Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 104/ШШ2022/00235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, Ерөнхий  шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Park-Villa хотхон, 355 дугаар байр, 1031 тоотод оршин суух, Чойбал овогт Мижиддоржийн Батчулуун /РД:ДМ60121107/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 57 дугаар байр,13 тоотод оршин суух, Авга овогт Лодойдамбын Өнөрбаян /РД:НИ74031404/-д холбогдох

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11815511 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг,

Хариуцагч Л.Өнөрбаян,

Иргэдийн төлөөлөгч Ж.Жайнагүль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа2021 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 12 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 9 дүгээр дэлгүүрийн урд замд би 1 дүгээр эгнээгээр зорчин явж байхад Toyota Rav-4 маркийн автомашиныг жолоодоод Санхүү эдийн засгийн дээд сургуулийн байр луу хичээл рүүгээ явах үед 2 дугаар эгнээнээс 3084 УНХ улсын дугаартай Toyota Соralla маркийн автомашин 2 дугаар эгнээнээс огцом орж ирж мөргөлдсөн. Хэргийн газар дээр цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийгээд Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу эгнээ байр эзлэхдээ чигээрээ явж байгаа машинд зам тавьж өгнө гэсний дагуу миний зөв, хариуцагчийн буруутай үйлдэл гэдгийг тогтоосон. Гэтэл хариуцагч нь буруугаа хүлээгээгүй. Хариуцагчийн машины дугуйн хавирчихсан байсан учраас машиныг  нь ачаад явсан. Харин намайг машиныхаа үнэлгээг хийлгээд ир гэсэн. Үүний дагуу “Мөнххада” машины төв дээр очиж үнийн санал авч, үнэлгээний компаниар үнэлгээгээ хийлгэсэн. Тухайн үед үнэлгээ хийлгэсний дагуу 10218511 төгрөгийн үнэ бүхий үнэлгээ гарч ирсэн. Цагдаа нар миний зөв болохыг баталж, хариуцагчийн буруу хүлээ гэхэд хүлээгээгүй. Хариуцагч нь удаа дараа намайг сүрдүүлсэн. Мөн утсаар залгаж машиныг нь ачлагын компаниас гаргаж өг гэж сүрдүүлж дайрсан. Өөр өөрсдийнхөө машины үнэлгээг хийлгэе гэсэн боловч давхар намайг өөрийнх нь машины үнэлгээг хийж өг гэсэн. Үүний дараа хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд эрх бүхий албан тушаалтны магадлал миний зөв, хариуцагчийн буруутай үйлдэл гэдгийг тогтоосон байгаа. Үүний дагуу хэд хэдэн зардал гарсан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нийт 11815511 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх хэрэг гарсан цаг минутаас эхлэн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч 1 дүгээр эгнээнд яваад би дохиогоо өгч орж ирээд би бараг 120-той орчихсон явсан. Би 10 гаран жил автобус барьсан нэхэмжлэгчийг толиндоо харж байсан. Би ажлаасаа гараад 2 жил гаран болж байна. Тэгсэн чинь нэхэмжлэгч бууж ирээд над руу “уучлаарай би сандраад явж байсан” гэж хэлсэн. Би дохиогоо өгч эгнээ эзэлсэн нэхэмжлэгч нь намайг харсан. Тэгээд 30-40 минутын дараа цагдаа ирээд надтай мэндийн ч зөрүүгүй дайрсан. Би эд нарыг хардаж байгаа. Миний машины эвдрэлийг харахад л ойлгомжтой байсан. Миний машины жолооч талын арын гэрлийг араас ирж мөргөнгүүтээ шахагдангууд арын гупер хагараад, мөн арын карлон үрчийчихсэн. Би гэнэт урдуур нь орсон бол нэхэмжлэгч будаа болох байсан. Нэхэмжлэгч нь аймар хүчтэй орж ирсэн. Тэгээд “эгчээ би яаралтай явж байна, уучлаарай” гэж надад хэлж байсан. Би тэр цагаас хойш өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хүн байсан бол улаан цайм дайрч хаячхаад эд нар хор найруулж явахгүй байлгүй. Би тэгж бодож байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч “Хариуцагч өөрийн эрх үүргийг, хуулийг сайн мэдэхгүй байна. Хариуцагч тал буруутай” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Чанцал, М.Батчулуун нарын жолооны үнэмлэхийн хуулбар, Улсын 49-49 УАС дугаартай Toyota Rav-4 маркийн автомашины гэрчилгээний хуулбар, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 28913 дугаартай авто машин, техникийн үнэлгээний тайлан, нэхэмжлэх, Л.Өнөрбаяны иргэний, жолооны үнэмлэхийн хуулбар, Улсын 3084 УНХ дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 сарын 09 өдрийн 1055 дугаартай Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхийн албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 12 сарын 28 өдрийн 0006095 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны хуулбар  зэргийг хэрэгт баримтаар ирүүлжээ.  /хэргийн 4-20-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч тал хариуцагч  Л.Өнөрбаяны  буруутай үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан тул тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол, бусад зардлыг хариуцагчаас гаргуулна гэж  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

 

  1. Хариуцагч тал зам тээврийн осолд  буруугүй тул хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

     4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- 2021 оны 12 сарын 09 өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 9-р дэлгүүрийн урд замд хариуцагч Л.Өнөрбаян Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4- дэх заалтыг зөрчиж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалын жолоодож явсан 49-49 УАЕ улсын дугаартай автомашинтай  мөргөлдөн зам тээврийн осол гарсан болох нь 2021 оны 12 сарын 09 өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2021 оны 12 сарын 28 өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар нотлогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/

 

            - Хариуцагч Л.Өнөрбаянд 2021 оны 12 сарын 28 өдөр 0006095 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтаар 100 нэгжтэй тэнцэх 100000 төгрөгөөр торгох шийтгэлийг эрх бүхий этгээд оногдуулсныг хариуцагч тал маргахгүй зөвшөөрч байна.

 

            -Нэхэмжлэгч М.Батчулууны өмчлөлийн 49-49 УАЕ улсын дугаартай Toyota rav4 маркийн автомашинд 10218511 төгрөгийн хохирол учирсан болох нь Кости--Эстимэйт  ХХК-н үнэлгээний тайлангаар тогтоогдож байна /хэргийн 10-р хуудас/

 

5.    Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Хариуцагч талын гэм буруугаас нэхэмжлэгч талд эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд учирсан хохирол 10218511 төгрөг, үнэлгээний зардал 425000 төгрөг, нийт 10643511 төгрөгийг хариуцагч Л.Өнөрбаянаас гаргуулан нэхэмжлэгч М.Батчулуунд олгохоор шийдвэрлэв.

 

Хэргийн оролцогч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь Монгол улсын Үндсэн хуулиар  олгогдсон эрх  тул өөрт олгогдсон эрхийг эдэлсний улмаас үүссэн зардал 1000000 төгрөгийг бусад этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөн бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 12000 төгрөг, Улаанбаатар хотоос Налайх дүүргийн шүүхэд 4 удаа ирж очсон замын зардал  160000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд өмгөөлөгчийн хөлс, бичиг баримт гэрчлүүлсний зардал, замын зардал нийт 1172000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн “Хариуцагч тал буруутай” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6.    Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203998 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас нэхэмжлэлийг хангасан дүн болох 10643511 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 185246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Авга овогт Лодойдамбын Өнөрбаянаас 10643511 /арван сая зургаан зуун дөчин гурван мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Батчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1172000 /нэг сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203998 /хоёр зуун гурван мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 185246 /нэг зуун наян таван мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАЯРДАВАА

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

 

            ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ