| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03180/И |
| Дугаар | 183/ШШ2022/00142 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2022/00142
2022 оны 01 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2022/00142 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ........ тоотод оршин суух Т Г-ын Г /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. оршин суух С овогт Ю-ийн Ч /РД:........./-т холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 86.266.666 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.
Нэхэмжлэгч Г.Г нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн, мөн хариуцагч Ю.Ч-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гг миний бие нь Ю.Чинзоригтой 2015 онд танилцаж, 2016 оноос 2021 оны 7 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бидний охин Ч.Н 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Охиноо төрөөд бид Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань эцгээрээ овоглосон. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл маргаанаар тасарч байгаагүй. Бид орон байртай болохоос өмнө Ю.Чинзоригийн ээжийнд хамт амьдарч байсан. 2020 оны 02 дугаар сарын 24-нд байр ашиглалтанд орж бид нүүж орсон. Байрандаа орж охин төрснөөс хойш байнга санхүү, хоол хүнс, эд материал болон хүүхдийн сүү авахад хэрүүл хийдэг, мөн байртай болсноос хойш намайг болон миний эцэг эх, ах дүүс, эгч нарыг минь дорж үзэж хэн ч бишээр харьцаж доромжилдог, мөн хэрүүл маргаан хийх бүрдээ надад гарч хүрч, гэрийн эд зүйлс авч шидэж хагалж над руу шиддэг байсан. Найү нөхөдтэйгээ уулзах болгондоо худлаа ярьж гараад гадуур хоногоор хэл чимээгүй алга болдог, тэгээд үүнийг нь асуухаар над руу уурлаж элдэв муу үгээр доромжилж гар хүрдэг байсан. 2021 оны 07 дугаар сарын 02-нд би корона тусаад жижиг өрөөнд тусгаарлаад байж байтал би өөрөө нь юм асуухад өөдөөс огцом уурлаж босож ирээд миний зүүж байсан нүдний шилийг авч шидээд толгойгоор хаалга мөргүүлсэн. Би цагдаад дуудлага өгч хэргийн хуудас нээж Хан-Уул дүүргийн шүүхээр орж торгуулийн арга хэмжээ авагдсан. Урд нь 2020 оны 6 дугаар сард мөн гэр бүлийн маргаанаас болж цагдаад дуудлага өгч энэ хүний 3 дахь дуудлага байсан тул Хан-Уул дүүргийн шүүхээр орж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. 2021 оны 7 дугаар сараас хойш би охинтойгоо аав, ээжийндээ ирээд амьдарч байгаа. Энэ хүн бол үргэлж надад гар хүрдэг, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд баригдсан, цочмог уур омогшил ихтэй, хурц ааштай, зугаа цэнгэлд дуртай, эмэгтэй хүнийг үзэл бодлын дорд үздэг, хүндэлдэггүй, халамж байхгүй ээ. Охин минь аавыгаа чанга дуугарах, хашгирах болгонд айж уйлдаг. Толгойгоо цохиулснаас хойг миний толгой их өвдөж, бие өвдөж, зүрх түгшиж дэлсэлж эмээдэг болсон. Би зан харьцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2021 оны 6 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд охиноо өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буман залуус хотхон, 202 дугаар байрны 106 тоот байр, 91-83 УНД улсын дугаартай, Тоёота акуа автомашинаас охин Ч.Н болон Г.Г надад 6 жил хамт амьдарч хүүхдээ төрүүлж өсгөсөн, хоол цайг нь бэлдэж, бүхий л зүйлээ зориулж ажил хийх боломжоор хангаж, би охиноо төрүүлж өгсөх хүртэлх хугацаанд ажил хийж харилцан тэтгэж хамт амьдарч байсан тул охин бид хоёрт ногдон 86.266.666 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ю.Ч би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хамт амьдраад 6 жил болсон. Би эхнэр, хүүхдээ элэг бүтэн амьдруулахын тулд хамаг чадлаараа амьдралаа сайхан болгох гээд зүтгэж, орон байртай болж, машин тэрэг аваад одоо л сайхан амьдарна гэж бодож байтал гэр бүл салж, охиноо өнчрүүлэх зайлшгүй шалтгаан байхгүй байхад эхнэр маань ийм нэхэмжлэл шүүхэд гаргасанд би гайхаж л байна. Би гэр бүлээ алдаж охиноо өнчрүүлмээргүй байна. Тэгээд ч энэ нэхэмжлэлийг миний эхнэр бичсэн гэж би бодохгүй байна. Учир нь 6 жил хамт амьдарсан би эхнэрийнхээ гарын үсгийг танилгүй яахав дээ. Миний эхнэрийн өмнөөс бичээд тэгээд болоогүй өмнөөс нь гарын үсэг зурсан байгаа хүн хэн болохыг мэдмээр байна. Миний эхнэр арай ингэж намайг бичихгүй. Яагаад гэвэл 6 жил хамт амьдарсан эхнэр маань иймэрхүү үг хэллэг байгаа юу үгүй юу гэдгээ би мэднэ. Ингэж бичих үү үгүй юу гэдгийг би мэднэ, ярьсан юмыг нь хэд дахин хэтрүүлж, томсгож бичээд гэр бүл салгаж хүүхэд өнчрүүлэх гээд байгаа энэ хүн бусдын өмнөөс шийдвэр гаргаад байгаа тул би нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин эхнэр бид хоёр маргаантай тусдаа амьдарч байгаа нь үнэн. Би ажлын стресснээс болоод эхнэрээ гомдоодог байсан нь үнэн. Би энэ үйлдэлдээ эхнэрээсээ уучлал гуйсан, буруутай үйлдэлдээ би өөрөө маш их гэмшиж байна, хүүхдээ өнчрүүлмээргүй байна, гэр бүлээ авч үлдмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Г миний бие нь Ю.Ч-гт холбогдох хэргийн тухайд Ю.Чинзоригтой эвлэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гг нь хариуцагч Ю.Ч-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 86.266.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659.485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Ю.Ч--т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 86.266.666 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659.485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар уг захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР