Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/00079

 

2021 оны 01 сарын 12 өдөр                       Дугаар 102/ШШ2021/00079                        Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .... дүгээр хороо, Жасрайн гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, И.. овогт Б..ийн Ч-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Н..., “Н.” ХХК /РД:./,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... байр, ... тоотод оршин суух, Г. овогт Ц...ийн Ё /РД: нарт холбогдох

 

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ч. нь 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Н.” ХХК-тай “Барилга, орон сууц захиалах” гэрээг байгуулж, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Жасрайн гудамжинд байрлах ... дугаар байрны ... тоот хаягтай, 81.39 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг, зоорийн давхрын нэг машины гараашны хамт худалдан авсан. Нэхэмжлэгч Б.Ч. нь гэрээний дагуу орон сууцны үнэд 77,320,500 төгрөгийг, гараашны үнэд 7,679,500 төгрөг, нийтдээ 85,000,000 төгрөгийг хариуцагч “Наранбулаг трейд” ХХК-д 2009 оны 10 дугаар сард төлж үүргээ биелүүлсэн.  Ингээд тухайн үед байрандаа үед орсон ба орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ авсан. Харин гараашны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг “Н.” ХХК-иас нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл шилжүүлээгүй болно. Нэхэмжлэгч Б.Ч. нь 2009 оноос тус гараашийг   эзэмшиж, ашиглаж байгаа. Ингээд Б.Ч. нь 2020 оны 4 дүгээр сард хариуцагч “Н.” ХХК-д холбогдуулж тус гараашны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж хандсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудыг үндэслээд хамтран хариуцагчаар Ц.Ё.ыг татан оролцуулсан. Учир нь гараашны өмчлөгч нь “Н.” ХХК-ийн захирал Ц.Ё. болсон, гараашийг тэрээр банкны барьцаанд тавьсан байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг 20,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн байгаа. Учир нь талуудын байгуулсан гэрээнд нэхэмжлэгч гараашны үнэд 7,679,500 төгрөг төлж баримт үйлдсэн талаар бичигдсэн байдаг. Хариуцагч компани гараашны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх үүргийг хүлээсэн боловч удаа дараа хугацаа зааж хойшлуулсаар өдийг хүртэл гаргаж өгөөгүй. Мөн гарааштай холбоотой мэдээлэл, баримт бичгийг худалдагч тал худалдан авагч иргэдэд гаргаж өгдөггүй тул оршин суугчид гараашны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдөө гаргуулж авах боломжгүй байгаа, энэ талаар ч нэг гэрч тайлбар өгсөн.  Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгчээс гараашны үнэд төлсөн 7,679,500 төгрөгийг, бусдад худалдан борлуулсан бол олох байсан ашгийн хамт нэхэмжилж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гараашны зах зээлийн үнэлгээг 17,640,000 төгрөг гэж тогтоосон. Үүнээс харахад хэрэв Б.Ч.д гараашны өмчлөх эрхийг гэрээний дагуу шилжүүлсэн байсан бол анх зарсан үнээс давуулж зарах, зөрүү авах боломжтой байсан. Хариуцагч нь гараашны үнийг хүлээн авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Энэ шалтгааны улмаас тэрээр уг гараашийг бусдад худалдан борлуулж чадаагүй. Одоо гараашны зах зээлийн ханш нь 20,000,000 төгрөг байгаа. Иймд гараашны үнэд шилжүүлсэн 7,679,500 төгрөг, бусдад худалдсан бол олох байсан орлого 12,320,500 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч нараас буюу буруутай этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ч. нь анх “Н.” ХХК болон иргэн Ц.Ё. нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан ч ажиллагааны явцад нийт 20,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Хариуцагч Ц.Ё. энэхүү маргаанд хамааралгүй, учир нь тэрээр талуудын байгуулсан гэрээний тал биш, хувь хүн юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн шаардлагын үндэслэлээ өөрчилж тайлбарлаж байгаа юм байна. Гэхдээ манай зүгээс өөрчилсөн үндэслэл, шаардлагыг гардан авах, нэмэлт хугацаа авах шаардлагагүй, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна. 

Нэхэмжлэгч Б.Ч. болон “Н.” ХХК-иуд 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Барилга, орон сууц захиалах гэрээ”-г байгуулсан, уг гэрээгээр орон сууц, гарааш худалдахаар болсон, мөн нэхэмжлэгч орон сууцанд 77,320,500 төгрөг, зогсоолын төлбөрт  7,679,500 төгрөг төлсөн талаар маргахгүй. 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Барилга, орон сууц захиалах гэрээ”-гээр  талуудын хооронд Иргэний хуулийн 42.1-д заасан авто зогсоолын талаар аман хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч нь тухайн үед тохиролцсон үнэ болох 7,679,500 төгрөгийг тушаасан. Автомашины зогсоол нь үл хөдлөх хөрөнгөд тооцогдож, улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн, бүртгэлийн Ү дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогддог тул талууд хэлцлийг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх ёстой байсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх” хэмээн хуульчилсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” хэмээн хуульчилсны дагуу Б.Ч. болон “Н.” ХХК-иудын хооронд байгуулсан 7,679,500 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолыг худалдах-худалдан авах аман хэлцэл нь хүчин төгөлдөр бус бөгөөд иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд заасан зөрчлийг агуулж байна. Иймд Иргэний хуулийн 42.10, 56.5-д заасны дагуу Б.Ч.ээс тушаасан 7,679,500 төгрөгийг буцаан олгохыг зөвшөөрч байна. Хэлцэл нь хүчин төгөлдөр бус учраас нэхэмжлэгч нь гэрээний зүйл болон түүний үнийг шаардах эрхгүй болж буй тул шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй. Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар зогсоолын өмчлөх эрх болон түүний үнийг шаардах эрхээ алдсан боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн анх тушаасан 7,679,500 төгрөгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд 20,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Авто зогсоолыг нэхэмжлэгч бусдад 20,000,000 төгрөгөөр худалдах байсан гэдгийг нотлох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,320,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Б.Ч. болон “Н.” ХХК-иуд 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Барилга, орон сууц захиалах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр Б.Ч. болон “Н.” ХХК-иуд дараах гол зүйлсийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ Гүйцэтгэгч буюу “Н.” ХХК нь захиалагч Б.Ч.ийн сонгосон . дугаар давхар, 29 тоот 81.39м2 талбайтай 3 өрөө байрыг 1м2 талбайн өртгийг 950,000 төгрөгөөр тохиролцон /77,320,500 төгрөг/, барилга орон сууцны графикийн дагуу барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх;

2/ 7,679,500 төгрөгийг үнэ бүхий гарааш хүлээлгэн өгөх;

Нэхэмжлэгч Б.Ч. нь “Н.” ХХК-д дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж нийт 85,000,000 төгрөгийг төлж дууссан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.  

 

2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Ч. нь хариуцагч “Н.” ХХК-д холбогдуулж гараашны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг 20,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн ба түүний хүсэлтийг үндэслэж хамтран хариуцагчаар Ц.Ё.ыг уг хэрэгт татан оролцуулсан.

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь гараашны үнийг хүлээн авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Энэ шалтгааны улмаас тэрээр уг гараашийг бусдад худалдан борлуулж чадаагүй. Одоо гараашны зах зээлийн ханш нь 20,000,000 төгрөг байгаа. Иймд гараашны үнэд шилжүүлсэн 7,679,500 төгрөг, бусдад худалдсан бол олох байсан орлого 12,320,500 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч нараас буюу буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Шүүхээс зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч Б.Ч. болон хариуцагч “Н.” ХХК-иуд 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээ “Барилга, орон сууц захиалах гэрээ” гэж нэрлэсэн ч талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээний нөхцлүүдээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан харилцаа үүсчээ гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг гэрээ дуусгавар болсноос учирсан хохирлын хамт нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

Баянгол дүүргийн ... дүгээр хороонд баригдсан зоорийн давхартай, .... давхар, үйлчилгээтэй, 48 айлын орон сууцыг 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” хүлээн авсан байх бөгөөд зоорийн давхарын 400м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын Ү-2205.... дугаарт 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ч.Ё.ын өмчлөлд бүртгэн авчээ.

 

Тодруулбал, “Н.” ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  “Барилга, орон сууц захиалах гэрээ”-ний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Ч.д шилжүүлэн өгсөн, харин гараашны гэрчилгээг шилжүүлж өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх баримтаас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч “Наранбулаг трейд” ХХК-иас 7,679,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг баримтаар нотлох үүргийг хүлээх ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгч гараашийг бусдад худалдсан бол олох байсан орлого болох 12,320,500 төгрөг гаргуулах тухай шаардлага, үндэслэлээ нотлох үүднээс шүүхийн журмаар шинжээч томилуулсан. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Баянгол дүүрэг,.... дүгээр хороо, Жасрайн гудамж, ... дугаар байрны зоорийн давхарт байрлалтай, автомашины дулаан зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээг 17,640,000 төгрөг болохыг тогтоосон буюу анх гэрээ байгуулсан үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөн үзүүлэлт гарчээ. 

 

Тодруулбал, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч Б.Ч.гараашийг бусдад 17,640,000 төгрөгөөр худалдан борлуулах боломж гарах боломжтой байсан, энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй гэж шүүхээс үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Н.” ХХК-иас 9,960,500 төгрөг /шинжээчийн үнэлгээ 17,640,000 - гараашны анхны үнэ 7,676,500 төгрөг/ -ийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч.д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Барилга, орон сууц захиалах гэрээ”-ний тал нь “Н.” ХХК тул хариуцагч Ч.Ё.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар шүүхийн зардалд  хариуцагчаас 50,000 төгрөгийг гаргуулан шинжээчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Н.” ХХК-иас 17,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ч.Ё. болон 2,360,000 төгрөгт холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 246,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Наранбулаг трейд” ХХК-иас 50,000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ