Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00152

 

2022 оны 01 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2022/00152 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэниргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. оршин суух З  овогт Д-ны Н /РД:0000000000/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ тоотод байрлах Ж  ХХК /РД:000000/-д холбогдох

Хан-Уул дүүргийн 000 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж, 51 дүгээр байрны 64 тоот хаягт байрлах 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

Хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1.Нэхэмжлэгч Д.Н-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Д.Нэргүй нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж ХХК-тай Хан-Уул дүүргийн 00000000000000 тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө байрыг 50.650.000 төгрөгөөр худалдан авахаар 0000 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Улмаар байрны төлбөрийн урьдчилгаа 40.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь 2015 онд ашиглалтад орсон боловч тус компани одоог хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Учир нь гэрчилгээ гарахаас өмнө тус компани зарим оршин суугчдын байрны талбайг нийлүүлэн Төрийн банкнаас зээл авахдаа барьцаалж, гэрээний 5.1.4 дэх заалтыг зөрчсөн байсан. Энэ асуудлаар компанид хандаж удаа дараа шаардлага тавьсан боловч шийдэрлэж өгөөгүй. Үүнээс болж өөрийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө өмчөх эрх тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж одоог хүртэл зөрчигдөж байна. Иймд иргэн Д.Н-г Хан-Уул дүүргийн ........тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч Д.Н-гээс орон сууц захиалгаа бариулах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордер, орлогын маягтууд,иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэгбүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н  нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ...........тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзэв.

2. Зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Д.Н  нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Дүнжингаравын гудамж, 51 дүгээр байрны 64 тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 50.605.000 төгрөгөөр захиалсан байх ба хариуцагч Ж ХХК нь дээрх орон сууцыг 2013 оны 07 дугаар сард багтаан захиалагчид хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх орон сууц захиалгаар бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд, зохигчдын тайлбар зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээбайгуулагдсан гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч Д.Н  нь орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.3-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2.651.250 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2.651.250 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 351.250 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.651.250 төгрөг, нийт 50.605.000 төгрөгийг төлж, төлбөрөө бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордер, орлогын маягт зэргээр тогтоогдож байна.

4.Харин хариуцагч Ж  ХХК нь зохигчдын маргаж буй зүйл болох Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэлгүй, Төрийн банктай байгуулсан зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 51 дүгээр барилгыг бүхэлд нь барьцаалсны улмаас нэхэмжлэгч Д.Н өмчлөх эрх зөрчигдөж, хэлцлийн үндсэн дээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй болжээ.

5.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог зохицуулалттай.

Нэхэмжлэгч Д.Н  болон хариуцагч Ж  ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууц хүлээлцэх акт үйлдэж, түлхүүр хүлээлцэхэд бэлэн болоход энэ тухай захиалагч талд мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш захиалагч тал нь 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө төлж, орон сууцаа хүлээн авна, түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөс хойш захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцохоор талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

Иймд нэхэмжлэгч Д.Н нь маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй.

6.Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Ж  ХХК-ийн Төрийн банктай байгуулсан зээлийн барьцаанд байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Д.Н-г Хан-Уул дүүргийн ................тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

7.Нөгөөтэйгөөр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж  сХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 411.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 112.1 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт байрлах 34.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Н- тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 411.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР