Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,    

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Т-т холбогдох 2428000000202 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Биеийн байцаалт:            

Холбогдсон гэмт хэргийн талаар:                               

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар, 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн ... тоот хашааны гадаа тодорхой шалтгаангүйгээр биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 1 нас 9 сартай Ц.Тө-ын эрх чөлөөнд халдаж, биед нь зулай, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дух, баруун шуу, хэвлийд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,    

мөн тухайн газар, цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн дуудлагаар очсон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Х-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хутга хэрэглэж цээжинд нь зүсэж, шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Т-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал Ц, Б хоёр хүүхдээ авч ирж өгсөн. Би ногооны талбайдаа манжин хураагаад манжингийн навч таслаад байж байсан. Хүүхэдтэйгээ байж байгаад хамт дэлгүүр ороод хүүхдэдээ нэг ундаа, печень өөртөө нэг шил архи авсан. Түүнээс хойш сайн санахгүй байна. Тухайн үед ээж маань өнгөрөөд удаагүй байсан. Тэгээд сэтгэл санаа тавгүйтээд архи уусан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэгч байсан. Тус өдөр цагдаагийн газрын 7053102 дугаарын утсанд 20 цаг 40 минутад Даланзадгад сум 6 дугаар баг “Манай хүүхдийг өвөө нь газар саваад унагаачихлаа” гэсэн мэдээллийг хүлээн авч би жижүүрийн жолооч ахлагч Ц.Б-ын хамтаар тус хэргийн газарт очсон. Тухайн хэрэг болсон гэх тус аймгийн ... тоот хашаанд очиход эмнэлгийн байгууллагын хүмүүс очсон байсан ба хэргийг үйлдсэн гэх Т нь өөрийнхөө амийг хорлоно гэж хэлээд хутга барьчихсан байсан. Тэгээд би жолооч цагдаагийн ахлагч Ц.Б-ын хамтаар Т-ын амиа хорлох нөхцөл байдлыг таслан сэргийлэх зорилгоор ярилцаж бага зэрэг түүнд ойртсон ба тухайн үед Т нь хутгаа ардаа нуучихсан байдалтай байсан. Тэгээд намайг ойртоход Т нь хутгаа гаргаж ирээд миний цээжний баруун дээд хэсэг рүү нэг удаа хутгалах оролдлого хийхээр нь би хойшилсон боловч хутга миний цээжний баруун хэсэгт зүссэн. Тэгээд би хамтрагчийн хамтаар ухарч нэмэлт хүч дуудсан. 20-30 минутын дараа цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирсэн ба бүрэлдэхүүнийг ирж байх хооронд би Тыг хяналтдаа байлгаж ярилцах арга хэмжээ авсан. Тэгээд бүрэлдэхүүн ирээд би бүрэлдэхүүний хамтаар Т гэх хүнийг барьж Өмнөговь аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд авчирч саатуулсан... Тухайн үед бага зэрэг хөндүүр орж боолт болон цэвэрлэгээ 3 удаа хийлгэсэн. Одоогоор эдгэрсэн ямар нэгэн зовуурь байхгүй байгаа. Боолт, цэвэрлэгээ хийлгэсэн гэж 300,000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 33-34, 36 дахь тал)   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед би Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг ... тоотоос хүүхэд Төыг авах гээд очсон. Тухайн үед хашааны гадна үүдэнд ирж байхад хойд аав Т хашааны хойд хэсэгт гадаа гудманд нэг зүйл газар саваад байсан. Бодохдоо нохой, муур юм шиг харагдаж байсан. Тэгээд тоолгүй гэр рүү ороод хүүхдээ хартал байгаагүй. Гэрээс гараад Т-аас хүүхэд хаана байгаа талаар асуухад ороолонтой зодолдоод гэж хариулж байсан. Тэгээд нэг зүйл савж байсан газар руу нь очоод хартал манай хүүхэд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан... хашаанаас гараад тухайн хүүхэд савж байсан газар ирэхэд манай хүүхэд газарт ухаангүй байдалтай толгой нь баруун хацраараа газар дэрлээд хашаа руу харсан байдалтай, бие нь баруун хэсгээрээ шороон дээр байж байсан. Тухайн үед манай хүүхэд шорт, футболктай байсан бие нь бүхэлдээ шороо тоос болсон байдалтай байж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд ер нь шокны байдалтай болсон. Одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Хүүхдийн биеийн байдал хэвийн болсон. Т нь эмчилгээнд мөнгө өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал байхгүй хүлээн зөвшөөрч байна.” (хавтаст хэргийн 40-41 дэх тал)    

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой 20 цагийн үед би Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг, ... тоотод амьдардаг ээж М-гаас өөрийнхөө хүүхдийг авах гээд очсон. Тухайн үед намайг хашааны гадаа үүдэнд ирж байхад манай хойд аав болох Т нь хашааны гадаа үүдэнд гараараа юм газарт савж байсан. Би бодохдоо нохой, мууртай муудалцаж байна даа гэж бодоод гэр рүү нь орсон чинь манай хүүхэд байхгүй байхаар нь буцаж гараад хойд аав Т-аас хүүхэд хаана байна гэж асуусан чинь надад би сая ороолонтой зодолдоод гэж хэлэхээр нь та юу яриад байгаа юм гэж хэлчихээд Т-ын хашааны гадаа юм савж байсан газар очиход манай хүүхэд болох Тө ухаангүй байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би тухайн үед сандраад Т-ыг хашааны гадаа зогсож байхаар нь очиж түлхэж унагаасан. Тэгсэн чинь Т босоод гэр рүүгээ орохоор нь би араас нь дагаж яваад орсон чинь Т хутга барьсан өөрийнхөө хоолойд тулгасан байхаар нь би тайвшруулах гээд одоо болио гэж хэлээд ойртсон чинь над руу хутгаараа далайсан, тэгэхээр нь би гэрээс нь гараад гэрийнх нь үүдийг гаднаас нь хаагаад түгжчихээд цагдаад дуудлага өгсөн... Миний хүү Тө одоо нэг ой, арван сартай бөгөөд биеийн байдал нь одоогоор ухаан орсон байгаа.” (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд хүүгээ хадам аав, ээж хоёрт үлдээгээд нөхөр Ц-ийн хамт гадуур гарсан. Тухайн үед манай хүүг аваад хадам аав Т, хадам ээж М нар үлдсэн. Тухайн үед 15 цаг өнгөрч байсан. Тэгээд төвөөр юм аа бэлдээд цэцэрлэгийн багшид нь юм өгчихөөд хадам ээжийн эгч Т-гийнд очиж юм авах байсан юм. Тэрийгээ авчихаад хэдэн цаг болж байсныг санахгүй байна дэлгүүр орчихоод хүүгээ авах гээд очсон. Тухайн үед бүрэнхий болж байсан. Тэгээд хадам аавын хашааны наад талд дөхөөд очтол хадам аав хашааны хойд хэсэгт нэг амьтан газар саваад байна гэж харсан. Нөхөр бид хоёр хашаа руу ороод гэр рүү ортол гэрийн хаалга онгорхой байсан. Манай хүү байхгүй болохоор нь нэг нь аваад явсан юм байлгүй гэж бодоод хадам аавыг гэртээ орохгүй яасан юм бэ гээд манай нөхөр тэгтэл хадам аав “Энэ муу орохгүй байна гэж хэлсэн. Манай хүү гудамжны хойно цөмөрсөн цэвэр бохирын хонхорхой нүхэнд баруун талаараа хэвтэж байсан. Тухайн үед тоос шороо болчихсон хамаг бие нь хөрчихсөн огт хөдлөхгүй байсан, тэгээд хүүгээ тэврээд уйлаад сууж байтал түргэн ирээд хамт эмнэлэг явсан... Хацар, нүүр, шанаа хавдартай, босоод алхахаар тэнцвэр муу, тэврэхээр хүзүүгээ хажуу тийш болгоод сульдаатай байгаа. Харилцааны хувьд аав, ээж хоёроос бусадтай харьцахгүй, хүн амьтан ойртохоор шууд цохиж, алгадаад байгаа.” (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажил дээр байж байгаад 14 цагийн үед цайны цагаараа өөрийн гэр болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... тоотод ирчихээд байж байхад манай хүү Ц эхнэр Б, хүүхэд Тө-ын хамт ирсэн. Тухайн үед хүү, бэр хоёр гадуур юм цуглуулна хүүхдээ үлдээе гээд ирсэн. Би ач хүүгээ авч үлдээд 16 цагийн үед ажлаас дуудаад ач хүүгээ аваад ажил руугаа аваад явсан. Тухайн үед замд явж байхад манай ач хүү Тө машинд унтчихаар нь Хайрхан дэлгүүрийн тэндээс буцаад гэрт очиж унтуулж үлдээсэн. Их хөдөлгөөнтэй хүүхэд болохоор ажил дээр юм хийлгэхгүй байх гэж бодоод буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд 21 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирж байхад хашааны хойд гудамжинд манай бэр газар суучихсан байж байсан. Тухайн үед сандраад буугаад ирэхэд та гэр рүү орж болохгүй шүү аав хутгатай байгаа та яах гэж хүүхэд согтуу хүнд үлдээж байгаа юм бэ хүүхэд алаад хаячихлаа шүү дээ гээд байсан. Тэгээд бас манай бэрийг маань ална гээд туулгасан гэж хэлсэн. Тухайн үед юу болсон талаар бэрээс асуухад “Бид хоёрыг ирж байхад аав хашааны хойд гудамжинд нохой юм уу муур байна даа гэж харсан. Гараараа хөлнөөс нь барьцан газарт саваад байсан, тэгээд нэлээн согтуу байгаа юм байна даа гэж бодоод гэрт ортол хүүхэд байхгүй байсан. Ааваас хүүхэд хаана байгаа юм бэ гэж асуухад танай энэ пизда чинь үгэнд орохгүй юм гээд хуруугаараа хашааны хойно байх цөмөрсөн шугамын нүх рүү заахад манай ач хүү байсан гэж хэлсэн,” Т нь их хараал хэлдэг, архи уувал дандаа хутга барьдаг. Тухайн үед манай ач хүү шороо тоосондоо хутгалдчихсан, бэр маань хүүхдээ тэврээд газар сууж байсан. Тэгээд нээх удалгүй түргэн ирээд аваад явсан.” (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орой 17 цагийн үед Ц эхнэр Б-ийн хамт хүүхдийн цэцэрлэгийн юм бэлдээд явж байна, хүүхдээ ээж М-д үлдээсэн, очиж аваад гэр рүүгээ явна гэж байсан. Тухайн үед манайд нэлээд юм ярьж байгаад явсан. Түүний дараа 22 цагийн үед эмнэлэг дээр ирсэн байна гэж М уйлаад ярьсан. Тэгээд юу болсон талаар Б-ээс асуухад хүүхдийг нь Т гэх хүн хөлнөөс нь барьж байгаад газар саваад ухаангүй эмнэлэг дээр ирсэн гэж хэлж байсан. Харин Т-ыг хутга бариад ална гээд үлдсэн гэж хэлж байсан.” (хавтаст хэргийн 54 дэх тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Тө-ын биед зулай, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дух, баруун шуу, хэвлийд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Тө-ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 60-61 дэх тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 453 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Х-ын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Х-ын биед үүссэн гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 66-67 дахь тал)  

Шүүх сэтгэц судлалын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 832 дугаартай дүгнэлтэд: “Б.Т нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. Б.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Т-т сэтгэл зүйн хохирол учирсан эсэхийг манай шинжилгээгээр тогтоогддоггүй болно. Б.Т-т сэтгэл зүйн шинжилгээ хийх шаардлагагүй. Б.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.” (хавтаст хэргийн 74-76 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-18 дахь тал)

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 19 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 96 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 100-103, 105 дахь тал)

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал)

Хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 108-110 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Т-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагч шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Учир нь Б.Т-ын хувьд нэг цаг хугацаа, нэг орон зайд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал байгаа. Гэм буруутай үйлдэлдээ Б.Т-ын хувьд маш их харамсаж гэмшиж байгаа талаараа мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл тууштай хүлээн мэдүүлсээр ирсэн учраас гэм буруугийн асуудал дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал дээр миний хувьд зэвсэг биш тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж орох юм болов уу гэж бодож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч иргэний нэхэмжлэгч А.Х-т 300,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ц.Тө-ын хууль ёсны төлөөлөгч М.Ц-ид 2,712,800 төгрөг төлсөн. Хохирогч нар нэхэмжлэх зүйл,  гомдол саналгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй болсон гэж үзэж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Т нь согтуугаар, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн ... тоот хашааны гадаа тодорхой шалтгаангүйгээр биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж 1 нас 9 сартай Ц.Тө-ын эрх чөлөөнд халдаж, биед нь зулай, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дух, баруун шуу, хэвлийд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  

мөн тухайн газар, цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн дуудлагаар очсон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Х-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хутга хэрэглэж цээжинд нь зүсэж, шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34, 36 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), гэрч М.Ц-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), гэрч Э.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрч Б.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч Б.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 453 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал), Шүүх сэтгэц судлалын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 832 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 74-76 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-18 дахь тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 19 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Ц.Тө, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 452, 453 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-61, 66-67 дахь дэх тал)-ээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Тө нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1 нас 9 сартай байсан болох нь гэрч М.Ц-ийн мэдүүлгээр (хавтаст хэргийн 43-44 дэх тал) нотлогдож байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.” гэж тайлбарласан ба хохирогч Ц.Тө нь гэмт хэрэг гарах үед 1 нас 9 сартай, бага насны хүүхэд байсан нь тогтоогдож байх тул “хохирогчийн бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр,   

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасны дагуу прокуророос хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.    

Учир нь Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон, уг байдлыг нь далимдуулсан, ашигласан байхыг ойлгох бөгөөд хохирогч Ц.Тө нь тухайн үед 1 нас 9 сартай болох нь тогтоогдсон ба өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй нас гэж дүгнэлээ.

“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн мөрдөгч буюу цагдаагаар ажилладаг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.   

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах, шаардлага тавих эрхтэй бөгөөд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүргээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэж байхдаа иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу тухайн дуудлагын хэргийн газарт очин албан үүргээ гүйцэтгэж байсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.

“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгохоор тайлбарласан бөгөөд шүүгдэгч Б.Т нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан мөрдөгч А.Х-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар хутга хэрэглэж түүний цээжинд нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан халдсан үйлдлийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.   

Хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Б.Т-ыг зэвсэг хэрэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, нийтийн албаны ашиг сонирхолд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Б.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.             

Шүүгдэгч Б.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Ц.Тө, хохирогч А.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х нь “...Боолт, цэвэрлэгээ хийлгэсэн гэж 300,000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 33-34, 36 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц “...Одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Хүүхдийн биеийн байдал хэвийн болсон. Т нь эмчилгээнд мөнгө өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал байхгүй хүлээн зөвшөөрч байна.” (хавтаст хэргийн 40-41 дэх тал) гэж тус тус мэдүүлсэн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х-т 300,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц 2,712,800 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 108-110 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.        

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нийт эдлэх торгох ялыг нэмж нэгтгэн 14,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 24 сарын хугацаанд буюу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.Т-ын хувьд гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлдэг. Мөн хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Хувийн байдлын хувьд ам бүл гурвуулаа эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд 14 жил тууштай, тогтвор суурьшилтай жолоочоор ажиллаж ирсэн. Мөн гэр бүлийн хүн М-гийн хувьд тогтсон ажил орлоготой нөхцөл байдлууд байна. Б.Т нь ач хүүдээ маш хайртай, хэрэг болохоос өмнө байнга харж ханддаг байсан байна. 2024 оны 03 дугаар сараас ач хүүгийнхээ нэр дээр хадгаламж нээж мөнгө хадгалж байгаа талаараа шүүх хуралдаанаар ярьж байгаа. Хүүхдүүдээсээ уучлалт гуйгаад гэр орноор нь орж гараад одоо хэвийн харилцаатай болсон байгаа. Өөрөө ч гэсэн ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Мөн Цагдаагийн албан хаагчид гэмтэл учруулсан үйлдлээсээ ч гэсэн цагдаагийн албан хаагчдаас уучлал гуйсан нөхцөл байдал байна. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн. Гэмт хэрэг гарснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мөн гэр бүлдээ энэ зүйлийг хэрэглэхгүй гэдэг амлалтыг өгсөн гэдэг зүйлийг ярьдаг учраас эдгээр хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хор уршиг зэрэг, хохирогч нарын гомдол саналгүй нэхэмжлэх төлбөргүй байгаа нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас санал болгож байгаа торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх бүрэн боломжтой учраас энэ үйлдэлд нь итгэл хүлээлгэж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, бүх хүмүүсээсээ уучлалт гуйж байна, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.        

Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т шүүхээс оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Хт 300,000 (гурван зуун мянга) төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ид 2,712,800 (хоёр сая долоон зуун арван хоёр мянга найман зуу) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т овгийн Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

2. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг  хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Хт 300,000 (гурван зуун мянга) төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ци-д 2,712,800 (хоёр сая долоон зуун арван хоёр мянга найман зуу) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ