Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/00151

 

2022 оны 01 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2022/00151 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............ тоотод оршин суух Ажиг овогтС-ын Н  /РД:........../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. тоотод байрлах М  ХХК /РД................./,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..................оршин суух М  овогт Б*ын Г /РД:............./ нарт холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 7.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г  /ШТЭҮД:....., хариуцагч Б.Г  , хариуцагч М  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч М ХХК-ийн захирал гэх Б.Г-той өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вива сити хорооллын S18/S3 байранд байрлах оффисын зориулалттай 2 давхар 60 м.кв талбай бүхий 1 давхрын талбай, 15 м.кв талбай бүхий 2 байрыг сарын 1.000.000 төгрөгийн төлбөртэйгээр 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл түрээслэх түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. С.Н нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлж түрээсийн өрөөнүүдийг М  ХХК-ийн захирал Б.Г-т хүлээлгэн өгсөн. Хариуцагч МААГ ХХК нь түрээсийн гэрээний үүргээ зөрчин 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх төлбөр болох 7.400.000 төгрөгийг С.Н-д төлөөгүй. Мөн МААГ ХХК-ийн захирал гэх Б.Г нь 2021 оны 02 дугаар сараас оффисын зориулалттай байранд эхнэр, хүүхдүүдийн хамт нүүж очин амьдарч байсан ба түрээсийн гэрээгээ сунгахгүй, хаалгаа нээхгүй, түрээсийн тооцоо нийлэхгүй, яг одоо шилжүүлж байна, банкан дээр оочерлож байна, банк хооронд гүйлгээ 3-4 цагийн дараа орнор, евро солиулах гээд явж байна гэх мэтчилэн байрны түрээсийн төлбөрөө төлөхгүй байсаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл бидний эд зүйлээ захиран зарцуулах эрхэд саад учруулсан. Иймд МААГ ХХК болон Б.Г нараас 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 75 м.кв талбайг ашигласан төлбөрийн үлдэгдэл 7.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд анх гэр бүлийн хамт МААГХХК-ийг байгуулж байсан. 2020 онд үйл ажиллагаа тогтвортой явуулахаар нэхэмжлэгчийн үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэх гэрээгбайгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар энэхүү түрээсийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус юм. 2020 оны 1 сараас короновирусын улмаас бүх аж ахуйн нэгж 0 зогсолт хийсэн учир үйл ажиллагаа явуулж чадаагүйгүйгээс түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Гэтэл надтай зүй бусаар харьцаж, хэл амаар доромжлох болсон. Төлбөрийн үлдэгдэл 7.400.000 төгрөг байгаа ч үүний 50 хувь буюу 3.700.000 төгрөгийг төлөх боломжтой гэв.

3. Хариуцагч М  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие МААГХХК-ийн гүйцэтгэх захирал боловч манай нөхөр Б.Г компанийн үйл ажиллагааг гардан явуулдаг. Манай компани үйл ажиллагаа явуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай байрыг түрээсэлсэн нь үнэн. Уг түрээсийн гэрээг байгуулахад миний бие биечлэн байгаагүй бөгөөд тухайн гэрээг байгуулахыг хүлээн зөвшөөрсөн учир нөхөр Б.Ганзориг нь нэхэмжлэгч С.Н-тай М ХХК-ийн гүйцэтгэх захирал гээд гэрээ байгуулсан байсан. Нөхөр Б.Г-ийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Бидний үйл ажиллагаа короновирусын улмаас зогсож төлбөрийн чадваргүй болсон учир нэхэмжилсэн 7.400.000 төгрөгөөс 3.700.000 төгрөгийг төлөх боломжтой гэв.

4. Нэхэмжлэгч С.Н-гаас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн байрны эд хөрөнгө хүлээлгэж өгсөн баримт, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ, Б.Г-ийн гаргасан төлбөрийн баталгаа, М ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дугаартай албан бичиг, түрээсийн үлдэгдэл төлбөрийн тооцоо зэрэг баримтууд шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч М ХХК, Б.Г нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7.400.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч С.Н-гийн Хан-Уул дүүргийн .................. тоотод байрлах оффисын зориулалттай 72 м.кв талбай бүхий 2 давхар 3 өрөө байрыг 3 сарын хугацаатай, сарын 1.000.000 түрээслэхээр харилцан тохиролцжээ.

3.Түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй боловч хэн аль нь гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй байх тул түрээсийн гэрээний 2.2-т хэрэв аль нэг тал нь гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах тухай 21 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээг дахин 3 сараар сунгасанд тооцно гэж заасны дагуу түрээсийн гэрээний хугацааг талууд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдах хүртэл сунгасанд тооцно.

4.Зохигчид 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгууулж, хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч С.Н-гийн Хан-Уул дүүргийн ................ тоотод байрлах оффисын зориулалттай 72 м.кв талбай бүхий 2 давхар 3 өрөө байрыг 3 сарын хугацаатай, сарын 1.000.000 түрээслэхээр харилцан тохиролцжээ.

5.Хариуцагч М ХХК нь дээрх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлж, түлхүүрийг нь хүлээлгэн өгснөөр талууд түрээсийн гэрээг дуусгавар болгожээ.

6.Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний 3.1, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээний 4.3-т зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсоны дагуу 9.500.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Н-д шилжүүлж, 7.400.000 төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн төлбөрийн тооцоо зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.

7.Харин нэхэмжлэгч С.Н нь 2020 оны 06 дугаар сараас түрээсийн гэрээ дуусгавар болсон 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах 7.400.000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч МХХК болон Б.Ганзориг нараас 7.400.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч МААГХХК болон Б.Г нар нь короновирусын 0 зогсолт хийжүйл ажиллагаа явуулж чадаагүйгүйгээс түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Гэтэл надтай зүй бусаар харьцаж, хэл амаар доромжлох болсон учир төлбөрийн үлдэгдэл 7.400.000 төгрөгийн 50 хувь болох 3.700.000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

8.Хариуцагч МХХК нь 2020 оны 06 дугаар сараас түрээсийн гэрээ дуусгавар болсон 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах 7.400.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч С.Н нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч МААГХХК нь коронавирус цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж орлого олж чадаагүй нь түрээсийн төлбөрийн зарим хэсгээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.Мөн хариуцагч нарын тайлбар, цахим сүлжээнд тавигдсан улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэл зэргээс үзэхэд хариуцагч МХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э.М болох нь тогтоогдож байна.

10.Хариуцагч Б.Гнь МХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч С.Н-тай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэстэй.

11.Гэвч тухайн түрээсийн гэрээнүүдийг МХХК-ийг төлөөлөн байгуулах эрхийг МААГХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мягмаржаваас өөрийн нөхөр Б.Г-гт амаар олгосны дагуу тухайн гэрээнүүд байгуулагдсан гэж тайлбарлаж уг хэлцлээр хийсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

12.Дээрх түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх боловч талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэн аль нь улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавьж байгаагүй, гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байсан байх тул тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

13.Нэхэмжлэгч С.Нарантуяа нь эд хөрөнгө хөлслөх гэрээг МААГХХК-тай байгуулсан байх бөгөөд хариуцагч Б.Г нь тухайн гэрээг байгуулахад МААГХХК-ийг төлөөлөн оролцсоноос өөрөөр хөлслөгчийн эрх, үүрэг хүлээгээгүй байх тул эд хөрөнгө ашигласныхөлсний үлдэгдэл 7.400.000 төгрөгийг хариуцагч МААГХХК-аас гаргуулж, хариуцагч Б.Г-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

14.Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н-д олгож, хариуцагч Б.Г-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 133.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МХХК-иас 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Н-д олгож, хариуцагч Б.Г-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 133.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 133.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР