| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0707/З |
| Дугаар | 128/ШШ2022/0662 |
| Огноо | 2022-09-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.У******
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А******, Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н********, Э.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н*********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.У******аас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/838 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.
2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Цагдаагийн хошууч Х.У******ыг албанаас халах тухай Б/712 дугаар тушаалаар Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.У******нь ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураахаар шийдвэрлэсэн,
Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/****дугаар шийдвэрээр Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Цагдаагийн хошууч Х.У******ыг албанаас халах тухай Б/712 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 231 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ,
Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх, цагдаагийн цол хураах тухай Б/838 дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/****дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 231 дугаартай магадлалын дагуу Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Хүрэлчулууны Уранбаярын албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс түр түдгэлзүүлж, цагдаагийн хошууч цолыг хураахаар шийдсэн байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Цагдаагийн албан хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална", 82.1.1 д "өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн" гэж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 1.3.1-д "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил" гэж холбогдох хууль тогтоомж болон дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", 1.3.2-т "ноцтой зөрчил гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах, зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно", 3.4-т Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална" гэж Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 5.1-д "Цагдаагийн тов байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг Аюулгүй байдал хариуцсан нэгж, бусад цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлыг тухайн байгууллагын даргын томилсон албан тушаалтан хүлээн авч, албаны шалгалт явуулна." 5.2-т "Албаны шалгалт явуулж байгаа албан тушаалтан нь шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл бусад баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах санал гаргах зарчмыг баримтална", 5.3-т "Албаны шалгалт явуулсан албан хаагч нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгон дараах саналыг гаргана 5.3.2-т сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах", 5.3.3-т "гэмт хэргийн гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх," 7.3-т "Сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. 48.4-48.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.8 дахь хэсэгт заасан журмыг баримтална " гэж тус тус заажээ.
Дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд цагдаагийн алба хаагчийг ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлгох бөгөөд ийнхүү зөрчил гаргасныг үндэслэл бүхий мэдээ баримтад тулгуурлан, албаны шалгалт явуулж , холбогдох нотлох баримтаар тогтоосны эцэст гаргасан зорчилд нь тохирсон шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байна гэж үзсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчаас Х.У******тай холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагааны хэргүүдийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан танилцсаны үндсэн дээр тушаал гаргасан гэж нэг үндэслэлээ тайлбарладаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 5.1-д Цагдаагийн төв байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг Аюулгүй байдал хариуцсан нэгж, бусад цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын даргын томилсон албан тушаалтан хүлээн авч, албаны шалгалт явуулна" гэж, 5.2-т "Албаны шалгалт явуулж байгаа албан тушаалтан нь шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ мэдээлэл бусад баримтал тулгуурлан сахилгын зөрчлийг шалгах шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах санал гаргах зарчмыг баримтална." гэж зохицуулснаас үзвэл нэхэмжлэгчийн ямар ёс зүй болоод сахилгын ямар дүрмийг зөрчсөн талаар бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсээр байхад 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/838 тоот тушаал нь албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс түдгэлзүүлж, цагдаагийн хошууч цолыг хурааж шийдвэрлэж, энэ тушаал гарсантай холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон гэж гарсан байна.
2/ Захирамжийн агуулга буюу шийдвэр нь өмнө гарсан захиргааны актыг зөвтгөх байсан. Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээг оногдуулахдаа зайлшгүй Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан "Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу албаны шалгалтыг явуулаад ёс зүй сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасан эсэх, дээрх захиргааны актыг гаргах бодит нөхцөл байсан эсэх, яагаад ажлаас халах болсон эсхүл түдгэлзүүлэх нь зүйтэй эсэх талаар урьдчилсан хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагаас явуулж захиргааны актыг шинээр гаргахыг даалгасан.
Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/838 захиргааны акт нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 231 дүгээр магадлалыг үндэслэж намайг албан тушаалаас түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт болсон байна.
3/. Нэгэнт 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн захиргааны акт хүчингүй болсон, өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/838 тоот тушаалаар хүчингүй гэж үзэж байгаа тул 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын бичилтийг олгож, нөхөж гүйцэтгэхийг даалгаж өгнө үү.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дах хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасан тул дээрх хууль зүйн үндэслэлээр миний бие ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг шаардах эрхтэй гэж үзэж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...шүүхийн шийдвэрийн үндэслэх нөхцөл хэсэгт ямар зөрчил гаргасан, тэрийг нь хянан шалгаад, тэр хяналт шалгалтаараа тогтоогоод Х.У******т танилцуулах ёстой байсан. Энэ ажиллагаануудыг хийгээгүй гэж анхан шатны шүүх үзчихсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт, үндэслэх хэсэгт ч гэсэн энэ ёс зүйн болон сахилгын ямар дүрэм журам зөрчсөн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэсэн байгаа.
Шүүхээр явж байгаа нь энэ хүмүүсийн нэгэнт шалгах тэр хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж 4 дүгээр сараас эхлэн энэ асуудлыг яг яаж шалгах ёстой байсан. Яг тэрүүгээр нь хийгээд шийдвэрээ гарга гэсэн ийм чиглэл өгсөн болохоос биш хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд цагдаагийн цолыг нь хураагаад тэгээд түдгэлзүүлнэ гэдэг нь үндэслэлгүй.
Бид нар тухайн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гарсан тэр цагдаагийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн гэдгийг тогтоолгох ийм л нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх 106.3.11-ийг хэрэглээд дахиад нөхцөл байдлаа тодруулж шалгаад дахиад захиргааны акт гарга гээд түдгэлзүүлсэн. Гэтэл бид өмгөөлөгч нарын хувьд энэ хүмүүс хянан шалгаагүй учраас сахилгын зөрчил гаргаагүй гэж маргаж эхэлж байгаа байхгүй юу.
Эрүүгийн журмаар татагдсан асуудал бол тэр эрүүгийн журмаараа одоо бол шалгагдаж байгаа асуудал юм. Яг тэрнээс өмнө ёс зүйн дүрэм журмыг яг ямар байдлаар хийгдээд тогтоосон гэдэг энэ нөхцөл байдлыг гаргаж ирэхгүйгээр эрх зүйн мэдлэг дутуу байсан юм болов уу гэж харахаар байна.
Тэгэхээр 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн энэ албан үүрэг биелүүлэх, бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх, цагдаагийн цол хураах тухай энэ шийдвэрийг хүчингүй болгуулах нь үндэслэлтэй. Яг энэ албан үүрэг биелүүлэх, бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх гэдэг чинь өөрөө бас үр дагавартай. Энэ бол зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэ гэсэн үг биш шүү дээ. Ямар тохиолдолд цагдаагийн албан хаагчийн албан үүргийг түдгэлзүүлэх юм бэ. Энийг бас шалгасан байх ёстой. Хууль зүйн үр дагаврыг шаардаж эхэлж байгаа байхгүй юу. Анхан шатны шүүхийн шийдвэр 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Давахын магадлал 3 дугаар сарын 31-ний өдөр гарсан. 6 дугаар сарын 21-ний өдөр гэхээр бараг 3 сар гэхээр үндсэн 2 сарын хугацааг тулгаад ийм хэлбэрийн төдий юм л шийдэж л байгаа асуудал байгаа юм л даа. Тэгэхээр энэ асуудал дээр шүүх дүгнэлт хийгээд өгнө үү. Хугацааны асуудал дээр дүгнэлт хийж өгнө үү. Миний хувьд албан үүргээ биелүүлэх бүрэн эрх түдгэлзүүлэх Б/838-ын тушаалын сая эрх зүйн үндэслэлийг ярьсан учраас үүнтэй холбогдуулж хариуцагчийг хууль зүйн үндэслэлээ яриарай гэж хэлмээр байна. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...одоо маргаж байгаа захиргааны акт Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон ёс зүйн дүрэмд нь заасан эдгээр процесс ажиллагаануудыг дахиж нэгийг нь ч хийхгүйгээр дахиад зүгээр акт гаргачихсан байна.
Гаргаж байгаа гол үндэслэл нь хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан үүргээ яаж биелүүлсэн юм бэ. Х.У******ыг анх ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа хийсэн алдаагаа яаж залруулсан юм бэ. Тэр процесс ажиллагаагаа яаж хийсэн юм бэ. Дахин Х.У******ыг дуудаж саналыг нь авсан юм уу. Дахин тайлбар мэдүүлэг авсан юм уу. Үгүй шүү дээ. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа хийгээгүй. Зүгээр л шүүхийн шийдвэр ингээд гарчихаж байгаа учраас ингэж заасны дагуу бид нар энэ хүнийг дахиад ажлаас нь ингэж чөлөөлж байна гээд тушаал гаргачихсан. Тус маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болчихоод байна гэж үзэж байна. гэв.
5. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...1/ Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж 2021 оны Б/712 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг халсныг өөрчлөн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно:" гэж зохицуулсан.
2/ Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд албан үүргээ гүйцэтгээгүй тул цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дэх хэсэгт "Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно." гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгчийн холбогдон шалгагдаж байгаа хэрэг хэрэгсэхгүй болж гэм буруугүй нь тогтоогдсон тохиолдолд ажилласан хугацааг тооцож, цалин хөлсийг олгох зохицуулалттай байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1-т заасны дагуу цагдаагийн албанаас халсан шийдвэр байгаа. Энийг нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянаад энэ бол халах үндэслэл ерөнхийдөө байхгүй байна. Та нар буцаж ийм ийм нөхцөл байдлуудыг харгалзаж хар гэсэн. Нэгэнт энэ хүн өнөөдөр Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Одоо шалгагдаж байгаа процесс зэрэг дээр нь бол би юу ч дурдахгүй. Яагаад гэвэл энэ нь ямар ч хамааралгүй юм. Ер нь бол өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн болон Авилгатай тэмцэх газрын бичгээр ч тэр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллага дээр байгаа юм байна гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа. Бид нар бол анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг яасан бэ гэхээр одоо тэр хүнийг бүр цагдаагийн албанаас халагдсан байсан эрх зүйн байдлыг нь дээрдүүлээд өөрөө энэ Цагдаагийн албаны тухай хуулийн 80.3-т энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно гэсэн зохицуулалт байж байгаа. Үндсэндээ манай гаргасан одоо маргаад байгаа акт нь юу вэ гэхээр хэрвээ тэнд байгаа эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болоод энэ хүн гэмт хэрэгт холбогдолгүй болсон байна лээ гэхэд бүр тэр байтугай одоо энэ маргаад байгаа акт биш. Өмнө нь гарсан анхан шатны шүүхийн шийдвэр магадлалтай тэр маргаан бүхий актаас хойш гарсан тэр ажилласан жил хугацаа, цалин хөлс, цол, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл гээд тэр бүх зүйлүүд нь энэ 80.3-т зааснаар буцаад хангагдана. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёрдугаарт нөгөө тэр урд байсан 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи шийдвэрийг л бид нар бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихэж байгаа болохоос биш Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй. Мөн адил гэм буруу нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдээд тогтоогдвол энэ хүний бүх эрх нь сэргэх боломж нь нээлттэй үлдэж байгаа юм. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Х.У******аас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/838 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ... шүүх хариуцагч захиргааны байгууллагыг албаны шалгалт явуулаагүй атлаа ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн атал уг шүүхийн шийдвэрийг үндэслэн миний албан тушаалын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлсэн нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагчаас ...Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй, хэрвээ гэм буруугүй нь тогтоогдвол ажилдаа эргэн орж, цалин хөлсөө нөхөж авах боломжтойг хуульд заасан... гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Х.У****** өөрийг нь ажлаас чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/712 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/****дугаар шийдвэрээр ...Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 1.3.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 5.1 болон 5.2, 5.3-д заасан...заалтын агуулгаас үзэхэд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлгох бөгөөд ийнхүү зөрчил гаргасныг үндэслэл бүхий мэдээ баримтад тулгуурлан, албаны шалгалт явуулж холбогдох нотлох баримтаар тогтоосны эцэст гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байна, ...Х.У******ын ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасныг албаны шалгалт явуулж холбогдох нотлох баримтаар тогтоох ёстой...цагдаагийн алба хаагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж болох хуулийн зохицуулалттай байхад түүнийг цагдаагийн албанаас шууд халсан үндэслэл тодорхойгүй... гэж дүгнэн улмаар Х.У****** нь ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн ямар зөрчил гаргасан эсэх, дээрхи захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал байсан эсэх, энэ нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн,
Харин Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 231 дүгээр магадлалаар ...хариуцагчаас Х.У******тай холбоотойгоор бусад байгууллагаас өргөдөл, гомдол, санал, мэдэгдэл, мэдээлэл ирсний үндсэн дээр түүнийг ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзсэн энэ тохиолдолд хариуцагчаас Цагдаагийн албаны тухай хуулийн 802 дугаар зүйлд зааснаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсхүл хуулийн 82 дугаар зүйлд заасан албанаас халах эсэх талаар шийдвэр гаргах нь түүний бүрэн эрхийн зохицуулалт байна,...Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.1, 5.2-т...зааснаас үзвэл нэхэмжлэгчийн ямар ёс зүйн болоод сахилгын ямар дүрмийг зөрчсөн талаар бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай...,Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 20***************дугаар тогтоолд дурдсан үндэслэлүүдээр тухайн акт нь хууль ёсны байж болохуйц байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна... гэж тус тус дүгнэн дээрхи анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар хариуцагч захиргааны байгууллага нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, тухайлбал нэхэмжлэгч Х.У****** нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйн, сахилгын дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар бодит нөхцөл байдлыг тус байгууллагад мөрдөгдөж буй "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм", Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-д заасны дагуу албаны шалгалт явуулснаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн байхад хариуцагч захиргааны байгууллагаас уг ажиллагааг огт хийгээгүй байна.
Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгон маргаж буй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх, цагдаагийн цол хураах тухай Б/838 дугаар тушаалыг шууд хүчингүй болгох боломжгүй, өөрөөр хэлбэл Х.У****** нь цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн эсэх нь хангалттай тогтоогдоогүй, хариуцагчаас шалгаж тогтоовол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, энэ талаар албаны шалгалт явуулаагүй байх тул өмнөх шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон ...шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нь хэвээрээ байх тул маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/****дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 231 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх, цагдаагийн цол хураах асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар огт дүгнэлт өгөөгүй байхад эдгээр шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн нэхэмжлэгчийн албаны бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, мөн маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан атлаа 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэхээр хугацаа тогтоосон нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно, 80.1.1-д хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн, 80.1.2-т алба хаагч үргэлжлүүлэн албан үүргээ гүйцэтгэх нь шалгалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай санал, дүгнэлтийг дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж, алба хаагчаас ирүүлсэн гэж зааснаас үзвэл хариуцагч нь цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх эрхтэй, гэхдээ дээр дурдсан 2 үндэслэлээр л түдгэлзүүлэхээр нарийвчлан зохицуулагдсан байна.
Тухайн тохиолдолд хариуцагч нь хуулийн 80.1.1, 80.1.2-т заасан эрх бүхий этгээдийн шийдвэр, санал дүгнэлтийг маргаан бүхий захиргааны актад дурдаагүй, үндэслэл болгоогүй байх хэдий ч Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 20***************дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгч Х.У******т холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Албан үүргээ биелүүлэх бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх, цагдаагийн цол хураах тухай Б/838 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сар /90 хоног/-ын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/838 дугаар тушаалыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сар /90 хоног/-ын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН