Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 131/2022/00002/И |
Дугаар | 131/ШШ2022/00124 |
Огноо | 2022-02-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2022/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: багт оршин суух, ВС82070111 регистрийн дугаартай, Хуралдайхан овогт Норовсамбуугийн Батпүрэв,
Хариуцагч: тоотод оршин суух, ВЮ84112972 регистрийн дугаартай, Борхондой овогт Энхжаргалын Үйсүрэн,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6,210,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баянбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов. Хариуцагч Э.Үйсүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Батпүрэв нь хариуцагч Э.Үйсүрэнд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6,210,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Норовсамбуу овогтой Батпүрэв миний бие нь 2020 оны 10 дугаар сарын 27-нд эр ямаа 90 ширхэг, эм ямаа 37 ширхэг зарсан. Мөнгөн дүн нь 5140000 төгрөг болсон, мөнгийг 2020 оны 11 дүгээр сард авахаар тохирсон боловч 1000000 төгрөг авсан үлдсэн 4140000 төгрөгийг өгөөгүй учир 2021 оны 05 дугаар сарын 20-нд гэрээ хийж, 2021 оны 06 дугаар сарын 10-нд өгнө гэсэн боловч өгөөгүй учир гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги бодож үндсэн 4140000+2500000=6640000 төгрөг болсон мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд уулзаж мөнгө авах гэж 6 удаа ирсэн зардал 360000 нэмж 7000000 саяг төгрөгийг Э.Үйсүрэнгээс гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянбадрахаас нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгөөс урсгал зардал болох 360,000 төгрөгийг хасуулаад ямааны үнэ 4,140,000 төгрөг дээр алдангийн зарим хэсгээс татгалзаж, алдангид 2,070,000 төгрөгийг нэмээд нийт 6,210,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Н.Батпүрэвээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 131/ТБ2021/00105 дугаар Өргөдлийг хүлээн авахаас татгалзах тухай баримт, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Иргэд хоорондын хэлцэл, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан Э.Үйсүрэнгийн тайлбар, итгэмжлэл гэсэн баримтуудыг, хариуцагч Э.Үйсүрэнгээс иргэний үнэмлэхний лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Батпүрэвээс тус шүүхэд анх Ямаа худалдан авсан үнийн үлдэгдэл 4,140,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангид 2,500,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 360,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянбадрахаас итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, алдангид шаардсан 2,500,000 төгрөгийн үнийн дүнгээс 430,000 төгрөгийг хасаж, хохирол 360,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, ямаа худалдан авсан үнийн үлдэгдэл 4,140,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангид 2,070,000 төгрөгийг тооцож, нийт 6,210,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч Э.Үйсүрэнд холбогдуулан гаргасан, шаардах эрхийн үндэслэлээ ...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Э.Үйсүрэнд 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг 5,140,000 төгрөгөөр худалдаж, 2020 оны 11 дүгээр сард төлбөрийг авахаар тохирсон боловч 1,000,000 төгрөгийг авсан, 2021 оны 05 дугаар сарын 20-нд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан нотариатчаар батлуулахад үлдэгдэл 4,140,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 10-нд өгнө гэсэн боловч өгөөгүй учир гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги тооцсон дүнгээ нэмж нэхэмжилнэ хэмээн тайлбарлаж байна.
Ийнхүү шүүхээс хариуцагч Э.Үйсүрэнд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тогтоосон боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар шүүхээс шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр товлож, тус шүүх хуралдаанд хариуцагч Э.Үйсүрэн оролцохдоо нэхэмжлэгчид 4,140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөх боломжгүй хэмээн нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тайлбар гаргасан бөгөөд үндэслэлээ ... өөр хүнтэй нийлж малыг худалдан авсан бөгөөд худалдан авсан мах жиндээ хүрэхгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй байна гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон мал эмнэлгийн бичгээр 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эмээлт дээр малаа устгуулсан, би өөрөө хохирсон гэж тайлбарласан.
Зохигчдын маргаангүй тайлбараар нэг талаас нэхэмжлэгч Н.Батпүрэвээс 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг хариуцагч Э.Үйсүрэнгийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч Э.Үйсүрэн нь ямааны төлбөр болох 5,140,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сард төлөхөөр тохиролцсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба талууд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус гэрээг бичгийн хэлбэрээр баталгаажуулж, нотариатчаар батлуулсан болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн тойргийн нотариатчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Иргэд хоорондын хэлцэл гэсэн баримтаар тогтоогдож байна.
Талуудын байгуулсан тус хэлцлээс үзэхэд, хариуцагч Э.Үйсүрэн нь 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Н.Батпүрэвээс 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг нийт дүнгээр 5,140,000 төгрөгөөр тооцож худалдан авсан, 1,000,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 12 сард төлсөн, үлдэгдэл 4,140,000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, хэн аль нь гарын үсэг зурсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Батпүрэв нь худалдсан ямааны үнийн үлдэгдэл 4,140,000 төгрөгийг хариуцагч Э.Үйсүрэнгээс шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, худалдан авсан ямааны үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Батпүрэв нь дээрх хэлцлийн 5-д Үлдэгдэл төлбөрийг хугацаанаас хэтрүүлбэл төлөгдөөгүй үнийн дүнгээс өдрийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу хариуцагч Э.Үйсүрэнгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцож гаргуулахаар шаардсан, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
Тиймээс нэхэмжлэгч Н.Батпүрэв нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй 4,140,000 төгрөгийн үүргийн үнийн дүнгээс хоног тутамд тооцож, гаргуулахаар шаардсан 2,070,000 төгрөгийн алдангийг хариуцагч Э.Үйсүрэн төлөх үүрэгтэй байна.
Хариуцагчаас ... өөр хүнтэй нийлж малыг худалдан авсан бөгөөд худалдан авсан мах жиндээ хүрэхгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй байна гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон мал эмнэлгийн бичгээр 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эмээлт дээр малаа устгуулсан, би өөрөө хохирсон гэх үндэслэл нь алдангийг гаргуулах шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй байхаас гадна дээр дурдсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцох тохиролцоог бичгээр хийсэн, гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Э.Үйсүрэнгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батпүрэвт олгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 60 дугаар зүйлийн 60.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тул хариуцагч Э.Үйсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 114310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батпүрэвт олгов.
Харин нэхэмжлэлийн шаардлагыг багасгасанд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Үйсүрэнгээс худалдах худалдан авах гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батпүрэвт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Батпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Үйсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 114310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батпүрэвт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ