Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/01025

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022                 5                  04                                                            181/ШШ2022/01025                                                                             

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

 

Нэхэмжлэгч: О.М/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.м/-д холбогдох,

          

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.  

Хариуцагч Б.Мөөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                               

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 10 жилд нэг ангид суралцаж байсан бөгөөд 2013 оноос хамт амьдарч, ,,, өдөр хүү М.Тийг төрүүлэн, 1 жил хамт амьдраад салсан. Тэр үеэс хойш хүү маань надтай хамт амьдарч байна. Одоо би өөр хүнтэй хамт амьдарч 3  хүүхэдтэй болсон. Иймд хүү М.Тд эцгээс нь тэтгэвэр тогтоолгоно гэжээ.

 

Хариуцагч Б.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүү М.Тд тэтгэвэр төлөхөд татгалзах зүйлгүй төлнө. Би Өмнөговь аймагт төмөр замын хоолой хийж байгаа, материал авч яаралтай явахгүй бол гэрээ цуцлагдах юм. Иймд шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч О.Мын нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.М, хариуцагч Б.Мнар нь 2013 оноос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү М.Т төрж, эцэг Б.Мээр овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эцэг, эхийгээ 2015 оноос хойш тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон Сүхбаатар дүүргийн,,,,, дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 3, 5, 20 дугаар тал/

 

Хариуцагч Б.Мнь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн  тэтгэлгийг хуулийн дагуу төлнө гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэжээ.

 

Иймд хариуцагч Б.Мээс Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү М.Тийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 35 868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Мээс ,,, өдөр төрсөн хүү М.Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 38 868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Бямбасүрэнд даалгасугай.

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ