Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/45

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогч О.Чимэг, шүүгдэгч М.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч М.Хүдэрт холбогдох эрүүгийн 201721000141 дугаартай, 178/2017/0046/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Халх овогт Мэндбаярын Хүдэр, 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 41 настай, БД75101012 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховдын өргөө ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд  дурдсанаар/

Шүүгдэгч М.Хүдэр  нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6-4 тоотод эхнэр О.Чимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч М.Хүдэр сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би ажилдаа явах гээд цайгаа уугаад сууж байгаад эхнэр О.Чимэгийг “цонхны хөшигийг татаж бай, нарны гэрэл тусч дулаацна” гэхэд О.Чимэг намайг “янхан” гэж хэлчихээд аавынх руу гүйгээд орсон. Тэгэхээр нь би араас нь ороод гар, нуруу руу нь гараараа цохиод хөл рүү нь өшиглөхөд ээж намайг “ чи яагаад хүн өшиглөөд байгаа юм бэ” гэхээр нь гараад машинаа асаагаад явсан.Одоо бид хоёр эвлэрсэн, гомдол санал байхгүй гэжээ./хх-28-29,61-62/

 Хохирогч О.Чимэг хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө гэртээ байж байгаад манай нөхөр М.Хүдэр цонхны хөшиг татсангүй гэснээс хэрүүл маргаан үүсэж улмаар миний толгой руу цайны халбагаар цохиж, амны халбага нүүр рүү шидэхэд нь би зугтаж хадам аавындаа орсон. Тэгтэл М.Хүдэр араас орж ирээд миний зүүн талын хөл рүү 5-6 удаа өшиглөхөд хадам ээж М.Хүдэрийг болиоч гэхэд ээжийгээ чи битгий үг хэл, чамайг ч ална, наад авгайгаа гэртээ оруулаад чи асраад тэжээгээд амьдар гэж хэлээд гараад машинаа асаагаад явчихсан.Би М.Хүдэртэй 20-иод жил хамт амьдарч байна. Бид хоёр 2 охинтой,7-8 жил тусдаа амьдарч байгаад одоо хамт амьдарч байна./хх14-15/ М.Хүдэр надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн.Намайг дахин зодож цохихгүй гэсэн. М.Хүдэрт холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Гэрч Б.Лхамжав хэрэг бүртгэлтэнд  мэдүүлэхдээ:2017 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө манайд О.Чимэг гүйгээд ороод ирсэн. Араас нь М.Хүдэр гүйж орж ирээд О.Чимэгийн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад М.Хүдэрийг болиоч гэхэд М.Хүдэр уурлаад гараад явсан гэжээ./хх-23-24-р хуудас/

Гэрч Н.Мэндбаяр хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манайд О.Чимэг, М.Хүдэр нар орж ирээд гал тогооны өрөөнд ямар нэгэн зодоон болох чимээ гараад манай эхнэр Лхамжав Хүдэрийг болиоч чи гэж хэлсэн. Би унтлагын өрөөндөө хэвтэж байсан. Би босоод “эхнэрээсээ юу болов” гэж асуухад Хүдэр, Чимэг хоёр хоорондоо маргасан бололтой , Чимэгийн араас Хүдэр орж ирээд хөл рүү нь өшиглөлөө гэж хэлсэн гэжээ./хх-25-26-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: 1.О.Чимэгийн биед гэмтэл тогтоогдлоо.

2.О.Чимэгийн биед толгой дагзны дээд хэсэгт хаван хавдар, баруун шанаа хэсэгт 1.5х1см цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт 15х8 см, 6х4 см, 3.5х3 см, зүүн хөлний өвдөгний үений  гадна хэсэгт 9х6 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

3.О.Чимэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4.О.Чимэгийн биед 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой боловч урьд авсан гэмтэл байгаа эсэхийг тогтоох эмнэлгийн материал байхгүй байна.

5. О.Чимэгийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан.Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./хх-10-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч М.Хүдэр нь  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6-4 тоотод эхнэр О.Чимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Чимэгийн мэдүүлэг, гэрч Б.Лхамжав, Г.Мэндбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгч М.Хүдэрийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч О.Чимэг Цагдаагийн газарт ирүүлсэн хүсэлтдээ: миний бие М.Хүдэрт зодуулсны улмаас эмийн сангаас 50 000 төгрөгний эм авч уусан.Одоо надад хохирол гомдол байхгүй гэжээ./65-р хуудас/

Шүүгдэгч М.Хүдэр нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь Ховд аймаг дахь Сум дындын нэгдүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13, 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолууд болон Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-44/ тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Хүдэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч М.Хүдэрийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Хохирогч О.Чимэг нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгч М.Хүдэрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Хүдэр нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч О.Чимэгийн Амбулториор эмчлүүлэгчдийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Хүдэрийн  эзэмшлийн 480 000 төгрөгний үнэлгээтэй 40 инчийн TSL маркийн зурагт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2,208 дугаар зүйлийн 208.1.3,283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,298, 299,418 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон   

                                                  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Халх овогт Мэндбаярын Хүдэрийг   бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч М.Хүдэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.Хүдэрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч О.Чимэгийн Амбулториор эмчлүүлэгчдийн картыг буцаан олгож, шүүгдэгч М.Хүдэрийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурдсугай.

4. Шүүгдэгч М.Хүдэр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, хохирогч О.Чимэг нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэснийг  тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Хүдэрийн эзэмшлийн 40 инчийн TSL маркийн зурагт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хүдэрт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС