| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03139/И |
| Дугаар | 183/ШШ2022/00166 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/00166
2022 оны 01 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2022/00166 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ....... тоотод байрлах Х ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ............... оршин суух Б З-ын Б /РД:00000/-д холбогдох,
төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 114.544.080 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
Хариуцагч З.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зэгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Х ХХК нь З.Б-той 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18-310 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Барилгын туслах материал түрээслэх гэрээгээр 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 295 ширхэг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 80 ширхэг, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1000 ширхэг, нийт 1375 ширхэг барилгын туслах материалыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Найрамдал талбай үйлчилгээ, орон сууцны барилгад ашиглах зорилгоор түрээслэн авсан. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бид өөрсдийн тээврийн хэрэгслээр 1.350.000 төгрөгийн зардал гарган бараа материалаа буцаан авч ирсэн. Хариуцагч З.Б нь барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийг биелүүлэхгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахад 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0000 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 82.902.720 төгрөг байсан. Төлбөр барагдуулах гэрээгээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийн үнэ бүхий бартер, 2020 оны 03 дугаар сард үлдэгдэл 52.902.720 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрээний үүргийн 82.902.720 төгрөгөөс 327 ширхэг барилгын туслах материал хэвийг ширхэг бүрийн үнийг 20000 төгрөгөөр тооцож нийт 6.540.000 төгрөгийг хасаж, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 73.362.720 төгрөгийг хариуцагч З.Баттогтох нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 3.5-д төлбөр төлөгч нь төлбөрийн хугацааг хожимдуулсан бол хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлбөр авагчид төлнө гэж заасны дагуу алдангитооцоход алданги нь төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг багасгаж, 38.181.360 төгрөгийн алданги тооцсон. Иймд хариуцагч З.Баттогтохоос төлбөр барагдуулах гэрээнийүлдэгдэл төлбөр 73.362.720 төгрөг, алданги 38.181.360 төгрөг, нийт 114.544.080 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч Х ХХК-аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн албан бичиг, төлбөр барагдуулах гэрээ, барилгын туслах материал түрээслэх гэрээ, З.Баттогтохын Хэв хашмалХХК-д гаргасан баталгаа, хүсэлт, хүлээн авсан бараа материалын акт, төлбөрийн тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч З.Баттогтоход холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 76.362.720 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэн барагдуулах гэрээний үүрэгт 76.362.720 төгрөгийн хамт гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 38.181.360 төгрөг, нийт 114.544.080 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс хариуцагч З.Б-хыг Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин сууж байгааг олж тогтоосны дагуу нэхэмжлэгч Хэв хашмалХХК-аас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч З.Б нь тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй байх тул тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2020/100000 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч З.Баттогтохыг эрэн сурвалжлахад тэрээр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилын 2 дугаар гудамжны 370 тоотод оршин сууж байгаа болох нь тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нутаг дэвсгэрийн харъяалал зөрчигдсөн үндэслэл илэрсэн.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг хэлэлцэн өөрчилж, хэргийг тус шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар хэргийг харьяалан шийдвэрлэсэн болно.
3.Зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Хэв хашмалХХК нь барилгын карказ угсралтанд хэв хашмалын зориулалтаар ашигладаг нийт 1375 ширхэг булан, труба, хэвийг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хоёр тал тохиролцон актаар хүлээлцэх хүртэл хугацаанд түрээслэх, хариуцагч З.Б нь 1 буланг түрээсэлсний төлбөрт 1 өдрийн 250 төгрөг, 1 трубаг түрээсэлсний төлбөрт метрээс хамаараад 1 өдрийн 80-150 төгрөг, 1 хэвийг түрээсэлсний төлбөрт хэмжээнээс хамаараад 1 өдрийн 200-230 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нотлогдож байна.
4. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээбайгуулагдсан гэж үзнэ.
5. Нэхэмжлэгч ХХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээнд заасны дагуу хариуцагч З.Б-д 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 295 ширхэг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 80 ширхэг, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1000 ширхэг, нийт 1375 ширхэг барилгын туслах материалыг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч З.Бнь түрээсийн төлбөрийг түрээслэгчид төлөх үүргээ гүйцэд биелүүлээгүй учир талууд 2019 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар тооцоо нийлэхэд 82.902.720 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг хариуцагч З.Б хүлээн зөвшөөрч хэсэгчлэн төлж барагдуулах тухай хүсэлт гарган, улмаар 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ.
6. Хариуцагч З.Б нь дээрх төлбөр барагдуулах гэрээний 2.3-т зааснаар түрээсийн үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ зөрчиж, 327 ширхэг барилгын туслах материал хэвийг ширхэг бүрийг 20000 төгрөгөөр тооцож өгсөнөөс өөр төлбөр төлөөгүй байна.
7. Иймд хариуцагч З.Б нь барилгын туслах материал түрээслэх болон төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хэв хашмалХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 76.362.720 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 3.5-д зааснаар тооцсон алданги 38.181.360 төгрөгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцсэн байна.
8. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Б-оос түрээсийн гэрээний үүрэгт 76.362.720 төгрөг, алданги 38.181.360 төгрөг, нийт 114.544.080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгох нь зүйтэй.
9. Нөгөөтэйгөөр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 730.670 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Б-оос114.544.080 /нэг зуун арван дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянга ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 888.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-хоос улсын тэмдэгтийн хураамжид 730.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР