төлбөрийг буцаан өгнө үү” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагчаас мөн л 14 хоногт шийдвэрлэж хариу өгнө гэсэн боловч ямар ч хариу өгөөгүй тул гэрээний 5.9-д заасны дагуу шүүхэд хандсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалан уг гэрээнд заасан ажлын үр дүнг нь хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл гүйцэтгэгч тал буюу хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацааг хангалттай олгосон боловч гүйцэтгэгч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн зөрчлийг одоо болтол арилгаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 ... 225 дугаар зүйлийн 225.1 ... -ыг үндэслэн хариуцагчтай байгуулсан ******* тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байгаагаа удаа дараа хариуцагчид мэдэгдсэн. Ингээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэг ... талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д даасан урьдчилгаа төлбөр болох 31000000 төгрөгийг буцааж авах талаар шаардсан. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д , 222.4 , 222.7 , 227.1-ыг тус тус үндэслэн “*******” ХХК-аас урьдчилгаа төлбөр 31,000,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 3571200 төгрөг, нийт 34571200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагатай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан эсэх талаар маргах зүйл байхгүй. Урьдчилгаа төлбөр 31000000 төгрөгт автомашиныг тооцож авсан. Үүнтэй мөн маргах зүйл байхгүй. Харин алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад вэ гэвэл нэхэмжлэгч тал гэрээнээсээ татгалзаж байгаа тохиолд алданги нэхэмжлэх эрхгүй . Гагцхүү өөрт хохирсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас сонсоход гэрээнээсээ татгалзаж байгаа юм байна. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд өгсөн авснаа буцаана. Харин гэрээний алдангийг нэхэмжлэх эрхгүй. Тийм учраас алданги 3571200 төгрөг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, өргөдлийн хуулбар, мэдэгдэл зэрэг баримтыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 31000000 төгрөг, алданги 3571200 төгрөг, нийт 34571200 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хариуцагч тал орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан эсэх дээр маргаагүй. Харин нэхэмжлэгч тал гэрээнээсээ татгалзаж байгаа тул алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах мэдэгдлээ хариуцагч талд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
-2020 оны 10 сарын 19 өдөр захиалагч Б.*******, ажил гүйцэтгэгч “*******” ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагджээ. /хэргийн 6-9-р хуудас/
-2021 оны 11 сарын 01 өдөр, 2022 оны 01 сарын 03 өдөр ХХК-н захиргаанд хүргүүлсэн өргөдөл, гэрээнээс татгалзах мэдэгдэл /хэргийн 11-14-р хуудас/
5. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.”Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.”, 205 дугаар зүйлийн 205.1.”Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, 227 дугаар зүйлийн 227.1.”Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.”, 232 дугаар зүйлийн 232.6.”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”. гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж буйгаа хариуцагч талд 2021 оны 11 сарын 01 өдөр мэдэгдсэн, хариуцагч тал гэрээнээс татгалзах хугацааг тогтоож өгөөгүй тул 2022 оны 01 сарын 03 өдөр гэрээнээс татгалзах мэдэгдлээ бичгээр хүргүүлсэн гэх тайлбар, баримтыг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбар баримттай маргаагүй байна.
Нэхэмжлэгч тал өөрийн гүйцэтгэсэн үүргийн 0,3 хувиар тооцон 3571200 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний тал өөрт учирсан хохирлоо нөгөө талаасаа шаардах эрхтэй болно. Хохирол, алданги нь хууль зүйн өөр өөр ойлголт бөгөөд тэдгээрийг дүйцүүлэн хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3571200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу гэрээний төлбөр 31000000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 312950 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 232 дугаар зүйлийн 232.1 -д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 31000000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /РД:*******/-т олгож, нэхэмжлэлээс 3571200 /гурван сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331000 /гурван зуун гучин нэгэн мянга / төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “*******” ХХК-аас 312950 /гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА