Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2022/00218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , , *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: , , *******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох

 

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд нийт 2220000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 25 өдөр хүлээн авч, 2022 оны 02 сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******,

Хариуцагч Х.,

Иргэдийн төлөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 онд Х.аар хамар уруугаа цохиулсан. Тухайн үед хамрын хагалгаанд орох гэсэн боловч мөнгөгүй болоод орж чадаагүй. Сая 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хагалгаанд орсон. Хагалгаанд орохын өмнө шинжилгээнүүд өгсөн байх ёстой гээд гавал тархины томограф зураг авхуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ хүн одоог хүртэл ээжтэйгээ нийлж миний амьдралаар оролддог, 2 дахь амьдралаар минь хүртэл тоглож байна. Одоо энэ хүнээс хагалгааны төлбөрийг гаргуулмаар байна. Хариуцагч нь санаатайгаар миний биед халдчихаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Би олон жил  муруй хамартай явсан. Хариуцагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байна. Хамрын гэмтлээсээ шалтгаалаад нүдний ухархайгаар хатгуулж, толгой өвддөг болсон.  Хагалгааны төлбөр 2100000 төгрөг, гавал тархины томограф зургийн төлбөр 120000 төгрөг, нийт 2200000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. гэв.

 

2.Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ асуудлаас болж 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хурлаар орсон. Тухайн үед 300,000 гаруй төгрөгийн хохирол төлбөр барагдуулж, сарын хугацаанд баривчилгаанд явсан. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж, ял шийтгэл авсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 8 жилийн дараа ийм асуудал ярьж байна. Өөр хүнтэй сууж , улс руу явсан. Энэ хугацаанд юу болсныг хэн ч мэдэхгүй. Үнэхээр асуудал байсан бол тухайн үед л шийдүүлэх ёстой байсан. 8 жил өнгөрчхөөд байхад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой гэж бодож байна. Өмнө нь хамт амьдарч байхад жижиг хамартай байсан. Одоо ямар болсныг нь мэдэхгүй байна. Би нэхэмжлэгчийг гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэж үзэж байна. Үнэхээр амьсгалж чадахгүй байсан бол 8 жил хүлээх байсан уу. Өмнө нь И.******* хамраа янзлуулна гэж ярьдаг байсан. гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч “8 жилийн өмнө үүссэн асуудлаас хийгдсэн хагалгаа гэж нотлох зүйл алга байна. Нэхэмжлэлийн дагуу мөнгөн төлбөр өгөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгч талаас И.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 сарын 01 өдрийн дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Л эмнэлгийн магадалгааны хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, С эмнэлгийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтуудыг хэрэгт ирүүлжээ.  /хэргийн 4-13-р хуудас/

 

5.Шүүх нэхэмжлэгч И.*******гийн хамрын мэс засалтай холбоотой баримтуудыг бүрдүүлсэн болно. /хэргийн 52-54-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч тал 2014 онд Х.ын учруулсан хамрын гэмтлийг арилгасан хагалгааны төлбөр, холбогдох зардал нийт 2220000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлжээ.

 

  1. Хариуцагч тал  хамрын гэмтэл арилгаагүй,  гоо сайхны хагалгаа хийлгэсэн зардлаа нэхэмжилж байх  тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-2014 оны 01 сарын 17 өдөр хариуцагч Х. нэхэмжлэгч И.*******гийн бие махбодод тархи доргилт, хамрын ясны хугарал, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 сарын 01 өдрийн дугаар шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/

 

-Нэхэмжлэгч И.******* 2022 оны 01 сарын 10 өдөр “Л” эмнэлэгт гавал тархины компьютер томограф,  2022 оны 02 сарын 09 өдөр С  эмнэлэгт  хамрын мэс засал хийлгэсэн байна. /хэргийн 6-8, 52-54-р хуудас/

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч зохигч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч И.******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “миний хамрын ясны муруй арилаагүй. Имплантаар харагдах байдлыг нь зассан...” гэх тайлбараар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч И.*******гийн хийлгэсэн хамрын нуруу өндөрлөх, үзүүр уртасгах хагалгаа нь хариуцагч Х.ын учруулсан эрүүл мэндийн гэм хорын хохиролтой  шалтгаант холбоогүй байна.

 

Иймд иргэдийн төлөөлөгчийн “8 жилийн өмнө үүссэн асуудлаас хийгдсэн хагалгаа гэж нотлох зүйл алга байна. Мөнгөн төлбөр өгөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-д зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.******* хариуцагч Х.т холбогдох эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд нийт 2220000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.*******г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАЯРДАВАА

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

 

 

                                               ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ