Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01016

 

 

 

 

 

       2022          05         03

                                181/ШШ2022/01016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СБД ЭМТ -д холбогдох

ажиллаж байх хугацаанд олгогдоогүй цалин хөлс 8.019.252 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Х  би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс СБД ЭМТ ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад тус төвийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/148 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Миний бие хүний их эмч мэргэжилтэй. 2004 онд Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт хими болон дүрс оношлогооны тасгийн эмчээр тасралтгүй 14 жил ажилласан. 2006 оноос ЭМШУИС, клиникийн эмнэлгүүд, сувилахуйн сургууль болон хувийн сургуулийн оюутны дадлага удирдах дадлагажуулах багш сургалтанд 1625 гаруй оюутныг ажлын байран дээрээ дадлагажуулсан. 2005 онд хавдар судлаач, 2006 онд дүрс оношлогооны эмчийн мэргэжил эзэмшсэн, дүрс оношлогооны ахлах зэрэгтэй, 2012 онд БНСУ-ын Сөүл хотын Самсунг эрүүл мэндийн төвд оношлогооны чиглэлээр, 2015 онд БНХАУ-ын Бээжин хотын Хавдрын эмнэлэгт оношлогооны чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Ажиллах хугацаандаа ажилдаа судалгаа дүгнэлттэй ажиллаж, эмч мэргэжилтэн шинэ залуу эмч нарт зориулсан материал зөвлөмж, гарын авлага, /багш нарын хамтаар/ илтгэл-5, хорт хавдартай өвчтөнд зориулсан гарын авлага-6, ханын самбараар зөвлөмж, шторк боловсруулж ажил мэргэжилдээ санаачлагч идэвхитэй байж клиник судалгаатай ажиллаж, ажил байдлын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн.

Миний бие Нийслэлийн СБД ЭМТ ийн дарга Л.Баярхүүгийн гаргаж буй ёс зүйгүй, бусдыг үгүйсгэсэн, эмнэлгийн байгууллагыг хөгжүүлэх бус, худал хуурмагийн үүр уурхай болгож, хувийн эмнэлэг мэт авирлаж, эрх мэдлээ буруу зорилгод ашиглан байгууллага, хувь хүнийг хохироон, хуурамч мэдээ тайлан гаргаж, тушаал шийдвэр засаж өөрчлөхдөө дадсан, дүүргийн эмнэлгийн байгууллагыг ашиг орлого болгон шимэгчилж, дарангуйлал тогтоон бүхнийг мөнгөөр шийдэж байгаа үйлдлийн эсрэг ажилтнуудынхаа дуу хоолой болж холбогдох хуулийн байгууллагуудад хандаж ирсэн.

Л.Б нь эмнэлгийн эмч, ажилчдын цалин орлогоос хасаж танан, гэрлэлтийн, жолооны сүрьеэгийн гэх мэт эрүүл мэндийн хуудас бүртгэлийн, урьдчилан сэргийлэх үзлэг, тендертэй тендергүй эмийн захиалга болон кассын бэлэн мөнгөний орлого зэрэг олон сувгийн орлогоор хөлжсөн. Ажилчдыг ялгаварлан гадуурхаж, дарамтандаа ажиллуулдаг, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгодоггүй, олон хүн ажлын байрны дарамтаас болж ажлаас гарсан, чөлөө олгодоггүй, чөлөө олгохгүй, явах юм бол ажлаас хална гэж дарамталдаг, энэ байдлаас хамаарч хүний нөөц тогтворгүй, ажилчдын олонх нь 1-4 жил л ажилладаг, төрийн албанд мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулсан.

Түүний энэ мэт хууль бус, ёс зүйгүй үйлдлийн эсрэг Монгол Улсын Хүний эрхийн комисст хандахад хүний эрхийн комиссын гишүүний 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/19 тоот шаардлага, мөн өдрийн 1/11 тоот зөвлөмж гарсан боловч хэрэгжүүлдэггүй, хууль бус үйл ажиллагаа улам гаарч, өөрт таалагдахгүй хүнийг ажлаас халж байна.

Эмнэлгийн ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй холбогдох байгууллагад хандсаны төлөө надад дургүйцсэнийхээ дүнд элдэв арга саам хайж ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халсан. Ажил албан үүргийнхээ хувьд ноцтой зөрчил дутагдал гаргасан зүйл байхгүй.

Т.Х ыг ажил үүргээ удаа дараа гүйцэтгээгүй, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-өөр ажлаас нь чөлөөлсөн боловч энэ зөрчил нь баримтаар тогтоогддоггүй.

Мөн 2020 оны 9, 10 дугаар сар, 2021 оны 01, 02, 3 дугаар саруудын цалин дутуу бодсон, 2021 оны 4, 5, 6 дугаар сард цалин бодож олгоогүй хохироосон. Дээрх хугацаанд дутуу болон олгоогүй цалин 8,019,525 төгрөг байна.

Иймд Нийслэлийн СБД ЭМТ ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажилласан хугацаанд олгоогүй цалин 8,019,525 төгрөгийг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

СБД ЭМТ ийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Т.Х ыг тус Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Т.Х  нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчиж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлдэггүй учир 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/148 тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Т.Х  дээрх хугацаанд ямар ч ажил хийгээгүй болох нь өөрийнх нь бичсэн нэхэмжлэлээс ч тодорхой харагдаж байна. Тухайлбал:

1. Тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.10-д бүх ажилтныг автомат цаг бүртгэгч машинд ирцээ бүртгүүлэхийг журамласан байдаг. Т.Х  нь ирцээ огт бүртгүүлдэггүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байранд байдаггүй, ажил тасалдаг.

Хөдөлмөрийн дотоод журмын Тав дугаар бүлэгт Удирдлагын зөвлөл нь сард 1 удаа, шаардлагатай үед тухай бүр, эрүүл мэндийн төвийн шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүр, нийт ажилтны хурлыг хагас жилд 1 удаа, эмч нарын яриа, зөвлөгөөнийг 14 хоногт 1 удаа, эмнэлэг хяналтын комиссын хурлыг 7 хоног бүр хийх ба цаг үеийн зайлшгүй шаардлага, онцгой байдлын үед цугларалт, ээлжит бус хурлыг зохион байгуулахаар, түүнчлэн бүх ажилтны хурлыг эрүүл мэндийн төвийн дарга, эмч нарын зөвлөгөөнийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга удирдан явуулахаар журамласан.

2020 онд тус төвийн удирдлагын зөвлөлийн 21, удирдах ажилтны шуурхай 42, цаг үеийн яаралтай 7, дүүргийн 1, тасаг, клиникийн эрхлэгч нарын 24, нийт 95 удаагийн хурал болсноос Т.Х  40 удаагийн хуралд суусан нь 42,1 %; 2021 оны эхний 5 сарын байдлаар удирдлагын зөвлөлийн хурал 7, эрүүл мэндийн төвийн шуурхай зөвлөгөөн 23, цаг үеийн яаралтай 3, тасаг, клиникийн эрхлэгч, эмч нарын зөвлөгөөн 1 удаа, нийт 34 удаагийн хурал танхимд болсноос нэг ч удаагийн хуралд суугаагүй байна. Ковид-19 цар тахлын онцгой байдлын улмаас олон хүн цугларсан хурал, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрт шилжүүлж олон удаагийн хурал хийхэд нэг ч оролцоогүй.

Ажилласан хугацаанд удирдлагад мэдэгдсэн чөлөө эсвэл эмнэлгийн ямар ч магадлагаа байдаггүй. Тиймээс 2021 оны 1-3 дугаар сард 10 хоногийн. 4-6 сард цалин огт бодогдоогүй. Хэрвээ ажилдаа ирж бүртгүүлдэг, үүрэгт ажлаа хийдэг бол тухайн үед цалингийн асуудлыг хөндөж, цалингийн нягтлантай уулзаж цалин яагаад хасагдсан талаар тодруулах, нэхэх бүрэн боломжтой байсан.

2. Ажлын байрны буюу Албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлдэггүй.

Т.Х  тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдсон хэдий ч албан тушаалын тодорхойлолтод заасан төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд стандарт удирдамжийн дагуу, чанартай, чирэгдэлгүй, аюулгүй үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулж хяналт тавин мэргэжил арга зүйгээр хангах ажлаа огт хийгээгүй.

2021 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн А/33 дугаар тушаалаар байгуулсан ковид-19 өвчний онцгой нөхцөлд сувиллын газарт ор дэлгэх, короновирусын халдвартай тохиолдлыг хэвтүүлэн эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах зэрэг нь Апбан тушаалын тодорхойлолтод заасан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын шууд хариуцах ажил байтал огт оролцоогүй.

2020 онд Эмнэлзүй эмгэг судлалын конференцийг 2 удаа, магадлан хэлэлцэх зөвлөлийн хурлыг 4 удаа хийхэд алдаг оног сууж, 2021 онд Эмнэлзүй эмгэг судлалын конференцийг 2 удаа, магадлан хэлэлцэх зөвлөлийн хурлыг 3 удаа зохион байгуулагдахад Т.Х  нь нэг ч удаа оролцоогүй, удирдаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй болно.

Т.Х  нь тус төвийн Хөдөлмөрийн дотоод журмын дараах заалтуудыг зөрчсөн: Үүнд:

- Хөдөлмөрийн дотоод журмын 9.10-д: Ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр автомат цаг бүртгэгчид бүртгүүлээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцогдож, дотоод журмын дагуу хариуцлага тооцно; 9.11-д: Ажил тасалсан буюу хоцорсон цаг минутыг сар бүрийн эцэст нэгтгэж ажилтны ажлаагүй хугацааны цалин хөлсийг хасч тооцно; 9.12-т: Хүндэтгэн үзэх шалтгаангүй, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 хоног болон түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон нь нийлбэр дүнгээр 1 сард 16 цаг болсон бол Хөдөлмөрийн гэрээ цуцлах арга хэмжээ авна,11.1-т: Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,бусад хууль тогтоомж, энэхүү ХДЖ, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна; 11.2-т: Хөдөлмөрийн дор дурдсаныг сахилгын зөрчилд тооцохоор: 11.2.1-д: Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмчилгээ үйлчилгээний стандарт, технологи, удирдамж, ЭМТ-ийн захиргаанаас баталсан дүрэм журам, заавар болон бусад хууль тогтоомжийг зөрчсөнийг; 11.2.2-т: Хөдөлмөрийн гэрээ, Апбан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй буюу хугацаанд нь бүрэн зохих ёсоор гүйцэтгээгүй; 11.2.3-т: Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн биелүүлээгүй; 11.2.5-д: Ажил таслах, хожимдох, ажлын дундуур чөлөө авалгүй явах,чөлөөний хугацаа хэтрүүлсэн зөрчлийг давтан гаргасан, 11.8.4-т: Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс удаа биелүүлээгүй; 11.8.23-т: Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон нь нийлбэр дүнгээр 1 сард 16 цаг болсон.

Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-т дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан . Үүнд:

-7.4.1. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн төвийн баталсан дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэл гаргасан,

-7.4.3. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн хоёр ба түүнээс дээш удаа гаргасан,

-7.4.4. Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй,

-7.4.22. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удиирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 хоног болон түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан.

3. Т.Х  нэхэмжлэлдээ ХЭҮК-ын зөвлөмж, шаардлага, албан бичгийг хавсаргаж СБЭМТ-ийн даргын ёс зүйгүй үйлдэл, эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа үйлдлийн эсрэг ажилтнуудын дуу хоолой болж байгаа тул надад дургүйцэн ажлаас үндэслэлгүй халлаа хэмээн гүтгэн доромжилсон бөгөөд энэ зөвлөмж шаардлага өнөөдрийн байдлаар манай Эрүүл мэндийн төвд ирээгүй, хэн ч хараагүй, мэдээгүй байна. Т.Х ыг ямар үндэслэлээр халсныг тушаалд тэмдэглэсэн байгаа.

Иймд Т.Х ын ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажиллаж байсан үеийн болон ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус байгууллагыг төлөөлж оролцож байгаагын хувьд тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Бат-Ирээдүй даргатай уулзсан. Бат-Ирээдүй дарга өмнө нь ажилчдыг шахаж хавчдаг асуудлууд байсан, ямар нэгэн ажлын байрны дарамт үзүүлдэг, тиймэрхүү дарамт их байдаг байсан гэдэг.

Ерөнхийдөө Т.Х ыг ажилд нь авахад татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Гэхдээ надад эвлэрэх эрх болон нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх эрх олгоогүй, тиймээс шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, 2020 оны 9, 10 дугаар сар, 2021 оны 01, 02, 3 дугаар саруудын цалин огт бодож олгоогүй гэдгийг би сайн мэдэхгүй, ер нь цалингийн асуудлыг сайн лавлаж асуугаагүй гэв.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:

СБД ЭМТ ийн дарга Л.Баярхүүгийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/148 тоот тушаал, төрийн мэдээллийн сангаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунангийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 тоот зөвлөмж,гишүүн Н.Ганбаярын 2/11 дугаартай зөвлөмж2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/1129 дугаартай албан бичиг, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/19 тоот шаардлага, 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 1/12 тоот албан бичиг, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг гаргасан.

Хариуцагч тал нотлох баримтаар:

байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 2020, 2021 оны цалингийн тооцоолол, Нийслэлийн СБД ЭМТ ийн дарга Л.Баярхүүгийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний А/33 дугаар тушаал, тушалын нэгдүгээр хавсралт, хоёрдугаар хавсралт, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/35 дугаар ташаал, хавсралт 1,2, ажил хүлээлцэх тухай протокол, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны А/71 дугаар тушаалын хавсралт, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны №07 дугаартай Зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 14-ний №8 дугаар Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/84 дугаартай тушаал, Л.Баярхүүг ажилд нь эгүүлэн томилсон тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00364 дугаартай шийдвэр, П.Бат-Ирээдүйг СБД ЭМТ ийн даргаар томилсон тухай Нийслэлийн эрүүл мэндийн даргын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/75 дугаартай тушаал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 320 дугаартай албан бичиг, ажилчдын гарын үсэг бүхий 2 хуудас баримт зэргийг гаргасан.

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр гэрч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэгийг авсан болно.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Т.Х  нь СБД ЭМТ д холбогдуулан ажиллаж байх хугацаанд олгогдоогүй цалин хөлс 8.019.252 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

СБД ЭМТ ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан ажилтан Т.Х ыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Б/148 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 7,8, 22-44-р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Т.Х ыг чөлөө зөвшөөрөлгүй олон хоногоор ажил тасалсан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Т.Х  нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан 2021 оны 6 дугаар сарын17-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасантай нийцэж байна.

            Ажил олгогч нь ажилтан Т.Х тай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 42-44-р хуудас/

            Нийслэлийн СБД ЭМТ ийн даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн А/53 дугаартай тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталжээ. /хх-ийн 22-41-р хуудас/

            Хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа ажилтан Т.Х ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно гэжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг, ноцтой зөрчил гаргасан гэдэгт гэрээнд нэрлэн заасан зөрчлийг гаргасан байхыг тус тус ойлгоно. Гэхдээ зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

            Ажилтан Т.Х ын гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагч СБД ЭМТ  нь ажилтан Т.Х ыг автомат цаг бүртгэгч машинд ирцээ огт бүртгүүлдэггүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалдаг, удирдлагын зөвлөлийн, удирдах ажилтны шуурхай болон цаг үеийн хуралд огт суудаггүй, ковид-19 өвчний онцгой нөхцөлд сувиллын газарт ор дэлгэх, коронавирусын халдвартай тохиолдлыг хэвтэн эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах зэрэг ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ удаа дараа гүйцэтгээгүй ноцтой зөрчил гаргасан гэж,

мөн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.-д ... ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлийг ойлгоно. Үүнд:

            7.4.1.Эрүүл мэндийн тухай хууль, эмчилгээ үйлчилгээний стандарт, технологи, удирдамж, ЭМСЯ, НЭМГ, ЭМ-ийн төрийн захиргааны төв байгууллага, ЭМТ-өөс баталсан дүрэм журам, зааврыг зөрчсөн үйлдэл гаргасан,

            7.4.3.Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан,

            7.4.4.Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй,

            7.4.22.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 хоног болон түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ажлын цагаас удаа дараа хожигдсон нь нийлбэр дүнгээр нэг сард 16 цаг болсон гэж тус тус заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Гэвч ажилтны гаргасан зөрчлүүдийг илрүүлсэн баримт, зөрчил тус бүрийг ажилтанд танилцуулж тайлбар авч, хамт олны хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл гэх мэт баримтуудыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд зөвхөн гэрч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр зөрчил тогтоогдсон гэж үзэх боломжгүй болно. Тодруулбал: хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.,38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй болно.

Хариуцагчаас ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тус төвийн удирдлагын зөвлөлийн хурлаар ажилтан Т.Х аас бусад эмч, мэргэжилтнүүдийн туршилтын хугацааны гэрээг сунгасан, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар ажилтан Т.Х ыг ажлаас чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцсэн боловч уг хуралдаанд ажилтныг оролцуулаагүй, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулсан эсэх нь тодорхойгүй, тэр талаар баримтыг ирүүлээгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 106-117-р хуудас/

            Нэхэмжлэгч /ажилтан/ Т.Х  хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам зөрчиж, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд Т.Х ыг СБД ЭМТ ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 5 дугаар 03-ны өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 12.959.482 төгрөгийг олгож, уг цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

/1.261.950+1.320.048+1.465.877=4.047.875/,/4.047.875:3=1.349.292,1.349.292: 21,5=62.758/,/1.349.292х9сар=12.143.628,13хоногх62.758=815.854,12.143.628+815.854=12.959.482 төгрөг/

Ажиллаж байх үед олгогдоогүй цалин 8.019.525 төгрөгийн тухайд:

Нэхэмжлэгч /ажилтан Т.Х  нь 2020 оны 9, 10 дугаар сар, 2021 оны 01, 02, 3 дугаар саруудын цалин дутуу бодсон, 2021 оны 4, 5, 6 дугаар сард цалин бодож олгоогүй тул 8,019,525 төгрөгийг хариуцагч /ажил олгогч/-аас шаардаж, хариуцагч хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан тул олгохгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заажээ.

Хариуцагч /ажил олгогч/ СБД ЭМТ , нэхэмжлэгч /ажилтан/ Т.Х  нар нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу Т.Х  нь тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүргийг гүйцэтгэж цалин авч байсан болох нь зохигчийн тайлбар Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 42-44-р хуудас/

Нэхэмжлэгч Т.Х  дээрх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу 2020 оны 9, 10 дугаар сар, 2021 оны 01, 02, 3 дугаар саруудын цалинг дутуу, 2021 оны 4, 5, 6 дугаар сард цалинг огт бодож олгоогүй талаар буюу эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул ажиллаж байх үеийн дутуу бодсон буюу огт олгоогүй цалинд нэхэмжилж буй 8,019,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Т.Х ыг СБД ЭМТ ийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12.959.482 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Т.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.019.525 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО