| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2024/0911/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/928 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/928
2024 10 18 2024/ШЦТ/928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Г.Г түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Г-н Г-д холбогдох эрүүгийн 2402000000241 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б” танхимд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 248 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ............ дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х гэх газар байрлах өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай гялгар ууттай жин нь 2,5 грамм, цэвэр жин нь 0,8173 грамм бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримт тогтоогджээ. Энэ нь:
- :........... дүүргийн 19 дүгээр хороо Х-наманд байрлах задгай тоот Г.Г-ын эзэмшлийн зуслангын байшинд 2024 оны 6 дугаар сарын 20- ны өдөр нэгжлэг хийсэн тухай "...Г.Г нь өөрийн сайн дураар зааж өгнө гэсний дагуу хаалгыг онгойлгуулан ороход оролцогч Г.Г нь ширээн дээр "мөс" гэх зүйл байгаа, мөн хажуу талд нь хэрэглүүр, дээд талын шүүгээнд гаанс хэлбэртэй хэрэглүүр зэрэг байгаа гэж зааж өгсний дагуу хүрэн бор өнгийн модон ширээн дээрээс зиплок ууттай цагаан өнгийн мөс мэт нунтаг зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр Хар тамхитай тэмцэх газар Эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй лацтай зиплок уутанд хийж №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр хэмжихэд уутны хамт 2.5 грамм болсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч, албаны тандагч "Resolve Raman" нэртэй багажаар үзэхэд DL Methamphetamine HCI Cetyl palmitate rэх бодисын агууламж илэрснийг (Зураг №10,11,12,13) мөн хажуу талд нь байх хуванцар ягаан өнгийн гуурс залгаа шилэн гуурс, дээд талын цагаан өнгийн шүүгээнээс бохирлогдсон шилэн бонго зэрэг гарч ирснийг Хар тамхитай тэмцэх газар Эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй лацтай зиплок уутанд хийж №2 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч (Зураг№8,9) нэгжлэгийг эхлүүлж оролцогч Г.Г-д өөр хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглүүр, эд зүйл байгаа юу? Байгаа бол та сайн дураар гаргаж өгч болохыг дахин сануулахад оролцогч Г.Г нь тийм зүйл байхгүй гэснээр нэгжлэг хийх ажиллагааг хэсэгчилж хийхээр тогтож мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.А-н дуу дүрс бичлэгийг үргэлжлүүлж эрүүгийн мөрдөгч нар уг сууцанд байх буйдан, шкаф, ширээн сандал, бусад эд зүйл эд хогшилд нэгж бүрчлэн нүд үзэж, гараар тэмтэрч нэгжлэгийг явуулахад суутанд доторх эд зүйлс эмч цэгцгүй, замбараагүй байх ба хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй тул нэгжлэгийн явцыг оролцогчид санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад санал хүсэлт байхгүй гэснээр зогсоов..." гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-17/,
- Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн "... ТНС, АМР. MDMA, LSD, GBPT, MEP урьдчилсан байдлаар илэрсэн..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-21/,
- Гэрч Г.Г-н 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн "...Миний төрсөн эрэгтэй дүү Г-н Г нь 2017 онд 3 сарын хугацаанд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад бид нар мэдээд дүүгээ тухайн чиглэлийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Тэгээд хэсэг гайгүй болсон бөгөөд 2022 оны 10 сар хүртэл огт хэрэглээгүй байж байгаад гэнэт 10 сардаа холбоогүй болоод нэг холбоо барих үедээ маш уцаарлаж хүн ойлгохооргүй тэнэг зүйлүүд яриад эхэлсэн ба надад Би Х, З-г ална ОХУ-ын Ерөнхийлөгч Путин манай хөргөгчөөс гараад ирдэг гэх утгагүй зүйлүүд ярьж эхлэхээр нь би гадарлаж дахин хар тамхи татаж эхэлсэн байна гэж бодсон. Хэсэг хугацааны дараа манай дүү Ж.Х гэх хар тамхичин хүүхэнтэй хамт гэртээ амьдарч хамт тэр зүйлээ одоо хүртэл хэрэглээд байж байгаа..." гэх мэдүүлэг /хх 30-31/,
- Гэрч Г.Г-н 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн "...Миний дүү Г.Г нь зан авир нь маш өөрчлөгдсөн хэрцгий догшин авиртай болсон. Цагдаа, Эмнэлэг дуудвал түрүүлж орж ирсэн эмч, цагдааг алаад дараа нь өөрийгөө ална шүү гэж байнга хэлдэг, Би урьд өмнө 3-н удаа эмнэлэгт барьж өгсөн учраас хаширсан юм шиг байсан. Тэгээд ч одоог хүртэл засраагүй их аюултай байдалд байгаа юм. Ж, Х гэх эмэгтэйгээс хар тамхи гэх зүйл байнга худалдаж авдаг юм шиг байсан... Хар тамхинд орохоосоо өмнө амьдрал нь их дажгүй сайн байсан. Мөнгө төгрөг ч их олдог байсан тэр үедээ хадгаламждаа мөнгө хадгалдаг байсан. Тэр мөнгөө хар тамхинд зарцуулсаар байгаад дуусаж байгаа юм. Х гэх эмэгтэйгээс хар тамхи байнга авдаг юм шиг байсан. Бид хэд үе үе гэрт нь очиход нөгөө Х гэх эмэгтэй нь байнга байж байдаг байсан... Надад бол байхгүй. Харж ч байгаагүй. Тэр Х нь маш чөтгөр шиг хүүхэн байсан. Х гэх эмэгтэй нь 2017 онд хар тамхины хэргээр шоронд 3 жил суусан юм билээ. Тэр үеэр нь манай дүү огт хэрэглээгүй Х 2022 онд л шоронгоос гарч ирээд л манай дүү Г-г уруу татаж, хар тамхиа зарж хар тамхинд эргээд оруулсан юм шиг байсан..." гэх мэдүүлэг / хх 38-39/,
-Гэрч Н.Н-н 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн "... Миний болох Г-н Г нь 1987 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод миний дөрөвдөх хүү болон мэндэлсэн юм. Төрсөн цагаас аав ээжийн гар дээр өсөж хүмүүжиж байгаад Нийслэлийн ерөнхий боловсролын ....дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 10 жилийн сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж худалдаа наймаа хийж эхэлсэн. 2010 онд санагдаж байна. Н гэх эмэгтээтэй үерхэж нөхөрлөж байгаад гэр бүл болж одоог хүртэл амьдарч байгаад одоогоос 1 жилийн өмнөөс эхнэрээсээ салсан юм шиг байсан. Албан ёсоор салсан үгүйг мэдэхгүй байн. Миний хүү Г нь С-д дотуур хувцасны лангуу, Г, У-д лангуунуудтай наймаа хийдэг байсан. Одоогоос 5-6 жилийн өмнөөс хар тамхи гэх зүйлийг хэрэглэж эхэлсэн юм шиг байсан. Сүүлдээ засархаа болиод гүн донтсон. Хар тамхинд орсноос болж ар гэр нь хэцүү байдалд орж, хувийн бизнесүүд нь дампуурч эхнэрээсээ салсан. Сүүлдээ элийрч ар гэрийнхнийхээ үгэнд орхоо больсон юм. Сүүлийн үед сонин сонин их юм ярьж буу харвал бууг шүүрч аваад буудна, ална тална гэж орилж их аймшигтай зан авиртай болсон байсан. Сүүлд машинд нь цуг суугаад явсан чинь урд явсан машинуудын урдуур дарж орон осол аваар хийж, ална тална гэж орилоод их хэцүү болсон байсан. Өөрийн амь нас, эрүүл мэндэд байнга заналхийлж буудна гэдэг юм билээ. Би одоо хүүгээсээ маш их айж байна. Гэрт ирэхээр нь би хутга, заазууруудаа байнга нуудаг, зан араншин нь маш догшин болсон байсан. Амьдрах сонирхолгүй болсон юм шиг байсан. Байнга дэлхий сөнөх гэж байна. Х, З, Э нарыг ална тална, ОХУ-ын ерөнхийлөгч Путин надтай ярьдаг надтай холбогддог, Амьдрал утгагүй байна гэх зэргээр байнга догшин авирладаг олсон... Г нь өөрөө утсаараа койн гэх зүйлийг хийдэг бас банканд хадгаламжтай байсан тэр мөнгөөрөө л хар тамхи худалдаж аваад л дуусгаж байгаа сураг байсан..." гэх мэдүүлэг /хх 34-35/,
- Гэрч Ж.Х-н 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн "... Би 2016 оноос хойш Г.Г-г танидаг дотно танилцаж гэр бүлийн шахуу харилцаатай болж...........дүүргийн 3-р хороо Н-ны ....дүгээр байрны ..... тоотод амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаанд би хэрэгт холбогдож хорих ялаар шийтгэгдэж 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялаа эдлэж гарч ирсэн. Намайг хоригдож байх хугацаанд Г нь намайг эргэж тойрч миний охин Ү-г харж хандаж эргэж тойрч байсан. Би хорих ангиас суллагдсаны дараа уулздаг байж байгаад 2022 оны 06 дугаар сард байх Г ажлаар хөдөө явж ажиллаж байгаад Намар нь ирээд бид хоёр уулздаг байж байгаад хувийн шалтгаанаас болоод муудалцаж салж хэсэг тусдаа байж байгаад 2023 оны 01 дүгээр сард эргэж харилцаж харилцаа сэргэж бие биенийхээ гэрт ирж очдог болсон. 2023 оны 04 дүгээр сараас Г-н бие болон сэтгэц нь өөрчлөгдөж сонин зан авиртай болж эхэлсэн. Тэр үеэс яасан бол гэж тандахад хар тамхины зүйл хэрэглэдэг болсон юм шиг байсан. Тэрнээс болоод муудалцаж салж харилцахгүй хэсэг байж байгаад 2023 оны 01 дүгээр сараас Г-н хувьд зан ааш нь улам өөрчлөлт орж шар хадны эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтсэн байдаг. Г-н ар гэрийнхэн хүртэл араас нь их хөөцөлдсөн. Тэр үед нь Г-н гэр нь болох ............дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Х-д лагарт ирж очиж уулздаг байсан...” гэх мэдүүлэг /хх 44-46/,
- Сэжигтэн Г.Г-н 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т-д байх зүс мэдэх найз З-тэй утсаар холбогдож “мөс” байна уу байвал өгөөч гэж гуйсан. Би З-с 2.000.000 төгрөгийн авлагатай байсан. Тэр өрөндөө мөс авах талаар ярилцсан. Тэгтэл З 1.600.000 төгрөгөөр 2 грамм “мөс” өгөхөөр ярьсан. Тэр өдрийнхөө орой нь над руу залгаад viber-аар яриад байршил явуулсан. Тэгээд заасан байршил дээр нь очиход Д-н ар талын .... дүгээр сургуулийн хойд талын зам дагуу явган хүн зам дээрх гэрлийн шонгийн доор тавьсан байсныг нь хайж байгаад олж авсан. Намайг уг “мөс" гэх зүйлийг олж авахад салфетканд ороосон 2 грамм "мөс” байсан. Би тэр мөсийг аваад шууд амьдарч байгаа гэр лүүгээ харьсан юм. Би одоогоор түр хугацаагаар...... дүүргийн .... дүгээр хороо Х-н амны цаашаа задгай тоот нэг зуслангийн жижиг сууцанд ганцаараа амьдарч байгаа тэр гэртэй ганцаараа очоод түүнийгээ хэрэглээд тэндээ хэд хоног амарч “мөс” гэх зүйлээсээ хэрэглэсээр байгаад өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэртэй байж байгаад энгийн хувцастай цагдаа нарт баригдсан юм. Би өөрийн “мөс” гэх зүйл авсан газраа зааж өгч чадна... З нь Т-д байдаг юм хэзээ Т-руу явсныг бол мэдэхгүй байна. Би З гэх эмэгтэйдээ багаас найзалж байгаа юм. 1980-аад оных л байх эрэгтэй залуу байгаа, аав ээж, ах дүү нарыг нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна. Viber программаар харилцаж байгаа. Цахим хаяг, утасны дугаарыг, гэрийн хаяг зэргийг нь сайн мэдэхгүй. Би өөрийн viber-aa устгасан байгаа болохоор юу ч мэдэхгүй байна... Уул нь бол миний өөрийн эзэмшлийн зуслангийн газар байшин байгаа юм. Би нэрээ шилжүүлж авч чадаагүй байгаа. А гэх хүний нэр дээр байгаа. А нь манай хүргэн ах байгаа юм. Би 2016 оноос л интернэт орчноос болон нас барсан Т гэх найзаасаа олж мэдэж хэрэглэж эхэлсэн юм. Тэгээд 2017 онд хэрэглэхээ болиод байж байгаад 2022 оны 12 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл олж үе үе хэрэглэж байгаа юм... Би 2022 оны 10 дугаар сараас тогтмол З гэх залуугаас авч хэрэглэж байгаа юм. З надад граммыг нь 800.000 төгрөгөөр зардаг. Би "мөс" гэх зүйл худалдан авдаг мөнгийг крифто валютын арилжаа хийж мөнгө олдог олсон мөнгөөрөө "мөс" гэх зүйлийг З-с худалдан авч хэрэглэдэг юм. Сүүлд авсан 2 грамм "мөс" гэх бодисын тооцоог хуучин өрөндөө суутгаж авсан юм. З надад 2.000.000 төгрөгийн крифто валютын өртэй байсан юм. Titer нэртэй, Бүгд Найрамдах Хятад ард улсын Хонг хонкгоос гаргасан крифто валют байгаа юм... Би Х-тай зүгээр л найз нөхдийн харилцаатай, 2017 оноос л таньдаг болсон. "Мөс" гэх зүйлийг хэд хэдэн удаа цуг хэрэглэж үзэж байсан. Одоо хаана байгааг бол сайн мэдэхгүй байна. Гэр нь Хүүхдийн 100-гын 5 дугаар хороололд л байдаг санагдаж байна. Өөр зүйл сайн мэдэхгүй байна... Би тухайн үед "мөс" гэх зүйлийг хэрэглээд энэ дэлхийн бүх хүмүүстэй холбогдсон байна гэж бодогдоод амьдрал утгагүй санагдаад өөрийгөө буудна гэж бодолд автдаг болсон. Тэгээд өчигдөр дэлгүүр орж байхдаа энэ бодол худал бодол байна гэж бодсон юм..." гэх мэдүүлэг, /хх 52-53/,
- Сэжигтэн Г.Г-н мэдүүлгийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар дээр шалгасан "...би 2024 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 22 цагийн үед уг гэрлийн шонгийн доод талаас нойлын цаасанд боолттой 2 грамм "мөс" гэх бодисыг авсан...." гэснийг шалгахаар буухад уг саарал өнгийн төмөр шон нь авто замын ертөнцийн зүгээр баруун талд нь явган хүний зам дээр .... дугаартай шонг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн (Зураг №1,2,3) уг байршил нь ............ дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгааг тогтоож өөр хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй тул мэдүүлэг шалгах ажиллагааг зогсоов..." гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 56-59/,
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, /хх 54-55/,
- Яллагдагч Г.Г-ыг...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЦХШЗ/491 дугаартай захирамж, тэмдэглэл, /хх 154-164/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, /хх 67-69/,
- Яллагдагч Г.Г-н Хаан банкны.................. тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх 133-139/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.З-н 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн "...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "№1 Г-207 СБД-н 19-р хороо зуслан байшин "мөс" 2.5 грамм а/д Г.Н 2024.06.20" гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, "№2 Г-207 .....н ......-р хороо зуслан байшинд нэгжлэгээр хураан авсан хэрэглүүр а/д Г.Н 2024.06.20" гэж хаягласан зип лок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шилний хэсэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн гаанс мэт зүйл, ягаан өнгийн соруул мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн "№1 Г-207 .......-р хороо зуслан байшин "мөс" 2.5 грамм а/д Г.Н 2024.06.20" гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.8173 грамм байна..." гэх 3805 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 72-76/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ж-ийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн "... 1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г.Г ..........." гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ Метамфетамин Methamphetamine/ болон MDMA илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ болон Метамфетамин /Methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын ІІ-р жагсаалтад багтана. MDMA нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 1-р жагсаалтад багтана. Уг бодисыг хэзээ, ямар цаг хугацаанд хэрэглэсэн нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр, бодисын солилцоо зэргээс шалтгаалдаг тул тодорхойлох боломжгүй...." гэх ....дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 84-86/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 668 дугаартай "...4. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх 90-92/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 6 дугаар сарын 20- ны өдрийн "...Г-н Г-н тус төвөөс үйлчлүүлсэн тухай мэдээллийг хүргүүлж байна..." гэх 2-2/233 дугаартай албан бичиг, түүний хавсралт, /хх 128-129/,
- Яллагдагч Г.Г-н 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч Р.О-г оролцуулан өгсөн "... Би гэм буруугаа хүлээж байгаа. Хийсэн алдаагаа маш ихээр ойлгож гэмшиж харамсаж байгаа. Гэр бүл, найз нөхөд таньдаг хүмүүсээ үнэхээр их сэтгэлийг нь зовоосондоо гэмшиж байна Би батлан даалтад гармаар байгаа, учир нь санхүүгийн асуудал байгаа мөн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авмаар байна Миний крифто валютаа зохицуулахгүй бол мөнгө төгрөгөө алдах эрсдэлтэй байна..." гэх мэдүүлэг, /хх 151-152/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж үздэг.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад буюу худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныг “хууль бусаар олж авсан” гэж ойлгож, дээр дурдсан үйлдэл нь хор уршиг учруулаагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
5. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Г нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь бусдад хохирол, хор уршиг учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхээс шүүгдэгч Г.Г-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал дүгнэлтийг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн тухайд гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Мөрдөн байцаах шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, гэмшсэн байдаг. Манай үйлчлүүлэгч өөрийн сайн дураараа мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлж хэрэглэсэн бодисоо гаргаж өгсөн. Мөн манай үйлчлүүлэгч 120 хоногийн хугацаанд цагдан хоригдож өнөөдрийн шүүх хуралдаанаар орж байна. Манай үйлчлүүлэгч өмнө нь буруу, зөрүү зүйл хийгээд явж байсан талаараа ойлгож цаашид зөв амьдрах талаараа өмгөөлөгчид хэлж байсан тул энэ талаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна. Өмнө нь манай үйлчлүүлэгч ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй ба анхны удаа гэмт хэрэгт холбогдсон. Манай ялын бодлого нь заавал хүнийг хорих биш энэрэнгүй зарчмыг баримталж зорчих эрхийг хязгаарлах ялыг улсын яллагчийн гаргасан хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг гаргажээ.
9. Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
10. Шүүхээс шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н цагдан хоригдсон нийт 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан нийт 0.8173 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Г-н Г /РД:........../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан нийт 0.8173 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ