Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 190

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа,

улсын яллагч: А.Баясгалан,

иргэдийн төлөөлөгч: Т.Оюунцэцэг,

хохирогч: Р.Нарантуяа,

шүүгдэгч: Т.Цэцэгсүрэн, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /1298/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цэцэгсүрэнд холбогдох эрүүгийн 2017 2602 0028 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК-ий Налайх төвийн кабелийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36-57 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЕ 71082269, Сод овогт Тошооны Цэцэгсүрэн.

 

Шүүгдэгч Т.Цэцэгсүрэн нь иргэн Р.Нарантуяаг “Хонхорын станцын төмөр актлагдаж байна, 2-3 хоногийн дотор аваад өгье” гэж төөрөгдөлд оруулж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг Р.Нарантуяагаас хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Цэцэгсүрэн мэдүүлэхдээ:

Би Р.Нарантуяад актлагдсан төмөр авч өгье гэж хэлээд мөнгө авч, мөнгийг хувьдаа зарцуулсан нь үнэн. Хонхорын станцын төмрийг актлах асуудлыг Төрийн өмчийн хороо шийдвэрлэж, тогтоол гаргасан эсэхийг мэдэхгүй. Актлагдсан гэх төмрийг бусдад зарж борлуулах эрх надад байхгүй, төмөр зарах асуудал дээр тендер зарлагдсан эсэхийг би мэдэхгүй. Би актлагдсан төмөр худалдан авах тухай гэрээ байгуулаагүй, Р.Нарантуяад төмөр авч өгөх гэрээг ямар нэг байгууллагатай  байгуулаагй. Би түүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.  2 жилийн өмнө хохирогчид авсан мөнгөний оронд зэс утас өгье гэхэд голоод аваагүй юм. Тэгээд төмрөө авч өгч чадаагүй, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Р.Нарантуяа мэдүүлэхдээ:

Т.Цэцэгсүрэн Хонхорын станцын төмөр актлагдаж байна, хаягдал төмөр авч  өгье гэхээр нь 35 000 000 төгрөгийг 25 000 000, 10 000 000 төгрөгөөр 2 хувааж өгсөн. Өнөө маргаашгүй төмөр өгнө, болно, бүтнэ гэсээр өдий хүрсэн. Одоо хүртэл ямар ч төмөр өгөөгүй тул 35 000 000 төгрөгөө буцаан авна. Сүүлд төлбөртөө Багануурт байгаа зэс өгье гэхээр нь очиж үзэхэд уг зэс нь зардалдаа ч хүрэхгүй байхаар нь аваагүй. Т.Цэцэгсүрэн урьд нарийн төмөр Налайхаас авчирч, надад зарж байгаад бид танилцаж байсан. Бид хамтран ажиллаагүй. Т.Цэцэгсүрэн надад Төрийн өмчийн хорооноос Хонхорын станцын хаягдал төмрийг худалдах тогтоол болон худалдан авах гэрээ, тендерийн баримт бүрдүүлж өгөөгүй. Харин тогтоол гараад актлагдаж байгаа гэж ярьж байсан. Мөн төлбөртөө нэг газар өгнө гэхэд нь би аваагүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Нямболд мэдүүлэхдээ:

...2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Р.Нарантуяа 25 сая төгрөг авч яваад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна Т.Цэцэгсүрэнтэй уулзаж түүнд нөгөө мөнгөө өгсөн. Тухайн үед тэр хоёр нотариат орж гэрээ хийсэн. Т.Цэцэгсүрэн нь эхнэр Р.Нарантуяад тухайн үед мөнгө авч байх үедээ “3 хоногийн дотор бүтээж өгнө” гэж хэлсэн гэсэн. Тэр өдрөөс хойш 3 хоног өнгөрч Т.Цэцэгсүрэн төмөр авч өгсөн юм байхгүй алга болсон. Эхнэр Р.Нарантуяа бид 2 Т.Цэцэгсүрэнгээс асуухад “одоо бүтэх гэж байна, одоохон” гэсээр байгаад 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Т.Цэцэгсүрэн эхнэр Р.Нарантуяа бид хоёртой ирж уулзаад “одоо 10 сая төгрөг өгчихвөл гэрээгээ хийлээ, би гэрээ хийх хүнтэйгээ уулзаад байж байна” гэж хэлэхэд бид 2 итгэж дахин 10 сая төгрөг цуглуулж, Т.Цэцэгсүрэнд Баянгол дүүргийн Модны 2-ын хуучин Од кинотеатрын хойд талын Батбайгаль нэртэй цайны газарт оруулж өгсөн. Тухайн үед Т.Цэцэгсүрэн “өнөөдөр гэрээ хийгээд маргааш ажлыг чинь аваад өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд л авч өгсөн юмгүй сураг чимээгүй алга болсон. Утсаар асуухад “авч өгнө, болно” гэж худал хэлсээр өнөөдрийг хүрлээ гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Батсүх мэдүүлэхдээ:

...Манай эхнэр Т.Цэцэгсүрэн 2014 оны 10 дугаар сарын үеэр Хонхорын станцын Налайхад байгаа актлагдсан төмрийг Р.Нарантуяад авч өгөөд хэдэн төгрөг унагаах гэж Р.Нарантуяагаас 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД Андуудын Хаан банкны гадна эхнэр Т.Цэцэгсүрэн бэлэн 25 сая төгрөг аваад нотариатаар орж батлуулсан. Би тухайн үед Т.Цэцэгсүрэнтэй хамт явж байсан бөгөөд машин барьж явсан юм. Түүний дараа Т.Цэцэгсүрэн Хонхорын актлагдсан төмрөөс Р.Нарантуяад төмөр өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Модны 2-ын Од кино театрын орчим эхнэр Т.Цэцэгсүрэн Нарантуяагаас бэлэн 10 сая төгрөг авсан. Би мөн л машин барьж хамт явж байсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Цэцэгсүрэн ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн  хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Цэцэгсүрэн нь 2014 оны 10 дугаар сарын 21, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хохирогч Р.Нарантуяад “Хонхорын станцын төмөр актлагдаж байна, түүний хаягдал төмрийг 2-3 хоногийн дотор аваад өгье” гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 35 000 000 төгрөгийг залилан мэхэлж авсны улмаас түүнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Нарантуяа, гэрч Ж.Нямболд, Х.Батсүх нарын мэдүүлэг, мөнгө хүлээлцсэн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоожээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна. 

 

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Т.Цэцэгсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгчээс 35 000 000 төгрөг гаргуулан хохирогч Р.Нарантуяад олгох нь зүйтэй байна.