Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 131/2022/00075/И |
Дугаар | 131/ШШ2022/00156 |
Огноо | 2022-03-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2022/00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,
Хариуцагч: оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 4500000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 4500000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
******* нь 2021 оны 1-р сарын сүүлээр манайд ирэхдээ эхнэрийн машиныг ломбардад тавьчихсан чинь одоо хугацаа нь болоод мөнгө нь нэхэгдээд болдоггүй яаралтай мөнгөний хэрэг болчихлоо мөнгө зээлээч би барьцаанд нь нэг машин байгаа тэрийгээ өгье та нар авсан ч яах вэ эсвэл би түр барьцаанд байгаа машинаа авчхаад дараа нь мөнгийг чинь эргүүлж өгөөд авъя гэхээр нь би зөвшөөрч 4,500,000 төгрөг зээлүүлсэн. Барьцаанд нь Мазда /Просеед/ гэдэг машиныг нь авсан. Тухайн үед бид аймгийн төв орж мөнгө төгрөгөө өгөөд машиныг нь аймгийн төвөөс очиж авсан. Уг машиныг нь аймгаас унаж ирэхэд урагшаа явахгүй хий орилоод явдаггүй машин байсан ингээд өөрөөс нь асуусан чинь би хурдны хязгаар хийчихсэн юмаа зүгээр тэгээд л унаж бай гэсэн. Ингээд хэрвээ машинаа авахаар бол би өөрөө наад Кропын чинь янзалж өгнө гэсэн боловч одоог хүртэл мөнгө төгрөгөө авч чадахгүй байгаа ба эсвэл энэ кроппоо янзалж нэрийг нь шилжүүлж өг гээд ч утас руу нь залгахаар утсаа ч авахгүй зугтаагаад байгаа. Уг машин нь энэ хүний нэр дээр бүртгэлгүй ба бидний танихгүй гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй машин байгаа бөгөөд нэрийг нь ч шилжүүлэх боломжгүй, мөнгө төгрөгөө ч авч чадахгүй байдалд хүрээд удаж байна. Иймд *******д зээлүүлсэн 4,500,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд: Хамгийн анх хариуцагч 2021 оны 09 дүгээр сард манайд ирэхдээ Мазда / Просеед / гэдэг машиныг зарна гэж хэлсэн тул нөхөр бид хоёр ярилцаж байгаад машиныг нь авах талаар тохиролцсон. 2021 оны 1-р сард гантай байсан тул мал муудаад манайх тухайн үед портер гэх машинтай байсан бөгөөд хариуцагч манайд ирээд миний машиныг ав гэж хэлсэн. Тухайн үед машиныг нь авахад кроп нь эвдэрхий байсан юм байна лээ, манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд миний бие ч машин тэрэг сайн мэдэхгүй тул эвдэрхий байсныг нь мэдэлгүй авсан. Тэгээд хариуцагчид хэлэхэд 8 сард янзалж өгнө гэж хэлчхээд утсаа авахаа болиод алга болсон учир өөр дугаараас залгахад намайг байхгүй гэж хэл гэсэн байсан. Манайх өөрийн зардлаар машины нум сольсон, тоормосыг нь янзлуулсан. Хариуцагчид машиныг миний бие өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлтэл одоохондоо шилжүүлэх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд судлахад гэх хүний нэр дээр машин бүртгэлтэй байдаг болохыг мэдсэн бөгөөд одоо болтол машины татвараа төлөөгүй юм байна лээ. Хамгийн анх хариуцагчид 500.000 төгрөг бэлнээр өгсөн дараа нь банкнаас дөрвөн сая төгрөгийн зээл аваад 2 сая 2 саяар нь хуваагаад нийт 4500.000 төгрөг өгсөн. Иймд хариуцагчаас нэг бол 4500.000 төгрөг гаргуулж өгөх эсхүл машиныг миний нэр дээр шилжүүлээд кропыг нь солиод өгсөн тохиолдолд хариуцагчтай эвлэрч болно гэсэн тайлбар гаргаж байна.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 17-нд ******* нь цас зуд ихтэй машин байхгүй хүргээд өгөөч гэхэд нь явж өгөөд энэ хүн явж байх замдаа мазда проссед машиныг чинь мосттой юм байна. Худалдаж авъя гэсэн санал өгч 4500000+өвлийн идэш өгье гэж тохиролцоод наймааг /зээлээр/ хийсэн. Ингээд ах дүү нартаа болон нутгийнхандаа ийм жийп машин худалдаж аваад гээд одоо болтол 2 жил гаруй унаж эдлэн өвлийг өнөтэй давж явсныг нь ах дүү нар, үр хүүхэд нь мэднэ /гэрчилнэ/. 2021 оны 06 дугаар сард 3000,0 төгрөг шилжүүлсэн болно. Увуу, цувуу мөнгөө өгсөн болсон боловч одоо 1 үхрийн тооцоо /идэш/ байгаа. Эвдэрхий машин байсан бол одоо болтол цагийн хүнд, зуны үертэй голыг туулж бүх ажлыг нь бүтээхгүй байх байсан байх, хүнийг худал гүтгэх хуультай байх ёстой. Энэ машин ямар байсныг гэрчлэх хүмүүс байгаа. гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед Улаанбаатар хотоос жижиг тэргээр Баянхонгор аймагт хүн хүргэж ирсэн. Тэгээд нэхэмжлэгчтэй тааралдахад манай машин явахаа больсон таны ногоон өнгөтэй машин байгаа юу? гэж асуухад нь байгаа гэж хэлтэл би худалдан авъя гээд тэгээд нэхэмжлэгчтэй тохиролцож зээлээр машиныг өгсөн. Намайг анх нэхэмжлэгчид машиныг хүлээлгэж өгөхөд миний машин ямар ч асуудалгүй байсан. Хэрвээ машины кроп нь эвдэрхий байсан бол тухайн үед машин хөдлөхгүй байсан. Машиныг хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч болон түүний хүү машин сайн мэддэггүй байсан тул миний бие нэхэмжлэгчид машиныг хүргэж өгөөд тохиргоог зааж өгсөн. Иймд энэ хэрэг барьцаалан зээлдэж авсан хэрэг биш харилцан тохиролцоод өгсөн асуудал байгаа. Хэрвээ муу техник байсан бол би хэзээ ч хүнд зарахгүй байсан. Миний бие нэхэмжлэгчийг машин эвдэрлээ гэж хэлэхэд нь өөрийн зардлаар 10 гаран удаа очиж машиныг нь үнэ төлбөргүй янзлаад л өгдөг байсан гэв.
3. Нэхэмжлэгч *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1 ширхэг гэрэл зураг, автомашины гэрчилгээний хуулбарыг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******ээс Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч *******д холбогдуулан гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ ...4,500,000 төгрөгийг зээлүүлж, барьцаанд нь машин авсан, зээлийн мөнгөө буцаан өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад ...4,500,000 төгрөгөөр доголдолтой авто машин худалдан авсан, доголдлыг арилгуулж, эсхүл авто машины үнийг буцаан гаргуулж өгнө үү гэж өөрчилсөн, үүнийг эс зөвшөөрч хариуцагч *******аас ...мөнгө зээлээгүй, доголдолтой авто машин шилжүүлээгүй, өөрсдөө автомашиныг эвдэлсэн... хэмээн нэхэмжлэлийг татгалзжээ.
Талуудын гаргасан тайлбараас үзвэл, нэхэмжлэгч ******* нь *******д 4,500,000 төгрөгийг зээлүүлсэн гэх нэхэмжлэлээ үгүйсгэж, хариуцагч *******аас авто машин худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь тогтоогдож байх тул Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй.
Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд зохигчдын маргаангүй тайлбараар хариуцагч ******* нь 4,500,000 төгрөгийг *******ээс зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн аваагүй тул энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******аас шаардах эрхгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч ******* нь авто машин худалдан авсантай холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 60 дугаар зүйлийн 60.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ