Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00250

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2022/00250 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух Д  овогт Д-ын Г /РД:00000000-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. оршин суух Урианхай хорхон овогт С-вын Жа /РД:00000000/-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд С.-ай танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд хүү Ж.Б, 2014 онд охин Ж.Д нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд байнгын хэрүүл маргаантай амьдарч ирсэн учир 2021 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Өөрчлөгдөх байх гэж харсан ч хэвээрээ байсан. Цаашид би С.Ж-ай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Намайг их хардаж сэрддэг юм. Тэрнээс гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

2. Хариуцагч С.Ж шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр их сургуульд байхдаа танилцаж байсан. Улмаар хамтан амьдарч байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Хүү Ж.Б 2010 онд, охин Ж.Д 2014 онд төрсөн. 2017 оноос хойш хоорондын харилцаа таарамжгүй болсон бөгөөд Д.Г нь гэр бүлээс гадуурх харилцаанд орж баригдаж байсан. Зан аашийн хувьд тэсвэрлэхийн аргагүй бөгөөд өөр хүнтэй хөтлөлцөөд гудамжинд хоолонд ороод явж байсан. Хэрүүл хийгээд байсан зүйл байхгүй. Ингээд 2021 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Мөнгө өгчихөөр нөгөө залуутайгаа хамт үрчихдэг учир хэрэглээний зардлыг төлж явдаг. Буцаагаад хамт амьдрая гэхэд доромжилсон хариу өгсөн. Иймд цаашид хамт амьдрах аргагүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч Д.Г-аас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгох тухай тэмдэглэл, Эмнэхүй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Гнь хариуцагч С.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Г, С.Ж нар 2005 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Ж.Б, 000оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Ж.Д нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

3.Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2021 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

4.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан хүү Ж.Б, охин Ж.Д нарыг эх Д.Г-гийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Ж.Б, охин Ж.Д нарыг эцэг С.Ж-гаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

7.Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дэ  Г, У овогт С-ын Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Ж.Б, 0000 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ж.Д нарыг эх Д.Г-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Ж.Б, охин Ж.Д нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг С.Ж нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г олгосугай.

 

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР