Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0438

 

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0438

Улаанбаатар хот

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Д/РД:УК__/

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар

Хариуцагч: Сангийн яам

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “Т.Дын гадаад улсад эмчлүүлсний эмчилгээний зардлын 60-аас /66641608 төг/ доошгүй хувийг олгох шийдвэр гаргахаас татгалзсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын дагуу 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргаж Онцгой байдлын ерөнхий газрын даргад хүргүүлэхийг даалгуулах, Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлөөс хүргүүлсэн шийдвэрийн дагуу эмчилгээний зардлын 60-аас /66641608 төг/ доошгүй хувийг Т.Дт олгохыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад даалгуулах, тус эмчилгээний зардлын нөхөх төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын төсөвт суулгахыг Сангийн яаманд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, иргэдийн төлөөлөгч Т.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.Днь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг, судлалын хүрээлэнд аврагч, гал сөнөөгчөөр буюу төрийн тусгай албанд ажиллаж байх хугацаандаа ухаан алдаж унан тархины баруун дух, чамархай хэсгийн хавдар D33, хоёрдогч тархи усжилт, уналт таталтын хам шинж G91, G40 онош тогтоогдсон.

Энэ нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн жагсаалтад хамрагдсан ба энэ талаар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг дүгнэлт гарган Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын “Б”  эмнэлэгт 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэс засалд орж хагалгааны дараа дахин хүндрэл гарч эрчимт эмчилгээний тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлж нийт 292,357 юанийн зардал гарсан.

Бид хүүгийнхээ эмчилгээнд өөрсдийн амьдарч байсан орон сууцаа зарж гэр бүлийн гишүүд цалин болон тэтгэврийн зээл авч, үлдсэнийг нь найз нөхөд, хамаатан садангаасаа зээл, тусламж авч төлсөн.

Цаашид үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч хөрөнгө санхүүгийн эх үүсвэргүй болсон. Одоо бид ам бүл тавуулаа өөрийн гэсэн орон гэргүй, айлын жижиг байшин хөлслөн амьдарч байгаад нэхэмжлэгч өөрийгөө буруутган сэтгэл санаагаар унаж, эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлж байна. Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж, одоогийн Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Төрийн албан хаагчид дараах нөхөх төлбөрийг олгоно”, 59.1.7 “... магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж заасны дагуу эмчилгээний зардалд төлсөн 111 сая төгрөгийн 60-аас доошгүй хувийг төрийн албан хаагчдаа нөхөн олгож, хуулиар тогтоосон баталгааг эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Төрийн албаны тухай хуульд дээрх байдлаар эдлэх баталгааг тодорхойлсон байсан боловч холбогдох журмыг Засгийн газраас батлаагүй байсан. Үүний улмаас энэхүү нөхөх олговрыг аль байгууллага хариуцан төлөх талаар ойлгомжгүй байдал үүссэн. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны 454 дүгээр тогтоолоор Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журамд нэмэлт оруулж, журмын 7.3-д “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ”, 7.4-д “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-д заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө” гэж заасан.

            Улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож байгаа эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан шийдвэрлэхээр байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд “нэхэмжлэгч нөхөх төлбөр авах эрх нь нээлттэй боловч, хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна” гэж дүгнэсэн бөгөөд ийнхүү Засгийн газрын тогтоолоор журамд нэмэлт орж, хариуцах субъект тодорхой болсон тул Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар болон Сангийн яамыг хариуцагчаар оролцуулан хэргийг шийдвэрлэж нөхөх олговрыг харьяалах байгууллагын төсвөөс гаргах боломжгүй тохиолдолд Сангийн яам тус зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын төсөвт суулган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А нар нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэлээ дурдаж, эмчилгээний зардлын нөхөх олговор олгохоос татгалзаж, “...Онцгой байдлын ерөнхий газрыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэх тайлбар өгсөн нь үндэслэлгүй болно.

Нөхөх олговрын хэмжээг хүсэлт гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш /1 юань = 379.91 төгрөг/-аар тооцож, нийт 111,069,348 төгрөгийн 60-аас доошгүй хувийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хэргийг бүрэн гуйцэт, нэг мөр шийдвэрлэх, нэхэмжлэгчид хуулиар олгосон Төрийн албан хаагчийн баталгааг гарцаагүй эдлүүлэх үүднээс дээрх байдлаар хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойллоо.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа, хариуцагч хэрхэн хууль зөрчсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн сэргээлгэх талаар анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбарууддаа тодорхой дурдсан болно. Иймд нэхэмжлэгч Т.Дын гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 60-аас /66,641,608 төгрөгөөс/ доошгүй хувийг олгох шийдвэр гаргахаас татгалзсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын дагуу 60-аас доогүй хувийг олгох шийдвэр гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргад хүргүүлэхийг даалгуулах, Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлөөс хүргүүлсэн шийдвэрийн дагуу эмчилгээний зардлын 60-аас /66,641,608 төгрөгөөс/ доошгүй хувийг нэхэмжлэгч Т.Дт олгохыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгуулах, тус эмчилгээний зардлын нөхөх төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын төсөвт суулгахыг Сангийн яаманд даалгуулаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Т.Дт Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/214 дүгээр “Гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар эмчилгээний нийт зардлын 5% болох 5.286.000 /таван сая хоёр зуун наян зургаан мянга/төгрөгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолыг тус тус үндэслэж олгосон байдаг.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэхүү хуулийн 59.1.7-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж заасан байна. Үүний дагуу Засгийн газрын 2019 оны 454 дүгээр тогтоолын 7.3-д “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ” гэж тусгасан.

Мөн журмын 7.4-т “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө” гэж заасан байна.

Иргэн Т.Дт 5% болох 5.286.000 /таван сая хоёр зуун наян зургаан мянга/ төгрөгийг олгох шийдвэр гаргах үед Засгийн газрын 2019 оны 454 дүгээр тогтоол батлагдаагүй байсан бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайдын 2018 оны Гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” А/214 дүгээр тушаалын дагуу эмчилгээний зардлыг олгосон байдаг.

Харин Засгийн газрын 2019 оны 454 дүгээр тогтоолын 7.3-д “Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ”  гэж заасан.

Иймд иргэн Т.Днь Төрийн албан хаагчид олгох эмчилгээний зардлыг олгуулах асуудлаар Орон тооны бус зөвлөлд өргөдөл гаргавал түүний гадаад эмчилгээний төлбөрийн асуудлыг дахин хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл иргэн Т.Дыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын иргэн өөрийн оронд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан өвчний улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад эмчлүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч, түүнд санхүүгийн дэмжлэг олгосон байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах” бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор “Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайд ... үүрэг болгосугай” гэж тус тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ын 1.4-д “Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгана” гэж тус тус зохицуулсан байдаг.

Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан журам нь Монгол Улсын нийт иргэдэд зориулсан зохицуулалт бөгөөд харин тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалт зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн зардлын 60-аас доошгүй хувийг төрийн албан хаагчид буцаан олгох хувь хэмжээ тогтоосон зохицуулалт юм.

Мөн Засгийн газрын хэмжээнд зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх зардалтай холбогдох төсвийг оноосон нэрээр бол Эрүүл мэндийн яам бүрдүүлэхээр зохицуулсан байна.

Гэхдээ Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/214 дүгээр тушаалаар дэмжлэг авсан бөгөөд дахин олгох асуудал нь тодорхойгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлд дурдсан хувь хэмжээгээр тогтоолгон авах нь зүйтэй. Энэ асуудал нь тухай үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор зохицуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 454 дүгээр тогтоол нь шинээр илэрсэн нөхцөл байдал болж байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 6 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ыг баталсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 454 дүгээр тогтоолд нэмэлтээр орсон 7.4 дэх заалтад "... Төсвийн тухай хуулийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу олгоно” гэж заасан бөгөөд байгууллагын төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, гүйцэтгэлийг батлах асуудлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т заасны дагуу хэлэлцэн баталж, төсвийн зарлагын хэмнэлтийг тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан эрх

бүхий албан тушаалтан буюу Сангийн сайдын шийдвэрээр зарцуулахаар зохицуулсан байна. Мөн улс орны цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой төсвийн зарлагын хэмнэлт захиран зарцуулах шийдвэр гарахгүй байх нөхцөл үүсэх магадлалтай юм.

Хэрэв тухайн эмчилгээний зардлын 60-аас /66.641.603/ доошгүй хувийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргуулах үндэслэлтэй гэж шүүхээс шийдвэрлэсэн ч эрх бүхий байгууллага, албан тушаалтны төсвийн зарлагын хэмнэлтийг захиран зарцуулах шийдвэр гараагүй тохиолдолд Эрүүл мэндийн сайдын дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг Төсвийн тухай хуульд заасан үндэслэлээр олгох боломжгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд Сангийн яам нь Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын хүрээнд дээрх хувь хэмжээг тогтоосон хуулийн зохицуулалтыг тооцон Эрүүл мэндийн сайдын төсвийн багцыг бүрдүүлэхээр байх тул Эрүүл мэндийн яам өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлтэй байгааг харгалзан Онцгой байдлын ерөнхий газрыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэжээ

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас жил бүр шинэчлэн баталж, уг жагсаалтад орсон аливаа тусламж, үйлчилгээг гадаад улсад явж эмчлүүлэх тохиолдолд зөвхөн эмчилгээний зардлын тодорхой хувийг төрөөс хариуцаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцна.” гэсэн заалттай холбоотойгоор Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмаар зохицуулдаг бөгөөд Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох алба нь гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа Зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлдэг болно.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.5, 8.4.8 дахь заалтад тус тус заасны дагуу Засгийн газар өргөн тухай жилийн төсвийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хуралд хэлэлцэн баталдаг учир Сангийн яам нь дээрх асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага биш юм” гэжээ.

                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оээс тус шүүхэд хандаж хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсны дараа 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаа дэмжсэнээр “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Сангийн яаманд тус тус холбогдуулан “Т.Дын гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 60-аас /66 641 608 төг/ доошгүй хувийг олгох шийдвэр гаргахаас татгалзсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын дагуу 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргаж Онцгой байдлын ерөнхий газрын даргад хүргүүлэхийг даалгуулах, Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлөөс хүргүүлсэн шийдвэрийн дагуу эмчилгээний зардлын 60-аас /66641608 төг/ доошгүй хувийг Т.Дт олгохыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад даалгуулах, тус эмчилгээний зардлын нөхөх төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын төсөвт суулгахыг Сангийн яаманд даалгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Днь Онцгой байдлын ерөнхий газрын Нийслэлийн онцгой байдлын албанд аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Тархины баруун дух, чамархай хэсгийн хавдар /D33/, хоёрдогч тархи усжилт, уналт таталтын хам шинж /G9188 G401/” өвчнөөр гэж оношлогдсон, уг өвчин нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт”-д багтсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын Б эмнэлэгт эмчлүүлж 292,357 юаны өртөгтэй мэс засал хийлгэсэн нь тогтоогдсон, хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д төрийн албан хаагчийн...гадаад оронд эмчлүүлсэн зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцана...” гэж заасны дагуу   БНХАУ-ын Бээжин хотын Б эмнэлэгт эмчлүүлсэн нийт 292 357 юаны эмчилгээний зардлаас 60-аас дээш хувийг зохих журмын дагуу олгуулах шийдвэр гаргах ёстой, хариуцагч захиргааны байгууллагын эс зөвшөөрсөн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ” гэж маргасныг хариуцагч Орон тооны бус зөвлөл “...Засгийн газрын 2019 оны 454 дүгээр тогтоол гарсан тул орон тооны бус зөвлөлд өргөдөл гаргавал дахин хэлэлцэн шийдвэрлэх боломжтой” гэж, хариуцагч Сангийн яам “...тухайн жилийн төсвийг Засгийн газар өргөн мэдүүлснээр Улсын Их хурал хэлэлцэн баталдаг тул эрх бүхий шийдвэр гаргах байгууллага нь манай яам биш” гэж, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас “...Засгийн газрын 454 дүгээр тогтоолын 7.4-т...төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу олгоно гэж заасан, энэ нь Сангийн сайдын шийдвэрээр зарцуулах зохицуулалт ... тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэж тус тус эс зөвшөөрч маргажээ.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д төрийн албан хаагч нь “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” нэмэлт баталгаагаар хангагдахаар, 27.4-т “энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын /2017 оны/ 59 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр хэсгийн 59.1.7-д Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцахгэж, мөн зүйлийн 59.2-т Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно тус тус заажээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 59.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ыг баталсан байх ба уг журмын 7.1-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна”, 7.2-т “Улсын хэмжээнд лавлагаа тусламж үзүүлдэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх дүгнэлт бүхий төрийн албан хаагч нөхөх төлбөр хүссэн өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана” 7.3-д  “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ”, 7.4-д “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т“заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө” гэж тус тус зохицуулсан байна.

Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Т.Дыг гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж хагалгаанд орох үед  Засгийн газраас журам батлаагүй байсан хэдий ч Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27.1.8-д уг асуудлыг тусгайлан зохицуулсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул Т.Дын гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 60-аас /66 641 608 төг/ доошгүй хувийг олгох шийдвэр гаргахаас татгалзсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгч Т.Днь Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлд хандаж, хүсэлт холбогдох баримтуудыг хавсаргаж өгснөөр тус зөвлөлийн  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Т.Дт 5.000.000 /таван сая/ төгрөгийн нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэсэн хэдий ч энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 226 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-ыг үндэслэн, эмчилгээний зардлын зөвхөн 5 хувийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч анхнаасаа Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27.1.8-д заасан “төрийн албан хаагчийн нэмэлт баталгаа”-г эдлэхийг хүсч хүсэлтээ гаргасан, энэ тохиолдолд түүнд төрийн албан хаагчийнх нь хувьд хуулиар тогтоосон нэмэлт баталгааг эдлүүлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан журмыг батлан гаргах үүрэгтэй, харин уг журмыг батлан гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байх, төрийн албан хаагчид хуулиар тогтоосон нэмэлт баталгааг нь эдлүүлэхээс татгалзах үндэслэл болох ёсгүй.

Иймд Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийн “...Т.Дт 5 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох”-оор шийдвэрлэсэн хэсэг нь нэхэмжлэгчийн, төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар Засгийн газраас “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ыг 2019 оны 06 дугаар тогтоолоор баталсан, уг журмын 1.1-д “Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан нөхөх төлбөрийг олгоход энэ журмыг баримтална”, мөн 1.2-т нөхөх төлбөрийн төрлүүдийг заасны дотор “1.2.6 эмчилгээний зардлыг нөхөх төлбөр...” гэж, 1.3-д “төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ” гэж, мөн журмын “Долоо”-ийн 7.1-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна”, 7.2-т “Улсын хэмжээнд лавлагаа тусламж үзүүлдэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх дүгнэлт бүхий төрийн албан хаагч нөхөх төлбөр хүссэн өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандана” 7.3-д  “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ”, 7.4-д “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Дээрхи хууль болон журмын зохицуулалтуудаас үзвэл Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь төсвийн захирагч болохын хувьд нэхэмжлэгч Т.Дын зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын зохих хувийг, батлагдсан төсөвтөө багтаан, журмын 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “...хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх” үүрэгтэй байна.

Иймд Т.Дт эмчилгээний зардлын 60-аас /66641608 төг/ доошгүй хувь, үүнээс нэхэмжлэгчид өмнө олгосон нөхөх төлбөрийн 5 000 000 /таван сая/ төгрөгийг хасч нийт 61 355 608 /жаран нэгэн сая гурван зуун тавин таван мянга зургаан зуун найман/  төгрөгийг олгохыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Засгийн газраас “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ыг 2019 оны 06 дугаар тогтоолоор баталснаар нэхэмжлэгч Т.Дт эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг гаргуулах нэхэмжлэлийн хариуцагч нь төсвийн захирагчийн хувьд Онцгой байдлын ерөнхий газрын дарга байх тул нэхэмжлэлийн шаардлагын түүнд холбогдох хэсгийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.Дт олгох нөхөх төлбөрийн асуудлыг Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлөөс нэгэнт шийдвэрлэсэн, түүнд эмчилгээний зардлын 5 хувийг олгосон шийдвэрийг хууль бус гэж маргасан, энэ тохиолдолд, тус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...дахин хүсэлт гаргавал хэлэлцэх боломжтой” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчээс дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Засгийн газрын тогтоолоор нэгэнт журам гаргаж зохицуулсан, уг журмаар төрийн албан хаагчийн эсчилгээний нөхөх төлбөрийн асуудлаар Сангийн яаманд үүрэг хүлээлгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аэд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал болон хариуцагч Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хуралдааныг үргэлжлүүлснийг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.4, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын /2017 оны/ 59 дүгээр зүйлийн 59.1.7, 59.2  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Доос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т.Дын гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын 60-аас /66 641 608 төг/ доошгүй хувийг олгох шийдвэр гаргахаас татгалзсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож,  эмчилгээний зардлын 60-аас /66641608 төг/ доошгүй хувь, үүнээс нэхэмжлэгчид өмнө олгосон нөхөх төлбөрийн 5 000 000 /таван сая/ төгрөгийг хасч нийт 61 355 608 /жаран нэгэн сая гурван зуун тавин таван мянга зургаан зуун найман/  төгрөгийг олгохыг Онцгой байдлын ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН

                                             ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ                                                                            ШҮҮГЧ                               Ц.ОДМАА