Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1244

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа

          Улсын яллагч Б.Одонтуяа

          Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********  овогт ********* холбогдох “2403 00120 0222” дугаар 1 хавтас хэргийг шүүх 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 20-ны өдөр ********* төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо ********* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*********  овогт ********* /РД: ********* /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч *********  нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо *********  дэлгүүрийн баруун талын замд Nissan Tiida маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ********* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр тал/, хохирогч *********  мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/, гэрч *********  мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч ********* мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын  Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Н.Дунгаамаагийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2626 дугаар дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-54 дүгээр тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 445 дугаар мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 62-64 дүгээр тал/, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 31 дүгээр тал/, цагдаагийн ерөнхий газрын ********* жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ********* нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо *********  дэлгүүрийн баруун талын замд Nissan Tiida маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *********  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

            Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн хэмжилт /хх-ийн 6-8 дугаар тал/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар тал/,

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,

            2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн: “2024 оны 2 дугаар сарын 14-ний /осол болсон/ өдөр хохирогч *********  нь 16 нас 5 сар 26 хоногтой байсан” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 25 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч *********  өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 14-ний орой 16 цаг өнгөрч байхад би ангийнхаа хүүхэд *********  хамтаар гэр рүүгээ явахаар болоод гэрээсээ гараад хамтдаа ********* хүнсний дэлгүүрийн хажуугаар гараад өгсөж явж байгаад би танил эгч ******** дарь эхийн хуучин эцэст уулзахаар болоод манай ангийн хүүхэд ********* цааш гэр рүүгээ явж би буцаад доошоо зам дагуу уруудаад авто замын баруун талаар айлуудын хашаа дагаад явж байсан. Уг авто замын хоёр талаар явган хүний авто зам байхгүй, шороо бүхий хэсэгтэй бөгөөд авто замын хажуугаар явж байгаад осол болсныг мэдээгүй яаралтай түргэн тусламжийн авто машин дотор ухаан ороод сэрэхэд миний баруун хөлийн шагай болон толгой хэсгээр өвдөж, толгойноос цус гарсан байдалтай байсан. Ингээд яаралтай түргэн тусламжийн авто машин дотор миний хажууд сууж явсан эрэгтэй эмч намайг “ар гэрийнхээ хүмүүсийн утасны дугаарыг нь өгөөрэй” гээд надаас манай ээж ********* ********* утасны дугаарыг аваад “манай ээж утсаа авахгүй байна” гээд надаас манай ах ********* утасны дугаарыг аваад манай ахтай утсаар яриад Гэмтлийн эмнэлэгт түүнийг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ********* өгсөн: “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо *********  худалдааны дэлгүүрийн баруун талын авто замд 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Nissan Tiida маркийн *********  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *********  нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 120.000 төгрөгийн зардал гаргасан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********  өгсөн: “2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* дугаар сургуулиас 1 дүгээр ангийн хүүхдээ аваад том охин болон бага охины хамтаар гурвуулаа уруудаад Дарь эхийн хуучин эцэс рүү чиглээд алхаад явж байтал бид гурвын хажуугаар нэг бор шаргал өнгийн суудлын автомашин хойноосоо урагшаа уруудаад хажуугаар дайрчих шахаад л хурдтай явсан бөгөөд удалгүй бид гурвын урд алхаж явж байсан нэг охиныг очоод мөргөөд газарт унасан бөгөөд тэр охиныг мөргөх чимээ нь их чанга сонсогдсон. Ингээд тэр машины жолооч болох нүдний шилтэй залуу бууж ирээд тэр охиныг “зүгээр үү” гээд асуухад нь нүд нь эргэлдээд, асуусан асуултад хариулж чадахгүй, юм хэлэхгүй байхаар нь би халааснаас нь гар утсыг нь гаргаад гэрийнхэн рүү нь залгах гэхэд гар утас нь унтарсан байхаар нь би өөрийн эзэмшлийн ********* дугаарын утсаар 102 болон 103-т дуудлага өгсөн. Тэр машин хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Би тэр зам аар байнга явж хүүхдүүддээ сургуульд нь зөөдөг бөгөөд машинууд тэр замаар хурдтай давхиж ирээд замын хажуугаар явж байсан охиныг мөргөсний дараагаар машинаа тэр дор нь зогсоож чадалгүй мөргөсөн газраасаа хэтрээд зогссон. Тэгэхээр тэр машин их хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2626 дугаар:

            1. ********* биед баруун шагайн гадна хашлага ясны хугарал, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/,

            “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн:

            1. Уг тээврийн хэрэгсэл урд хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн урд талын кирло 10 см хэртэй хонхойсон байна.

            2. Учирсан эвдрэл гэмтлүүд нь шинэ, хуучин аль болох нь осол гарахад нөлөөлөх эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

            3. Осол гарахад нөлөөлөх эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

            4. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.3Кн, баруун талдаа 1.3Кн зөрүү нь 0% /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.9кН, баруун талдаа 0.8кН, зөрүү нь 11%, /стандарт<30%/ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан.

            5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.

            6. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/,

            2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 445 дугаар:

            1.Nissan Tiida маркийн ********* улсын дугаартай авто машины жолооч *********  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2 “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ нь дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

            2. Явган зорчигч *********  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигч дараах зүйлсийг хориглоно: б/. Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх магадалгаа /хх-ийн 61-64 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *********  яллагдагчаар өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байхад Nissan Tiida маркийн *********  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож аавынхаа гэрээс гараад ойролцоо байдаг хадам ээжийнх рүүгээ ус авч өгөх гээд ганцаараа явж байтал авто зам дээр нэг охин хойноосоо урагшаа, авто замын зүүн талд явж байгаад зам хөндлөн зүүнээс баруун тийш явсан бөгөөд энэ үед би авто машинаа зогсоож чадалгүй очоод тэр хүүхдийг мөргөөд газарт унагаасан бөгөөд би автомашинаасаа буугаад тэр охин дээр очих үед толгойных нь баруун шанаа хэсгээс цус гарсан, ухаан алдсан байдалтай, зам дээр хэвтэж байсан. Ингээд тэр орчмоор явж байсан хүмүүс ирээд эмнэлэг болон цагдаад дуудлага өгч байсан. Ингээд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн авто машин ирээд охиныг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/,

            Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

        Улсын яллагч “Шүүгдэгч *********  нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо *********  дэлгүүрийн баруун талын замд Nissan Tiida маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Сувдыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч *********, түүний хууль ёсны төлөөлөгч ********* нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч ********* нь 120.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ********* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаар тоот дансанд төлсөн.

Бага насны хохирогч *********, түүний хууль ёсны төлөөлөгч ********* нар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********* гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан бол хохирогч, шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 16 дугаар тал/, оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 17 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 18 дугаар тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 19 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 20 дугаар тал/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 21 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн /120.000 төгрөг/-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч *********  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *********  овогт ********* автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч ********* оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Бага насны хохирогч *********, түүний хууль ёсны төлөөлөгч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС